Сэлэнгэ аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 03 сарын 13 өдөр

Дугаар 120

 

Сэлэнгэ аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн  шүүх хуралдааныг  шүүгч Л.Соёлмаа даргалж тус шүүхийн шүүх хурлын танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: Сэлдэнгэ аймгийн Сүхбаатар сумын 2 дугаар баг 3 дугаар хэсэг 193 тоотод оршин суух, эрэгтэй, 43 настай, одоо “Гацал хайрхан” ХХК-ийн захирал Зуун цагаан гэр овогт Сундуйжавын Жанчивдоржийн  /ИЦ-75031711/ нэхэмжлэлтэй:

Хариуцагч: Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 7 дугаар баг Ганзам 1 дүгээр хэсэг 38-1 тоотод оршин суух, эмэгтэй, 40 настай, хувиараа хөдөлмөр эрхэлдэг Бум овогт Володягийн Сэлэнгэд /МЮ-78031000ХХХХ /  холбогдох

“ 20.927.000төгрөг гаргуулах тухай“ иргэний хэргийг хянан  хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч С.Жанчивдорж, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Л.Доржпүрэв, хариуцагчийн өмгөөлөгч Г.Амартүвшин,  шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Мөнхзул нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч С.Жанчивдорж шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

В.Сэлэнгэ нь 2016 оны 10 дугаар сарын 14-ний өдөр  уулзаад “Надад 28.000.000 төгрөг зээлдүүлээч, би Улаанбаатар хотын цэцэрлэгт мах нийлүүлж байгаа. Малчнаас 1кг нь 3500 төгрөгөөр авч цэцэрлэгт 5000 төгрөгөөр өгдөр. Хоёулаа ашгаа хуваая, та хоёрт 1кг бүрээс 600 төгрөгөөр бодож өгье” гэсэн. 600 төгрөгний ашгаа тооцохоор 4.800.000 төгрөг зээлсэн 28.000.000 төгрөгөө нэмэхээр 32.800.000 төгрөгийг 15 хоногийн хугацаатай аваад өгнө гэж авсан юм. Эхнэр бид 2 банкнаас зээл аваад түүнээсээ 28.000.000 төгрөгийг В.Сэлэнгийн данс руу нь шилжүүлсэн. Тухайн үед би мах авах гээд зар тавьсан байсан. Би түүнд “манайх мах авахаар зар тавьсан байгаа. Мах авах гэж байсан мөнгөө чамд өглөө шүү, мал нядлахаас өмнө мөнгөө өгөөрэй” гэж хэлж байсан. 2016 оны 11 дүгээр сарын 15 болоход В.Сэлэнгэ утсаа авахгүй, утсаар холбогдохоор маргааш, нөгөөдөр, 3 хоногийн дараа, 5 хоногийн дараа гэж хойшлуулсаар байсан. Гэтэл намайг “Зүүнбүрэн явж махаа нядалж бай” гэхээр нь би махаа нядалж малчдад мөнгийг өгч чадахахгүйд хүрч хүмүүсийн мөнгийг өгөхийн тулд дахин банкнаас зээл авсан. 2017 оны 01 дүгээр сард эхнэрийнхээ бараанд авч явах гэсэн мөнгөөр өрөө дарсан.

Манай эхнэр хөөцөлдөж байж 8.000.000 төгрөг авч 2017 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр н.Нарантуяа гэдэг хүнийг уулзуулаад “14 хоногийн хугацаа өгчих, мөнгийг чинь нэг нугалж өгнө” гэж хэлээд 14 хоногийн дараа 3.000.000 төгрөг өгсөн. 2017 онэы 08 дугаар сард 5.500.000 төгрөг өгсөн. В.Сэлэнгийн өгсөн мөнгийг банкны зээлэндээ өгч хүүгий нь банкны зээлийн хүүгээр бодож хавтаст хэрэгт хавсаргасан байгаа. Хэрвээ В.сэлэнгэ мөнгөө цаг хугацаандаа өгсөн бол бидний бизнес доголдож, бидэнд хохирол учрахгүй байсан. Одоо манайх “ХАС” банкинд зээлийн үлдэгдэлтэй байгаа. В.Сэлэнгэ нийт 16.500.000 төгрөг өгч одоо үлдэгдэл үндсэн зээл 11.500.000 төгрөг банкны хүү 4.627.000 төгрөг нийт 20.927.000 төгрөгийг нэхэмжилж байна  гэх.

Шүүх хуралдаанд уншин сонсгосон хариуцагч В.Сэлэнгийн шүүхэд хуралдаанд гаргасан тайлбартаа:

 Миний бие нь С.Жанчивдоржоос ирүүлсэн нэхэмжлэлтэй танилцлаа. Нэхэмжлэлд дурдсан 28.000.000 төгрөгийг миний бие нь зээлсэн нь үнэн. Энэ мөнгөнөөс 16.500.000 төгрөгийг буцааж өгсөн. Анх энэ мөнгийг зээлэхдээ бид албан ёсны бичгээр хүү тооцоогүй. Миний наймаа амжилттай болвол тодорхой хэмжээний хувь өгнө гэж тохирсон. Гэтэл намайг С.Жанчивдорж нь Цагдаагийн байгууллагад өгч залилангийн хэргээр эрүүгийн хэрэг үүсгүүлэн нэр төрд халдаж улмаар энэ байдал нь гадуур тархаж бизнесийн үйл ажиллагаа зогсоход хүргэсэн. Надаас мах авч зээлсэн хүмүүс энэ байдлыг мэдээд өрөө өрөө өгөхгүй зугтаах болсон. Хэдийгээр эрүүгийн хэрэг хэрэгсэхгүй болсон боловч хүмүүсийн надад хандаж байгаа хандлага хэвээр байна. Иймд нэхэмжилсэн мөнгийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. Үндсэн зээлсэн мөнгөний 11.500.000 төгрөгийг хүлээн зөвшөөрч байна гэжээ.       

Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судалж

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

С.Жанчивдоржийн нэхэмжлэлтэй иргэн В.Сэлэнгэд  холбогдуулан гаргасан “20.927.000 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг  ханган  шийдвэрлэх нь үндэслэлтэй байна. Учир  нь:

Зохигчдын хооронд 2016 оны 10 дугаар сарын 14-ний өдөр ам хэлцэл хийн 28.000.000 төгрөгийг 15 хоногийн хугацаатай зээлдүүлсэн байгаа нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасан харилцаа үүссэн байна. 28.000.000 төгрөгийг иргэн В.Сэлэнгийн данс руу 2016 оны 10 дугаар сарын 14-ний өдөр Б.Билэгсайхан /С.Жанчивдоржийн эхнэр/ бэлэн мөнгө тушаан шилжүүлсэн нь “ХАС” банкны “Зарлагын маягт”-аар нотлогдож байгаа хэдий ч  хариуцагч нь шүүхэд гаргасан тайлбартаа: “Миний бие нь С.Жанчивдоржоос ирүүлсэн нэхэмжлэлтэй танилцлаа. Нэхэмжлэлд дурдсан 28.000.000 төгрөгийг миний бие нь зээлсэн нь үнэн. Энэ мөнгөнөөс 16.500.000 төгрөгийг буцааж өгсөн. Анх энэ мөнгийг зээлэхдээ бид албан ёсны бичгээр хүү тооцоогүй. Миний наймаа амжилттай болвол тодорхой хэмжээний хувь өгнө гэж тохирсон. Гэтэл намайг С.Жанчивдорж нь Цагдаагийн байгууллагад өгч залилангийн хэргээр эрүүгийн хэрэг үүсгүүлэн нэр төрд халдаж улмаар энэ байдал нь гадуур тархаж бизнесийн үйл ажиллагаа зогсоход хүргэсэн...” гэсэн нь зохигчдын хооронд ам хэлцэл хийн зээлийн харилцаа үүссэн гэж үзэх үндэслэлтэй байна.

Нэхэмжлэгч нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...В.Сэлэнгэ нь 2016 оны 10 дугаар сарын 14-ний өдөр  уулзаад “Надад 28.000.000 төгрөг зээлдүүлээч, би Улаанбаатар хотын цэцэрлэгт мах нийлүүлж байгаа. Малчнаас 1кг нь 3500 төгрөгөөр авч цэцэрлэгт 5000 төгрөгөөр өгдөг. Хоёулаа ашгаа хуваая, та хоёрт 1кг бүрээс 600 төгрөгөөр бодож өгье” гэсэн. 600 төгрөгний ашгаа тооцохоор 4.800.000 төгрөг, зээлсэн 28.000.000 төгрөгөө нэмэхээр 32.800.000 төгрөгийг 15 хоногийн хугацаатай аваад өгнө гэж авсан юм. Эхнэр бид 2 банкнаас зээл аваад түүнээсээ 28.000.000 төгрөгийг В.Сэлэнгийн данс руу нь шилжүүлсэн...” гэсэн нь зохигчид нь 28.000.000 төгрөг өгч, авалцсан талаар маргаагүй бөгөөд харин ам хэлцэл хийхдээ зээлийн хүү тооцсон эсэх асуудлаа тодорхойлон тооцоолбор хийсэн болохоо аль аль тал нь нотолж чадаагүй бөгөөд хариуцагч нь тохирсон хугацаандаа зээлээ төлөөгүй нь үүргээ биелүүлээгүй зөрчсөн гэж үзнэ.

Нэхэмжлэгч талаас шүүхэд нотлох баримт болгон гаргасан 2016 оны 10 дугаар сарын 14-ний өдөр зохигчдын хооронд хийгдсэн “В.Сэлэнгэ нь 2016.10 сарын хотын цэцэрлэгт мах нийлүүлэхэд 28.000.000 төгрөгийг 1тн, 8тн-600 төгрөгөөр бодож өгөхөөр тооцож авсан” гэсэн нь ойлгомжгүй тухайлбал ашгаа тооцоод байгаа юм уу эсвэл 600 төгрөгөөр юуг бодож тооцоод байгаа нь тодорхойгүй, мөн 2017 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн “Жанчив, Билгээ хоёроос 28.000.000 төгрөгийн үлдэгдлийг 2017.04.21-ний өдөр барагдуулна...” гэсэн нь тухайн өдөр хэдэн төгрөгний үлдэгдэлтэй байсан зэргээ тооцоолбор гарган тодорхойлоогүй байна.

 Нэхэмжлэгч нь хариуцагчаас зээлийн үлдэгдэл 16.300.000 төгрөгний банкнаас авсан зээлийн хүү 4.627.000 төгрөгөөр тооцон нийт 20.927.000 төгрөг нэхэмжилснээс Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3-д зааснаар “Хуульд өөрөөр заагаагүй бол хүү тогтоосон бол зээлийн гэрээг бичгээр хийнэ. Энэ шаардлагыг хангаагүй бол хүү авах эрхээ алдана” гэсний дагуу зохигчид анх  хэлцэл хийхдээ хүү тооцох талаар тохиролцсон эсэх нь тодорхойгүй түүнийгээ нотолж чадахгүй байх тул банкнаас авсан зээлийн хүү 4.627.000 төгрөгийг хасаж тооцон, харин хариуцагч нь үндсэн зээл 28.000.000 төгрөгнөөс 16.500.000 өгсөн болох нь зохигчдын шүүхэд болон нэхэмжлэгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар мэдүүлгүүдээр нотлогдож байх тул үндсэн зээлийн үлдэгдэл 16.300.000 төгрөгөө ашгаа тооцон 32.800.000 төгрөгнөөс бодож тооцсон нь ойлгомжгүй байна гэж үзлээ.

Иймд зохигчдын хооронд 2016 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 28.000.000 төгрөг зээлдүүлсэн гэх ам хэлцэл нь болзол тавьж хийсэн хэлцэл гэж үзэхгүй бөгөөд В.Сэлэнгээс 28.000.000 төгрөгний үлдэгдэл 11.500.000 төгрөг гаргуулан С.Жанчивдоржид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 9.427.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

Хэрэгт 2016 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн “ХАС” банкны №1100021557 дугаартай “Зээлийн гэрээ”, №1100021557-01 дугаартай “Баталгаат ипотекийн гэрээ”, “Дансны хуулга” /нийт 11 хуудас/, Сэлэнгэ аймгийн Прокурорын газрын  2017 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 34 дугаартай “Хэрэг бүртгэлтэй хэргийг хаах тухай” прокурорын тогтоол зэрэг авагдсан болно.    

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 262.585 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 11.500.000 төгрөнд тохирох улсын тэмдэгтийн хураамж 198.950 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй гэж үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн  115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага  болгон ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.3-т зааснаар В.Сэлэнгээс 11.500.000 төгрөг гаргуулан С.Жанчивдоржид олгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 262.585 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 198.950 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай. 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 119 дүгээр  зүйлийн  119.4-д зааснаар  шүүх  хуралдаанд  оролцсон тал  энэ  хуулийн 119.3-т заасан   хугацаа  өнгөрснөөс  хойш 14  хоногийн  дотор  шүүхэд  хүрэлцэн ирж шийдвэрийг  өөрөө  гардан  авахыг анхааруулсугай.

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7-д зааснаар 119.4-т заасны дагуу шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.

6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар зохигчид шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шүүхэд давж заалдах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Л.СОЁЛМАА