| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Гантөмөрийн Мөнхзул |
| Хэргийн индекс | 188/2022/0263/Э |
| Дугаар | 2022/ШЦТ/269 |
| Огноо | 2022-03-02 |
| Зүйл хэсэг | 27.10.2.3., |
| Улсын яллагч | Б.Дэлгэрмаа |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 03 сарын 02 өдөр
Дугаар 2022/ШЦТ/269
2022 03 02 2022/ШЦТ/269
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Мөнхзул даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Жавхлан,
улсын яллагч Б.Дэлгэрмаа,
шүүгдэгч Н.А.........р нарыг оролцуулан тус шүүхийн “А-1” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Тээврийн прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгчийг эрүүгийн 2203 0003 40104 дугаартай хэрэгт холбогдуулан, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлснийг 2022 оны 02 дугаар сарын 21-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.
Даландагнагад овогт Н.........гүйн А.........р, Монгол Улсын иргэн, Дорнод аймгийн Халхгол суманд 1983 оны 02 дугаар сарын 13-ны өдөр төрсөн, боловсролгүй, малчин, ам бүл 6, нөхөр, хадам эх, 3 хүүхдийн хамт Төв аймаг Аргалант суманд 2 дугаар баг Хөшөөт гэх газар байнга оршин суух бүртгэлтэй, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, регистрийн дугаар ЖЙ83021361.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Н.А.........р нь Сонгинохайрхан дүүргийн 01 дүгээр хороо, “Сэлэнгэ” захын хойд талын замд “Toyota Prius” маркийн ........ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож яваад хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэмж хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.3-т заасан “жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна”. Мөн дүрмийн 16.1-д заасан явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө” гэсэн заалтыг зөрчиж явган хүний зохицуулдаггүй гар руу ойртон ирэхдээ хурдаа хасаж, уг гарцаар гарч байсан явган зорчигч Г.Г..........хэд зогсож зам тавьж өгөлгүй мөргөж, эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан үйлдэлдээ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:
1.1.Шүүхээс тогтоосон үйл баримт
Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтыг дүгнэвэл.
Шүүгдэгч Н.А.........р нь 2021 оны 12 дугаар сарын 26-ны өдөр өөрийн өмчлөлийн “Toyota Prius NHW20” маркийн ....... улсын дугаартай тээврийн хэрэгслийг Төв аймгийн Аргалант сумаас Улаанбаатар хотод жолоодон орж ирээд 14 цагийн орчим Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хороо хуучнаар Нефть хангамжийн төвийн баруун талын зам буюу Орбитын салдаг уулзвараас ертөнцийн зүгээр урдаас хойш чиглэлтэй Толгойт руу явж байгаад “Сэлэнгэ” захын харалдаа явган хүний зохицуулдаггүй гарцаар ертөнцийн зүгээр баруунаас зүүн чиглэлтэй гарч явсан Г.Г..........хэд зам тавьж өгөлгүй тээврийн хэрэгслээр мөргөж, эрүүл мэндэд нь гавлын дух ясны нүдний ухархайн дээд ирмэгээс баруун титэм заадас хүрсэн шугаман хугарал, баруун талын нүдний ухархайн дээд хана, гадна хана, суурь ясны их далавч, чамархай ясны урд ялтаслаг хэсгийг дайрсан зөрүүтэй нийлмэл хугарал, баруун хоншоор ясны урд болон гадна ханын цөмөрсөн хугарал, баруун хацар яс хоншоорын сэртэн хэсгээр зөрүүтэй, нум хэсгээр хоёрлосон зөрүүтэй хугарал, хамар яс зөрүү багатай хугарал, таславчийн мурийлт, баруун нүдний алимны салстад цус харвалт, баруун нүдний дээд, доод зовхи, баруун дух, хамар, хацар, чамархай, доод эрүүнд зулгаралт, цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий амь насанд аюултай хүнд гэмтэл учруулсан хэргийн нөхцөл байдал буюу үйл баримтыг тогтоогдов.
1.2 Нотлох баримтын үнэлгээ
- Замын цагдаагийн газар, ТЦА, МШГ, жижүүрийн шуурхай удирдлагын хэлтсийн дуудлагын РСML10814402 дугаар хуудаст: “...Дуудлага өгсөн: 88251354, ...Дуудлага хүлээн авсан: 2021-12-26 14:09:54, ...Дуудлагын утга: ....... улсын дугаартай Toyota Prius 20 маркийн машин хүн мөргөчихсөн байна...” гэх баримт (хавтаст хэргийн 04 дэх тал),
- Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэлд: “...Зам тээврийн осол гарсан гэх газар нь Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хороо Сэлэнгэ захын хойд талын замд үйлдэгдсэн ба уг зам асфальт, шулуун тэгш, хуурай, явган хүний гарцтай, 4 эгнээтэй, зам байв...явган зорчигч Г.Г..........хээр өөрөөр нь заалгуулж анх мөргүүлсэн цагийг А үсгээр, мөргүүлээд газарт унасан гэх цэгийг Б үсгээр, үл хөдлөх буюу зорчих хэсгийн зүүн талын гэрлийн шон В үсгээр тэмдэглэж хэмжилтийг хийв...” гэх баримт (хавтаст хэргийн 5-14 дэх тал),
- Хохирогч Г.Г..........хийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2021 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 13 цаг 50 минутын орчим би хамт ажилладаг хүний хамт Сонгинохайрхан дүүргийн нутаг Толгойтын хуучин эцсийн буудлын урд байдаг Сэлэнгэ захын эсрэг талд түүний машинаас нь буугаад ажил руугаа орох гээд явган хүний замаар зам хөндлөн гартал урдаас нэг машин ирээд намайг мөргөсөн. Би мөргүүлээд газарт унасан ба өөр зүйлээ сайн санахгүй байна. Удаагүй эмнэлэг болон цагдаа ирсэн. Надад одоо санал гомдол байхгүй. Жолооч эмэгтэй миний хохирлыг бүрэн барагдуулсан. Би одоогоор ажлаа хийхгүй акттай байгаа ба эмчилгээний зардалд болон ажилгүй байх хугацааны цалинд нийт 7.000.000 төгрөгийг авсан байгаа...надад санал гомдол байхгүй...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 23 дахь тал),
- Гэрч М.Сүх......арын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2021 оны 12 дугаар сарын 26-ны өдөр Улаанбаатар хотод ирж эхнэрээ Эхо-д харуулах гэж орж ирсэн. Тухайн үед би эхнэр А.........р болон охины хамт гурвуулаа явж байсан ба 22-ын товчоогоор орж ирээд Толгойтын тийшээ Сэлэнгэ зах өнгөрөөд явж байтал замын хажуу талаас нэг хүн гүйгээд ороод ирсэн. Тэгээд манай эхнэр тоормослоод машиныхаа баруун талын карланоор шүргээд унагаасан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 30 дахь тал),
- Гэрч Б.Батдоржийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2021 оны 12 дугаар сарын 26-ны өдөр 13 цагийн үед хамт ажилладаг ачигч Г.Г..........хийн хамт бааз руугаа явахаар болж эхнэрийн машинд сууж Их нарангийн тэндээс хөдөлж Сэлэнгэ захын тэнд байрлах өвлийн бааз руугаа хүргүүлээд буусан. Би машинаас буугаад хажууд талын хүнсний дэлгүүр орчхоод гараад ирэхэд манай эхнэр намайг дуудаад Г..........х машинд мөргүүлчихлээ” гэж хэлэхээр нь харахад явган хүний гарцан дээр хашлаганы хажууд хэвтэж байхаар нь очиход баруун талын хөмсөг орчим болон хамраас цус гарсан байдалтай байсан. Тэр үед машинаас эрэгтэй, эмэгтэй хоёр хүн бууж ирээд хамт манай эхнэрийн машинаар гэмтлийн эмнэлэгт хүргэж өгчхөөд ажилдаа явсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 32-33 дахь тал)
- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 947 дугаартай дүгнэлт:
“Хэсэг газрын үзлэгт: Баруун нүдний алимд 6-12 цагийн түвшинд тархмал улаан ягаан өнгийн цус харвалттай. Баруун нүдний дээд, доод зовхинд хөхөлбөр хүрэн ягаан өнгийн цус хуралттай. Баруун нүдний дээд, доод зовхинд хөхөлбөр хүрэн ягаан өнгийн цус хуралттай. Баруун дээд зовхины гадна буланд 2х1.5 см, 0.5х0.5см, баруун хацарт 2х1.5см, 1.5х1см хэмжээтэй хүрэн ягаан өнгийн зулгаралтуудтай. Баруун дух, хацар, зовхи, доод эрүүний баруун хажуу хэсэгт 16х12см талбайд овойж хавдсан байв.
2021.12.26-ны өдрийн 1937 цагийн ГССҮТ-н гавал тархины гэмтлийн тасгийн №13277 тоот өвчний түүхэнд хэвтэх үеийн онош: Гавлын хүнхрийн хугарал. 2021.12.26-ны өдрийн 2038 цагийн эмчийн үзлэгт: ...зовуир: Толгой хүчтэй өвдөнө гэнэ...баруун нүд хаван хавдартай, хөхрөл няцралтай, баруун шанаагаар, баруун сарвууны ар хэсгээр зулгарсан шархтай...
2021.12.31-ний өдрийн 1224 цагийн эмчийн үзлэгт: Өвчтөний биеийн байдал дунд...баруун нүд орчмоор хацар шанаагаар өвдөнө гэнэ...нүүрний тэгш хэм алдагдсан. Баруун нүдэнд цус хурсан эргэн тойрон зөөлөн эдэд хаван хавдар буурсан.
2021.12.26-ны өдрийн “Лазар Мед” эмнэлгийн Толгойн тодосгогч бодисгүй КТГ-н шинжилгээнд: Баруун талын дух ясны нүдний ухархайн дээд ирмэгээс баруун титэм заадас хүрсэн шугаман хугаралтай. Баруун талын нүдний ухархайн дээд хана, гадна хана, суурь ясны их далавч, чамархай ясны урд ялтаслаг хэсгийг дайрсан зөрүүтэй нийлмэл хугаралтай. Баруун хоншоорын хөндийн урд хана дотогш 3.0 см, өргөн хэсэгт 0.1см гүн хэмжээтэй цөмөрсөн, гадна хана дотогш 1.6см, өргөн хэсэгт 0.7см гүн хэмжээтэй цөмөрсөн хугаралтай. Баруун талын хацар яс хоншоорын сэртэн хэсгээр зөрүүтэй, нум хэсгээр хоёрлосон зөрүүтэй хугаралтай. Хамар ясны зөрүү багатай хугаралтай, хамрын таславч зүүн тийш мурийсан. Хамрын хөндий, баруун хоншоорын хөндийд цустай. Зүүн талын хоншоорын хөндийд доод хананд 0.5х0.5см хэмжээтэй полиптой. Баруун талд дух, нүд, чамархай, хацар, хамар орчмын зөөлөн эдэд хаван хавдартай, хийтэй. Тархины эдэд голомтот өөрчлөлтгүй...ДҮГНЭЛТ
1. Г.Г..........хийн биед гавлын дух ясны нүдний ухархайн дээд ирмэгээс баруун титэм заадас хүрсэн шугаман хугарал, баруун талын нүдний ухархайн дээд хана, гадна хана, суурь ясны их далавч, чамархай ясны урд ялтаслаг хэсгийг дайрсан зөрүүтэй нийлмэл хугарал, баруун хоншоор ясны урд болон гадна ханын цөмөрсөн хугарал, баруун хацар яс хоншоорын сэртэн хэсгээр зөрүүтэй, нум хэсгээр хоёрлосон зөрүүтэй хугарал, хамар яс зөрүү багатай хугарал, таславчийн мурийлт, баруун нүдний алимны салстад цус харвалт, баруун нүдний дээд, доод зовхи, баруун дух, хамар хацар, чамархай, доод эрүүнд зулгаралт, цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр, тухайлбал авто ослын улмаас үүсгэгдсэн байх боломжтой.
3. Дээрх гэмтлүүд нь тухай хэрэг болсон гэх хугацаанд учирсан байх боломжтой.
4. Дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2-т зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.
5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонги нөлөөлөх эсэх нь гэмтлийн эдгэрэлт, эмчилгээний үр дүнгээс хамаарна...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 37-39 дахь тал),
- Шүүгдэгч Н.А.........рын мөрдөн байцаалтад өгсөн: “... 2021 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 12 цагийн орчим Тоёота Приус-20 маркийн ....... улсын дугаартай машинтайгаа нөхөр Цогтбаатар, охин нарын хамт гэрээсээ буюу Төв аймгийн Аргалант сумаас Улаанбаатар хотын зүг гарсан. Нөхөр охин бид гурав 22-ын товчоогоор ороод нөхрийн найзынд очиж машины дугуй авахаар Сэлэнгэ захын баруун талын замаар Толгойтын зүг замын нэгдүгээр эгнээгээр явж байтал явган хүний гарцаар зүүн талаас нэг эрэгтэй хүн гэнэт гүйгээд гараад ирсэн. Би шууд тоормослоод зогстол машины баруун талын их гэрэлд уг хүн мөргөгдөөд газарт унасан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 101-103 дахь тал) зэрэг нотлох баримтаар нэг нь нөгөөгөө үгүйсгэхгүйгээр харилцан уялдаа холбоотойгоор хэргийн бодит байдлыг сэргээн дүрсэлж байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Н.А.........р нь “...мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж мэдүүлэх зүйлгүй, гэм буруу дээр маргахгүй...” гэснийг дурдах нь зүйтэй.
Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлсэн юм.
1.3.Оролцогчийн эрхийн хэрэгжилт
Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр сэргээн тогтоосон байх бөгөөд хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий шийдвэр гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч Н.А.........р нь боловсролгүй боловч уншиж, бичдэг тэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг шүүхэд бичгээр гаргасан тул шүүх хуралдааныг өмгөөлөгчгүйгээр явуулсан болохыг дурдах нь зүйн хэрэг.
1.4.Эрх зүйн дүгнэлт
Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримтад хууль зүйн дүгнэлт хийвэл шүүгдэгч Н.А.........р нь болгоомжгүйгээр Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.3 Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” 16.1 явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө” гэсэн заалтуудыг зөрчин зам хөндлөн гарч явсан Г.Г..........хийг мөргөсний улмаас эрүүл мэндэд нь хүнд гэмтэл учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...Авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн...” гэх шинжийг хангахын зэрэгцээ хохирогчийн эрүүл мэндэд гэмтлийн зэрэг тогтоох журамд заасан хүнд гэмтэл учруулсан нь тухайн гэмт хэргийн хүндрүүлэх шинж буюу мөн зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад заасан “хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулж” гэх шинжийг хангажээ.
Иймд улсын яллагчаас шүүгдэгч Н.А.........рыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцуулах талаар гаргасан дүгнэлт хууль зүйн үндэслэлтэй байна.
1.5. Хохирол, хор уршиг
Хохирогч Г.Г..........х энэ гэмт хэргийн улмаас нийт 7.000.000 төгрөгийг нэхэмжилсэн (хавтаст хэргийн 87-91, 107-111 дэх тал)-ийг шүүгдэгч Н.А.........р нь мөрдөн шалгах ажиллагааны явцад бүрэн төлж барагдуулсан байх тул түүнийг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй болохыг тогтоолд дурдах нь зүйтэй.
Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:
2.1. Талуудын санал, дүгнэлт
Улсын яллагч: “...шүүгдэгч Н.А.........рыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад заасан “...Оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүрэг хүлээлгэх саналтай байна. Шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй гэх дүгнэлтийг...”
Шүүгдэгч Н.А.........р нь улсын яллагчийн гаргасан эрүүгийн хариуцлагын дүгнэлттэй мэтгэлцээгүй болно.
2.2. Эрүүгийн хариуцлага
Шүүгдэгч Н.А.........р нь Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”, мөн зүйлийн 1.2 дахь заалтад зааснаар “гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид шууд эмнэлгийн, бусад туслалцаа үзүүлсэн, учруулсан хохирлыг төлсөн” байгааг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон ба түүнд Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан шүүгдэгчийн хялбаршуулах журмаар шийдвэрлэх тухай хүсэлт (хавтаст хэргийн 120, 121 дэх тал), хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх прокурорын тогтоол (хавтаст хэргийн 127-128 дахь тал), хялбаршуулсан журмаар шалгасан хэрэгт ял оногдуулах тухай прокурорын санал (хавтаст хэргийн 126 дахь тал),
Шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа, жолоочийн лавлагаа, мэдээлэл, байнга болон түр оршин суух хорооны тодорхойлолт (хавтаст хэргийн 66, 64, 62 дахь тал), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 60 дахь тал), хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгөтэй талаар холбогдох байгууллагаас авсан лавлагаа (хавтаст хэргийн 105 дахь тал), хүүхдүүдийн төрсний бүртгэлийн лавлагаа (хавтаст хэргийн 68-70 дахь тал), тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар (хавтаст хэргийн 71 дэх тал), зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоов.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгдэгч Н.А.........р, хохирогч Г.Г..........х нар нь хоорондоо эвлэрч, хэн аль нь гомдол саналгүй гэх хүсэлт гаргасныг улсын яллагч хуульд заасны дагуу шийдвэрлэж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Иймд Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчмыг үндэслэн шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учруулсан бодит хохирлыг нөхөн төлсөн, тэрээр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэн үзэх нөхцөл байдлыг харгалзан улсын яллагчийн эрүүгийн хариуцлагын талаар гаргасан дүгнэлтийг хүлээн авч шүүгдэгч Н.А.........рд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, мөн зүйлд заасан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасах ял оногдуулж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад заасан “оршин суух газар, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүргийг хорих ял оногдуулахгүйгээр тэнссэн хугацаанд тогтоож шийдвэрлэв.
Тиймээс шүүгдэгч Н.А.........рд авсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хассан эрх хасах ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолж, түүний тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн “В” ангиллын 1228034 дугаартай үнэмлэхийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Төв аймгийн шийдвэр гүйцэтгэх албанд шилжүүлэх нь зүйтэй гэж үзэв.
2.3. Бусад асуудлын талаар
Эрүүгийн 2203 0003 40104 дугаар хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, түүний иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдав
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2, 5 дахь хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Даландагнагад овогт Н.........гүйн А.........рыг авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасныг журамлан шүүгдэгч Н.А.........р Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 01 (нэг) жилийн хугацаагаар тэнсэж, тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 01 (нэг) жилийн хугацаагаар хасах ял шийтгэсүгэй.
3. Шүүгдэгч Н.А.........рд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад заасан “оршин суух газраа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг хорих ял оногдуулахгүйгээр тэнссэн хугацаагаар тогтоосугай.
4. Шүүгдэгч Н.А.........р нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд шүүхээс хүлээлгэсэн үүргийг зөрчсөн, санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулж болохыг анхааруулсугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.А.........рын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хассан ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар хэрэгт хураагдсан шүүгдэгч Н.А.........рын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн “В” ангиллын 1228034 дугаартай жолоочийн үнэмлэхийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Төв аймгийн шийдвэр гүйцэтгэх албанд хүргүүлсүгэй.
7. Хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч нь гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй, шүүгдэгч нь энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, тэрээр цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй болохыг тус тус дурдсугай.
8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй
9. Шийтгэх тогтоолыг, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
10. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.МӨНХЗУЛ