Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 03 сарын 02 өдөр

Дугаар 2022/ШЦТ/263

 

 

 

 

 

 

 

      2022            3           02                                       2022/ШЦТ/263

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Мөнхзул даргалж, шүүгч Б.Дашдондов, Г.Ц...........р нарын бүрэлдэхүүнтэй

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Жавхлан,

иргэдийн төлөөлөгч Н.Гармаа,

улсын яллагч Б.Ундрах,

шүүгдэгч Ц.Ц...........р, түүний өмгөөлөгч С.Чулуунбаатар (өмгөөллийн үйл ажиллагаа эрхлэх эрхийн дугаар 0009) нарыг оролцуулан тус шүүхийн “А-1” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгчийг эрүүгийн 2108 0000 01499 дугаартай хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, ирүүлсэн 2 хавтаст хэргийг 2022 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Урианхай овогт Ц...........ны Ц...........р, Монгол Улсын иргэн, Говь-Алтай аймгийн Есөнбулаг суманд 1966 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр төрсөн, 55 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, хүнсний техник технологич мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, Сонгинохайрхан дүүргийн ........................................, урьд

- Сэлэнгэ аймаг дахь Сум дундын 2 дугаар шүүхийн 2006 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 132 дугаар шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 4 жилийн хугацаагаар хасаж, хөдөлмөрийн хөлсний хэмжээг 300 дахин нэмэгдүүлсэн хэмжээ буюу 15.900.000 төгрөгөөр торгох ял шийтгүүлсэн.

 Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Ц.Ц...........р нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогч Д.А...........нийг “архи ууж, гэрт шээлээ” гэх шалтгаанаар хувийн таарамжгүй харилцаа үүсгэн ахуйн хэрэглээний хутгаар түүний баруун өгзгөнд нь 1 удаа хутгалж, биед нь “баруун өгзгөнд хатгагдаж зүсэгдсэн шарх” бүхий хүнд гэмтэл санаатай учруулсны улмаас хохирогчийн өгзөг, гуяны булчин завсар цус хуран, халдварлагдаж бөөрний сувганцар булчингийн уураг болон нянгийн бөглөрөл, сувганцрын тархмал үхжил үүсэж олон эрхтний дутагдалд орж нас барсан буюу “хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийг зэвсэг хэрэглэн үйлдэж, энэ гэмт хэргийн улмаас хохирогч нас барсан үйлдэлдээ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4, 2.5 дахь заалтад заасан гэмт хэрэгт холбогджээ.

 

 ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

1.1.Шүүхээс тогтоосон үйл баримт

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтыг дүгнэвэл.

Шүүгдэгч Ц.Ц...........р нь 2021 оны 10 дугаар сарын 22-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн .............. тоот гэртээ Д.А...........ний хамт согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байна. Улмаар Ц.Ц...........рыг унтаж байхад Д.А...........н нь тэдний гэрт хөнгөнөөр бие засахад Ц.Ц...........р нь сэрж, гэрт бие зассан гэх шалтгаанаар гэрийнхээ бор өнгийн 22см урттай, ажлын хэсгийн урт 11см, ажлын хэсгийн өргөн 2.5см-тэй хутгаар Д.А...........ний баруун өгзөгний дунд хэсэгт хөндлөн байрлалтай, 2.5см урттай, ир тал нь биеийн гадна хэсэг рүү чиглэсэн байрлалаар 1 удаа хутгалж, биед нь ташааны артери гэмтээсэн хүнд шарх гэмтэл учруулсан.

Д.А...........н нь 2021 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 19 цаг 19 минутад Гэмтэл согог судлалын үндэсний төвд хэвтэн эмчлүүлж байгаад 2021 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 07 цаг 37 минутад өгзөг, гуяны булчин завсар цус хуран, халдварлагдаж бөөрний сувганцар булчингийн уураг болон нянгийн бөглөрөл, сувганцрын тархмал үхжил үүсэж олон эрхтний дутагдалд орж нас барсан хэргийн нөхцөл байдал буюу үйл баримт тогтоогдлоо.

 

1.2 Нотлох баримтын үнэлгээ

Улсын яллагчийн шинжлэн судалсан нотлох баримтуудаар дээр дурдсан хэргийн нөхцөл байдал эргэлзээгүй тогтоогдсон болно. Тухайлбал

-  Гэрч Ц.Эн...........лийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2021 оны 10 дугаар сарын 22-ны өглөө 08 цагийн орчим... Г..............аа залгаад “ах нь хөлөө бэртээчихсэн, дэлгүүр ороод юм дөхүүлээд өгөөч” гэхээр нь би Г..............аа ахын гэрт очиход А...........н тэр хоёр орон дээр хэвтэж байсан. Тэгээд би картыг нь аваад дэлгүүр орж ундаа, тамхи, 0.75л “Хараа” архи 2 шилийг авчирч өгсөн...” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 96 дахь тал),

- Гэрч Д.Ч..............гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2021 оны 10 дугаар сарын 22-ны өглөө 07 цагийн үед Амараа өөрийнхөө дугаараас миний танил ахын утсаар дамжуулан надтай холбогдоод надад хандан “би гэмтчихээд байна. Сорви Г..............аагийнд байна” гэж хэлсэн. Би 08 цагийн үед нөхрийн хамт Сорви Г..............аагийнд очиход Ам....агийн баруун гуяны хонго хэсгээс цус гараад өмд нь болон хэвтэж байсан матраас нь тэр чигтээ цус болсон байсан. ...Тухайн үед Орбитын тойрог дээр таксинд явдаг Нэгдэл гэх ах Г..............аагийнд ирсэн байсан. Г..............аа “ХААН” банкны картаа Нэгдэл ахад өгөөд ...архи, ...ундаа авхуулсан. ...Намайг Г..............аагийн гэрийг цэвэрлэх хооронд Амараа, Г..............аа хоёр манай нөхөр Б..............нгийн хамтаар авчруулсан ...архиа ууцгааж байсан. Тухайн үед манай тэр хавьд байдаг Бүүвэй гэх залуу Г..............аагийнд орж ирсэн. Тэр үед Амараа Г..............аад хандан “Та ахиад ...архи авчхаач” гэхэд Г..............аа Бүүвэйд картаа өгөөд, Бүүвэй бид хоёр дэлгүүрээс ахиад ...”Хараа” архи, нэг ундаа, нэг хайрцаг тамхи аваад Г..............аагийнд очсон. Г..............аа Амараа хоёр сүүлд авчирсан архиа уугаад үлдсэн бөгөөд Бүүвэй, манай нөхөр бид гурав гэр лүүгээ явсан...” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 98-99 дэх тал)

- Гэрч Ц.Б..............нгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би ...А...........нтэй 2020 оны 10 дугаар сарын 22-ны өдөр өглөө 08 цагийн үед Сорви Г..............аагийн гэрт уулзсан юм. Тухайн үед А...........н нь Ц...........рын Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо 70-02 тоотын гэрийн хоймор хэсэгт жижиг нэг хүний хэвтдэг матраас дээр дотоожтойгоо дээгүүрээ нэг цамцтай доогуураа өмдгүй баруун өгзөгний гол хэсэгт нь хөндлөн хутгаар зүсэгдсэн юм шиг шархтай, шарх нь хавдчихсан байдалтай их цус гарчихсан хэвтэж байсан. ...Тэгээд намайг архинд яваад ир гэхээр нь би ...тэдний гэрийн хажууд байдаг ...дэлгүүрээс 0.75л “Хараа” архи нэгийг аваад очсон. ... Тэгээд уг архийг би, Ц...........р, манай эхнэр Ч..............г бид дөрөв хувааж уусан...” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 36-37 дахь тал)

- Гэрч Ө.Ба........ржийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би Ц...........рынд өчигдөр буюу 2021 оны 10 дугаар сарын 22-ны өдөр 08 цаг 50 минутын үед ...ороход гэрт нь нэг хүн хөнжил нөмөрчихсөн унтаж байсан. Тэр үед Ц...........рын байшингийн газраар зассан гудасны үзүүр дээр нь цус болчихсон харагдаад байхаар нь би Ц...........раас “энэ юун цус юм” гэхэд тэрээр “энэ хатгуулчхаад гаднаас ороод ирсэн юмаа” гэж хэлсэн. Тэгээд надад банкны картаа өгөөд энд мөнгө байгаа чи надад 1 шил архи хэдэн ширхэг тамхи аваад өгөөч гэхээр нь би гарч яваад ...Улаан дэлгүүр гэдэг газраас 1 шил 0.5 литрийн “Хараа” нэртэй архи, нэг хайрцаг LD тамхи аваад оруулж өгчхөөд гэр рүүгээ явсан. ...Ц...........рын гэрт хэвтэж байсан хүн нь Амараа гэдэг залуу байсан. Би зүсийг нь мэднэ. Манай Орбитын тойрог орчим ...согтууруулах ундаа хэрэглээд явдаг хүн байсан...” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 28-29 дэх тал),  

- Гэрч С.Б..............лын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2021 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 14 цагийн үед ...Д.А...........н нь ...миний 9915...36 дугаар луу залгаад “Ц.Ц...........р ах намайг хутгалчихлаа” гэж утсаар ярихаар нь би такси бариад Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо Хилчин хотхоны 70-02 тоотод ганцаараа очих үед Ц...........р ах өвлийн сууц дотроо орон дээр унтаж байсан. Харин талийгаач Д.А...........н нь газар шалан дээр хэвтэж байсан. Талийгаачийн өмд, куртик нь цус мэт зүйлээр бохирлогдсон, өвлийн сууцны шал нь цус мэт зүйлээр бохирлогдсон байхаар нь би талийгаачийг ганцаараа өргөж босгоод өвлийн сууцнаас гаргаад таксинд суулгаж ...гэрт нь хүргэж өгсөн...” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 51-52 дахь тал),

- Гэрч Ж.Ба.........үүгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2021 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 15 цагийн үед... хамаатны ах Б..............л над руу ..залгаад... такси бариад Орбитын онцгой байдлын зүүн талын далантай гүүрэн дээр хүрээд ир гэж хэлэхээр нь... яваад очтол ах Б..............л, түүний найз Амараа нар гүүрэн дээр гараад ирсэн. ...Тэгээд таксинд Амараа, ах Б..............л нарыг суулгаад явж байхад Амараа гэх залуу ёолоод байхаар нь би “Чи яачихсан юм? Бие чинь өвдөөд байгаа юм уу?” гэхэд тэрээр “зүгээр зүгээр” гэж надад хариулсан...” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 34 дэх тал),  

- Гэрч С.А..............нын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Миний хүү 2021 оны 10 дугаар сарын 21-ний өдөр 14 цагийн үед хоолоо идчихээд “хүнтэй уулзаад ирье” гэж хэлээд гэрээс гарсан. ...2021 оны 10 дугаар сарын 22-ны өдөр 16 цагийн үед...манай талийгаач хүү А...........н гэртээ ирээд орон дээр хэвтэж байсан. Тухайн үед архи согтууруулах ундаа хэрэглэсэн, 2 гар, өмсөж явсан хувцас нь цус болсон байхаар нь хүүгээсээ яасан талаар асуухад “Орбитын тойрог дээр хутгалуулсан” гэж хэлэхээр нь хувцсыг нь тайлаад шархыг нь үзэхэд цээжиндээ биш гэхээр нь өмдийг нь тайлж үзэхэд баруун өгзгөндөө хутгалуулсан шархтай, цус гараад байсан. Тэгэхээр нь би хувинд ус хийж авчраад алчуураар биеийг нь угааж цусыг нь цэвэрлэж, толгой, нүүр, гар хөлийг нь цэвэрлэсэн... Тэгээд хажуу хашаанд байдаг том охин Содчимэгийг дуудаж оруулж ирээд 103-т дуудлага өгүүлсэн...” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 45-46 дахь тал),

- Гэрч А.Ба.......дийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би Нийслэлийн дүргэн тусламжийн төвд хүний их эмчийн ажил эрхэлдэг. 2021 оны 10 дугаар сарын 22-ны өдөр хуваарийн дагуу ээлжид гарч байтал тус өдрийн 17 цаг 55 минутад 103 тусгай дугаарт... өгзгөндөө хутгалуулсан” гэсэн дуудлага мэдээлэл ирсэн. ...Тухайн залууд анхан шатны тусламж үзүүлэхээр биед нь үзлэг хийхэд артерийн даралт дээд 110, доод-70 сатураци 93, зүрхний пульс минутад 84 удаа цохилж байсан. Хэсэг газрын үзлэгээр зүүн гарын буглагны орчим хөхөрсөн, баруун өгзөгний гадна дээд хэсэгт нэвтэрсэн зүсэгдсэн хутганы шархтай өөр ямар нэгэн ил гэмтэл шарх байхгүй. Хутганы шархтай хэсэг 5 см орчим хөхөрч хатуурсан байдалтай байсан...” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 31 дэх тал),

- Гэрч Д.А...........н (амь хохирогч)-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2021 оны 10 дугаар сарын 21-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо... Орбитын тойрогт ганцаараа явж байгаад Г..............аагийнд архи уучихсан орсон юм. Тэгээд Г..............аа намайг гэрт согтуу орж ирлээ гэж маргалдаж байгаад намайг хутгалсан. Тухайн үед би маш их согтуу байсан юм. Зарим нэг зүйлийг сайн санахгүй байна...” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 04-05 дахь тал), 

- Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Содчимэгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2021 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 17 цагийн үед би ажлаасаа буугаад гэртээ амарч байтал манай ээж С.А..............на нь над руу өөрийн утаснаасаа залгаад “дүү чинь хутгалуулаад ирсэн байна. Яах вэ? чи ороод ирээч” гэхээр нь би гэрээсээ гараад хажуугийн хашаа болох тэдний гэрт яваад ороход ээж дүү Д.А...........ний бүх өмсөж байсан цустай хувцаснуудыг нь тайлаад баруун талын өгзөгт нь мэсний шархтай байсныг шархийг нь цэвэрлээд байж байсан юм. Тэгээд би шууд түргэн тусламж дуудах хэрэгтэй юм байна гээд ээжийн утаснаас 103 дугаарын утас руу залгаж дуудлага өгсөн юм. Тэгээд түргэн тусламжийн эмч удалгүй ирээд Д.А...........ний даралтыг нь үзээд шархийг нь хараад яаралтай гэмтлийн эмнэлэгт хүргэхгүй бол болохгүй юм байна гээд шууд гэмтлийн эмнэлэг рүү авч явсан...” гэх мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 58-59 дэх тал),

- Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэлд: “...Хэрэг учрал болсон гэх газар нь Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо Хилчний 70-02 тоот хашаа байшин байх ба хэрэг учрал болсон...гэх ...улаан өнгийн тоосгон, цэнхэр өнгийн дээвэртэй байшинд... орж үзлэгийг цагийн зүүний дагуу явуулахад ...байшингийн ертөнцийн зүгээр зүүн урд цахилгаан зуух байрлуулсан түүний хойд талд 0.75л “Хараа” нэртэй архины шил, ...байшингийн баруун талд ...хуучны модон сандал байх ба түүний хойд талд байх... гипсэн хавтангийн зүүн урд хэсэг цус мэт улаан хүрэн өнгийн зүйлээр бохирлогдсон... дээр нь байх ...цаасан хайрцаг улаан хүрэн өнгийн зүйлээр бохирлогдсон, түүний дээр байх ...цэнхэр Ц...........н өнгийн алаг гудас цус мэт улаан хүрэн өнгийн зүйлээр их хэмжээгээр бохирлогдсон байсныг ...гэрэл зургийн аргаар бэхжүүлэн ...хураан авав. ...Хэрэг учрал болсон гэх байшингийн зүүн талд вакум цонхны ...салхивчны баганаас ...2 ширхэг гар мөр илэрснийг ...бэхжүүлэн авав... Уг цонхны салхивчны дотор баганын завсар цус мэт хүрэн улаан хүрэн өнгийн зүйлээр бохирлогдсон байсныг  ...гэрэл зургаар бэхжүүлж, цустай хэсгийг тайрч ...хураан авав. Байшингийн голд байх ...гипсэн хавтан дээр... цаасан хайрцаг байх ба дээр нь Ц...........н өнгийн даавуутай эсгий гудастай, гудасны ертөнцийн зүгээр урд тал нь цус мэт улаан хүрэн өнгийн зүйлээр бохирлогдсон байсныг ...тэмдэглэлд тусгав. Уг гудасны дээр байх цайвар өнгийн хөнжил цус мэт улаан хүрэн өнгийн зүйлээр бохирлогдсоныг ...гэрэл зургаар бэхжүүлэв. Уг гудасны ертөнцийн зүгээр баруун урд талд шалан дээр цус мэт улаан өнгийн зүйлээр бохирлогдсон эрээн өнгийн даавууг ...хураан авав. ...Байшин дотор байх халуун тогооны зүүн талд... шаргал өнгийн иштэй 27.5см урттай хутга...байсныг гэрэл зургийн аргаар бэхжүүлэн... хураан авав...” гэх тэмдэглэл гэрэл зургийн үзүүлэлт (1 дэх хавтаст хэргийн 07-16 дахь тал),

- Цогцост үзлэг хийсэн тэмдэглэлд: “...Цогцос нь 168 см урттай... баруун өгзөгний дунд хэсэгт 2.5х0.5см хэмжээтэй зах ирмэг тэгш мэс заслын оёдол бүхий цус гоожсон, булчирхай ил гарсан шархтай баруун зүүн хөлийн урд тал тавхай хүрэн өнгийн цусархаг зүйлээр бохирлогдсон,...” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (1 дэх хавтаст хэргийн 17-21 дэх тал),

 

- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн Цогцост хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 2281 дугаартай дүгнэлт:

“...Цогцсын гадна үзлэг: Цогцос нь 168см урттай... эрэгтэй хүний цогцос байна. ...Баруун өгзөгний дунд хэсэгт цагийн зүүний 3, 9-н цагийн байрлалд хөндлөн 2.5х0.5см ирмэг тэгш шархыг хоёр тийш татаж үзэхэд ир тал нь 3 цаг буюу биеийн гадна хэсэгт байрласан 2ш оёдол бүхий булчин ил гарсан шархтай, шархаар бага хэмжээний хүрэн улаан өнгийн зүйл гарсан байдалтай. Шархыг томсгон шалгахад орчны эдэд тархмал цус хуралттай, уг шарх нь араас урагш, баруунаас бага зэрэг зүүн тийш чиглэсэн гүн байв, цааш шалгаж үзэхэд ташааны дотор тараагуур судас бүрэн бүтэн байдал алдагдсан шархтай, шархны хөндийгөөс хар хүрэн өнгийн бүлэгнэсэн цус гарсан байна....

Нэмэлт шинжилгээний хариу:

...2. Шүүх химийн шинжилгээний 6706 тоот хариунд: 1/. Д.А...........ний цусанд спиртийн зүйл илрээгүй, ходоодны шингэнд 0.9 промилли, цөсөнд 0.9 промилли спиртийн зүйл илэрсэн...

3. Шүүх эд, эсийн шинжилгээний С-2281 тоот хариунд:

...Бөөр- Түүдгэнцрүүд цус бага. Холтослогийн сувганцрын хучуурт тархмал бүрэн болон хэсэгчилсэн кариолизистэй, зарим  сувганцрын хөндийд тод ягаан өнгөөр будагдсан уураглаг масстай, нянгийн бөөгнөрөл үүссэн. Судаснууд цус бага.

- Цус багадалт, сувганцрын тархмал үхжил, сувганцрын миоглобин уураг, бактерийн бөглөрөл... ДҮГНЭЛТ

1. 3. Талийгаачийн баруун өгзөгт шарх, дух, баруун өгзөг, өвдөг, зүүн шилбэнд зулгаралт, баруун бугалга, мөр, хоёр шууны зүүн сарвуу, шилбэнд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Шарх гэмтэл нь ир үзүүртэй зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр, зулгаралт цус хуралт гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ...

6. Ташааны артери гэмтээсэн шарх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.8-д зааснаар хүнд зэрэгт хамаарна. Бусад зулгаралт, цус хуралт гэмтэл нь дангаараа гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Баруун өгзөгний хатгагдаж зүсэгдсэн шархны улмаас өгзөг, гуяны булчин завсар цус хуран, халдварлагдаж бөөрний сувганцар булчингийн уураг болон нянгийн бөглөрөл, сувганцрын тархмал үхжил үүсэж олон эрхтний дутагдалд орж нас баржээ...

11. Талийгаачийн цусанд спиртийн зүйл илрээгүй, ходоодны шингэнд 0.9, цөсөнд 0.9 промилли спиртийн зүйл илэрсэн. Цусанд мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх бодис илрээгүй.

12. Талийгаачид эмнэлгийн тусламж үйлчилгээг эрт үзүүлсэн тохиолдолд амь нас аврагдах боломжтой...” гэх дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт (1 дэх хавтаст хэргийн 110-120  дахь тал),  

 

- Хутганд үзлэг хийсэн тэмдэглэлд: “...хутга нь нийт 22см урттай, ажлын хэсгийн урт 11см, ажлын хэсгийн өргөн 2.5см, бор өнгийн модон иштэй 11см х 2.5см бариултай. Бариулын хоёр талдаа 3 ширхэг мөнгөлөг өнгийн хадаастай хутга байв...” гэх баримт, гэрэл зургийн үзүүлэлт (1 дэх хавтаст хэргийн 85-86 дахь тал),

- Шүүгдэгч Ц.Ц...........рын мөрдөн шалгах ажиллагаанд сэжигтнээр мэдүүлэг өгөхдөө “...2021 оны 10 дугаар сарын 21-22-нд шилжин шөнө 02 цагийн үед гэж бодож байна, намайг гэртээ ганцаараа архи согтууруулах ундаа хэрэглэсэн согтуу байдалтай унтаж байхад А...........н ганцаараа манай байшингийн цонх цохисон. Тэгэхээр нь би цонхоо онгойлгоод “хэн бэ?” гэхэд А...........н байсан бөгөөд “танайд унтчихъя” гэж хэлээд манайд орж унтсан. Ингээд маргааш өглөө нь буюу 2021 оны 10 дугаар сарын 22-ны өдөр А...........н дэлгүүр орж гаднаас 2 шил 0.75 литрийн хараа нэртэй архи авчраад бид 2 хоёулхнаа уугаад нэлээн согтоод унтсан. Тэгээд өдөр нартай гэгээтэй байсан цагаа сайн санахгүй байна, нэг сэрээд харахад миний хэвтэж байсан орны дэвсгэр хөнжил гудас руу А...........н...шээж байхаар нь би “чи гэр оронд болиоч, гарч шээ” гэж хэлэхэд тоохгүй шээгээд зогсоод байсан. Тэгэхээр нь би өндийж босоод орны доор байсан газар хоол хийгээд бэлдэж байхад байсан хутгыг аваад баруун өгзөг руу 1 удаа хатгачихсан.... Тэр хутга нь манай гэрт байдаг хоол унд бэлдэхэд хэрэглэдэг ахуйн хэрэглээний бор өнгийн модон иштэй 20 гаран см урттай хутга байгаа...” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 64-65 дахь тал),

- Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэлд: “...Сэжигтэн Ц.Ц...........рыг Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн Нэгдүгээр хэлтсийн байрнаас гарган та өөрийн мэдүүлэгт дурдсан хутга байгаа газрыг мэдүүлэг шалгах ажиллагаагаар зааж өгнө үү гэхэд... тэрээр байшингийн хаалгаа онгойлгож дотогш оров. Байшингийн ...том өрөөний гол хэсэгт доороо Ц...........н өнгийн хөөсөнцөр тавьсан, түүн дээр бор өнгийн цаасан хайрцаг задалж дэвссэн,  хайрцгийн ертөнцийн зүгээр баруун урд талын буланг Ц.Ц...........р сөхөж бор өнгийн иштэй 22см урттай хутгыг гаргаж ирснийг...гэрэл зургийн аргаар бэхжүүлэв...” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (1 дэх хавтаст хэргийн 79-80 дахь тал) зэрэг нотлох баримтаар нэг нь нөгөөгөө үгүйсгэхгүйгээр харилцан уялдаа холбоотойгоор хэргийн бодит байдлыг сэргээн дүрсэлж байна.

Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгов.

 

1.3.Оролцогчийн эрхийн хэрэгжилт

Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр сэргээн тогтоосон байх бөгөөд хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий шийдвэр гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

1.4.Эрх зүйн дүгнэлт

Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт хууль зүйн дүгнэлт хийвэл шүүгдэгч Ц.Ц...........р нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ, хохирогчийн зүй бус үйлдлээс шалтгаалсан хувийн таарамжгүй сэдэлтээр, шууд санаатайгаар хохирогч Д.А...........ний эрүүл мэндэд зэвсэг буюу хутга хэрэглэн халдаж түүний биед ташааны артери гэмтээсэн, гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.8-д зааснаар хүнд зэргийн гэмтэл учруулж, амь хохирогч Д.А...........н нь баруун өгзөгний хатгагдаж зүсэгдсэн шархны улмаас түүний өгзөг, гуяны булчин завсар цус хуран, халдварлагдаж бөөрний үхжил үүсэж олон эрхтний дутагдалд орж нас барсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дэх хэсгийн 2.4, 2.5 дахь заалтад заасан “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийг зэвсэг хэрэглэн үйлдэж, энэ гэмт хэргийн улмаас хохирогч нас барсан” гэмт хэргийн шинжийг хангасан байна.

Тиймээс улсын яллагчаас шүүгдэгчийг эрүүгийн хуулийн дээрх зүйл, хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдсэн нь хууль зүйн үндэслэлтэй байх тул түүнийг гэм буруутайд тооцож шийдвэрлэв.

Шүүгдэгч болон түүний өмгөөлөгч улсын яллагчийн гэм буруугийн дүгнэлттэй мэтгэлцээгүй бөгөөд иргэдийн төлөөлөгчийн дүгнэлт хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн үзсэн болно.

 

1.5. Хохирол, хор уршиг

Энэ гэмт хэргийн улмаас хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Содчимэг нь амь хохирогчийн нас барсантай холбоотой хохирол, хор уршигт баримтаар 5.666.383 төгрөг (2 хавтаст хэргийн 28-74 дэх тал) нэхэмжилснийг шүүгдэгч Ц.Ц...........р нь төлж барагдуулсан байх тул (2 хавтаст хэргийн 158 дахь тал) түүнийг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:

2.1. Талуудын санал, дүгнэлт

Улсын яллагч: “...шүүгдэгч Ц.Ц...........рыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4, 2.5 дахь заалтад зааснаар 5 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх дүгнэлтийг,

- Шүүгдэгчийн өмгөөлөгч: “...Миний үйлчлүүлэгч нь анх удаагаа гэмт хэрэг үйлдсэн, хохирлоо нөхөн төлсөн, мөрдөн байцаалтын ажиллагаанд саад учруулахгүйгээр үнэн зөв мэдүүлэг өгч явсан. Хохирогчийн хохирол төлбөрийг төлж барагдуулсан, хохирогч гомдол саналгүй тухай хүсэлт ирүүлсэн байна. Улсын яллагчийн оногдуулсан ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтыг журамлан, ялын доод хэмжээний гуравны хоёроор ял оногдуулж өгнө үү...” гэх дүгнэлтийг тус тус гаргаж мэтгэлцэв.

2.2. Эрүүгийн хариуцлага

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэм буруутайд тооцсон нотлох баримтад үндэслэн түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

Шүүгдэгч Ц.Ц...........р нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”, мөн хэсгийн 1.2 дахь заалтад заасан “гэмт хэрэг үйлдсэний дараа учруулсан хохирлыг төлсөн”, мөн хэсгийн 1.4 дэх заалтад заасан “хохирогчийн хууль бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдсэн” байгааг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон ба түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа, оршин суугаа хаягийн тодорхойлолт (1 дүгээр хавтаст хэргийн 174 дахь тал), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (1 дүгээр хавтаст хэргийн 152 дахь тал), хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгөтэй талаар холбогдох байгууллагаас авсан лавлагаа (1 дүгээр хавтаст хэргийн 183, 181 дэх тал) зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоов.

 

Иймд шүүхээс шүүгдэгч Ц.Ц...........рт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчим буюу эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна гэснийг үндэслэн, шүүгдэгчийн хувийн байдал буюу гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, гэмт хэрэг гарахад хохирогчийн хууль бус үйлдэл нөлөөлсөн, тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн зэрэг нөхцөл байдлыг харгалзан улсын яллагчийн эрүүгийн хариуцлагын талаар гаргасан дүгнэлтийг хүлээн авч Эрүүгийн хуулийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4, 2.5 дахь заалтад зааснаар 5 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, түүний дээрх хувийн байдлыг харгалзан оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй гэж үзэв.

Харин шүүгдэгчийн өмгөөлөгчийн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад заасныг журамлан миний үйлчлүүлэгч Ц.Ц...........рт оногдуулах эрүүгийн хариуцлагыг Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хорих ялын доод хэмжээгээр оногдуулж өгнө үү гэх дүгнэлтийг шүүх хүлээн авах үндэслэлгүй гэж үзэв.

Учир нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйл нь шүүхэд үүрэг хүлээлгэсэн зохицуулалт биш, нөгөө талаар хүний амь нас хохирсон байгаа нь гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн гэх үндэслэлд хамаарахгүй болно.

 

2.3. Бусад асуудлын талаар

Шүүгдэгч Ц.Ц...........р нь энэ хэрэгтээ шүүхийн зөвшөөрөлгүйгээр 2021 оны 10 дугаар сарын 23-ны өдрөөс 2021 оны 10 дугаар сарын 26-ны өдрийг хүртэл (1 хавтаст хэргийн 89-60), 3 хоног, 2021 оны 10 дугаар сарын 26-ны өдрөөс 12 дугаар сарын 21-ний өдрийг хүртэл 54 хоног буюу нийт 57 хоног цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан байна.

Тиймээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар түүний цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан 54 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцож эдлэх ялаас хасаж шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлд зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 22 см урттай 1 ширхэг хутгыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахаар шийдвэрлэж,

Эрүүгийн 2108 0000 01499 дугаар хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.5 дугаар зүйлийн 2, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь;

1. Шүүгдэгч Урианхай овогт Ц...........ны Ц...........рыг Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэргийг зэвсэг хэрэглэн үйлдэж, энэ гэмт хэргийн улмаас хохирогч нас барсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4, 2.5 дахь заалтад заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4, 2.5 дахь заалтад зааснаар шүүгдэгч Ц.Ц...........рыг 5 (тав) жил 6 (зургаа) сарын хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Ц...........рт оногдуулсан 5 жил 6 сарын хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Ц...........р 57 (тавин долоо) хоног баривчлагдсан, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдсаныг түүний эдлэх ялд оруулан тооцож, эдлэх ялаас хассугай.

5. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь нэхэмжлэх зүйлгүй, шүүгдэгч нь энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 22 см урттай хутга 1 ширхгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.

7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Ц.Ц...........рт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэжээг өөрчлөн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, түүний эдлэх ялыг 2022 оны 3 дугаар сарын 02-ны өдрөөс эхлэн тоолсугай.

8. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

9. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

               ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Г.МӨНХЗУЛ

 

                                 ШҮҮГЧИД                                     Б.ДАШДОНДОВ

                                                              

                                                                                       Г.Ц...........Р