Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 03 сарын 02 өдөр

Дугаар 2022/ШЦТ/270

 

 

 

 

 

 

 

   2022           03            02                                       2022/ШЦТ/270

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Мөнхзул даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Жавхлан,

улсын яллагч А.Оюунгэрэл,

шүүгдэгч Д.Э............д, түүний өмгөөлөгч Х.Даваахүү (өмгөөллийн үйл ажиллагаа эрхлэх эрхийн дугаар 0058) нарыг оролцуулан тус шүүхийн “А-1” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Тээврийн прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгчийг эрүүгийн 2103 0038 330105 дугаартай хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн 1 хавтаст хэргийг 2022 оны 02 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Боржигон овогт Д.............мийн Э............д, Монгол Улсын иргэн, Хөвсгөл аймгийн Мөрөн суманд 1990 оны 6 дугаар сарын 07-ны өдөр төрсөн, эрэгтэй, 32 настай, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “.......................... тоотод байнга оршин суух бүртгэлтэй, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, регистрийн дугаар РГ9...............0710.

 

Холбогдсон хэргийн талаар яллах дүгнэлтэд дурдсанаар:

Шүүгдэгч Д.Э............д нь Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо, Товчооны замд “Bieben North Benx” маркийн ......... улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2 дугаар хавсралтын 1.3-д заасан заалтыг зөрчин эсрэг урсгалд орсноос Toyota Prius 30 маркийн ......... улсын дугаартай тээврийн хэрэгсэл мөргөж Б.Б..........нын эрүүл мэндэд хөнгөн, Б.Б..........нийн эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан үйлдэлдээ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад заасан гэмт хэрэгт холбогджээ.

 

 ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

1.1.Шүүхээс тогтоосон үйл баримт

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтыг дүгнэвэл.

 

Шүүгдэгч Д.Э............д нь 2021 оны 11 дүгээр сарын 16-ний шөнө 01 цаг үед ертөнцийн зүгээр зүүнээс баруун чиглэлтэй “Амгалан дулааны станц” ТӨХК-ийн эзэмшлийн BEIBEN маркийн ND1310 моделийн ......... улсын дугаартай цистерны зориулалтай тээврийн хэрэгслийг Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо, Товчооны замд жолоодон явсан байна. Ийнхүү явж байгаад тэрээр “Магнай трейд” ХХК-н 6 дугаар шатахуун түгээх станцын урд замд эсрэг хөдөлгөөнтэй замын үргэлжилсэн цагаан шугамыг ертөнцийн зүгээр урагшаа буюу тээврийн хэрэгслийг зүүн тийш чиглэлтэй (тээврийн хэрэгсэл ертөнцийн зүгээр баруун урагш чиглэлтэй харан байрласан) эргүүлэн хөдөлгөөнд оролцож байхад 01 цаг 40 минутын үед эсрэг хөдөлгөөнтэй замаар ертөнцийн зүгээр баруунаас зүүн чиглэлтэй, “Toyota Prius-30” маркийн ......... улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явсан Б.Б..........нэ (согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн) нь  Д.Э........дын жолоодон явсан 1190х2860мм хэмжээтэй тээврийн хэрэгслийн баруун хойд гурав дахь тэнхлэгийг өөрийн тээврийн хэрэгслийн баруун урд хэсгээр мөргөж зорчигч Б.Б..........нын эрүүл мэндэд хөнгөн, өөрийн эрүүл мэндэд хүнд гэмтэл авсан хэргийн нөхцөл байдал буюу үйл баримтыг тогтоолоо.

 

1.2 Нотлох баримтын үнэлгээ

Улсын яллагчийн шинжлэн судалсан нотлох баримтуудаар дээр дурдсан хэргийн нөхцөл байдал эргэлзээгүй тогтоогдсон болно. Тухайлбал

- ТЦА, Мөрдөн шалгах газар, ТЦА, МШГ, жижүүрийн шуурхай удирдлагын хэлтсийн дуудлагын РСMК10497576 дугаар хуудаст: “...Дуудлага өгсөн: 80622642, ...Дуудлага хүлээн авсан: 2021-11-16 01:52:24, ...Дуудлагын утга: Хоёр машин хүчтэй мөргөлдөж онхолдсон хүний бие маш муу байна...” гэх баримт (хавтаст хэргийн 04 дэх тал),

- Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэлд: “...Зам тээврийн осол гарсан гэх газар нь Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо хуучин 22-н товчооны замд МТ ШТС-н урд замд үйлдэгдсэн байх ба зам... эсрэг хөдөлгөөнтэй, тусгаарлах зурвасгүй 7 эгнээ... зорчих хэсэгтэй байв. Үзлэгийн баг Гэмтэл согог судлалын үндэсний төвд очиход уг машины жолооч Б.Б..........нэ дриагер багаж үлээхгүй байсан тул биеэс нь цус авсан цуг зорчиж авсан Б.Б..........н дриагер багаж үлээлгэж шалгахад 1.00% согтолт илэрсэн...” гэх баримт (хавтаст хэргийн 08-09 дэх тал),

- Хохирогч Б.Б..........нийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2021 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр 22:00 цагийн үед эхнэр Ө.........лын хамт найз Б..........нын гэр болох Сонгинохайрхан дүүргийн 22-н товчооны тэнд байрлах гэрт нь очсон. Тэгээд Б..........нын эхнэртэй дөрвүүлээ 1 шил 0.75 литрийн савлагаатай “Соёрхол” нэртэй архи авч хувааж уугаад шөнө 01:00 цагийн үед 5 шарын тэндээс архи авахаар Б..........нын хамт гарч Toyota Prius30 маркийн ......... улсын дугаартай автомашиныг жолоодон Б..........н жолоочийн хажууд талын урд суугаад явсан. Тэгээд хуучин 22-н товчооны орчим ертөнцийн зүгээр баруунаас зүүн тийш чиглэлд нэг талдаа 4 эгнээтэй замын 2-р эгнээнд явж байхад урдуур гэнэт ачааны машин орж ирсэн. Би тэр машиныг 100 орчим метрийн зайнаас харсан боловч арай ороод ирэхгүй байх гэж бодоод хурдаа хасалгүй явж байсан ба урдуур ороод ирэхээр нь тоормос гишгээд зогсохгүй болохоор нь зүүн гар тийш дараад арын дугуйны хэсэгт мөргөсөн. ...Тухайн үед ослоос болж миний зүүн хөл шилбэний хэсгээр хугарч зүүн хөлийн өвдөг бяцарч нийт 12 хавирга хугарч, элэг, дэлүү, 2 уушги бяцарсан, аарцаг доод хэсгээрээ задарсан, сүүжний дээд хэсэг хугарч бяцарсан, нурууны арын хэсэг хугарсан гэмтэл авсан......” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 18 дахь тал),

- Иргэний нэхэмжлэгч Б.Б..........нын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2021 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр...Ч.Цэндсүрэнгийн найз Ө.........л нөхрийн хамт ирнэ гэж хэлээд манайд 16-17 цагийн үед Toyota Prius30 маркийн ......... улсын дугаартай автомашинтай ирсэн. Зочид ирэхээр нь би эхлээд 0.5 литрийн “Соёрхол” архи гаргаж бид 4 хуваан уусан, дараа нь ирсэн зочид 0.5 литрийн нэрийг нь мэдэхгүй байна ямар ч байсан Монгол архи биш байсан, архи гаргаад мөн архийг бид 4 уугаад 22 цагийн үед дуусаад юм ярьж сууж байгаад шөнийн 01 цагийн үед нэмж архи уухаар болж 22-ын товчоо руу архинд Ө.........лын нөхөр Б..........нэ бид хоёр явсан. Би Ө.........л, Б..........нэ хоёртой тухайн үед л танилцсан, урьд нь найз хүүхэн Ч.Цэндсүрэнгээс сонсож байсан. Б..........нэ бид хоёр манайхаас гараад төв замаар баруунаасаа зүүн чиглэлд 1-ээс 2 минут хэртэй явж байтал гэнэт урдуур том автомашин ороод ирсэн, би хараад хүүш машин гэж хэлээд л ухаан алдсан, нэг ухаан орсон чинь би замын хажууд машинаас шидэгдсэн байдалтай зам дээр хэвтэж байсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 30 дахь тал),

- Гэрч Э.Ө.........лын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2021 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр Б..........н орой 17 цагийн үед манай гэрт ирээд манай нөхөр Б..........нэ машинаа жолоодон би Б..........н нарын хамт гэрт нь очиход эхнэр Цэндсүрэн байсан бид 3 замдаа Номин дэлгүүр ороод 2 шил 0.5 литрийн Соёрхол архи авсан. Тэгээд бид 4 Б..........нын гэрт 2 шил архи ууж дуусаад шөнийн 01 цаг өнгөрч байсан байх бид 4 зөвлөлдөөд 5 шар орж дахиад 1 шил архи авч уугаад унтаж амран гэж ярилцсан. Тэгээд манай нөхөр Б.Б..........нэ Toyota Prius маркийн машинаа жолоонд Б..........н хажуу талд нь суугаад явсан. .Ц........ээ бид хоёр гэрт нь үлдээд хүлээгээд сууж байтал Б..........н эхнэр .Ц........ээ рүү гар утсаар залгаад осолд орсон гэж ярьсан. ...би нөхөр Б..........нэд архи уусан байж машин жолоодож болохгүй гэж хэлсэн тэгсэн Б..........н би машин баръя гэхээр нь манай хүн яах юм гээд өөрөө машинаа бариад явсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 32 дахь тал),

- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн Хүний биед хийсэн Шүүх эмнэлгийн үзлэг хийсэн 11525 дугаар дүгнэлт

“...Хэсэг газрын үзлэг: “...Духны баруун хэсэгт 2х1 см хүрэн ягаан өнгийн зулгаралттай. Баруун бугалганы гадна дээд хэсэгт 3х1см, тохойн гадна хэсэгт 6х1см, 2х1см, зүүн шууны ар дунд хэсэгт 8х6см, доод хэсэгт 6х4см захаасаа шарлаж шимэгдэж буй бор шаргал өнгийн цус хуралтуудтай. Баруун өвдөгт 7х2см хүрэн ягаан өнгийн зулгаралт, 2х1.5см шархтай. Зүүн хөлд гөлтгөнөн боолттой. Биед өөр ил харагдах гэмтэлгүй.

ГССҮТ-ийн ХГТ-ийн 11841 дугаартай өвчний түүхэнд:...Өвчний түүх нээсэн 2021 он 11 сар 16 өдөр 0321 цаг...Хэвтэх үеийн зовуурь: цээжээр, аарцгаар, гэдсээр өвдөнө...

Ерөнхий үзлэг: Биеийн ерөнхий байдал хүндэвтэр. Ухаан санаа саруул. Орчиндоо харьцаатай байрлал албадмал...хэсэг газрын үзлэг: умдгийн баруун талд эмзэглэлтэй.

2021.11.16-ны 04-25 цагийн эмчийн үзлэгт: Өвчтөний биеийн байдал их хүнд Шокийн байдалтай. Амнаас эхүүн үнэр үнэртэнэ. Ухаантай ч орчны идэвх сулавтар. Ам цангана, хэвлийгээр аарцгаар өвдөнө гэх зовуурьтай. Арьс салст цайвар цонхигор, хүйтэн хөлстэй. Зүрхний хэм жигд олширсон. Захын судасны лугшилт сул тэмтрэгдэнэ. Амьсгал 2 уушгинд бага зэрэг ширүүссэн. 1*-20-21 удаа. Хэл хуурайдуу. Хэвлий дүйрэнгэгүй...

2021.11.17-ны 13:21 цагийн эмчийн үзлэгт: ...Хэвлийн баруун доогуур хөндүүрлэнэ. Хөдлөхөөр ууц нуруугаар өвдөнө гэнэ. Аарцгаар өвдөнө гэнэ. Өвчтөний биеийн байдал хүндэвтэр. Ухаантай орчны харьцаа хэвийн. Байрлал хэвтрийн мэлхий байрлалтай. Арьс салст цайвар дуу. Зүрхний хэм жигд, захын судасны лугшилт дунд зэрэг: АД-125/68, ЧСС-92, SaO2-96%. Уушги чагналтаар 2 талд уушгинд цулцангийн ширүүссэн амьсгалтай. 1*-18 удаа...Нүүр духаар зулгаралттай. Цээжний зүүн талаар эмзэглэлтэй. Аарцаг тэмтрэлээр эмзэглэлтэй...Үндсэн онош: Бүсэлхий нуруу ба аарцаг ясны бусад ба тодорхойгүй хэсгийн хугарал гэжээ.

2021.11.16-ны Хэвлийн хэт авайн оношилгоонд: Элэгний эхо ойлт жигд, бага зэрэг ихэссэн, элэгний хэлбэр хэмжээ хэвийн, элэгний баруун дэлбэнгийн гадаргууд 0.5см зузаантай зурвас шингэнтэй./хальсан доорх цусан хураа/...хэвлийн хөндийд сул шингэн тодорхойлогдохгүй...эмч Ж.Алтансувд гэжээ.

2021.11.18-ны өдрийн ГССҮТ-н Аарцаг түнхний үений КТГ-н шинжилгээнд: “...Баруун сүүжний дэлбээ 1.2см ясны сэлтэрхий бүхий ууц сүүжний үе, их бие дэлбэн зөрүүтэй хугарал. Мөн суудал ясны 2 талын доод салаа зөрүүтэй, дээд салаа урд симфиз хэсгээр нийлсэн хэсэгт баруун талдаа зөрүүтэй, зүүн талдаа сэлтэрхий бүхий бяцарсан хугаралтай... гэжээ.

2021.11.18-ны өдрийн ГССҮТ-н хэвлийн хэт авайн шинжилгээнд: “...Хэвлийн хөндийд, Моррисоны зайд бага зэргийн сул шингэлтэй... гэжээ...ДҮГНЭЛТ

1. Б.Б..........нийн биеийн баруун ууц, сүүжний үе, умдгийн хоёр талын дээд, доод салааг хамарсан аарцгийн цагариг тасарсан хугарал, баруун сүүжний дэлбээний сэлтэрсэн хугарал, хоёр өвдөгт шарх, дух, баруун өвдөгт зулгарал, баруун бугалга, тохой, зүүн шуунд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр, нэг удаагийн үйлдлээр буюу авто ослын үед үүсэх боломжтой.

3. Дээрх гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алагдуулахгүй.

5. Дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.15-д зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 51-53 дахь тал),

 

- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн Тусгай шинжилгээний газрын химийн шинжээчийн 5407 дугаартай дүгнэлтэд

“...Шинжилгээнд ирүүлсэн цуснаас шинжилгээний дээж авч спиртийн зүйл агуулагдаж байгаа эсэхийг тогтоох зорилгоор бихромат калийн исэлдэх урвал дээр үндэслэж шинжилгээг явуулж Unico-7200 спектрофотометр багаж дээр 590 нм долгионы уртад хэмжилтийг 3-н удаа хийж стандарт жиших муруй дээрээс харгалзах тоон утгыг олж тоо хэмжээг тодорхойлоход “Б..........нэ” гэх хаягласан цусанд 1.3 промилли спирт илэрсэн...ДҮГНЭЛТ

1. 2. Шинжилгээнд ирүүлсэн цусны дээж нь шинжилгээнд тэнцэнэ. “Б..........нэ гэж хаягласан цусанд 1.3 промилли спирт илэрсэн. Цусан дахь 1.3 промилли спирт нь согтолтын хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 60-62 дахь тал),

 

- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн Хүний биед хийсэн Шүүх эмнэлгийн үзлэг хийсэн 11647 дугаар дүгнэлт

“... Хэсэг газрын үзлэг: “...Баруун шууны гадна доод хэсэгт 7 см, дотор доод хэсэгт 2.5см, зүүн сарвууны ар хэсэгт 4.5см урт оёдол тавигдсан шархнуудтай. Зүүн гуяны урд дунд хэсэгт 14.х8см захаасаа шарлаж шимэгдэж буй бор шаргал өнгийн цус хуралттай. Баруун шилбэний урд дээд хэсэгт 1х1см, 2.5х1см, 0.8х0.5см хэмжээтэй, зүүн шилбэний урд дээд хэсэгт 4х1 см, 2.5х0.8см, 2х1см хэмжээтэй хүрэн ягаан өнгийн тав тогтсон зулгаралтуудтай...ДҮГНЭЛТ

1. Б.Б..........нын биед баруун шуу, зүүн сарвуунд шарх, зүүн гуянд цус хуралт, хоёр шилбэнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр, нэг удаагийн үйлдлээр буюу авто ослын үед үүсэх боломжтой.

3. Дээрх гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алагдуулахгүй.

5. Дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 40-41 дэх тал),

 

- “Ашид билгүүн” ХХК-ний Автомашин техникийн эвдрэл, хохирлын үнэлгээний 2021 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 1786 дугаартай тайланд: “...Toyota Prius-30 маркийн тээврийн хэрэгслийн зах зээлийн үнэ...17.000.000 төгрөг, Үйлдвэрлэсэн он 2010...орж ирсэн он: 2019.10.03-нд, ...Эзэмшигчийн нэр Э.Ө.........л...тээврийн хэрэгсэлд шууд зардал...13.700.000 төгрөг, шууд бус зардал...820.000 төгрөг...нийт 14.520.000 төгрөг...” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 143-145 дахь тал),

 

- Тээврийн цагдаагийн албаны 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн Мөрдөгчийн 24 дүгээр магадалгаад:

1. Bieben North Benz маркийн ......... улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явсан Д.Э............д нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2 дугаар хавсралтын 1.3-д “үргэлжилсэн хос шугам дөрөв буюу түүнээс олон эгнээгээр зорчдог замд хөдөлгөөний эсрэг урсгалыг тусгаарлана” 1.3 тэмдэглэлийг тээврийн хэрэгслээр давахыг хориглоно.” гэсэн заалтыг зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй байна.

2. Toyota Prius-30 маркийн ......... улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явсан Б.Б..........нэ нь 3.7 а/...эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн...үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно.” Мөн дүрмийн 12.3-д “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсох арга хэмжээ авна.” гэсэн заалтуудыг зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй байна...” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 149-150 дахь тал),

 

- Жолоочийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан хуудаст: “...28-74УНЯ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцож явсан Д.............м овогтой Э............дыг драйгер багаж ашиглан шалгахад 0.00% тоон үзүүлэлт илэрч согтууруулах ундаа хэрэглээгүй болох нь тогтоогдлоо гэх баримт (хавтаст хэргийн 14 дэх тал) зэрэг нотлох баримтаар нэг нь нөгөөгөө үгүйсгэхгүйгээр харилцан уялдаа холбоотойгоор хэргийн бодит байдлыг сэргээн дүрсэлж байна.

Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлсэн юм.

 

1.3.Оролцогчийн эрхийн хэрэгжилт

Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр сэргээн тогтоосон байх бөгөөд хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий шийдвэр гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

1.4.Эрх зүйн дүгнэлт

Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримтад хууль зүйн дүгнэлт хийвэл шүүгдэгч Д.Э............д нь болгоомжгүйгээр Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээ акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2 дугаар хавсралт буюу Замын тэмдэглэлийн 1 дэх зүйлийн 1.3 дахь хэсгийн 1.3-т заасан “(үргэлжилсэн хос шугам)-дөрөв буюу түүнээс олон эгнээгээр зорчдог замд хөдөлгөөний эсрэг урсгалыг тусгаарлана;” гэж, 1.4 дэх хэсэгт “...1.3... тэмдэглэлийг тээврийн хэрэгслээр давахыг хориглоно.” гэснийг зөрчиж  тээврийн хэрэгслээр үргэлжилсэн хос шугамыг давсны улмаас тухайн зорчих хэсгээр хөдөлгөөнд оролцож байсан хохирогч Б.Б..........нэ нь түүний тээврийн хэрэгслийн ар хэсгээс мөргөж өөртөө хүнд зэргийн гэмтэл авсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад заасан Авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэмж хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулж” гэх гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байна.

Өөрөөр хэлбэл шүүгдэгч Д.Э............дын замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн үйлдэл нь хохирогч Б.Б..........нэд учирсан хүнд гэмтэлтэй шууд шалтгаант холбоотой байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн дээрх зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцуулахаар улсын яллагч яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь хууль зүйн үндэслэлтэй байх тул гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

Харин гэмт хэргийн хохирол, хор уршиг ихсэх шалтгаан нөхцөл нь хохирогч Б.Б..........нийн хууль бус үйлдэлтэй холбоотой болохыг тэмдэглэх нь зүйтэй. Тодруулбал хохирогч Б.Б..........нэ нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон, мөн замын хөдөлгөөний дүрмээр тогтоосон хурдыг хэтрүүлэн явсан нь шинжээчийн дүгнэлт болон шүүгдэгч, хохирогч нарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг, тээврийн хэрэгсэлд учирсан гэмтэл зэргээр тодорхойлогдож байна.

1.5. Хохирол, хор уршиг

Зам тээврийн гэмт хэргийн улмаас хохирогч Б.Б..........нэ нь мөрдөн шалгах ажиллагаанд хохирол, хор уршигтай холбоотойгоор эрүүл мэндийн зардалд 3.410.850 төгрөг (хавтаст хэргийн 177-183 дахь тал), тээврийн хэрэгсэлд учирсан эвдрэлийг тодорхойлуулахад 154.000 төгрөг, Toyota Prius-30 маркийн ......... улсын дугаартай тээврийн хэрэгсэлд учирсан нийт 14.520.000 төгрөг (хавтаст хэргийн 143-145 дахь тал) буюу нийт 18.084.850 төгрөгийг баримттайгаар нэхэмжилсэн байна.

Мөрдөн байцаалтад шүүгдэгч Д.Э............д мэдүүлэхдээ “...Би хохирогч Б.Б..........нийн эмчилгээ, эм тарианы зардал болон автомашины хохиролд нийт 18.500.000 төгрөг төлж барагдуулсан...” гэж (хавтаст хэргийн 196 дахь талд),

Хохирогч Б.Б..........нэ мөрдөн шалгах ажиллагаанд гаргасан хүсэлтдээ “...Батсайхан овогтой Б..........нэ миний бие ...машинтай мөргөлдөж эрүүл мэндээрээ хохирсон. Хохирлыг минь ээжийн данс болох 5735....32 дансаар бүрэн барагдуулсан. Иймд цаашид гомдол саналгүй...” гэж (хавтаст хэргийн 184, 210) тус тус илэрхийлсэн.

Түүнчлэн тус хэрэгт иргэний нэхэмжлэгчээр тогтоогдсон Б.Б..........н, Г.Саруул (“Амгалан дулааны станц” ТӨХК) нар нь шүүгдэгчээс баримтаар хохирол, хор уршиг нэхэмжлээгүй байх тул шүүгдэгч Д.Э............дыг энэ тогтоолоор хохирогч, иргэний нэхэмжлэгч нарт төлөх төлбөргүй гэж үзэв.

 

Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:

2.1. Талуудын санал, дүгнэлт

Улсын яллагч: “...шүүгдэгч Д.Э............дыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жил 6 сарын хугацаагаар хасаж, 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх ял оногдуулах, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад зааснаар “...оршин суугаа газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авах дүгнэлтийг...”

Шүүгдэгчийн өмгөөлөгч: “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”, мөн зүйлийн 1.2 дахь заалтад зааснаар “гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид шууд эмнэлгийн, бусад туслалцаа үзүүлсэн, учруулсан хохирлыг төлсөн, мөн зүйлийн 1.4 дэх заалтад зааснаар “хохирогчийн хууль бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдсэн” зэрэг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан миний үйлчлүүлэгчид оногдуулсан эрүүгийн хариуцлагыг хүлээн хүлээн зөвшөөрч байна...” гэх дүгнэлтийг тус тус гаргаж мэргэлцэв.

 

2.2. Эрүүгийн хариуцлага

Хэрэгт авагдсан нотлох баримт болох эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, хохирол, хор уршиг төлсөн талаарх мэдүүлэг, мөрдөгчийн магадалгаа зэргээр шүүгдэгч Д.Э............д нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”, мөн зүйлийн 1.2 дахь заалтад зааснаар “гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид шууд эмнэлгийн, бусад туслалцаа үзүүлсэн, учруулсан хохирлыг төлсөн, мөн зүйлийн 1.4 дэх заалтад зааснаар “хохирогчийн хууль бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдсэн” гэх эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдлыг хангасан байх ба түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан шүүгдэгчийн өмгөөлөгч болон хохирогчийн хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх тухай хүсэлт (хавтаст хэргийн 212, 210 дахь тал), хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх прокурорын тогтоол (хавтаст хэргийн 213-214 дэх тал), хялбаршуулсан журмаар шалгасан хэрэгт ял оногдуулах тухай прокурорын санал (хавтаст хэргийн 219-220 дахь тал),

Шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа, жолоодох эрхийн лавлагаа, оршин суугаа хаягийн тодорхойлолт (хавтаст хэргийн 154, 157, 162 дахь тал), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 205 дахь тал), хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгөтэй талаар холбогдох байгууллагаас авсан лавлагаа (хавтаст хэргийн 158, 159 дэх тал), гэрлэсний бүртгэлийн лавлагаа (хавтаст хэргийн 160 дахь тал), “Амгалан дулааны станц” төрийн өмчит хувьцаат кампани тодорхойлолт (хавтаст хэргийн 156 дахь тал) зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоов.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгдэгч Д.Э............д нь гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирлыг төлсөн, гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, шүүгдэгчийн өмгөөлөгч болон хохирогчоос хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргасныг улсын яллагч хуульд заасны дагуу шийдвэрлэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Иймд шүүгдэгч Д.Э............дод эрүүгийн хариуцлага оногдуулахдаа Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчмыг үндэслэн эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх нөхцөл байдал, түүний гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн зэргийг харгалзан улсын яллагчийн эрүүгийн хариуцлагын дүгнэлтээс шүүгдэгч Д.Э............дод Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, мөн хуулийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад заасан “оршин суух газар, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авах дүгнэлтийг хүлээн авах нь зүйтэй.

Харин улсын яллагчийн дүгнэлтээс Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад заасан “тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жил 6 сарын хугацаагаар хасах” дүгнэлтийг хүлээн авахаас татгалзав.

 Учир нь хэрэгт авагдсан баримтаар гэмт хэргийн хохирол, хор уршгийг ихэсгэсэн нөхцөл байдал нь хохирогчийн хууль бус үйлдэлтэй шууд холбоотой, нөгөөтээгүүр   шүүгдэгч нь хохирогчид учруулсан хохирол, хор уршгийг төлж барагдуулсан, тэрээр 03 сартайгаас 14 насны дөрвөн хүүхэдтэй, эхнэр Г.Оюунаа нь бага насны 03 сартай хүүхдээ асарч байгаад тухайн хэрэг гарсантай холбоотойгоор гэр бүлээ тэжээн тэтгэх үүднээс 2022 оноос “Ойн бирж” шатахуун түгээх станцад ажилд орж хөдөлмөр эрхэлж байгаа, шүүгдэгч нь дээрх гэмт хэрэгт “тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах” ял оногдуулсан тохиолдолд өөр ажил хөдөлмөр эрхлэх боломжгүй нөхцөл байдалтай байна.

Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “...энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг гурван жил хүртэл, түүнээс бага хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол ялаас чөлөөлөх,...” гэсэн хуулийн зохицуулалтыг шүүгдэгч Д.Э............дод хэрэглэж шүүгдэгчид Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад заасан “тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жил 6 сарын хугацаагаар хасах” ял оногдуулж, оногдуулсан ялаас чөлөөлж шийдвэрлэв.

Өөрөөр хэлбэл, Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн дээрх зохицуулалт нь мөн хуулийн 5.2 дугаар зүйлд заасан ялын аль ч төрөлд хамаарах хууль тогтоогч зохицуулсан бөгөөд ийнхүү шийдвэрлэсэн нь улсын яллагчийн эрүүгийн хариуцлагын талаар гаргасан саналын хүрээнд хамаарагдах бөгөөд эрүүгийн хариуцлагын зорилгод заасан “гэмт хэрэг үйлдсэн нөхцөлд” тохирно гэж шүүх үзэв.

 

2.3. Бусад асуудлын талаар

Эрүүгийн 2103 0038 330105 дугаар хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч Д.Э............дын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн ... дугаар үнэмлэхийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц түүнд буцаан олгохоор шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2, 5 дахь хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Боржигон овогт Д.............мийн Э............дыг авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад зааснаар шүүгдэгч Д.Э............дын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 01 (нэг) жил 6 (зургаа) сарын хугацаагаар хасаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасныг журамлан мөн хуулийн тусгай ангид заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 1 (нэг) жилийн хугацаагаар тэнссүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч Д.Э............дод оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жил 6 сарын хугацаагаар хассан ялаас чөлөөлсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад зааснаар шүүгдэгч Д.Э............дыг “оршин суух газраа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг тэнссэн хугацаагаар тогтоосугай.

5. Шүүгдэгч Д.Э............д нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд шүүхээс тогтоосон үүргийг зөрчсөн, санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулж болохыг анхааруулсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар шүүгдэгч Д.Э............д нь жолоодох эрхийн 656268 дугаарын үнэмлэх шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгчид буцаан олгосугай.

7. Хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч нь гомдолгүй нэхэмжлэх зүйлгүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, тэрээр энэ тогтоолоор хохирогч, иргэний нэхэмжлэгч нарт төлөх төлбөргүй, хохирогч нь өөрт учирсан хохирол, хор уршгийн зардлыг иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурдсугай.

8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй

9. Шийтгэх тогтоолыг, шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, хариуцагч тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

10. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                         Г.МӨНХЗУЛ