Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2015 оны 08 сарын 19 өдөр

Дугаар 221/МА2015/0388

 

2015 оны 8 сарын 19 өдөр

Дугаар 221/МА2015/388

Улаанбаатар хот

 

БМ ХХК-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Б.Мөнхтуяа даргалж, шүүгч Д.Баатархүү, шүүгч Э.Зоригтбаатар нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Э.Намжим, гуравдагч этгээд Ц.М гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.А, гуравдагч этгээд ГБ ны итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Х, гуравдагч этгээд П.Б нарыг оролцуулан хийж, Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2015 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 339 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч гуравдагч этгээд Ц.М гийн гаргасан давж заалдах гомдлоор, БМ ХХК-ийн нэхэмжлэлтэй, УБЕГ т холбогдох захиргааны хэргийг шүүгч Э.Зоригтбаатарын илтгэснээр хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч БМ ХХК-ийн захирал С.Б шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...Ц.М  нь Баянзүрх дүүргийн 1 дүгээр хороо, 12 дугаар хороолол /13880/, Токиогийн гудамжинд орших, 010876 тоот гэрчилгээтэй, 18644312530054 нэгж талбарын дугаар бүхий 450 м.кв талбай бүхий газар эзэмшдэг бөгөөд тухайн газар дээрээ барилга барих үүднээс П.Б тэй 2012 оны 05 дугаар сарын 25-ны өдөр гэрээ байгуулсан байсан. Ц.М  нь барилга барих хөрөнгө байхгүйн улмаас тухайн газар дээр барилга барих, баригдсан барилгыг хуваан өмчлөх, хуваан өмчилж байгаа хэмжээгээр үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээ гаргуулан авах талаар манай компанитай харилцан тохиролцож, эрх шилжүүлэх гэрээг 2012 оны 05 дугаар сарын 25-ны өдөр байгуулсан.

Энэхүү гэрээний дагуу иргэн Ц.М , П.Б  нар хоорондоо байгуулсан хамтран ажиллах гэрээг цуцалж, оронд нь эрх шилжүүлэх гэрээний дагуу Ц.М г төлөөлж БМ ХХК, П.Б  өөрийн БК ХХК-иар дамжуулан хөрөнгө оруулалтын гэрээг 2012 оны 05 дугаар сарын 29-ний өдөр байгуулсан. Уг гэрээний дагуу "БМ " ХХК болон "БК " ХХК нар хөрөнгө оруулалт хийж, барилгыг барьж, зоорийн давхрыг тавь, тавин хувиар, 1, 2, 5, 6, 9, 10 дугаар давхрыг "БМ " ХХК, 3, 4, 7, 8, 11, 12 дугаар давхрыг "БК " ХХК өмчлөхөөр тус тус харилцан тохиролцсон... Тухайн газар болон барилга барих бүх зөвшөөрөл, бичиг баримтууд Ц.М гийн нэр дээр байсан... тус тусдаа өмчлөх эрхийн гэрчилгээ гаргуулан авсан нь жинхэнэ өмчлөгч БМ ХХК болон БК ХХК-ийн эрхийг ноцтой зөрчиж байна УБЕГ-аас иргэн Ц.М , П.Б  нарын нэр дээр эрхийн улсын бүртгэлийн Ү-2204044*** дугаарт бүртгэж, өмчлөх эрхийн 000222***  дугаар гэрчилгээ олгосон шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлэхдээ: П.Б ийн улсын бүртгэлийн Ү-2204044*** дугаарт бүртгэгдсэн БЗД-ийн 1-р хороо, 12-р хороолол, Токиогийн гудамжны 71 дүгээр барилгын зоорийн давхрын 50 хувь, 3, 4, 7, 8, 11, 12 дугаар давхарт байршилтай үйлчилгээтэй орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгөд олгосон 000277363 тоот гэрчилгээг, мөн Ц.М гийн улсын бүртгэлийн Ү-2204054592 дугаарт бүртгэгдсэн БЗД-ийн 1-р хороо, 12-р хороолол, Токиогийн гудамжны 71 дүгээр барилгын зоорийн давхрын 50 хувь, 1, 2,5,6,9,10 дугаар давхарт байршилтай үйлчилгээтэй орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгөд олгосон 000277364 тоот гэрчилгээг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч Улсын бүртгэлийн ерөнхий газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Л шүүхэд гаргасан тайлбартаа: ...Баянзүрх дүүргийн 1 дүгээр хороо, 12 дугаар хороолол, /13380/ Токиогийн гудамж, 71 тоот үйлчилгээ, орон сууцны зориулалттай 100 м.кв талбай бүхий 45 хувийн гүйцэтгэлтэй барилгыг иргэн Ц.М , П.Б  нарын өмчлөлд тэдний бүртгүүлэхийг хүссэн өргөдөл, төлбөрийн баримт, иргэний үнэмлэхний хуулбар, газар эзэмших гэрээ, гэрчилгээний хуулбар, кадастрын зураг, архитектур төлөвлөлтийн даалгавар, техникийн нөхцөлүүд, албан ёсны хаяг, план зураг, фото зураг зэрэг нотлох баримтуудыг үндэслэн эрхийн улсын бүртгэлийн Ү-2204044*** дугаарт бүртгэж, өмчлөх эрхийн 000222***  дугаартай гэрчилгээг олгосон... Уг барилгын анхны бүртгэл болон салгаж бүртгэсэн бүртгэл нь хууль тогтоомжид заасны дагуу нотлох баримтад үндэслэн хийгдсэн байх тул бүртгэл, өмчлөх эрхийн гэрчилгээг хүчингүй болгох үндэслэлгүй. Иймд, нэхэмжлэлийн шаардлагыг хангахгүй орхиж, хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Гуравдагч этгээд Ц.М  шүүхэд гаргасан тайлбартаа: П.Б  бид хоёр 2013 оны 10 дугаар сарын 07-ны өдөр 900 м.кв буюу барилгын талыг 80.000.000 төгрөгөөр худалдсан гэрээ байгуулж, тус тусдаа үл хөдлөх хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээг гаргуулан авсан. Тухайн үед П.Б  нь банкнаас зээл авч барилгад хөрөнгө оруулна, үүний тулд гэрчилгээг тус тусдаа салгаж авах шаардлагатай байна гэж намайг хуураад 80.000.000 төгрөгийн худалдах, худалдах авах гэрээ байгуулсан. Гэрчилгээг салгаж аваад банкнаас зээл авч, барилгад оруулалгүй зээлээ хувьдаа зарцуулсан байсан. Гэрчилгээг салгах, худалдах гэрээ нь хуурамч гэрээ ба гэрээний дагуу ямар нэгэн төлбөр төлөгдөөгүй. Нэхэмжлэгчийн гаргасан анхны бүртгэлийг хүчингүй болгуулах шаардлагыг хүлээн зөвшөөрсөн тул анхны бүртгэл дээр үндэслэж шинээр олгогдсон гэрчилгээг хүчингүй болгох нэмэгдүүлсэн шаардлагыг зөвшөөрч байна гэжээ.

Гуравдагч этгээд П.Б  шүүхэд гаргасан тайлбартаа: Ц.М тай 2013 оны 10 дугаар сарын 07-ны өдөр дуусаагүй барилгын 900 м.кв талбай бүхий барилгын хэсгийг 80 сая төгрөгөөр худалдах, худалдан авах гэрээ байгуулж, үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийг салгуулж авсан... Тухайн үед 900 сая төгрөгийн үнэтэй барилгын хэсгийг орон сууц нийлүүлэхээр худалдсан дүр үзүүлсэн хэлцэл хийсэн. Үүнээс үзвэл уг маргаан нь иргэний эрх зүйн харилцаанд чиглэгдэж байгаа, Захиргааны хэргийн шүүхийн харьяаллын маргаан биш тул нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж өгнө үү. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

Гуравдагч этгээд БК ХХК-ийн захирал П.Б  шүүхэд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Гуравдагч этгээд ГБ  ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Х шүүхэд гаргасан тайлбартаа: П.Б  нь 2013 оны 10 дугаар сарын 18-ны өдөр ЗГ1205047989 дугаарт зээлийн гэрээг ГБ тай байгуулж, 500 сая төгрөгийг 12 сарын хугацаатай зээлсэн. Энэхүү зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд улсын бүртгэлийн Ү-2204044*** дугаарт бүртгэгдсэн Баянзүрх дүүргийн 1-р хороо, 12 дугаар хороолол /13880/, Токиогийн гудамжны 71 дүгээр барилгын зоорийн давхрын 50 хувь, 3, 4, 7, 8, 77, 12 давхарт байршилтай, үйлчилгээтэй орон сууцны зориулалттай 900 м.кв талбай бүхий 45 хувийн гүйцэтгэлтэй дуусаагүй барилгыг барьцаалуулж, улсын бүртгэлд бүртгүүлсэн... ГБ ны барьцаанд зөвхөн П.Б ийн нэр дээрх Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2204044*** дугаарт бүртгэгдсэн үл хөдлөх хөрөнгө барьцаатай байгаа. Уг барьцаанд Ц.М гийн өмчлөлийн болон түүний оролцоо бүхий барьцаа хөрөнгө байхгүй... Түүнчлэн дуусаагүй барилгад гэрчилгээ олгодог хуулийн зохицуулалт нь байгаа, маргаан бүхий барилгын өмчлөгч нь БМ ХХК мөн болохыг нотолсон баримт байхгүй байна. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2015 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 339 дүгээр шийдвэрээр: Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1, 19.1.1, 24 дүгээр зүйлийн 24.1, 24.8-д заасныг баримтлан УБЕГ т холбогдуулан гаргасан Ц.М , П.Б  нарын нэр дээр эрхийн улсын бүртгэлийн Ү-2204044*** дугаарт бүртгэж, өмчлөх эрхийн 000222***  тоот гэрчилгээ олгосон шийдвэрийг хүчингүй болгуулах, П.Б ийн нэг хүний өмчлөлийн улсын бүртгэлийн Ү-2204044*** дугаарт бүртгэгдсэн Баянзүрх дүүргийн 1 дүгээр хороо, 12 дугаар хороолол, /13380/, Токиогийн гудамжны 71 дүгээр барилгын зоорийн давхрын 50 хувь, 3, 4, 7, 8, 11, 12 дугаар давхарт байршилтай, үйлчилгээний орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгөд олгосон 000277363 тоот гэрчилгээ, Ц.М гийн нэг хүний өмчлөлийн улсын бүртгэлийн Ү-2204054592 дугаарт бүртгэгдсэн Баянзүрх дүүргийн 1 дүгээр хороо, 12 дугаар хороолол, /13380/, Токиогийн гудамжны 71 дүгээр барилгын зоорийн давхрын 50 хувь, 2, 5, 6, 9, 10 дугаар давхарт байршилтай, үйлчилгээний орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгөд олгосон 000277364 тоот гэрчилгээг тус тус хүчингүй болгуулах шаардлага бүхий БМ ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Гуравдагч этгээд Ц.М  давж заалдах гомдолдоо: ...1.Нэхэмжлэгч ...Улсын бүртгэлийн ерөнхий газраас иргэн Ц.М , П.Б  нарын нэр дээр эрхийн улсын бүртгэлийн Ү-2204044*** дугаарт бүртгэж, өмчлөх эрхийн 000222***  тоот гэрчилгээ бичиж олгосон шийдвэрийг хүчингүй болгуулах, өөрөөр хэлбэл, эрхийн улсын бүртгэлд өмчлөх эрхийг анх бүртгэж, хууль бус өмчлөх эрхийг үүсгэсэн бүртгэлийг хүчингүй болгож өгнө үү гэсэн нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Гэрчилгээг хүчингүй болгуулах талаар шаардлага гаргаагүй байсан. Гэтэл шүүх шууд ...Нэгэнт хүчингүй болсон үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ /шийдвэр/-г хүчингүй болгох хууль зүйн ойлголт байхгүй гэж дүгнэж байгаа нь үндэслэлгүй юм. Шүүхийн хэлэлцүүлэг болон хариуцагчийн шүүхэд ирүүлсэн тайлбараар эхний бүртгэл болон гэрчилгээ, сүүлд байгуулсан Худалдах, худалдан авах гэрээг үндэслэн дараагийн 000277363, 000277364 дугаарын гэрчилгээнүүд олгогдсон болох нь тогтоогддог.

2. Улсын бүртгэгч анх удаа үл хөдлөх эд хөрөнгийг бүртгэхдээ Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2011 оны 38 дугаар тушаалаар батлагдсан Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэл хөтлөх журмын 4.3.2-т ...хамтран өмчлөгчдийн тоо, нэр, регистрийн дугаар, уг эд хөрөнгийн өмчлөх эрхтэй холбоотой ямар нэгэн гэрээ хэлцэл бий эсэх зэргийг тодорхой тусгасан өргөдөл, албан бичгийг авах гэж заасны дагуу 2 өмчлөгч бүртгүүлэхээр хандаж байхад хөрөнгө оруулалттай холбоотой гэрээ хэлцэл байгаа эсэхийг шалгалгүйгээр бүртгэсэн байдаг. Мөн журмын 4.4.2-т заасан ...хэд хэдэн этгээд хөрөнгө оруулж барьсан тохиолдолд хөрөнгө оруулагчдын нэрсийн жагсаалт, оногдох талбай, хөрөнгө оруулалтын хэмжээ, хөрөнгө оруулсан огноо, тэдгээртэй холбоотой гэрээ хэлцэл зэргийг тодорхой тусгасан... эсэхийг хянаж бүртгэх үүргээ биелүүлээгүй.

3. Дээрх журмын 4.8-д Дуусаагүй барилгын өмчлөх эрхийг улсын бүртгэлд гүйцэтгэлийн явцаар эд хөрөнгийн хэмжээ нэмэгдсэн үндэслэлээр эрхийн улсын бүртгэлд нэмэлт өөрчлөлт оруулах тохиолдолд эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлд бүртгэх эсэх тухай дүгнэлтийн хуудсаар энэхүү журмын 2.2-т зааснаар шийдвэрлэнэ гэснийг улсын бүртгэгч мөн зөрчсөн. Ийнхүү үйл ажиллагаандаа мөрдөх журмаа зөрчсөнөөс хөрөнгө оруулагч болох БМ ХХК-ийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөж, Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 3.1.4-д заасан бүртгэлийн үйл ажиллагаа үнэн зөв, бодитой байх зарчим алдагдаж, улмаар Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.2, 14 дүгээр зүйлийн 14.1.1 дэх заалтуудыг зөрчсөн болох нь хэрэгт цугларсан нотлох баримт болон шүүхийн хэлэлцүүлэгт хариуцагч, бусад оролцогчийн өгсөн тайлбар зэргээр хангалттай тогтоогдсон.

4. Энэхүү бүртгэл үнэн зөв бодитой бүртгэгдсэнээр нэхэмжлэгч болон бусад этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хангагдаж, асуудал үнэн зөв шийдэгдэх нөхцөл бүрдэнэ гэж үзэж байна. Барилгын жинхэнэ хөрөнгө оруулагч нь БМ ХХК болох нь нотлох баримтаар нотлогддог. Иймд, шүүхийн шийдвэрийг Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.2-т заасны дагуу хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Нэхэмжлэгчийн давж заалдах гомдлын дагуу хэргийг хянаад анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэв.

Нэхэмжлэгч "БМ " ХХК нь нэхэмжлэлийн үндэслэлдээ Тус компани нь Хөрөнгө оруулалтын гэрээний дагуу уг барилгын ажлыг үргэлжлүүлэх хугацаандаа дуусаагүй барилгын гэрчилгээ авах гэтэл Улсын бүртгэлийн газраас иргэн Ц.М , П.Б  нарын нэр дээр 000222***  дугаар хамтран өмчлөх эрхийн гэрчилгээ олгосон байсан. Энэ нь Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4, Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.2, 14 дүгээр зүйлийн 14.1.1-д заасныг зөрчиж байх бөгөөд хууль бус өмчлөх эрхийг үүсгэсэн, ...Барилгын хэсгийг орон сууц нэрийдлээр худалдсан нь дүр үзүүлсэн хэлцэлд тооцогдоно гэж, хариуцагч нь Анхны бүртгэл болон өмчлөх эрхийг салгаж бүртгэсэн бүртгэл нь хууль тогтоомжид заасны дагуу нотлох баримтад үндэслэгдэн хийгдсэн байх тул түүнийг үндэслэн хийсэн бүртгэл, олгосон өмчлөх эрхийн гэрчилгээнүүдийг хүчингүй болгох үндэслэлгүй тус тус тайлбар гарган маргажээ.

Анхан шатны шүүх маргаан бүхий актын талаар хариуцагч захиргааны байгууллагын албан тушаалтны үйл ажиллагаа нь Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1, 24 дүгээр зүйлийн 24.1-д заасныг зөрчөөгүй байна гэж үндэслэл бүхий дүгнэлт хийжээ.

Учир нь, БМ ХХК нь өөрийгөө тус барилгыг өмчлөх эрхтэй гэж үзэж тухайн барилгад бусдын нэр дээр өмчлөх эрхийг бүртгэсэн бүртгэл болон өмчлөх эрхийн гэрчилгээнүүдийг хүчингүй болгохыг шаардаж байгаа боловч БМ ХХК-ийг уг маргаан бүхий барилгын зарим хэсгийн хууль ёсны өмчлөгч гэж үзэхээргүй, Ц.М  болон П.Б  нарын хооронд байгуулсан хэлцлийг хууль бус гэж тогтоосон шийдвэр байхгүй байна.

Түүнчлэн Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлд мэдүүлгийг хүлээн авахаас татгалзах 9 үндэслэлүүдийг нэрлэн заасан бөгөөд тухайн үед мэдүүлэг хүлээн авахаас татгалзах үндэслэлгүй байсан болох нь хариуцагчийн тайлбар болон бусад нотлох баримтаар тогтоогджээ. Иймд хариуцагч мэдүүлгийг хүлээн авсан нь Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2-т Энэ хуулийн 14.1-д зааснаас бусад үндэслэлээр мэдүүлэг хүлээн авахаас татгалзахыг хориглоно гэж заасантай нийцжээ.

Нэхэмжлэгч давж заалдах гомдолдоо барилгын жинхэнэ хөрөнгө оруулагч нь БМ ХХК болох нь нотлох баримтаар нотлогддог, улсын бүртгэгч анх удаа үл хөдлөх эд хөрөнгийг бүртгэхдээ Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэл хөтлөх журам зөрчсөн гэсэн үндэслэлийг дурддаг боловч анх удаа бүртгүүлэхэд БМ ХХК мэдүүлэг гаргаагүй, зөвхөн иргэн Ц.М , П.Б  нар бүртгүүлэхээр мэдүүлэг гаргасан бөгөөд тэдгээрийн гаргасан мэдүүлэг, хавсарган ирүүлсэн нотлох баримтад үндэслэн бүртгэл хийсэн нь хууль зөрчөөгүй байна.

Иймээс маргаан бүхий улсын бүртгэл, түүний үндсэн дээр олгосон гэрчилгээний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн болох нь тогтоогдохгүй байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй байна.

Иймд, шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, гуравдагч этгээд Ц.М гийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.1, 87 дугаар зүйлийн 87.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.    Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2015 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 339 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, гуравдагч этгээд Ц.М гийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2.    Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсгийг баримтлан гуравдагч этгээдээс давж заалдах шатны журмаар улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.5 дахь хэсгийг баримтлан давж заалдах шатны шүүх захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ШҮҮХ БҮРЭЛДЭХҮҮН:

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.МӨНХТУЯА

ШҮҮГЧ Д.БААТАРХҮҮ

ШҮҮГЧ Э.ЗОРИГТБААТАР