Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2018 оны 03 сарын 19 өдөр

Дугаар 132

 

Сэлэнгэ аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Соёлмаа би Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын Засаг даргын Тамгын газрын нэхэмжлэлтэй Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 1 дүгээр баг, Хонгорморьт 1 дүгээр хэсэг, гудамж 169 тоотод оршин суух ******* овогт *******гийн *******т /*******/ холбогдох “Зээлийн гэрээний төлбөр 4,201,850 төгрөг гаргуулах” тухай иргэний хэргийг хүлээн авч танилцаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

     

Нэхэмжлэгч Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын Засаг даргын Тамгын газар нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын Хонгорморьт 1 дүгээр баг, 1 дүгээр хэсэг 169 тоотод оршин суугч ******* овогтой ******* нь 2014 оны 10 дугаар сарын 01-ний өдөр Сум хөгжүүлэх сангаас “Дэд бүтэц хөгжүүлэх” төсөл хэрэгжүүлэхээр 3,900,000 төгрөгийг жилийн 3 хувийн хүүтэй 36 сарын хугацаатайгаар эргэн төлөх нөхцөлтэйгээр авсан. Иргэн П.*******ийн зээлийн хугацаа 2017 оны 10 дугаар сарын 01-ний өдөр дууссан бөгөөд одоо болтол зээлээ төлж дуусаагүй байна. Иймд иргэн П.*******ийн үндсэн зээл болон хүү болох 4,094,976, алданги 102,374 төгрөг, нотариатын зардал 4500 төгрөг нийт 4,201,850 төгрөгийг Д.*******ээс гаргуулан авч манай сумын төрийн сангийн 100131455401 тоот дансанд төвлөрүүлж өгнө үү... Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.4-т зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлж өгнө үү... гэжээ. 

 

Хариуцагч 2018 оны 03 дугаар сарын 19-ний өдөр шүүхэд гаргасан тайлбартаа: 

Сүхбаатар сумын Тамгын газраас гаргасан нэхэмжлэлтэй танилцлаа. Сум хөгжүүлэх сангаас 2014 оны 10 дугаар сарын 01-нд зээл авсан нь үнэн. Нэхэмжилсэн 4,201,850 төгрөгийг төлж барагдуулахад татгалзах зүйлгүй.... гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын Засаг даргын тамгын газрын “Зээлийн гэрээний төлбөр 4,201,850 төгрөг гаргуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч бүрэн хэмжээгээр хүлээн зөвшөөрсөн болох нь түүний шүүхэд гаргасан “...2014 оны 10 дугаар сарын 01-нд зээл авсан нь үнэн. Нэхэмжилсэн 4,201,850 төгрөгийг төлж барагдуулахад татгалзах зүйлгүй...” гэх тайлбараар нотлогдож байна.

Хариуцагчийн энэхүү зөвшөөрөл нь хууль ёсны бөгөөд гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.4-д зааснаар нэхэмжлэгчийг улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 82,180 төгрөгийн тал хувь болох 41,090 төгрөгийг хариуцагчаас гаргуулан орон нутгийн төсвийн орлогод оруулах нь зүйтэй байна.

Иргэний хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар  зүйлд заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэгт зааснаар Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын Засаг даргын тамгын газрын нэхэмжлэлтэй П.*******т /*******/ холбогдох “Зээлийн гэрээний төлбөр 4,201,850 төгрөг гаргуулах”-ыг хүссэн иргэний хэргийн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.   

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.4-д зааснаар нэхэмжлэгчийг улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлж, улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 41,090 төгрөгийг хариуцагчаас гаргуулан орон нутгийн төсвийн орлогод оруулсугай. 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэж болохыг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дугаар зүйлийн 74.4-т зааснаар зохигчид давж заалдах, хяналтын  журмаар  хянуулахаар гомдол гаргах, тухайн асуудлаар дахин анхан шатны шүүхэд гомдол гаргах  эрхгүйг дурдсугай.

 

 

ШҮҮГЧ                           Л.СОЁЛМАА