Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 05 сарын 23 өдөр

Дугаар 2022/ШЦТ/467

 

                                                           

 

 

 

 

 

 

 

 

                                       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн байрны “Д” танхимд Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнхбаяр даргалж,

 

Нарийн бичгийн дарга Б.Мөнхдэлгэр,

Улсын яллагч Г.Цогтгэрэл, /томилолтоор/

Шүүгдэгч Г.Г,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Батсүрэн нарыг оролцуулан нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нийслэлийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Г.Г холбогдох эрүүгийн 2202 00191 0134 дугаартай хэргийг 2022 оны 5 дугаар сарын 03-ны өдөр  хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

 

Монгол Улсын иргэн, Г.Г , 1995 оны 7 дугаар сарын 27-ны өдөр Говьсүмбэр аймагт төрсөн, 27 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, бүжигчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 7, эцэг, эх, эхнэр, хүүхдүүдийн хамт, Говьсүмбэр, Сүмбэр 1 баг, 95 байр 6 тоотод оршин суух бүртгэлтэй боловч Баянзүрх дүүргийн 27 дугаар хороо, Дунд Дарь-Эхийн 1088 тоотод оршин суудаг, хэрэг хариуцах чадвартай, ял шийтгэгдэж байгаагүй,

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:

 

Гэм буруугийн талаар:

 

Шүүгдэгч Г.Г нь 2021 оны 10 дугаар сард Сэлэнгэ аймгийн нутаг дэвсгэрээс Нэгдсэн Үндэстний байгууллагын 1971 оны Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц-ийн 2 дугаар жагсаалтад багтсан дельта-9 тетрагидроканнабинолын агууламжтай өвс гэх нэршилтэй ургамал мэт зүйлийг түүж, уг өвсөө ундааны саванд хийж, газ шахан шавар гэх бодис болгон бэлтгэсэн,

Дээрх түүж бэлтгэсэн 4.2024 грамм жинтэй шавар гэх нэршилтэй бодис, 43.1 грамм жинтэй өвс нэршилтэй ургамал мэт зүйлийг 2021 оны 10 дугаар сараас 2022 оны 3 дугаар сарын 26-ны өдрийг хүртэл Чингэлтэй дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэр гэртээ болон биедээ хадгалсан болох нь:

 

Шүүгдэгч Г.Гийн шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн: “..Би 2019 онд гэрт маань гал гарсны улмаас бүхэлдээ түлэгдсэн. Эмнэлэгт байхдаа морфин гэдэг тариа хийлгэдэг байсан. Жил  гаран хэвтэрт байсан. Би өндөр хэмжээний түлэгдэлттэй тул тэр тарианаас өөр өвчин намдаах зүйл байгаагүй. Би их хэмжээний өвдөлт мэдэрдэг байсан тул 2-3 удаа амиа хорлох оролдлого хийж байсан. Би морфин тарианы найрлагыг судалсан. Сэлэнгэ аймаг явах замд тухайн өвс байсан учраас түүж бэлтгэсэн. Би өвдөлтөө намдаахын тулд сард 2-3 удаа хэрэглэдэг байсан..” гэсэн мэдүүлэг.

Шүүгдэгч Г.Гээс мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “..Сэлэнгэ аймгаас наашаа гараад явжбайгаад харанхуй болоод машиндаа хоносон. Өглөө сэрээд машинаасаа буухад мансууруулах үйлчилгээтэй өвс зөндөө их ургасан байхаар нь эхнэртээ мэдэгдэлгүйгээр эхнэрийг унтаж байхад хар тороор нэг түүж авсан. Тэгээд тэр өвснөөсөө бага зэргийг аваад тэндээ газар булаад үлдээсэн. ..2002 оны 03 дугаар сарын эхээр Сэлэнгэ аймагт булсан өвсөө авч ирэхээр ганцаараа хувийн машинаар яваад булсан өвсөө бүгдийг авч ирсэн. Ингээд тэр өвсөө авч ирээд интернэтээс бичлэг үзэж байгаад өвснөөс шавар гаргах аргыг харж байгаад ганцаараа шавар гаргаж авсан. Өвсийг ундааны саванд хийж байгаад дээрээс нь газ шахаад савныхаа доод талд жижиг цоолсон. Ингээд савны доод цоолсон хэсгээр гоожоод шавар гарч ирсэн. Тэгээд гаргаж ирсэн шавраа мөнгөлөг цаасан дээр тавьж байгаад шатааж хэрэглэсэн. Би 2021 оны 10 дугаар сард Сэлэнгэ аймгаас өвс авч ирснээс хойш мансууруулах бодис хэрэглэж байгаа. 2022 оны 03 сарын 26-ны өдөр Чингэлтэй дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт явж байгаад цагдаа нарт баригдсан. Тухайн үед шавраа өөрийн биедээ авч явж байсан..” гэсэн мэдүүлэг /хх-107-108/,

 

Хүний биед үзлэг хийж, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг тестээр шалгасан тухай тэмдэглэлд: ..Үзлэг явуулахын өмнө Г.Гээс "Таны биед ямар нэгэн хууль бус эд зүйл, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис байна уу?, хэрэв байгаа бол сайн дураараа гаргаж өгнө үү? гэхэд миний өмсөж яваа бор өнгийн куртканы баруун талын карманд шавар байгаа гээдBlow Job гэсэн бичигтэй төмөр хайрцаг гаргаж ирэв. Бөөрөнхийлж 4 хэсэг болгосон шавар мэт зүйлийг тус бүрд нь уутанд хийж жинлэж үзэхэд 1 гэж дугаарласан нь 0.9 грамм, 2 гэж дугаарласан нь 1.6 грамм, 3 гэж дугаарласан нь 1.7 грамм, 4 гэж дугаарласан нь 2.1 грамм, хуйлсан мөнгөн дэвсгэрт, тугалган цаас, бритваны хугархайг 5 гэж дугаарлан, хөх судалтай, гялгар уутанд хийсэн ногоон өнгийн ургамал мэт зүйлийг 6 гэж дугаарлан албаны цахилгаан жин дээр жинлэж үзэхэд 47.7 грамм, 7 гэж дугаарлан шавар мэт зүйлээр бохирлогдсон Blow Job гэсэн нэртэй хайрцагийг тус тус хураан авлаа. ..ажиллагааг үргэлжлүүлэн түүний биеэс биологийн дээж авч, мансууруулах сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгахаар тогтов...тестээр үзсэнээс хойш 2 минутын дараа тестийн үр дүн нь ТНС төрлийн бодис хэрэглэсэн болохыг тэмдэглэлд тусгав..гэсэн тэмдэглэл /хх-8-13/, гэрэл зургийн үзүүлэлтүүд,

 

Гэрч Э.А мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “..Миний мэдэхийн миний хажууд хар тамхи яриад юм уу хэрэглэж байсан удаа байхгүй болохоор анх хэлэхэд нь их гайхаж байсан. Г.Г бид гурав 2021 оны 10 дугаар сард Сэлэнгэ аймаг руу найрны архи авч ирэхээр явсан юм. Энэ үеэр замдаа ядраад хээр хонох үед надад мэдэгдэлгүй зам дагуу хээр ургасан байхаар нь түүж авсан гэж байсан. Надад хэлэхдээ түлэгдсэн арьс, сорви, үе мөчнүүд нь байнга өвдөж өвчин намдаах эм уудаг байсан. Энэ өвсийг хэрэглэснээс хойш уг өвдөлт нь гайгүй болоод байхаар нь хэд, хэдэн удаа хэрэглэж үзсэн гэж байсан..” гэсэн мэдүүлэг /хх-22-23/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрэлэнгийн 2022 оны 4 дүгээр сарын 07-ны өдрийн №1978 дугаартай дүгнэлтэд: “..1. Шинжилгээнд ирүүлсэн шавар мэт болон бусад эд зүйлс нь шинжилгээнд тэнцэнэ. 2. Шинжилгээнд ирүүлсэн №1 гэж дугаарласан зиплок түгжээ бүхий гялгар ууттай, уут дугаарын хамт 0,856 г, цэвэр жин нь 0,400 г шавар мэт зүйл /Зураг№3,4/, №2 гэж дугаарласан зиплок түгжээ бүхий гялгар ууттай, уут дугаарын хамт 1,536 г, цэвэр жин нь 1,079 г шавар мэт зүйл /Зураг№5,6/, №3 гэж дугаарласан зиплок түпжээ бүхий гялгар ууттай, уут дугаарын хамт 1,699 г, цэвэр жин нь 1,209 г шавар мэт зүйл /Зураг№7,8/, №4 гэж дугаарласан зиплок түгжээ бүхий гялгар ууттай, уут дугаарын хамт 1,985 г, цэвэр жин нь 1,5144 г шавар мэт зүйл Зураг №9, 10/, №5 гэж дугаарласан зиплок түгжээ бүхий гялгар ууттай тугалган цаас, притканы хугархай /3ураг№11, 12/, №6 гэж дугаарласан цэнхэр өнгийн ууттай уут дугаарын хамт 46,1 г, жин нь 43,1 г ургамал мэт зүйл /Зураг№13, 14/, №7 гэж дугаарласан шавар мэт зүйлээр логдсон BLOW JOB гэсэн бичигтэй төмөр хайрцаг зэрэгт тус тус дельта-9-гидроканнабинол /delta-9-tetrahydrocannabinol/ илрэв. Хуйлсан байдалтай ANO 142246 серийн дугаартай 20 төгрөгний мөнгөн дэвсгэртэд мансууруулах болон сэтгэцэд нөлөөт бодисын агууламж илрээгүй. 3. Дельта-9-тетрагидроканнабинол /delta-9 tetrahydrocannabinol/ нь НҮБ 1971 оны сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенцийн жагсаалтанд багтдаг..” гэх дүгнэлт /хх-31-33/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 4 дүгээр сарын 04-ний өдрийн №1977 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: “..1. Шинжилгээнд ирүүлсэн дээж хэмжээний хувьд хүрэлцэх тул шинжилгээнд тэнцэнэ. 2. Шинжилгээнд ирүүлсэн “Г ЕЙ96071771 2022.02.26” гэж хаягласан шээсэнд тетрагидроканнабинол /ТHC/ илрэв гэсэн дүгнэлт /хх-40-41/,

Сэтгэцийн Эрүүл мэндийн үндэсний төвийн Шүүх сэтгэц эмгэг судлалын 352 дугаартай дүгнэлтэд: “..1. Г.Г нь Каннабинойдын хэтрүүлэн хэрэглээтэй байсан байна. 2. Г.Г нь одоо Каннабинойдын хэтрүүлэн хэрэглээг зогсооосон байдалтай байна. Уг мансууруулах бодисыг тогтмол хэтрүүлэн хэрэглэх үед үүсдэг сэтгэцийн байдал юм. 3. Г.Г нь үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай байна. 4. Г.Г нь хэрэг хариуцах чадвартай байна. 5. Г.Г нь мансуурах донтой эсхүл мансууруулах бодисын хамааралтай биш  Каннабинойдын хэтрүүлэн хэрэглээтэй байна..” гэх дүгнэлт /хх-46-47/,

Мөрдөн шалгах ажиллагааг хүчинтэйд тооцох тухай прокурорын тогтоол /хх-15-16/, шүүгдэгч Г.Гийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-59/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-63/ зэрэг мөрдөн шалгах ажиллагааны үед хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шүүх хуралдаанаар шинжлэн судаллаа.

Эдгээр нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач холбогдолтой, үнэн зөв гэж үзсэн болно.                                        

 

Шүүгдэгч Г.Гээс “..2002 оны 03 дугаар сарын эхээр Сэлэнгэ аймагт булсан өвсөө авч ирэхээр ганцаараа хувийн машинаар яваад булсан өвсөө бүгдийг авч ирсэн. Ингээд тэр өвсөө авч ирээд интернэтээс бичлэг үзэж байгаад өвснөөс шавар гаргах аргыг харж байгаад ганцаараа шавар гаргаж авсан. Өвсийг ундааны саванд хийж байгаад дээрээс нь газ шахаа савныхаа доод талд жижиг цоолсон. Ингээд савны доод цоолсон хэсгээр гоожоод шавар гарч ирсэн. Тэгээд гаргаж ирсэн шавраа мөнгөлөг цаасан дээр тавьж байгаад шатааж хэрэглэсэн. Би 2021 оны 10 дугаар сард Сэлэнгэ аймгаас өвс авч ирснээс хойш мансууруулах бодис хэрэглэж байгаа. 2022 оны 03 сарын 26-ны өдөр Чингэлтэй дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт явж байгаад цагдаа нарт баригдсан. Тухайн үед шавраа өөрийн биедээ авч явж байсан..” талаараа мэдүүлсэн буюу прокуророос яллаж буй хэргийн талаар ямар нэг байдлаар маргаагүй бөгөөд мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн мэдүүлсэн байна.

 

Мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч Г.Гээс эд мөрийн баримтаар тооцож хураан авсан шавар мэт зүйлийг шинжлүүлэхэд дельта-9-гидроканнабинол /delta-9-tetrahydrocannabinol/ илэрсэн байна. Энэ нь Нэгдсэн Үндэстний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцийн жагсаалтад багтдаг байна. 1971 оны 2 сарын 21-ны өдөр батлагдсан “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” Нэгдсэн Үндэсний байгууллагын конвенцыг Монгол улс 1999 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр хүлээн зөвшөөрч, нэгдэн орсон болох нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдож байна.  

 

Шүүгдэгч Г.Г нь шавар гэх мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилготой байсан талаар хэрэгт ямар нэг баримт байхгүй бөгөөд прокуророос Г.Гийг уг бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, хадгалсан гэж ял сонсгон яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь зөв байна.

 

Иймд шүүгдэгч Г.Гийг 2021 оны 10 дугаар сард Сэлэнгэ аймгийн нутаг дэвсгэрээс Нэгдсэн Үндэстний байгууллагын 1971 оны Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц-ийн 2 дугаар жагсаалтад багтсан дельта-9 тетрагидроканнабинолын агууламжтай өвс гэх нэршилтэй ургамал мэт зүйлийг түүж, уг өвсөө ундааны саванд хийж, газ шахан шавар гэх бодис болгон бэлтгэсэн,

Дээрх түүж бэлтгэсэн 4.2024 грамм жинтэй шавар гэх нэршилтэй бодис, 43.1 грамм жинтэй өвс нэршилтэй ургамал мэт зүйлийг 2021 оны 10 дугаар сараас 2022 оны 3 дугаар сарын 26-ны өдрийг хүртэл Чингэлтэй дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт биедээ хадгалсан болох нь шүүх хуралдаанаар шинжлэн судалсан дээрхи нотлох баримтуудаар тогтоогдсон гэж үзээд түүнийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “үргэлжилсэн үйлдлээр хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, хадгалсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Эрүүгийн хариуцлагын талаар:

 

Шүүх хуралдааны шүүмжлэлийн шатанд эрүүгийн хариуцлагын талаар улсын яллагчийн зүгээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид 1 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулах санал гаргасан бол шүүгдэгч болон шүүгдэчийн өмгөөлөгчөөс дээрхи хуулийн зүйл заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тэнсэж, үүрэг хүлээлгэх санал, дүгнэлт тус тус гаргасан.

 

 “мансууруулах сэтгэцэд нөлөөлөх бодис нь хүний төв мэдрэлийн системд өвөрмөц нөлөөлөл үзүүлж, улмаар өөрийгөө удирдан жолоодох чадвар муудаж, уураг тархи, төв мэдрэлийн системд хүчтэй нөлөө үүсгэж, мансууруулах хэмээх сэтгэцийн өвчин үүсгэдэг үйлчилгээ нөлөөлөл бүхий бодис. Хүн амын эрүүл мэндийг богино хугацаанд өргөн хүрээнд хамран сарниулдаг, дахин хэрэглэх зуршлыг бий болгодог, ойр дотны хүмүүсээ хэрэглээндээ татан оролцуулдаг, тухайн хууль бусаар ашиглахыг хориглосон бодисыг худалдаалж байгаа этгээдүүдэд санхүүгийн дэмжлэг үзүүлэх байдлаар худалдааг нь өргөжүүлэн тэлдэг зэрэг нийгмийн хор аюул, уршиг ихтэй учраас нийгэмд учирч болох хор аюул, үр дагавараас урьдчилан сэргийлэх зорилгоор шүүгдэгчид Эрүүгийн хуульд заасан хариуцлага оногдуулахдаа хөнгөрүүлэх, ял оногдуулахгүйгээр тэнсэх боломжгүй юм.

 

Шүүгдэгч Г.Г нь 2019 онд гал түймэрт өртөн хүнд хэлбэрийн түлэгдэлттэй байсны улмаас өвчин намдаах тариа өндөр тунгаар хийлгэж байсан, одоо түлэгдэлт нь мөн маш их өвчин зовиуртай, арьс таталдах хүндрэл үүссэн, цаашид хагалгаанд орох эмчийн заалттай нь хэрэгт авагдсан эмнэлгийн баримтуудаар нотлогдож байна.

 

Иймд шүүгдэгч Г.Гт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, ар гэрийн байдал эхнэр, 3 хүүхдийн хамт амьдардаг, цаашид зайлшгүй эмнэлгийн тусламж авах шаардлагатай байгаа, эрүүгийн хариуцлагийг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал, улсын яллагчийн эрүүгийн хариуцлагын талаар гаргасан санал, өмгөөлөгчийн өмгөөлөлийн дүгнэлт тус тус харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 /нэг/ жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулахаар шийдвэрлэлээ.

 

Шүүгдэгчийг шүүхээс тогтоосон чиглэлээр зорчих буюу улирал тутам 1 удаа  эмнэлгийн тусламж авахаас бусад тохиолдолд шүүгдэгчийн оршин суух газар болох Баянзүрх дүүргийн 27 дугаар хороо, Дунд Дарь эхийн 1088 тоотоос явахыг хориглож шийдвэрлэв.

 

Шүүгдэгч Г.Гт шүүхээс оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар сольдог болохыг сануулав.

 

Бусад асуудлын талаар:

 

Шүүгдэгч Г.Г нь цагдан хоригдоогүй, түүний бусад эрхийг хязгаарлаагүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан одоо Цагдаагийн Ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газрын Эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалагдаж байгаа 4.2024 грамм жинтэй “шавар” гэх нэршилтэй бодис, 43.1 грамм жинтэй “өвс” нэршилтэй “ургамал” мэт зүйл, хуйлсан мөнгөн дэвсгэрт, тугалган цаас, бритваны хугархайг шавар мэт зүйлээр бохирлогдсон “Blow Job” гэсэн нэртэй хайрцагийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Цагдаагийн Ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэст даалгаж шийдвэрлэлээ.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Г.Г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, хадгалсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Шүүгдэгч Г.Гийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 /нэг/ жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1-д зааснаар Шүүгдэгч Г.Гт оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг шүүхээс тогтоосон чиглэлээр зорчих буюу улирал тутам 1 удаа эмнэлгийн тусламж авахаас бусад тохиолдолд шүүгдэгчийн оршин суух газар болох Баянзүрх дүүргийн 27 дугаар хороо, Дунд Дарь эхийн 1088 тоотоос гадагш явахыг хориглосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дах хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Гт оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар сольдог болохыг сануулсугай.

 

5. Шүүгдэгч Г.Г нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурьдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан одоо Хар тамхитай тэмцэх газрын Эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалагдаж байгаа 4.2024 грамм жинтэй “шавар” гэх нэршилтэй бодис, 43.1 грамм жинтэй “өвс” нэршилтэй “ургамал” мэт зүйл, хуйлсан мөнгөн дэвсгэрт, тугалган цаас, бритваны хугархайг шавар мэт зүйлээр бохирлогдсон “Blow Job” гэсэн нэртэй хайрцагийг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж холбогдох баримтыг тус шүүхэд ирүүлэхийг, Цагдаагийн Ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэст даалгасугай.

 

7. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Г.Гт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.

 

8. Прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэйг дурьдсугай.

 

 

 

 

    ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            Б.МӨНХБАЯР