Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 05 сарын 25 өдөр

Дугаар 2022/ШЦТ/475

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн байрны “Д” танхимд Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнхбаяр даргалж,

 

Нарийн бичгийн дарга Б.Мөнхдэлгэр,

Улсын яллагч Д.Уянга, /томилолтоор/

Шүүгдэгч Б.У,

Шүүгдэгчийн өмгөөлөгч П.А нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Хөх Дал овогт Батсүхийн Ут холбогдох эрүүгийн 1711 00715 0938 дугаартай хэргийг 2022 оны 05 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч хялбаршуулсан журамаар хянан хэлэлцэв.

 

  Шүүгдэгч нарын биеийн байцаалтын талаар:

Монгол Улсын иргэн, Б.У, 1995 оны 08 дугаар сарын 23-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 26 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эдийн засагч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Чингэлтэй дүүргийн 15-р хороо, Жаргалантын 64-1008 тоотод оршин суудаг, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгүүлж байгаагүй регистрийн дугаар

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:

 

Гэм буруугийн талаар:

Шүүгдэгч  Б.У нь 2017 оны 09 дүгээр сарын 10-наас 11-нд шилжих шөнө 02 цагийн орчимд согтууруулах ундааны зүйл хэрэглэн согтуурсан үедээ Чингэлтэй дүүрэг 15 дугаар хороонд үйл ажиллагаа явуулах “Бодь” нэртэй хүнсний дэлгүүрийн орчимд хохирогч Ц.Хаштулгыг ямар нэгэн шалтгаангүйгээр  цохиж унаган түүний биед “тархи доргилт, дагз ясны шугаман хугарал, баруун тал бөмбөлгийн духны дэлбэнгийн тархины эдийн няцрал, тал бөмбөлгүүдийн таславч, баруун тенторимын цус харвалт” бүхий хүнд хохирол учруулсан болох нь:

 

Шүүгдэгч Б.Уаас шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн: “..Мөрдөн шалгах ажиллагааны үед бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна.” гэх мэдүүлэг.

Шүүгдэгч Б.Уаас мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “..Миний үйлдсэн хэрэгт сонсгож буй намайг 2017 оны 09 дүгээр сарын 10-наас 11-нд шилжих шөнө 02 цагийн орчимд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Чингэлтэй дүүргийн 15 дугаар хороонд үйл ажиллагаа явуулах Бодь нэртэй хүнсний дэлгүүрийн орчимд явж байхдаа ямар нэг шалтгаангүйгээр Ц.Х толгойн газар савж унагааж улмаар биед нь тархи доргилт, дагз ясны шугаман хугарал, баруун тал бөмбөлгийн духны дэлбэнгийн тархины эдийн няцрал, тал бөмбөлгүүдийн таславч, баруун тенторимын цус харвалт бүхий гэмтэл үүсгэж эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэж надад сонсгож буй Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялыг уншиж танилцсан хүлээн зөвшөөрч байна. Өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрч байна. Энэ гэмт хэргийг үйлдсэндээ харамсаж гэмшиж байна хохирочид өөрийнх нь нэхэмжилсэн гэм хорын хохирол  болох  3.600.000  төгрөгийг хохирогч  Ц.Х  Голомт банкны 1105080558 дугаарын данс руу шилжүүлж өгсөн. Хохирогч надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй гэсэн тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдүүлэх бодолтой байгаа бөгөөд энэ хүсэлтээ прокурорын хяналтын шатанд гаргаж байна..” гэсэн мэдүүлэг: /1хх-208/

 

Хохирогч Ц.Хас мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “..би 2017 оны 9 дүгээр сарын 10-ны орой 23 цагийн орчим гэрээсээ гарч гарч гэрийн ойролцоо байх супер маркет орж ундаа, чихэр аваад 23 цаг 30 минутын үед найз Чинзоригийн гэрт очсон тэгээд найзындаа хоол унд идээд явахаар Чинзориг, Баасандорж нарын хамт Хайлаастын 84 дүгээр буудлын хажууд байх Бодь гэсэн нэртэй хүнсний дэлгүүр орох гээд 15-р хорооны байр өнгөрөөд зам дагуу би өөрөө гар утсаа оролдоод хоёр найзаасаа хоцроод явж байхад гурван эрэгтэй зөрөөд өнгөрөхдөө намайг цохьсон юм шиг байсан би түүнээс хойш юу болсныг мэдэхгүй байгаа..гэсэн мэдүүлэг /1хх-128-136/,

 

Гэрч Ц.Ч мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “..миний харснаар Хаштулгыг цохисон залуу нь манай ангид сурч байсан Очирпүрэвтэй байнга шахуу уулзаад байдаг зүс харсан залуу байсан болохоор Сайхантөрийг нэрийг нь мэдэж байгаа юм байх гэж бодсон..гэсэн мэдүүлэг/1хх-142-150/,

 

Гэрч Б.Х мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “.. “Баясгалан цохиулсан эрэгтэй нь газар шууд уначихаж байгаа биз дээ гэхээр нь би түүнд бичлэг дээр тийм дүрс байсан талаар хэлсэн чинь Баясгалан Наад хүнийг чинь цохиж унагаасан хүн чинь У шүү дээ гэж хэлсэн. Би Уыг нэг үед 72-р сургуульд суралцаж байсан болохоороо зүс, нэр мэддэг байсан юм. Мөн Баясгалан тухайн үед хэлэхдээ Утай хамт Азаа бид хоёр хамт явж байсан юм гэж хэлж байсан. Тухайн үед тэгээд энэ талаар нэмж ярилцахгүй орхисон бөгөөд би энэ өдрөөс хойш 10 гаран хоногийн дараа би Азаатай утсаар ярьж энэ талаар тодруулахад Баясгалантай яг адилхан зүйл надад хэлсэн. Түүнээс хойш нилээн удаж байгаад 2022 оны эхээр Ариунболд, Азаа, Төрболд нарын хамт Азаагийн гэрт архи ууж байхдаа би Азаагаас 2017 оны Бодь дэлгүүрийн үүдэнд болсон асуудлын талаар дахин асуухад "тухайн үед Хульж дэлгүүрийн үүдэнд Баясгалан, У бид 3 машин дотор архи ууж байгаад дахиж архи авахаар Бодь дэлгүүр рүү очоод үүдэнд нь У нэг хүнтэй муудалцаад зүгээр юм ярилцаж байгаад уг хүнээ гараараа цохиж унагаасан. Унасан хүн газар шууд савж унаад ямар ч ухаангүй болсон. Баясгалан Бодь дэлгүүрийн доод гудамжаар орж яваад У бид хоёр зам уруудаж явсан" гэж хэлсэн..гэсэн мэдүүлэг /1хх-154/,

 

Гэрч С.Б мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “..би Хатанбаатартай дотно найзын харилцаагүй, нийлдэггүй байсан болохоор шөнийн цагаар түүнтэй хамт байх боломжгүй. Харин Утай хамт 2017 оны 09 сарын 11-ний өдрийн 03 цагийн орчим хамт байсан байх боломжтой гэхдээ яг хамт байсан эсэхээ одоо сайн санахгүй байна. 2011 оны 9 сараас 2018 оны 5 сарыг хүртэл У бид хоёр байнгын харилцаа холбоотой, уулздаг, оройдоо хамт сагс тоглож байгаад шөнийн цагаар архи, пиво гэх мэт согтууруулах ундаа хамтдаа хэрэглэх тохиолдол байдаг байсан юм. Уг бичлэг дээр миний дүрс болон манай найз Уын дүрс бичлэг харагдаж байна. Бусад хүнийг нь танихгүй байна. Үл таних эрэгтэй хүнийг гараараа цохиж байгаа хүн нь У байна. Харин хамт яваа цайвар өнгийн малгайтай цамцтай хүн нь би байна. Бичлэгээс харахад У бид 2 нилээн согтуу байгаа нь харагдаж байна. Тухайн үед би саарал өнгийн малгайтай цамц, цэнхэр өнгийн жинсэн өмд, цэнхэр өнгийн reebook Smith загварын пүүз өмсдөг байсан бөгөөд энэ бичлэг дээр би дээрх хувцаснуудыг өмссөн байна..” гэсэн мэдүүлэг /хх-161-162/,

 

Гэрч Б.А мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “..Би энэ бичлэг дээрх хүмүүсийг сайн танихгүй байна. гэхдээ биеэ авч яваа байдал, нурууны өндөр зэргээс харвал хүн цохиж байгаа эрэгтэй нь найз У байж магадгүй харагдаж байна. Харин хамт яваа цайвар өнгийн малгайтай цамцтай өндөр эрэгтэй нь хувцас болон биеийн байдлаар нь харахад Баясгалан байж магадгүй харагдаж байна. хамт яваа 3 дахь эрэгтэй нь саарал саравчтай малгайтай харагдаж байгаа бөгөөд би 2017 оны орчим байнга саарал өнгийн саравчтай малгайтай явдаг байсан болохоор энэ хүн нь би байж магадгүй харагдаж байна. 2017 оны зун эсвэл намар, дулааны улиралд У, Баясгалан бид 3 нэг орой хамт 72-р сургуулийн хашаанд пиво ууж дуусгаад нилээн оройхон дахиж пиво авч Баясгалангийн гэрт очиж уухаар болоод 3-уулаа Бодь дэлгүүр рүү орж 2 том пиво авч дэлгүүрээс гарч Баясгалангийн гэр рүү явж байх үед У аль нэг гараа эвгүй болгочихлоо тулгачихав уу яачихав хамт эмнэлэг явъя гээд бид 3 Баясгалангийн гэрийн орчмоос зам дээрээс такси барихаар зогсож байхад нэг машин ирж зогсоод уг машины дугуй нь  хагарсан байсан тул жолооч нь дугуйгаа нөхөж байх үед У миний утсаар ярьж байгаад гэнэт өөр машинд суугаад явчихсан юм. Тэгээд Баясгалан бид 2 Баясгалангийн гэрт нь орж хоносон бөгөөд маргааш өглөө нь сэрэхэд У ирчихсэн байсан. Одоо бодоход үзсэн бичлэг дээрх үйл явдал болдог өдөр Баясгалан, У бид 3 хамт сургуулийн хашаанд пиво ууж байгаад бодь дэлгүүрээс пиво авч яваад Б гэрийн гаднаас У гараа гэмтээчихлээ гээд машинд суугаад явчихдаг үйл явдалтай холбоотой байж магадгүй санагдаж байна..” гэсэн мэдүүлэг /хх-165-166/,

 

Гэрч Ц.Б мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “.. 2017 оны 09 дүгээр сарын 10-ны орой 22 цаг 30 минутын үед би найз Чинзоригийн хамтаар Х гэрт очсон.. Ингээд шөнийн 02 цаг өнгөрч байхад Х хамтаар Чингэлтэй дүүрэг 15 дугаар хороо Бодь гэх нэртэй хүнсний дэлгүүрийн урдуур бид гурав явж байтал Бодь гэх нэртэй дэлгүүрийн хаалга онгойж дотор талаас үл таних 3 эрэгтэй гарч ирээд Чинзориг бид хоёрыг мөрөөрөө мөргөсөн. Тухайн үед Чинзориг бид хоёрын ард талд Хаштулга явж байсан ба эргээд харахад манай найз Хаштулгыг эрэгтэй хүн цохиод унагаасан байсан..” гэсэн мэдүүлэг /хх-167-170/,

 

Шүүхийн шинжилгээний газрын шинжээчийн 2017 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 117016 дугаартай дүгнэлтэд: “..Ц.Х биед тархи доргилт, дагз ясны шугаман хугарал, баруун тал бөмбөлгийн духны дэлбэнгийн тархины эдийн няцрал, тал бөмбөлгүүдийн таславч, баруун тенторимын цус харвалт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2, 3.13-д зааснаар учрах үедээ амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна..” гэх дүгнэлт /хх-188/,

2018 оны 10 дугаар сарын 01-ний өдөр хяналтын камерт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-112-116/, шүүгдэгч Б.Уын иргэний үнэмлэхний лавлагаа /1хх-210/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /1хх-219/, зэрэг шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

Хэрэгт нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.

 

Шүүгдэгч Б.У нь 2017 оны 09 дүгээр сарын 10-наас 11-нд шилжих шөнө согтуурсан үедээ Чингэлтэй дүүрэг 15 дугаар хороонд үйл ажиллагаа явуулах “Бодь” нэртэй хүнсний дэлгүүрийн орчимд хохирогч Ц.Х  цохиж “тархи доргилт, дагз ясны шугаман хугарал, баруун тал бөмбөлгийн духны дэлбэнгийн тархины эдийн няцрал, тал бөмбөлгүүдийн таславч, баруун тенторимын цус харвалт” бүхий хүнд хохирол санаатай учруулсан гэж улсын яллагчаас яллаж буй Эрүүгийн хуулийн зүйл заалт, гэм буруугийн талаар маргаагүй болно.

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлтээр хохирогчид учирсан гэмтэл нь гэмтлийн хүнд зэрэгт хамаарах бөгөөд шүүгдэгчийн дээрхи үйлдлийн улмаас хохирогчид учруулсан гэмтлийг “хүнд хохирол” учирсан байна гэж дүгнэлээ.

                      

Иймд шүүгдэгч Б.Уыг Эрүүгийн хуулий тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Эрүүгийн хариуцлагын талаар:

 

Мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч Б.Уаас хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр хүсэлт гаргасан бөгөөд прокурор хүсэлтийг хүлээн авч тогтоол гаргасан байна.

 

Шүүх хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг мөн явуулсан бөгөөд шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэм буруугаа хүлээсэн, бусдад учруулсан хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, хохиролыг төлсөн байдал зэргийг харгалзан үзэж, прокурорын саналын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Уыг 2 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэлээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс “шүүгдэгч Б.Уын үйлдэл нь Өршөөл үзүүлэх тухай хуулийн үйлчлэх цаг хугацаа, хүрээнд хамаарч байх тул Өршөөл үзүүлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2-д зааснаар 2 жилийн ялыг өршөөн хасах санал гаргасан болно. Гэвч тус хуулийн 12 дугаар зүйлийн 12.1-д “энэ хуулийн 6 дугаар зүйлд заасан өршөөлд хамааруулах үндэслэл нь 2021 оны 06 дугаар сарын 24-ны өдрийн 24 цаг 00 минутаас хуулийн хүчин төгөлдөр болсон шийтгэх тогтоолоор тогтоогдсон байхыг шаардаж байна. Иймд Өршөөл үзүүлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2-д зааснаар ялаас өршөөн хасах боломжгүй, шүүгдэгч Б.Уыг шийтгэх тогтоол гарах үед ялтан гэж үзэх боломжгүй бөгөөд хуулийн шаардлага заасан хугацаа үүнээс өмнө байна.

 

Бусад асуудлын талаар:

Хохирогч Ц.Х нь хохирлоо барагдуулж авсан цаашид гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн тул шүүгдэгч Б.Уыг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

Шүүгдэгч Б.У нь цагдан хоригдсон хоноггүй, түүний бусад эрхийг хязгаарлаагүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 2 ширхэг Сидиг хэрэгт хавсарган үлдээх болохыг тус тус дурдав.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б.У Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Уыг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ут оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад тус тус эдлүүлсүгэй.

 

4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.4 дэх хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 2 ширхэг Сидиг хэрэгт хавсарган үлдээсүгэй.

 

5. Шүүгдэгч Б.У нь бусдад төлөх төлбөргүй, түүний бусад эрхийг хязгаарлаагүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй  болохыг тус тус дурдсугай.

 

6. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг хүчин төгөлдөр болтол, шүүгдэгч Б.Ут урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорьж, түүний эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.

 

7. Прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

                                ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                               Б.МӨНХБАЯР