Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2018 оны 03 сарын 06 өдөр

Дугаар 102

 

Сэлэнгэ аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхзул би Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын Засаг даргын Тамгын газрын нэхэмжлэлтэй *******д холбогдох “2.497.576 төгрөг гаргуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэрэгтэй танилцаад:

 

                                                            ТОДОРХОЙЛОХ нь:

 

           Нэхэмжлэгч Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын Засаг даргын Тамгын газар нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

           ... ******* нь 2014 оны 10 дугаар сарын 27-ны өдөр сум хөгжүүлэх сангаас “Хашаажуулах” төсөл хэрэгжүүлэхээр 2.855.000 төгрөгийг жилийн 3 хувийн хүүтэй 36 сарын хугацаатайгаар эргэн төлөх нөхцөлтэйгээр авсан. Иргэн *******ийн зээлийн хугацаа 2017 оны 10 дугаар сарын 27-ны өдөр дууссан бөгөөд одоо болтол зээлээ төлж дуусаагүй байна.

      Иймд иргэн *******ийн үндсэн зээл болон хүү болох 2.432.270, алданги 60.806 төгрөг, нотариатын үнэ 4.500 төгрөг, нийт 2.497.576 төгрөгийг *******өөс гаргуулан авч манай сумын төрийн сангийн 100131455401 тоот дансанд төвлөрүүлж өгнө үү! гэжээ.

       Хариуцагч ******* нь шүүхэд гаргасан тайлбартаа: 

           ... Миний бие сум хөгжүүлэх сангаас нэхэмжилсэн үндсэн зээл болон хүү болох 2.432.270, алданги 60.806 төгрөг, нотариатын үнэ 4.500 төгрөг, нийт 2.497.576 төгрөгийг төлж барагдуулахад татгалзах зүйлгүй. Маргаан байхгүй. Уг мөнгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Уг мөнгийг газраа зараад төлж барагдуулна. Улсын тэмдэгтийн хураамж 27.455 төгрөгийг төлнө! гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

            Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын Засаг даргын Тамгын газар нь *******д холбогдуулан “2.497.576 төгрөг гаргуулах”-аар шүүхэд нэхэмжлэл гаргасан байна.

             Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны шатанд хариуцагч нь 2.497.576 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хэмжээгээр хүлээн зөвшөөрч байгаа нь түүний шүүхэд гаргасан тайлбараар нотлогдож байна.

            Энэхүү хариуцагчийн зөвшөөрөл нь гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан эрх ашиг сонирхлыг хөндөөгүй хуулинд харшлаагүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нь зүйтэй байна.

           Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.4 дэхь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь төсөвт байгууллага тул улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурьдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 27.455 төгрөгийг хариуцагч *******өөс гаргуулан Сүхбаатар сумын орон нутгийн орлогод оруулах нь  зүйтэй.   

Иргэний хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.1 дэх хэсэгт  заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Иргэний хэрэг шүүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэгт зааснаар Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын Засаг даргын Тамгын газрын нэхэмжлэлтэй *******д холбогдох “2.497.576 төгрөг гаргуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч нь бүрэн хэмжээгээр төлөхөөр хүлээн зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.  Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.4 дэхь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь төсөвт байгууллага тул улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурьдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 27.455 төгрөгийг хариуцагч *******өөс гаргуулан Сүхбаатар сумын орон нутгийн орлогод оруулсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэж болохыг дурьдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар дахин анхан шатны шүүхэд  нэхэмжлэл  гаргах  эрхгүйг болохыг дурьдсугай.

 

 

                                                ШҮҮГЧ                      Б.МӨНХЗУЛ