| Шүүх | Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Батбаярын Мөнхбаяр |
| Хэргийн индекс | 186/2022/0430/Э |
| Дугаар | 2022/ШЦТ/471 |
| Огноо | 2022-05-24 |
| Зүйл хэсэг | 27.10.1., |
| Улсын яллагч | Ч.Батбаатар |
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 05 сарын 24 өдөр
Дугаар 2022/ШЦТ/471
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн байрны “Д” танхимд Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнхбаяр даргалж,
Нарийн бичгийн дарга Б.Мөнхдэлгэр,
Улсын яллагч Ч.Батбаатар,
Шүүгдэгч Б.Б /өөрийгөө өмгөөлж/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Тээврийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Б холбогдох эрүүгийн 2203 00128 0228 дугаартай хэргийг 2022 оны 05 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч хялбаршуулсан журамаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:
Монгол Улсын иргэн, Б.Б 1998 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр, Сэлэнгэ аймагт төрсөн, 25 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, Авто засварчин мэргэжилтэй, Шунхлай ХХК-ийн ШТС-15 салбарт засварчин ажилтай, ам бүл 2, эцгийн хамт, Сонгинохайрхан дүүргийн 23 дугаар хороо, Хангайн 68-05 тоотод оршин суудаг, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, регистрийн дугаар
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:
Гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Б.Б нь 2022 оны 3 дугаар сарын 04-ний орой 20 цаг 45 минутын орчим Чингэлтэй дүүргийн 2 дугаар хороо, Peace mail их дэлгүүрийн урд замд “Хьюндай сонота-7” маркийн 38-77 УБҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 16.2, “Зөвшөөрсөн гэрэл дохио асах үед жолооч явган хүний гарцыг нэвтрэхдээ зорчих хэсгийг хөндлөн гарч амжаагүй яваа явган зорчигчид зам тавьж өгнө” гэсэн заалтыг зөрчсөний улмаас явган зорчигч М.Эийг мөргөж түүний биед сээрний 12-р нугалмын их биеийн далд хугарал, баруун тохой, баруун гуяны цус хуралт бүхий гэмтэл учруулсан болох нь:
шүүгдэгч Б.Бэс шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн: “..Мөрдөн шалгах ажиллагааны үед бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна.” гэсэн мэдүүлэг.
Шүүгдэгч Б.Бэс мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “..Би 2022 оны 3 дугаар сарын 04-ний өдрийн 20 цаг 45 минутын орчим Hyundai Sonota-7 маркийн 38-77 УБҮ дугаартай машиныг ертөнцийн зүгээр баруунаас зүүн чиглэлд жолоодож яваад Peace mall төвийн урд талын явган хүний гарцан дээр зогсож байгаад миний гар утас сандал дээрээс унахаар нь машины шалавчин дээрээс тонгойж аваад зам руу хартал ногоон өнгийн гэрэл ассан харагдсан тэгэнгүүт нь шууд хөдлөөд явтал миний зүүн гар талаас явган зорчигч эрэгтэй, эмэгтэй 2 хүн гэнэт гарч ирээд эмэгтэй нь машины урдуур ороод ирсэн би шууд тоормос гишгээд зогссон боловч амжаагүй эмэгтэй хүн миний машиныг гараараа дараад газар унасан. Би машинаас буух гэтэл нөхөр нь ирж надруу дайраад мэдрэл муутай юм уу замаа харьж явахад яадаг юм бэ гэсэн тэгээд би машинаас буугаад хартал тэр эгч замын урд талын боржур дээр суугаад түр байж бай толгой эргээд байна гэсэн. Нөхөр нь бас тэр эгч одоо цагдаа дуудаад яах юм бэ эмнэлэг авч явж үзүүлий гээд би машинаа замаас гаргаж тавиад тэр эгчийн нөхрын машинтай цуг гэмтлийн эмнэлэгт очиж бүртгүүлээд нурууны зураг авахуулсан хариу уг нь хөнгөн гэж гэж тэр эгч хуучин гэмтэлтэй байсан тэр гэмтэл нь сэтэрсэн юм шиг байна гэж надад хэлсэн..” гэсэн мэдүүлэг /хх-60/,
Хохирогч М.Эээс өрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “..2022 оны 3 дугаар сарын 04-ний орой 20 цаг 45 минутын орчим Чингэлтэй дүүргийн Peace mail их дэлгүүрээс гараад урд талд байрлах явган хүний гарцаар хойд талаас шууд явган хүний гэрэл ассан байхаар нь гарч явсан манай нөхөр Сүхээ миний хойд талд алхаад бид хоёр зүүнээс баруун чиглэлд явсан эгнээг даваад зүүн явах эгнээний 1 дүгээр эгнээр үү ортол баруун талаас 1 дүгээр эгнээгээр машин орж ирээд баруун талын гуя хэсэгт мөргөөд би цаад талын боржур дээр баруун гарын талын тохой хэсгээр дараад унасан... Тухайн үед жолооч таныг хараад андуураад хазаа гишгэсэн гэж надад хэлсэн жолооч надад 3.500.000 төгрөгийн эмчилгээний зардал өгсөн..Надад цаашид энэ хүүхдэд гомдол санал байгүй учраас шүүх хуралдаанд сууж хэргийн материалтай танилцахгүй..” гэсэн мэдүүлэг /хх-14/,
Иргэний нэхэмжлэгч, хариуцагч Г.Х мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “..2019 оны 9 дүгээр сард манай нөхөр Цэнд-Аюушийн төрсөн эх Цэвээн-Очир хувь хүнээс “Хьюндай сонота-7” маркийн 38-77 УБҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийг худалдаж авсан. Хадам ах Цэвээн-Очир Сэлэнгийн аймгийн хаягтай учир машиныг гэрчилгээг миний нэр дээр гаргуулсан..Гэрчилгээ гаргуулсан өдөр машиныхаа үлдэгдэл мөнгийг өгөх шаардлагатай болоод машинаа Чест капитал ББСБ-ын барьцаанд тавьж зээл авсан. 2022 оны 11 дүгээр сард ах Цэвээн-Очир зээлээ төлж дуусаагүй байхдаа машинаа өөр хүнд зарсан байсан. “Хьюндай сонота-7” маркийн 38-77 УБҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийг ямар хүн унадаг талаар мэдэхгүй, Надад ямар нэгэн гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй..Эд хөрөнгийн болон эдийн бус хохирлыг хариуцахгүй. Осол гаргасан гэм буруутай жолооч хариуцах ёстой..” гэсэн мэдүүлэг /хх-17-20/,
Гэрч П.Б мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: /хх-29/ “..Ослын талаар мэдэх зүйл байхгүй Б унаж явсан "Хьюндай сонота-7" маркийн 38-77 УБҮ улсын дугаартай тээврийн хэрэгсэл миний машин байгаа юм. 202 оны 02 дугаар сарын 12-ний өдөр ажилдаа явах гэтэл машин асахгүй тэгэнгүүт машины түлхүүрээ гэртээ үлдээгээд Б утсаар мэдэгдээд машин явч яваад засуулчих гээд орхисон..Энэ машиныг 2020 оны 11 дүгээр сард Эрдэнэжаргал гэх хүнээс 9.000.000 төгрөгөөр худалдан авсан нэрээ шилжүүлээгүй яваа. Машин ББСБ нэр дээр бүртгэлтэй үндсэн зээлдэгч нь Эрдэнэжаргал гэх хүн байгаа. Энэ хүн Хэнтий аймаг Бор өндөр суманд байдаг..” гэсэн мэдүүлэг,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 3866 дугаартай шинжээчийн дүгнэлтэд:/хх-34-35/ “..М.Эийн биед сээрний 12-р нугалмын их биеийн далд хугарал, баруун тохой, баруун гуяны цус хуралт гэмтэл тогтоогдлоо... Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна..” гэх дүгнэлт,
2022 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн Тээврийн цагдаагийн албаны мөрдөгчийн магадлагаанд: /хх-48-49/ “..Хьюндай сонота-7 маркийн 38-77 УБҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Б.Б нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 16.2. "Зөвшөөрсөн гэрэл дохио асах үед жолооч явган хүний гарцыг нэвтрэхдээ зорчих хэсгийг хөндлөн гарч амжаагүй яваа явган зорчигчид зам тавьж өгнө." гэсэн заалтыг зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй байна..” гэх магадлагаа Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, зам тээврийн осол, хэргийн үзлэгээр тогтоосон байдал, осол хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч зураглал, үзлэгийн явцад бэхжүүлж авсан гэрэл зургийн үзүүлэлт, /хх-5-11/, шүүгдэгч Б.Б иргэний үнэмлэхний лавлагаа /хх-67/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-94/, зэрэг шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Шүүгдэгч Б.Б нь 2022 оны 3 дугаар сарын 04-ний орой 20 цаг 45 минутын орчим Чингэлтэй дүүргийн 2 дугаар хороо, Peace mail их дэлгүүрийн урд замд “Хьюндай сонота-7” маркийн 38-77 УБҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн заалтыг зөрчсөний улмаас явган зорчигч М.Эийг мөргөж түүний биед хүндэвтэр гэмтэл учруулсан гэж улсын яллагчаас яллаж буй Эрүүгийн хуулийн зүйл заалт, гэм буруугийн талаар маргаагүй болно.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад Б.Бэс хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр хүсэлт гаргасан бөгөөд прокурор хүсэлтийг хүлээн авч тогтоол гаргасан байна.
Иймд шүүгдэгч Б.Б Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүх хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг мөн явуулсан бөгөөд шүүгдэгч Б.Бд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэм буруугаа хүлээсэн, хувийн байдал зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж, прокурорын саналын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэмцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулах, тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 3 сарын хугацаанд төлөхийг даалгаж шийдвэрлэв.
Шүүгдэгч Б.Бд торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольдог болохыг сануулав.
Бусад асуудлын талаар:
Шүүгдэгч Б.Б нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдоогүй, түүний бусад эрхийг хязгаарлаагүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдав.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б.Б-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-ийг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Бд оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 3 сарын хугацаанд төлөхийг даалгасугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Б.Б нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольдог болохыг сануулсугай.
5. Шүүгдэгч Б.Б нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, бусад эрхийг хязгаарлаагүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Б.Бд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.
7. Прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.МӨНХБАЯР