Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 05 сарын 16 өдөр

Дугаар 2022/ШЦТ/371

 

 

 

 

 

 

 

 

   2022           5            16                                    2022/ШЦТ/371                                     

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч О.Жанчивнямбуу даргалж

хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Алтансувд хөтлөн

улсын яллагч Ц.Сэргэлэнбаатар

шүүгдэгч Б.Б

нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлсэн эрүүгийн *** дугаартай, 1 хавтас хэргийг 2022 оны 5 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ** оны * дүгээр сарын **-нд Улаанбаатар хотод төрсөн, эрэгтэй, 30 настай, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2; ахын хамт Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, 72 дугаар хотхон, * дугаар байр, ** тоотод оршин суух, ял эдэлж байгаагүй, *** дугаарын регистртэй Б овогт Бийн Б

 

Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр;

Шүүгдэгч Б.Б согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2021 оны 12 дугаар сарын 15-наас 16-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 20 дугаар хороо, “Хавай” спорт цогцолборын хашаанд байрлах 2 давхар хаус байшинг хоногоор түрээсэлж “авто спа кар ваш” авто угаалгын газрын ажилчдын шинэ жилийн баяр тэмдэглэх үеэрээ тус байшингийн 1 давхрын караокены хананд байсан “Хавай жим ХХК”-ийн өмч болох “Самсунг маркийн 42 инчийн зурагтыг ажлын газрын Х надад уурлаад байсан гэх шалтгаанаар дэлгэц рүү нь гараараа цохиж хагалсны улмаас бага хэмжээнээс дээш буюу 513.000 төгрөгийн хохирол учруулж эд хөрөнгө устгах, гэмтээх гэмт хэрэг үйлдсэн гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүгдэгч Б.Б шүүх хуралдаанд мэдүүлэхдээ:

Болсон бүх зүйл үнэн зөв, тодорхой учраас нэмж ярих шаардлагагүй. Хохирлыг нь тухайн үедээ төлнө гэж байсан боловч надад зээл бүтээгүй. Гэхдээ хохирлын 513.000 төгрөгийг төлж барагдуулсан байгаа гэв.

 

 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Хавтаст хэрэгт авагдсан шийтгэх болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг шүүх шинжлэн судлахад мөрдөн шалгах ажиллагааны явцад

хохирогч Д-ийн Б “... 88978788 дугаарын утаснаас над руу залгаж Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Хавай жимийн хашаанд байрладаг 2 давхар байшинг 2021 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 15 цагаас 2021 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 16 цаг хүртэл хамт олны хамт нэг өдрийн хугацаатай түрээсэлнэ гэх захиалга өгсөн. Тухайн хүмүүс 2021 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн өглөө 05 цагийн үед гараад явсан байсан. Манай үйлчлэгч А тухайн байшинд өглөө орж үзэхэд тухайн байшингийн нэгдүгээр давхарт байрлах Самсунг брэндийн 42 инчийн зурагтыг цөмлөсөн байсан. Би захиалга өгсөн 88978788 дугаар руу холбогдож манай байгууллагын зурагт хагарсан талаар хэлтэл тухайн эмэгтэй надад харин тийм ээ, манай нэг ажилтан хагалчихсан юм аа гэж хэлээд 88709127 дугаарын утастай Б гэх хүнийг хэлж өгсөн. Би тухайн хүнтэй холбогдоход надад зээл авч байгаад шинэ зурагт авч өгнө гэж хэлээд 2022 оны 1 сарын дундуур өөрөө ирж хагалсан зурагтаа аваад явсан. Үүнээс хойш утсаа авахгүй, мессеж бичээд хариу өгөхгүй байгаа” /хх-н 13/ гэж,

гэрч П-ын А “... 2021 оны 12 дугаар сарын 15-ны өдөр манай Хавай спорт цогцолборын паркийн хаус гэх байшинд 10 гаруй залуучууд шинэ жилийн баяр тэмдэглэх гэж ирсэн. Шөнө нь олон тооны машин орж гараад байсан. 2021 оны 12 дугаар сарын 16-ны өглөө менежер Чогсомжав ирэхэд 2-3 тээврийн хэрэгсэл үлдчихсэн байсан. Би 2021 оны 12 дугаар сарын 16-ны өглөө 06-07 цагийн хооронд хог хаях гээд явж байхад бүх машин гараад явсан. Юу болсон юм бол гээд байшинд орж үзэхэд 1 давхрын караокены зурагтыг цөм цохисон ашиглах боломжгүй дэлгэц нь хагараад зарим нэг хэсэг нь салбайгаад унасан, дэлгэц нь гол хэсэгтээ цөмөрсөн байсан. 2 дугаар давхар руу гарч үзтэл зодоон болсон бололтой цус нөж болсон байсан” /хх-н 20/ гэж,

гэрч Б-ын Х “... шинээр ажилд орсон залуу ийм байгууллагын шинэ жил байдаг юм уу, зохион байгуулалт муутай гээд уурлаад байсан. Тэгтэл Б ах уурлаад шинээр орсон залууг цохих гээд гараа далайгаад байхаар нь би голоор нь ороод та яах гээд байгаа юм бэ, хэрүүл битгий хийх гээд бай, хүн цохих гээд байгаа бол намайг цохь гэж хэлтэл уурлаад хүн болиулах гэлээ гээд байсан. Тэгээд хананд өлгөөтэй байсан хар өнгийн самсунг маркийн зурагтын дэлгэц рүү нь гараараа цохиод авахаар нь би боль гэсэн чинь дахиж цохиод дэлгэцийг нь хагалаад хаячихсан” /хх-н 24/ гэж тус тус мэдүүлжээ.

 

Хяналтын прокурор яллах дүгнэлтдээ шүүгдэгч Б.Бийг бусдын эд хөрөнгө болох “Самсунг маркийн зурагтыг “устгасан, гэмтээсэн” гэж дүгнэсэн байна.

Устгах гэдэг нь аливаа эд юмсыг зориулалтаар нь ашиглах, хэрэглэх боломжгүй болгосныг хэлдэг.

Харин гэмтээх гэдэг нь тухайн эд юмсыг сэргээн завсарлахаас нааш ашиглах боломжгүй болгохыг ойлгоно.

 

Шүүгдэгч Б.Б-д холбогдох хэргийн үйл баримтаас үзвэл түүний үйлдэл тухайн гэмт хэргийн “устгах” шинжид тохирч байна.

Өөрөөр хэлбэл прокурор “устгах”, “гэмтээх” аль аль шинжийг хангаж байгаа мэтээр дүгнэсэн нь буруу юм.

 

Гэвч дээрх байдал нь хэргийг прокурорт буцаах үндэслэл биш гэж үзээд хэргийг эцэслэн шийдвэрлэв.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь бусдын өмчлөх эрхэнд бага хэмжээнээс дээш хэмжээний хохирол учруулснаар төгсдөг, материаллаг бүрэлдэхүүнтэй гэмт хэрэг бөгөөд “Дамно” ХХК-ийн 2021 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн хөрөнгийн үнэлгээний БГ-2-22-475 дугаартай тайланд ... зах зээлийн үнэлгээгээр нийт 533.333 төгрөгөөр үнэлэгдэв/хх-н 34/ гэсэн байгаа нь энэ зүйл хэсгийн шинжийг мөн хангаж байна.

 

Иймд прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл хэргийн үйл баримтад нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг ноцтой зөрчсөн зөрчилгүй, хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байна гэж шүүх дүгнээд

шүүгдэгч Б овогт Бийн Бийг бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгаж бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял оногдуулах үндэслэлтэй.

 

Шүүгдэгч Б.Бийн хувийн байдалтай холбоотой:

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-н 51/, байнга оршин суугаа хаягийн лавлагаа /хх-н 57/, иргэний үнэмлэхийн хуулбар /хх-н 55/, зэрэг баримт хавтаст хэрэгт мөн авагджээ.

 

Хохирол төлбөрийн хувьд:

Хохирогч Д.Б “... хохирол барагдуулсан тул санал хүсэлт байхгүй” /хх-н 66/ гэснээс гадна, шүүгдэгч Б.Б “... би бүх хохирлыг нөхөн барагдуулсан тул хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж өгнө үү” /хх-н 67/ гэжээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсгийн “Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 5.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 6.7 дугаар зүйлд заасныг баримтлан прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана.” гэсэн зохицуулалт нь хэргийн оролцогчдоос гаргасан дээрх хүсэлтүүд болон прокурорын саналд нийцэх тул шүүх шүүгдэгч Б.Б-д оногдуулах ялын төрөл /торгох ял/, уг торгох ялын хэмжээнд ямар нэгэн өөрчлөлт оруулаагүй болно.

 

Харин шүүгдэгч Б.Б цаашид өөрийн хувийн байдалдаа анхаарвал зохино.

 

Шүүгдэгч Б.Б цагдан хоригдсон хоноггүй, хохирогч Д.Б гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн хөрөнгө үгүйг дурдав.

 

Шүүгдэгч Б.Б шүүх хуралдаанд өмгөөлөгчгүйгээр оролцох хүсэлтийг бичгээр гаргасан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн заалтад нийцнэ.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1 дэх хэсэг, 22.4 дэх хэсгийн 22.4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 17.5 дугаар зүйлийн 8, 9 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36 дугаар бүлгийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйл, 36.6 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 36.13 дугаар зүйл, 37 дугаар бүлгийн 37.1 дүгээр зүйл, 37.2 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Б овогт Б-ийн Б-ийг бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгаж бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-ийг 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 /долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Шүүгдэгч Б.Б торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан 90 хоногийн хугацаанд биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд мэдэгдсүгэй.

 

4. Шүүгдэгч Б.Б цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч Д.Б гомдолгүй гэснийг, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйл, битүүмжлэгдсэн хөрөнгө үгүйг тус тус дурдсугай.

 

5. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолыг эс зөвшөөрвөл шийтгэх тогтоол гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, өмгөөлөгч, хохирогч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

6. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл Б.Б-д урьд авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.  

 

 

 

 

              ДАРГАЛАГЧ,

                ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                              О.ЖАНЧИВНЯМБУУ