Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 05 сарын 17 өдөр

Дугаар 2022/ШЦТ/444

 

                                                           

 

 

 

 

 

 

 

 

                                     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн байрны “Д” танхимд Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнхбаяр даргалж,

 

Нарийн бичгийн дарга Б.Мөнхдэлгэр,

Улсын яллагч Ц.Хулан,

Шүүгдэгч Э.Х, түүний өмгөөлөгч Л.Баттогтох нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Э.Х холбогдох эрүүгийн 2211 00105 0629 дугаартай хэргийг 2022 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

  Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

  Монгол Улсын иргэн, Э.Х 1985 оны 02 дугаар сарын 19-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 37 настай, эрэгтэй, дээд боловсролтой, багш мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт Нийслэлийн Баянзүрх дүүргийн 25 дугаар хороо 13 дугаар хороолол 74в-63 тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй боловч Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо Баянмонгол хороолол 408-115 тоотод түр оршин суудаг, урьд ял шийтгүүлж байгаагүй.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:

 

Гэм буруугийн талаар:

 

Шүүгдэгч Э.Х нь  Монре даатгал ХХК-аас даатгалын нөхөн төлбөр авах зорилгоор 2021 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Деллоф интернэт кафед Ай Би И Капитал ББСБ ХХК-ийн 2021 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 21/645 дугаартай даатгалын нөхөн төлбөр авах эрх олгосон албан бичгийг хуурамчаар үйлдсэн болох нь:

 

шүүгдэгч Э.Хаас шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн: “..Мөрдөн шалгах ажиллагааны үед бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна.” гэсэн мэдүүлэг.

Шүүгдэгч Э.Хаас мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “..Ай Би И Капитал ББСБ" ХХК-ийн бичиг баримтыг хуурамчаар үйлдсэн нь үнэн..” гэсэн мэдүүлэг /хх-101/,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч З.Э  мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн:..Манай Ай Би И Капитал ББСБ ХХК-д иргэн Энхтайван овогтой Хадбаатар гэгч нь өөрийнхөө өмчлөлд байсан Тоёота Кроун маркийн 73-00 УБП дугаартай мөнгөлөг өнгийн автомашинаа барьцаанд тавьж 8 сая төгрөгийн зээл авч байсан юм, тэгээд тэр хүн өөрөө 2021 оны 11 дүгээр сарын эхээр манай компанид барьцаанд тавьсан байсан машинаараа явж байгаад зам тээврийн осол гаргаж даатгалын компаниас мөнгө авах гэж хандсан байсан тэгээд тэр нь манай компанийн нэр дээр байдаг машин байсан тул даатгалын компани нь албан бичиг шаардсан байсан. Тэгээд Э.Х нь манайд хандаж бичиг авах гэтэл манай компаниас өөрийнхөө дансыг уг албан тоотод бичсэн байсан тул Э.Х нь уг албан тоотыг хуурамчаар үйлдэж түүндээ өөрийнхөө овог, нэр, дансны дугаар зэргийг оруулж бичээд тэр Монре даатгалд өгсөн байсан. ..хуурамч бичиг баримтаар Э.Хт даатгалын нөхөн төлбөр болох 1.270.000 төгрөг шилжүүлэн өгсөн байсан юм. Ингээд манай компанийн албан тоот бичиг баримтыг хуурамчаар үйлдсэн байсан тул бид нар танайд гомдлоо гаргаж өгсөн..” гэсэн мэдүүлэг /хх-42/,

 

Гэрч М.Т мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүллсэн: “..Би өөрөө "Ай Би И Капитал ББСБ" ХХК- д эдийн засагч хийдэг. ..Э.Х нь манай компаниас өөрийнхөө машинаа барьцаанд тавьж мөнгө зээлсэн байгаа тэгээд тэр машин нь болохоор манай компанийн нэр дээр байдаг тэр хүн машинаараа гадуур явж байгаад зам тээврийн осолд өртсөн байсан тэгээд түүнийхээ даатгалын мөнгийг хөөцөлдөж байсан тэгээд тэр үедээ манай компаниас бичиг аваад тэр бичгээрээ даатгалаас мөнгө төгрөг авах ёстой байсан юм байна лээ, үүндээ манай компани нь түүнийг нь зөвшөөрөхгүй байсан яагаад гэвэл барьцаанд байгаа машин нь манай компанийн нэр дээр байгаа тэгээд уг даатгалаас орж ирэх мөнгө төгрөг нь манай компани дээр орж ирэх ёстой байсан юм нэг ёсондоо тэр албан бичигт нь компанийн данс байсан гэсэн үг юм, тэгээд түүнийгээ Э.Х нь өөрчилж бичээд өөрийнхөө банкны дансыг бичиж өгөөд тэр даатгалаас мөнгө авсан байдаг..” гэсэн мэдүүлэг /хх-23-24/,

 

Гэрч Э.Э мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн:..Нөхөн төлбөрийг шийдвэрлэхдээ компанийн албан бичгийг авдаг, тэрнээс биш уг компаниас очиж болон ирүүлж авна гэсэн ойлголт байхгүй ээ. Тухайн 21/645 тоот албан бичиг нь өөрөө компанийн албан бланк дээр бичсэн тамга тэмдэгтэй байсан юм.. Цагдаагийн тодорхойлолт энэ систем дээр шивэгдсэн байдаг, манай даатгалын гэрээт баталгаа, Даатгалын шуурхай албаны тэмдэглэл, хоёр талын тээврийн хэрэгслийн гэрчилгээ, тэгээд хохирлын үнэлгээ, ослын газрын зураг, тээврийн хэрэгсэл нь аль нэг байгууллагын нэр дээр байвал тэр байгууллагын албан бичиг байх ёстой..” гэсэн мэдүүлэг /хх-94/,

Үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх фидукцийн гэрээний хуулбар /хх-59-60/, Зээлийн дансны хуулга /хх-62/, Шинжээчийн 2022 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 673 дугаартай дүгнэлт /хх-47-49/, шүүгдэгч Э.Хын иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-34/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-31/ зэрэг шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

Шүүгдэгч Э.Хын дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “эрх олгосон баримт бичийг хуурамчаар үйлдсэн” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байна гэж үзэж түүнийг гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч Э.Х нь улсын яллагчаас яллаж буй Эрүүгийн хуулийн зүйл заалт, гэм буруугийн талаар маргаагүй болно.

                                      

Эрүүгийн хариуцлагын талаар:

 

Шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдаанд шүүгдэгч Э.Х болон түүний өмгөөлөгчийн зүгээс хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр хүсэлт гаргасан бөгөөд шүүх хүсэлтийг хүлээн авч захирамж  гаргасан болно.

 

Шүүх хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг  явуулсан бөгөөд шүүгдэгч Э.Хт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэм буруугаа хүлээсэн, бусдад учруулсан хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, хохиролыг төлсөн байдал, прокурорын санал зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан торгох ялын төрөл хэмжээний дотор 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулах, уг ялыг шүүгдэгчийн хувийн байдал, ам бүлийн байдал зэргийг харгалзан шийтгэх тогтоол  хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 3 сарын хугацаанд төлөхийг даалгаж шийдвэрлэв.

 

Шүүгдэгч Э.Хт торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольдог болохыг сануулав.

 

Бусад асуудлын талаар:

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөс нэхэмжлэх зүйлгүй гэсэн тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Шүүгдэгч Э.Х нь цагдан хоригдоогүй, түүний бусад эрхийг хязгаарлаагүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдав.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Э.Х Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “эрх олгосон баримт бичийг хуурамчаар үйлдсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Хыг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Хт оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000  төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 3 сарын хугацаанд төлөхийг даалгасугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Э.Х нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольдог болохыг сануулсугай.

 

5. Шүүгдэгч Э.Х нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, бусад эрхийг хязгаарлаагүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Э.Хт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.

 

7. Прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

                                  ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                              Б.МӨНХБАЯР