Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 02 сарын 25 өдөр

Дугаар 2022/ШЦТ/242

 

 

 

 

 

 

 

 

    2022              02             25                                               2022/ШЦТ/242

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Мөнхзул даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Жавхлан,

улсын яллагч Б.Энх-Эрдэнэ,

шүүгдэгч Г.Б............рах нарыг оролцуулан тус шүүхийн “А-1” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгчийг эрүүгийн 2208 0000 00275 дугаартай хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн 1 хавтаст хэргийг 2022 оны 02 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Боржигон овогт Г.........мцын Б............рах, Монгол улсын иргэн, Өвөрхангай аймгийн Бүрд суманд 1987 оны 6 дугаар сарын 07-ны өдөр төрсөн, 34 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, хувиараа гагнуур хийдэг, ам бүл 1, Сонгинохайрхан дүүргийн 2 дугаар хороо, .......................  оршин суудаг гэх бүртгэлтэй, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, регистрийн дугаар ШУ8..............12.

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Г.Б............рах нь 2022 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 36 дугаар хороо Алтан-Овооны гудамжинд “толгой руу цохилоо” гэх шалтгаанаар иргэн С.О..........рын нүүрэн тус газар нь гараараа цохин зодож, эрүүл мэндэд нь “баруун нүдний ухархайн дотор ханын хугарал, баруун нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэлдээ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

 

 ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

1.1.Шүүхээс тогтоосон үйл баримт

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтыг дүгнэвэл.

Шүүгдэгч Г.Б............рах нь 2022 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр найз С.О..........р, Х........ий нарын хамт согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байна. Улмаар найз Х........ий гэх хүнийхээс хоёулаа гарч явахдаа С.О..........р нь гэртээ хүргүүлэх асуудлаас үүдэн хоорондоо маргалдаж улмаар Г.Б............рах нь Сонгинохайрхан дүүргийн 36 дугаар хороо, Алтан-Овооны гудамжинд С.О..........рыг “толгой руу цохилоо” гэх шалтгаанаар түүний нүүрэн тус газар нь гараараа цохин эрүүл мэндэд нь “баруун нүдний ухархайн дотор ханын хугарал, баруун нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал” бүхий хөнгөн гэмтэл учруулсан хэргийн нөхцөл байдал буюу үйл баримтыг тогтоолоо.

1.2 Нотлох баримтын үнэлгээ

Улсын яллагчийн шинжлэн судалсан нотлох баримтуудаар дээр дурдсан хэргийн нөхцөл байдал эргэлзээгүй тогтоогдсон болно. Тухайлбал

- Хохирогч С.О..........рын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2022 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр миний бие өөрийн найз Г.Б............рахтай хамт архи уусан юм. Нийт 2 шил архи хувааж уусан. Тэр үед Сонгинохайрхан дүүргийн 36 дугаар хороо Алтан-Овоонд амьдардаг Х........ийгийн гэрт бид 3 хамт гэрээс гарч яваад гудамжинд явж байхдаа Баянбадрахыг “гэрт хүргээд өг” гэж хэлсэн. Тэгтэл Б............рах намайг “хүргэж өгч чадахгүй” гээд байхаар нь би 2 удаа толгой руу нь алгадсан. Тэр үед Б............рах миний нүд рүү 2 удаа чанга цохисон бөгөөд удалгүй манай эхнэр намайг ирж авсан...Орбит эмнэлэгт 4 хоног хэвтэн эмчлүүлсэн. Нийт зардал 1.140.000 төгрөг болсон баримт нь байгаа...Хохирлын мөнгийг маань манай найз Г.Б............рах гаргаж өгнө гэж надад хэлсэн. Тийм учир гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 07 дахь тал),

- Гэрч Б.Б......аагийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Миний бие С.О..........ртай хамт амьдраад 15 жил болж байна...2022 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр найз Г.Б............рахтай гэрээсээ гарч явсан. Гэтэл 19 цагийн үед Г.Б............рах нь над руу залгаж “нөхрөө ав” гэж хэлсэн. Тэгээд 36 дугаар хорооны нутаг дэвсгэрээс нөхөр С.О..........рын байгаа газар очтол баруун нүд хавдсан байдалтай байсан. Тухайн үед Б............рах намайг зодсон гэж хэлсэн...1.100.000 төгрөг болсон. Зардлын баримтыг гаргаж өгсөн байгаа...миний данс болох 502559...86 дугаарын данс руу Б............рах 2022 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр шилжүүлсэн байсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 17 дахь тал)

- Гэрч С.Мө............яагийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...би Орбит нэртэй нүдний эмнэлэгт ...явж очоод ахаас юу болсон талаар асуухад ах Сонгинохайрхан дүүргийн 36 дугаар хороо Алтан-Овоо гэх газар Б............рах гэх залууд зодуулж баруун нүдэндээ гэмтэл авсан талаар хэлсэн. Тэгэхээр нь би Алтан-Овоо гэх газар Б............рах гэх залууг сураглаж явж байгаад олоод цагдаагийн байгууллага дээр ирээд байна...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 08 дахь тал)

- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 2191 дугаартай дүгнэлт:

“Хэсэг газрын үзлэгт: Баруун нүдний доод зовхины дунд хэсэгт хөндлөн байрлалтай 1.8см урттай арьсны түвшингөөс бага зэрэг хонхойсон, хатуу тогтоцтой, улаан ягаан өнгийн сорвитой.

2022.01.19-ний “Орбита” эмнэлгийн өвчний түүхээс: “...баруун нүд чинэрч өвдөнө гэнэ. Хавдсан харахгүй байна гэнэ...баруун нүд шалгах боломжгүй. Зүүн нүд-0.4, Ph-0.7,...баруун нүд Хаван+. Зовхины буглаанаас идээрхэг шүүс гарна. /+/ Хөхрөлт /+/, улайлт /+/, Цусан хураа /+/, КТГ-д: баруун нүдний ухархайн дотор ханын хугарал, булчин доорх цусан хураа...2022.01.14-ний мэс заслын тэмдэглэлээс: ...доод зовхинд үүссэн төв хэсгээр зөөлөн захаараа нэвчмэл буглааг 20гр зүүгээр хатгалт хийж доторх агууламжийг соруулахад идээрхэг цусархаг шингэн гарав. №11 хутгаар хэвтээ зүслэг хийж буглааны хөндийг гентамицинтэй уусмалаар угаав...Онош: нүдний битүү гэмтэл, ухархайн дотор ханын хугарал, зовхинд цусан хураа гэжээ.

2022.01.12-ны Мөнгөн гүүр эмнэлгийн Толгойн КТГ-д: баруун талын нүдний ухархайн дотор хананд 3.0см урттай 0.9см гүнтэй цөмөрсөн хугаралтай. Баруун талын нүдний арын зайнд нягтрал ихэссэн нэвчдэст хавангийн өөрчлөлттэй....буурсан, баруун талын гайморын хөндий агааржилтгүй, салстаар дүүргэгдсэн ба зүүн талын гайморын хөндийн салст жигд бус зузаарсан өөрчлөлттэй. Хоёр талын хөхлөг сэртэнгийн агааржилт буурсан архаг склеротик өөрчлөлттэй. Хамрын таславч баруун тийш мурийлттай, хамрын ясанд хуучин хугаралтай...хоёр талын нүдний эргэн тойрон зөөлөн эд хавагнаж зузаарсан өөрчлөлттэй баруун талдаа илүүтэй...гэжээ. ДҮГНЭЛТ

1. С.О..........рын биед баруун нүдний ухархайн дотор ханын хугарал, баруун нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Дээрх гэмтэл хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой шинэ гэмтэл байна.

4. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 43-44 дэх тал) зэрэг нотлох баримтаар нэг нь нөгөөгөө үгүйсгэхгүйгээр харилцан уялдаа холбоотойгоор хэргийн бодит байдлыг сэргээн дүрсэлж байна.

 

- Шүүгдэгч Г.Б............рахын мөрдөн байцаалтад өгсөн: “...Миний бие найзын хамт архи ууж байгаад С.О..........ртай маргалдаж улмаар нүдний хэсэгт 2 удаа цохиж зодсон....би найздаа хохирлын мөнгө болох 1.000.000 төгрөгийг С.О..........рын эхнэр Б......аагийн данс руу шилжүүлсэн...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 60 дахь тал) мэдүүлж байсан бөгөөд шүүхийн хэлэлцүүлэгт “...мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж мэдүүлэх зүйлгүй, гэм буруу дээр маргахгүй...” гэснийг дурдах нь зүйтэй.

Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлсэн юм.

1.3.Оролцогчийн эрхийн хэрэгжилт

Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр сэргээн тогтоосон байх бөгөөд хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий шийдвэр гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч Г.Б............рах нь бүрэн дунд боловсролтой, монгол хэл, бичиг мэддэг бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг шүүхэд бичгээр гаргасан тул шүүх хуралдааныг өмгөөлөгчгүйгээр явуулсан болохыг дурдах нь зүйн хэрэг.

1.4.Эрх зүйн дүгнэлт

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 2191 дугаартай дүгнэлтээр хохирогчийн эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэргийн гэмтэл тогтоогдсон байх тул хууль зүйн хувьд хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан гэж үзнэ.

Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримтаас дүгнэж үзвэл шүүгдэгч Г.Б............рах нь хууль зүйн хувьд шууд санаатай үйлдлээр, толгой руу цохилоо гэх сэдэлтээр хохирогч С.О..........рын эрүүл мэндэд халдаж, гэмтлийн зэрэг тогтоох журамд заасан хөнгөн зэргийн гэмтэл учруулсан нь Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх бөгөөд мөн хуулийн өөр зүйл, хэсэг, заалтад заасан гэмт хэргийн шинжийг давхар агуулаагүй, өрсөлдүүлэн шалгах хэм хэмжээ байгаагүй тул прокурорын үйлдсэн яллагдагчаар татах тогтоол болон яллах дүгнэлт нь зүйлчлэлийн хувьд тохирчээ.

Шүүгдэгч Г.Б............рах нь гараараа цохиж хохирогч С.О..........рын баруун нүдний ухархайн дотор ханын хугарал, баруун нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн зэргийн гэмтэл нь хоорондоо шалтгаант холбоотой байна. Харин гэмт хэргийн шалтгаан нөхцөлийн хувьд хохирогч, шүүгдэгч нар нь архидан согтуурсны улмаас маргаан үүсгэж, энэ гэмт хэрэг гарсан байна гэж үзэв.

Дээрхээс нэгтгэн дүгнэвэл, шүүгдэгч Г.Б............рах хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

1.5. Хохирол, хор уршиг

Шүүгдэгч Г.Б............рах нь хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйлдэлдээ 1.100.000 төгрөг зарцуулсан (хавтаст хэргийн 75 дахь тал), хохирогч нь С.О..........р нь мөрдөн шалгах ажиллагааны явцад Г.Б............рахаас нэхэмжлэх зүйлгүй, гомдолгүй гэж (хавтаст хэргийн 76) мэдүүлсэн байх тул шүүгдэгчийг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

 

Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:

2.1. Талуудын санал, дүгнэлт

Улсын яллагч: “...шүүгдэгч Г.Б............рахыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай байна. Шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй гэх дүгнэлтийг...”

Шүүгдэгч Г.Б............рах нь улсын яллагчийн гаргасан эрүүгийн хариуцлагын дүгнэлттэй мэтгэлцээгүй болно.

2.2. Эрүүгийн хариуцлага

Шүүгдэгч Г.Б............рах нь Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”, мөн зүйлийн 1.2 дахь заалтад зааснаар “гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид шууд эмнэлгийн, бусад туслалцаа үзүүлсэн, учруулсан хохирлыг төлсөн” байгааг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон ба түүнд Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан шүүгдэгчийн Хялбаршуулах журмаар шийдвэрлэх тухай хүсэлт (хавтаст хэргийн 76, 77 дахь тал), Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх прокурорын тогтоол (хавтаст хэргийн 83 дахь тал), хялбаршуулсан журмаар шалгасан хэрэгт ял оногдуулах тухай прокурорын санал (хавтаст хэргийн 87 дахь тал),

 

Шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа, оршин суугаа хаягийн тодорхойлолт (хавтаст хэргийн 99, 100 дахь тал), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 52 дахь тал), хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгөтэй талаар холбогдох байгууллагаас авсан лавлагаа (хавтаст хэргийн 63, 64, 68 дахь тал), хохирлын мөнгө төлсөн талаарх баримт (хавтаст хэргийн 75 дахь тал) зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоов.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгдэгч Г.Б............рах хохирогч С.О..........р нар нь хоорондоо эвлэрч, хэн аль нь гомдол саналгүй гэх хүсэлт гаргасныг улсын яллагч хуульд заасны дагуу шийдвэрлэж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Иймд улсын яллагчийн саналын хүрээнд шүүгдэгч Г.Б............рахыг гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирогчтой эвлэрсэн гэх хувийн байдал болон тэрээр эрхэлсэн тодорхой ажилтай зэрэг нөхцөл байдлыг харгалзан улсын яллагчийн торгуулийн ял оногдуулахаар гаргасан эрүүгийн хариуцлагын дүгнэлтийг хүлээн авч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгж буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулах нь зүйтэй гэж шүүх үзэв.

 

Шүүгдэгч Г.Б............рахад торгох ял оногдуулсантай холбогдуулан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлд зааснаар оногдуулсан торгох ялыг хуульд заасан 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг тогтоож, тэрээр торгох ялыг биелүүлээгүй бол оногдуулсан ялыг хорих ялаар сольж болохыг анхааруулах нь зүйтэй.

 

2.3. Бусад асуудлын талаар

Эрүүгийн 2208 0000 00275 дугаар хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, түүний иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдав

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2, 5 дахь хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Боржигон овогт Г.........мцын Б............рахыг Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Б............рах 450 (дөрвөн зуун тав) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 (дөрвөн зуун тав) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Б............рахад оногдуулсан торгох ялыг 3 (гурав) сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Б............рах нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг анхааруулсугай.

5. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч нь гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй, шүүгдэгч нь энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, тэрээр цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг болон болохыг тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

7. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

8. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Г.МӨНХЗУЛ