| Шүүх | Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Ламжавын Соёлмаа |
| Хэргийн индекс | 148/2018/00104/И |
| Дугаар | 99 |
| Огноо | 2018-03-05 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2018 оны 03 сарын 05 өдөр
Дугаар 99
Сэлэнгэ аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Соёлмаа би Сэлэнгэ аймаг Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын нэхэмжлэлтэй Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 7 дугаар баг, Ган зам, 1 дүгээр хэсэг, гудамж 070 тоотод оршин суух ******* овогт *******ын *******т /*******/ холбогдох “Санхүүгийн дэмжлэг олгох гэрээний төлбөр 664,000 төгрөг гаргуулах” тухай иргэний хэргийг хүлээн авч танилцаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Сэлэнгэ аймаг Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 7 дугаар баг Ган замын 1 дүгээр хэсэг 070 тоот иргэн *******ын ******* нь 2015 оны 05 дугаар сарын 14-ний өдөр “Хувиараа хөдөлмөр эрхлэгч, нөхөрлөл, хоршоо байгуулах иргэнийг дэмжих хөтөлбөр”-ийн эргэн төлөгдөх санхүүгийн дэмжлэгт хамрагдаж 1,500,000 төгрөгийг авсан. Санхүүгийн дэмжлэгийн 50 хувь болох 750,000 төгрөгийг хуваарийн дагуу 2017 оны 04 дүгээр сарын 14-ний дотор тус газрын ХЭД сагийн 100130037010 тоот дансанд эргэн төвлөрүүлэх байсан. Иргэн С.******* нь “Санхүүгийн дэмжлэг олгох” гэрээнд заасан хуваарийн дагуу эргэн төлөлтийг цаг хугацаандаа төлөөгүй, албан мэдэгдэл өгсөн боловч одоог хүртэл өр барагдуулаагүй тул санхүүгийн дэмжлэгийн үлдэгдэл болох 664,000 төгрөгийг төлүүлэхээр шүүхэд нэхэмжилж өргөдөл гаргав. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.4-т зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлж өгнө үү гэжээ.
Хариуцагч С.******* нь 2018 оны 03 дугаар сарын 05-ны өдөр шүүхэд гаргасан тайлбартаа:
******* овогтой ******* миний бие нь Сэлэнгэ аймаг Сүхбаатар сум Хөдөлмөр халамжийн газраас нэхэмжилсэн 664,000 төгрөгийг төлөхөд татгалзах зүйлгүй, цаашид төлж барагдуулна... гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Сэлэнгэ аймаг Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын “Санхүүгийн дэмжлэг олгох гэрээний төлбөр 664,000 төгрөг гаргуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийг хариуцагч бүрэн хэмжээгээр хүлээн зөвшөөрсөн болох нь түүний шүүхэд гаргасан “...664,000 төгрөгийг төлөхөд татгалзах зүйлгүй, цаашид төлж барагдуулна...” гэх тайлбараар нотлогдож байна.
Хариуцагч С.*******ийн энэхүү зөвшөөрсөн байдал нь хууль ёсны бөгөөд гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.4-д зааснаар нэхэмжлэгчийг улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлж, 664,000 төгрөгөнд тохирох улсын тэмдэгтийн хураамж 20,486 төгрөгийн тал хувь болох 10,243 төгрөгийг хариуцагчаас гаргуулан орон нутгийн төсвийн орлогод оруулах нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэгт зааснаар Сэлэнгэ аймаг Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын нэхэмжлэлтэй С.*******т /*******/ холбогдох “Санхүүгийн дэмжлэг олгох гэрээний төлбөр 664,000 төгрөг гаргуулах”-ыг хүссэн иргэний хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хэмжээгээр зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.4-д зааснаар нэхэмжлэгчийг улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлж, улсын тэмдэгтийн хураамж 20,486 төгрөгийн тал хувь болох 10,243 төгрөгийг хариуцагчаас гаргуулан орон нутгйн төсвийн орлогод оруулсугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэж болохыг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дугаар зүйлийн 74.4-т зааснаар зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянуулахаар гомдол гаргах, тухайн асуудлаар дахин анхан шатны шүүхэд гомдол гаргах эрхгүйг дурдсугай
ШҮҮГЧ Л.СОЁЛМАА