Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Нэрэндашийн Дуламсүрэн |
Хэргийн индекс | 128/2019/0781/З |
Дугаар | 128/ШШ2020/0016 |
Огноо | 2020-01-06 |
Маргааны төрөл | Төрийн албан хаагчийн хөдөлмөр, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2020 оны 01 сарын 06 өдөр
Дугаар 128/ШШ2020/0016
2020 оны 01 сарын 06 өдөр | Дугаар 128/ШШ2020/0016 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Дуламсүрэн даргалж тус шүүхийн шүүх хуралдааны 2 дугаар танхимд хийсэн нээлттэй шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Г.Б
Хариуцагч: Нийслэлийн авто замын хөгжлийн газрын дарга
Нэхэмжлэлийн шаардлага: “Нийслэлийн авто замын хөгжлийн газрын даргын 2019 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн Б/77 дугаар тушаалыг хүчингүй болгож, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин, хөлсийг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг даалгах”
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Г.Б, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Н, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч Р.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Б нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Г.Б шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Г.Быг төрийн албанаас халах сахилгын шийтгэл ногдуулах” тухай Нийслэлийн авто замын хөгжлийн газрын даргын 2019 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн Б/77 дугаар тушаалыг дараах үндэслэлээр зөвшөөрөхгүй тул тус шүүхэд хандаж байна.
Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.8-д “Төрийн жинхэнэ албан хаагч сахилгын шийтгэл ногдуулсан тухай шийдвэрийг үндэслэлгүй гэж үзвэл энэ тухай гомдлоо тухайн шийдвэрийг мэдэгдсэнээс хойш 30 хоногийн дотор ...шүүхэд гаргаж болно.” Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3-д “Шүүхэд шууд хандахаар хуульд заасан бол тухайн хуульд заасан хугацаанд ...”хэмээн заасан тул шууд хандаж байна.
Тушаалд Төрийн албаны тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.2-т эш татсан байна. Удаа дараа албан үүргээ хангалтгүй биелүүлсэн зөрчлийг миний бие гаргаж байгаагүй.
Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1.3-ыг эш татсан байна. Гэвч гаргасан гэх зөрчлийн шинж байдал, түүнийг анх буюу давтан үйлдсэнийг нь харгалзахаас гадна хамтарсан тушаалд заасны дагуу холбогдох шалгалтыг хийх ёстой байсан. Уг тушаалыг гаргахаас өмнө мэдэгдэх болон сонсох ажиллагаа явуулаагүй ба эш татсан эрх зүйн бусад актын холбогдох заалт нь бодит байдалтай нийцэхгүй байна.
Тэгэхээр захиргааны акт нь хууль болон зорилгодоо нийцээгүй болно. Иймд Үндсэн хуульд заасан "ажлаа чөлөөтэй сонгох” эрх зөрчигдсөн тул уг эрхээ сэргээлгэх хүсэлтэй байна.” гэжээ.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ажлаас халсан тухай тушаалын 1 дэх заалтаас харахад өгсөн үүрэг даалгаврыг биелүүлээгүй гэсэн боловч хэзээ гарсан ямар зөрчил гэдгийг шалгаж тогтоогоогүй. Зөрчлийг шалгаж тогтоох талаар 2019 оны 4 дүгээр сард Засгийн газрын Хэрэг эрхлэх газар болон Төрийн албаны зөвлөлөөс тогтоосон журамд заасны дагуу тогтоогддог. Ажлын байрны тодорхойлолтод заасан албан үүргээ удаа дараа хангалтгүй биелүүлсэн. Удаа дараа албан үүргээ хангалтгүй биелүүлсэн бол албан тушаал бууруулах нөхцөл үүснэ гэж Төрийн албаны тухай хуулийн 45 дугаар зүйлийн 45.1.1-д заасан байдаг. Тэгээд нэгэнд нь зөрчлийн хөөн хэлэлцэх хугацааг шалгаж тогтоогоогүй нөгөөд нь албан үүргээ хангалтгүй биелүүлсэн гэдгийг жилийн эцсээр үр дүнгийн гэрээн дээр шалгалтын ажиллагаа явагдах ёстой байсан. Өөрөөр хэлбэл үйл баримтыг шалгаж тогтоохгүйгээр тушаал гаргасан нь захиргааны акт нь бодит байдалтай нийцэхгүй, зорилготойгоо нийцээгүй, хуульд үндэслээгүй учраас нэхэмжлэлийг хангаж өгнө үү. Сахилгын шийтгэл оногдуулахын тулд сахилгын шийтгэлийг хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөлүүд байгаа аль ч нөхцөл байдлыг харгалзаж үзээгүй. Сахилгын шийтгэл оногдуулах журмыг хараагүй.” гэжээ.
Хариуцагчаас шүүхэд ирүүлсэн тайлбартаа: “Г.Быг нь Нийслэлийн Авто замын хөгжлийн газрын орлогч даргаар ажиллаж байх хугацаандаа Улаанбаатар-Налайх чиглэлийн авто зам барих ажилд хариуцлагагүй хандсанаас ажлын хоцрогдол нийт 10 гаруй хувьтай болсон бөгөөд үүнтэй холбоотойгоор Зам тээврийн хөгжлийн яам, Нийслэлийн удирдлагаас удаа дараа дээрх ажлын хоцрогдлын арилгах талаар үүргүүд ирсэн. Дээрх Улаанбаатар-Налайх чиглэлийн авто зам нь зүүн чиглэлийн гол зам бөгөөд зорчигч тээвэрлэгчдийг удаан хугацаанд чирэгдүүлэхгүйн тулд богино хугацаанд сахилга хариуцлагатай хийж дуусгах ажил байсан.
Мөн шинээр баригдсан Яармагийн гүүрний график хугацааг хэтрүүлсэн талаар сануулж хэлсээр атал арга хэмжээ аваагүй бөгөөд гүүрэн дээр өнгөрсөн жил том асуудал гарсан энэ талаар тухайн үед ямар ч хариуцлага тооцолгүй чимээгүй өнгөрсөн.
Иймд Нийслэлийн авто замын хөгжлийн газрын даргын зөвлөлийн 2019 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн 06 дугаар хурлаар хэлэлцэн тогтоож түүнийг ажлаас халахаар шийдвэрлэсэн. Энэхүү хурлаас гарсан шийдвэрийн дагуу Нийслэлийн авто замын хөгжлийн газрын даргын 2019 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн Б/77 дугаар тушаал гарсан.
Энэхүү тушаал гарч түүний хариуцан ажиллаж байсан Улаанбаатар-Налайх чиглэлийн авто замын ажлын Нийслэлийн Авто замын хөгжлийн газрын дарга өөрөө хариуцан ажилласнаар Улаанбаатар-Налайх чиглэлийн авто зам барих ажил эрчимжиж хугацаандаа эхний ээлжинд буюу зорчих хэсэг ашиглалтанд орсон.
Мөн Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.2-т “Энэ хуулийн 48.1-д заасан сахилгын шийтгэлийг заавал дэс дараалан хэрэглэхийг шаардахгүй” гэж заасныг үндэслэн газрын даргын 2019 оны Б/77 тушаалыг гаргасан.
Нийслэлийн авто замын хөгжлийн газрын даргын 2019 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн Б/77 тушаал үндэслэлтэй гэж үзэж байгаа тул Г.Бын гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү." гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгчөөс шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нэхэмжлэгчийг Налайх Улаанбаатар чиглэлийн авто зам барих ажил болон яармагийн гүүрийг хариуцан ажиллаж байхдаа хугацаа хэтрүүлсэн яармагийн гүүрэн дээр цооролт үүссэн гэсэн 3 шалтгаанаар ажлаас халах тухай тушаалыг 2019 оны 8 дугаар сарын 23-ны өдөр хэлэлцсэн 06 дугаар хурлаар Г.Т дарга ...Ажилдаа хариуцлагатай ханд, ажилтнууддаа үүрэг даалгавар өгч хариуцлага тооцож ажиллаж бай, эс үйлдэхүйг хариуцсан дарга нарт нь тухай бүр шаардлага тавьж ажил налайхын замыг онцгой анхаарч ажилламаар байна. Нийслэлээс захиалсан 2 жилийн хугацаатай төсөл боловч Ерөнхий сайд 11 дүгээр сард ашиглалтад оруул гэж чиглэл өгсний дагуу Зам тээврийн хөгжлийн яамнаас н.Халтар сайдаар ахлуулсан ажлын хэсэг гарсан. Үүнтэй холбоотой яам, нийслэлээс манай газарт олон үүрэг чиглэл өгсөн. 7 сард замын ажлын хоцрогдол арилгах талаар н.Халтар сайд удаа дараа тайлбар өгсөн. Налайхын замын ажлыг эхлүүлэхэд Хятад улсын төслийн удирдлагатай ойлголцоход хүндрэлтэй асуудал тулгарсан. Энэ асуудлыг ойлгож байна . Гэхдээ өгсөн үүрэг даалгаврыг график батлагдсаны дараа байнгын хяналт тавьж газар дээр нь ажиллах ёстой. н.Б, н.А ,н.Д, н.Б нарыг ажлын талбай дээр ямар асуудал байна. Ажил юунаас болж удаашраад байгааг зохицуулаад ир гэсэн үүрэг даалгавар өгсөн ч ямар ч үр дүн байхгүй сэтгэл гаргаагүй. Яамнаас дэд сайд очиж ажиллана. Ерөнхий сайд батламж гарган хэлж байсан. Налайхын замын ажилд хариуцлагатай хандаж, хариуцлагагүй ажиллаж байгаа хүмүүст хариуцлага тооц гэсэн үүрэг даалгавар өгсөн. Засгийн газрын хурлын протокол дээр ч байгаа. Дэд сайдыг 2 удаа налайхын замын ажил дээр очиж ажиллахад нийслэлээс хүн алга хариуцсан орлогч дарга н.Б дарга ч байхгүй байсан. Салбарын сайд ч удаа дараа хэлсэн байгаа. Хятадын талын даргыг солих арга хэмжээ авна.
Нэгжийн дарга нар ажлаа нэг ч удаа танилцуулаагүй зөвхөн цаасан тайлангаа захиргааны хэлтэс рүү явуулсан болоод байна. Энэ нэгж Г.Б даргын хариуцсан нэгж Яармагийн гүүр цоорсон байна. Энэ нь манай лабораторын чанар ямар байгааг харуулж байна. Яармагийн гүүр өнгөрсөн жил асар том асуудал үүсгэж байсан. Үүнийг бас л дуугүй өнгөрөөсөн. Ажилласан жил туршлагыг нь бодоод олон удаа дуугүй өнгөрч байгаа та нар ч мэдэж байгаа байх.
Яармагийн гүүрний график хугацаа хэтэрсэн ажил эрчимжүүлэх үүрэг удаа дараа өгсөн ч хариуцсан орлогч газар дээр нь очоод хурал уулзалт хийгээд шийдэлд хүрнэ гэж байхгүй нэг бол надтай хамт очно эсвэл очиж нэг үүрэг өгчихөөд л яваад өгнө ажлаа гардаж хийхгүй тэгж явсаар хугацаа сунгах боломжгүй болсон. Хоёрдугаарт газар чөлөөлөлтөөс болоод 10 сар хоцорсон Г. Б даргад олон удаа хэлж байсан дэд сайд очсон байна та очоорой гэхэд утас болохгүй байна гээд шалтаг тоочоод байдаг нэг бол н.Г, н.Б хоёрыг явуулчихдаг. Одоо ажилтан мэргэжилтнүүдэд биш дарга нарт хариуцлага тооцож ажиллана. Ерөнхий сайд Налайхын замын ажлыг 11 сард дуусга гэсэн үүрэг чиглэл өгсөн Засаг дарга ч үүрэг өгсөн. Танай газраас хариуцаж байгаа төсөлтэй холбоотой ажил явагдахгүй байгаа ядаж хариуцсан орлогч даргаа ажлуул гэсэн.
Орлогч дарга ажлаа цалгардуулж, ажлын хариуцлага алдсан ажлын бүтээмжгүй байдлаас болж улс орны бүтээн байгуулалтын ажлыг зогсоож байгаатай холбогдуулан Г.Б даргад хариуцлага тооцож ажиллана. 7 хоногийн өмнө өөрт нь хуулийн дагуу уншиж сонсгосон тушаал мэдэгдэх хуудсыг нь гаргаж өг. Хятадын талын даргад бас хариуцлага тооцохоор элчин сайдын газарт мэдээ тайланг өгсөн гэсэн. Манай газрын төслийг хариуцсан даргад сахилгын хариуцлага оногдуулж, арга хэмжээ авсан тухайгаа ерөнхий сайд Засгийн газарт хүргүүлнэ... ингэж хэлээд Г.Б даргыг ажлаас халах тухай тушаал гаргасан
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх энэ хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтууд, нэхэмжлэгч хариуцагч тэдгээрийн өмгөөлөгч, төлөөлөгч нараас шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэргийг шинжлэн судалж үнэлээд нэхэмжлэгч Г.Бын нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.
Нэхэмжлэгч Г.Б тус шүүхэд хандаж “Нийслэлийн авто замын хөгжлийн газрын даргын 2019 оны 8 дугаар сарын 23-ны өдрийн Б/77 дугаар тушаалыг хүчингүй болгох, өмнө эрхэлж байсан ажил, албан тушаал болох Нийслэлийн авто замын хөгжлийн газрын орлогч даргын албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг гаргуулж эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагчид даалгуулах” нэхэмжлэлийн шаардлага гаргасан.
Түүнчлэн нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “...удаа дараа албан үүргээ хангалтгүй биелүүлсэн гэх зөрчлийг гаргаж байгаагүй...гаргасан гэх зөрчлийг шалган тогтоох ажиллагаа явуулаагүй нь хууль бус...” гэж тодорхойлсныг хариуцагч бүхэлд нь эс зөвшөөрч маргаж байна.
Нийслэлийн авто замын хөгжлийн газрын даргын 2019 оны 8 дугаар сарын 23-ны өдрийн Б/77 дугаар тушаалаар Төсвийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.5.1, Төрийн албаны тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.2, 48 дугаар зүйлийн 48.1.3, 48.3, Монгол Улсын Засгийн газрын 2018 оны “төрийн албаны сахилга хариуцлага, дэг журмыг чангатгах тухай” 258 дугаар тогтоолын 1.1 дэх заалт, газрын дүрмийн 2.4.3, Газрын даргын дэргэдэх Даргын зөвлөлийн 2019 оны 8 дугаар сарын 23-ны өдрийн 06 дугаар хурлын шийдвэрийг үндэслэн...Г.Б нь удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг болон албан тушаалын тодорхойлолтод заасан албан үүргээ удаа дараа хангалтгүй биелүүлсэн... тул ажлаас халсугай” гэж шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгч Г.Б нь 2010 оны 6 дугаар сарын 28-ны өдрөөс Нийслэлийн авто замын газрын орлогч даргын, 2016 оны 10 дугаар сарын 21-ний өдрөөс Нийслэлийн авто замын хөгжлийн газрын орлогч даргын албан тушаалд томилогдон ажиллаж байсан ба хэрэгт нотлох баримтаар авагдсан уг ажлын байр/ албан тушаалын тодорхойлолтод тухайн ажлын байрны зорилгыг “Монгол улсын Засгийн газар, Нийслэлийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөр, Улаанбаатар хотыг хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөө, авто замын сүлжээг хөгжүүлэх мастер төлөвлөгөөний хүрээнд авто зам, замын байгууламжийг шинээр барих, өргөтгөл шинэчлэлтийн ажил, лаборатори болон шалган бүртгэх товчооны үйл ажиллагааг удирдлагаар ханган газрын даргын үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх асуудал” гэж тодорхойлжээ.
Түүнчлэн Нийслэлийн авто замын хөгжлийн газрын даргын дэргэдэх Даргын зөвлөлийн 2019 оны 8 дугаар сарын 23-ны өдрийн 06 дугаар хурлын тэмдэглэл болон хариуцагчийн өгсөн хариу тайлбар, хариуцагчийн өмгөөлөгчөөс шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэргээс үзвэл хариуцагч захиргааны байгууллагаас маргаан бүхий захиргааны актаар Г.Быг “Улаанбаатар-Налайх чиглэлийн авто зам барих ажилд хариуцлагагүй хандсанаас ажлын хоцрогдол нийт 10 гаруй хувьтай болсон..., шинээр баригдсан Яармагийн гүүрний графикт хугацааг хэтрүүлсэн талаар сануулж хэлсээр байхад арга хэмжээ аваагүй, өнгөрсөн жил гүүрэн дээр том асуудал гарсан ч тухайн үед нь хариуцлага тооцолгүй чимээгүй өнгөрсөн” гэх үндэслэлүүд дурдан буруутгасан байна.
Төрийн албаны тухай хуулийн /шинэчилсэн найруулга/ 47 дугаар зүйлийн 47.1-д “төрийн албан хаагчийг дараахь үндэслэлээр төрийн албанаас хална”, 47.1.1 “хуульд өөрөөр заагаагүй бол удаа дараа /3 ба түүнээс дээш/ албан үүргээ хангалтгүй биелүүлсэн, 48 дугаар зүйлийн 48.1-д “Хуульд өөрөөр заагаагүй бол энэ хуулийн 37, 39 дүгээр зүйлд заасныг зөрчсөн, албан үүргээ биелүүлээгүй болон энэ хуульд заасан бусад тохиолдолд тухайн зөрчлийн шинж байдал, түүнийг анх буюу давтан үйлдсэнийг нь харгалзан төрийн жинхэнэ албан хаагчид дараахь сахилгын шийтгэлийн аль нэгийг ногдуулна:” 48.1.З-д “төрийн албанаас халах”; 48.4-т “Сахилгын зөрчлийг илрүүлснээс хойш 6 сар, зөрчил гаргаснаас хойш 12 сараас илүү хугацаа өнгөрсөн бол сахилгын шийтгэл ногдуулж болохгүй” гэж тус тус заажээ.
Түүнчлэн 2019 оны 4 дүгээр сарын 04-ний өдрийн, Монгол улсын сайд, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга, Төрийн албаны зөвлөлийн даргын хамтарсан тушаалаар батлагдсан “Төрийн жинхэнэ албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах, түүнд гомдол гаргах журам”-ын 1.4-т “төрийн албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулахдаа дараахь зарчмыг баримтална”, 1.4.2 “хууль зүйн үндэслэлтэй байх”, 1.5-д “...сахилгын шийтгэл ногдуулах үндэслэлийг заавал шалган тогтоож, өөрт нь мэдэгдсэн байна”, 2.2-т “...албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах үндэслэл байгаа эсэхийг тухайн албан хаагчийн дээд шатны албан тушаалтан, эсхүл байгууллагын дотоод хяналт шалгалтын нэгж...шалган тогтооно..., 2.5-д “...шалгаад сахилгын шийтгэл ногдуулах эсэх талаар...дүгнэлт гаргаж, томилсон эрх бүхий албан тушаалтанд танилцуулна”, 6.1-д “албан хаагч сахилгын зөрчлийг удаа дараа гаргаж шийтгэл хүлээсэн, эсхүл зөрчлийн шинж байдал нь тухайн албан хаагчийг төрийн албанд цаашид ажиллуулах боломжгүй гэж үзэх үндэслэлтэй бол...төрийн албанаас халах шийтгэлийг ногдуулна” гэж тус тус нарийвчлан зохицуулсан байна.
Хууль болон журмын дээрхи заалтуудаас үзвэл Г.Б нь удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг болон албан тушаалын тодорхойлолтод заасан албан үүргээ удаа дараа хангалтгүй биелүүлсэн гэх үндэслэл хангалттай тогтоогдоогүй байхад Г.Быг төрийн албанаас халах сахилгын шийтгэл ногдуулсан нь үндэслэлгүй, өөрөөр хэлбэл Г.Бын гаргасан гэх зөрчлийг шалган тогтоох ажиллагааг хариуцагч захиргааны байгууллага огт хийгээгүй байна.
Тухайлбал, Нийслэлийн авто замын хөгжлийн газрын даргын дэргэдэх Даргын зөвлөлийн 2019 оны 8 дугаар сарын 23-ны өдрийн 06 дугаар хурлын тэмдэглэлд нэхэмжлэгч Г.Бын хариуцан ажиллаж байсан шалган бүртгэх товчооны асуудлыг хэлэлцсэн боловч Г.Б нь хэдэн оны хэдэн сарын хэдний өдөр ямар зөрчил гаргасан, уг зөрчил нь хэрхэн шалгагдаж тогтоогдсон, түүнд төрийн албанаас халах шийтгэл ногдуулах болсон үндэслэл зэрэг нь бүхэлдээ ойлгомжгүй, түүний гаргасан ямар зөрчилд ийнхүү сахилгын шийтгэл ногдуулж байгаа нь тодорхойгүй зэрэг нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2-т заасан “Захиргааны байгууллагын үйл ажиллагаа хуульд үндэслэх, зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх” зарчимд нийцэхгүй байна.
Түүнчлэн дээр дурдсан хууль болон журмын заалтуудаас үзвэл нэхэмжлэгчийг “удаа дараа албан үүргээ хангалтгүй биелүүлсэн” зөрчил гаргасан гэж үзэж байгаа нөхцөлд тухайн зөрчлийн шинж байдал, түүнийг анх буюу давтан үйлдсэнийг нь харгалзах, улмаар зөрчилд холбогдогчийг төрийн албанаас халах шийтгэл хүлээлгэх нөхцөлд урьд нь 3 ба түүнээс дээш удаа зөрчил гаргаж түүндээ шийтгэл хүлээсэн байхыг шаардах бөгөөд хэрэгт цугларсан нотлох баримтуудаас үзвэл нэхэмжлэгч Г.Б урьд өмнө нь ямар нэгэн сахилгын шийтгэл хүлээж байсан нь нотлогдоогүй болно.
Дээр дурдсан үндэслэлүүдээр Нийслэлийн авто замын хөгжлийн газрын даргын 2019 оны 8 дугаар сарын 23-ны өдрийн Б/77 дугаар тушаал нь хууль бус бөгөөд түүний улмаас нэхэмжлэгч Г.Бын эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн болох нь тогтоогдож байх тул хүчингүй болгох нь зүйтэй гэж шүүх дүгнэв.
Иймд Нийслэлийн авто замын хөгжлийн газрын даргын 2019 оны 8 дугаар сарын 23-ны өдрийн Б/77 дугаар тушаалыг хүчингүй болгож, нэхэмжлэгч Г.Быг өмнө эрхэлж байсан ажил, албан тушаал болох Нийслэлийн авто замын хөгжлийн газрын орлогч даргын албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг зохих журмын дагуу тооцон гаргуулж эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагчид даалгаж шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.12-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Төрийн албаны тухай хуулийн /шинэчилсэн найруулга/ 47 дугаар зүйлийн 47.1.1, 48 дугаар зүйлийн 48.1, 48.1.3-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Г.Бын нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Нийслэлийн авто замын хөгжлийн газрын даргын 2019 оны 8 дугаар сарын 23-ны өдрийн Б/77 дугаар тушаалыг хүчингүй болгож, нэхэмжлэгч Г.Быг өмнө эрхэлж байсан ажил, албан тушаал болох Нийслэлийн авто замын хөгжлийн газрын орлогч даргын албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг зохих журмын дагуу тооцон гаргуулж эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагчид даалгасугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс төлсөн 70200 (далан мянга хоёр зуун) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид буцаан олгосугай.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2-т заасны дагуу шүүхийн энэ шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч өмгөөлөгч нар нь шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.ДУЛАМСҮРЭН