Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 05 сарын 24 өдөр

Дугаар 2022/ШЦТ/407

 

 

 

 

 

 

 

 

     2022        5            24                                      2022/ШЦТ/407

 

                          

 

                               МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч О.Жанчивнямбуу даргалж

хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Алтансувд хөтлөн

улсын яллагч Т.Баянмөнх

шүүгдэгч Р.Б, түүний өмгөөлөгч Т.Мөнхцэцэг

нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн **** тоот хэргийг, 2022 оны 5 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, *** оны * дүгээр сарын **-нд Ховд аймагт төрсөн, 52 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, Барс-1 захад талбайн үйлчлэгчээр ажиллаж байгаа гэх, ам бүл 4; эхнэр, 2 хүүхдийн хамт Баянгол дүүргийн 22 дугаар хороо, Зүүннарангийн 13 дугаар гудамж 184 Б тоотод оршин суух,

ял шийтгэл:

1. 1992 оны 1 дүгээр сарын 01-ний өдөр 1986 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 2 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар,

2. Ховд аймгийн Эрүүгийн хэргийн шүүхийн 1994 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн №01 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 123 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 3 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгүүлж улмаар 1996 оны 7 дугаар сарын 03-ны өдөр шүүгчийн 457 дугаар захирамжаар хугацааны өмнө тэнсэн суллагдсан гэх,

*** регистрийн дугаартай, Б овогт Ргийн Б

 

Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр;

Шүүгдэгч Р.Б согтуурсан үедээ 2021 оны 10 дугаар сарын 22-ны шөнө 00:00 цагийн үед Баянгол дүүргийн 22 дугаар хороо, Зүүннарангийн ** дугаар гудамж *** тоот хашаан дотор “хараалын үг хэлж, хэл амаар доромжилсон” гэх шалтгаанаар хэрүүл, маргаан үүсгэж улмаар хохирогч Д.Сын толгой, нүүр хэсэг рүү хагас түрийтэй гутлаар цохиж, зодон түүний эрүүл мэндэд “зүүн баруун нүдний дээд, доод зовхины цус хуралт, дух, сарвууны арьсны зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүгдэгч Р.Б шүүх хуралдаанд мэдүүлэхдээ:

Хэргийн талаар ярих шаардлагагүй, хохирогч Сыг зодсон нь үнэн. Хохирлыг төлж барагдуулах болно. Би БГД-ийн Тохижилт үйлчилгээний компанид хог ачигчаар ажиллаж байсан ажлаасаа гарсан. Одоо Барс-1 захад талбайн цэвэрлэгчээр ажиллаж байгаа. Надад сарын 660.000 төгрөгийн цалин өгнө гэсэн гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүх хавтаст хэрэгт авагдсан шийтгэх болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг шинжлэн судлахад мөрдөн шалгах ажиллагааны явцад

хохирогч Дгийн С “... 2021 оны 10 дугаар сарын 22-ны өдөр танил залуу болох А намайг гэрт ирээд хашаандаа граж дээр юм хийлцээд өгөөч гэхээр нь Баянгол дүүргийн 22 дугаар хороо, 13-149 тоотод байрлах гэрт нь ирээд Атэй хамт юмыг нь хийлцэж дуусаад граж дотор нь байж байсан. Б 2.5 литрийн пиво бариад буцаж ирээд Эрдэнэчимэг бид хоёрыг дуудаад хамт ууя гээд байсан. Би гэрт орж ууя гэхэд Б орохгүй гээд байсан. Тэгээд нөгөө пивоо задлаад надад хийж өгөхөөр нь би амсаад буцаагаад өгсөн. Эрдэнэчимэг, Б хоёр нөгөө пиво хувааж ууж байхдаа Б Эрдэнэчимэгийн гарыг бариад байхаар нь би боль гэж хэлээд Эрдэнэчимэгийг Агийн гэр рүү оруулах гэтэл Б гэр рүү орж яах юм бэ гээд орохгүй байхаар нь би Быг хогийн пункер минь наад хүүхнээ зүгээр байлга гэж хэлсэн. Тэгтэл Б чи намайг хогийн пункер минь гэж хэллээ гээд намайг заамдаад авсан. Би бас заамдаад авсан чинь би халтираад шалан дээр унасан. Б миний цээжин дээр суугаад алаад өгье, газартай нь тэгшлээд өгье гэж хэлээд миний толгой руу гутлаар нэлээн хэдэн удаа цохиод зодсон” /хх-н 10-11/ гэж,

гэрч Дийн А “... 2021 оны 10 дугаар сарын 22-ны өдөр 20 цагийн үед Баянгол дүүргийн 22 дугаар хороо Зүүннарангийн 13-149 тоотод байрлах гэрийнхээ хашаанд муу усны нүх ухаад дуусчихаад гэр рүүгээ орж явсан чинь манай танил Б гэх хүн өнгөрч явсан. Тэгтэл хамт ажил хийлцэж байсан С ах Бг гэрт ороод хоол идээч гэж дуудаад бид нар манай гэр рүү орж хоол идсэн. Тухайн үед С ах Эрдэнэчимэг гэх эмэгтэйтэй хамт явж байсан. С ах намайг пиво аваад өг гэхээр нь би 2.5 литрийн хэмжээтэй Нийслэл пиво авчихаад өгөөгүй байж байсан чинь Б дэлгүүр ороод 2.5 литрийн хэмжээтэй нэг пиво авч ирээд захисан пивоо авъя гэхээр нь би авсан пивоо гаргаж өгчихөөд таксинд явахаар гарсан. Тэгсэн чинь 01 цагийн орчим манай эхнэр О над руу утсаар яриад С ах Бд зодуулчихлаа, нүд ам нь аймаар болчихсон байна, хурдан хүрээд ир гэхээр нь гэрт яваад очсон чинь Б байхгүй С ах зодуулсан байдалтай баруун нүд нь хавдчихсан, хамраас нь цус гарчихсан байсан” /хх-н 19-20/ гэж,

гэрч Ч-ын О “... тухайн өдөр Б, С ахтай манай хашааны гражинд пиво ууцгааж байсан. Би гэрээс гарахад Б газартай нь тэгшилнэ гээд орилоод босохоор нь хүүхдүүдээ унтуулчихаад гараад очсон чинь С ах зодуулчихлаа гээд зогсож байсан. С ахын хоёр нүд хавдаад улаан хүрэн болчихсон цус гарсан байсан. Тухайн үед Б ах их согтсон байсан, С ах согтоогүй байсан” /хх-н 22-24/ гэж тус тус мэдүүлжээ.

 

Түүнчлэн шүүгдэгч Р-гийн Б “… тухайн үед А, С болон Сын найз эмэгтэй, Аий эхнэр О нар байсан. О, А хоёр гэртээ жаахан хүүхдүүдтэйгээ байсан бөгөөд гэрт уугаад яах юм гэж хоорондоо ярилцаад Аий хашаан дотор байрлах граж руу орсон. Би дэлгүүр ороод 2.5 литрийн Нийслэл нэртэй пиво аваад граж дотор С болон түүний найз эмэгтэйн хамт хувааж ууцгаасан. Тэр үед А том 2.5 литрийн хэмжээтэй Боргио пиво авчирч өгчихөөд ажилтай гээд яваад өгсөн. Тэгээд Аий авчирсан пивыг С, мөн түүний найз эмэгтэйн хамт гурвуулаа хувааж уусан. Тухайн үед би Сын найз эмэгтэйд чи Саас олон насаар дүү байж ийм хөгшин хүнтэй уулзаж учирч болохгүй гээд юм ярьж байтал С гэнэт чи миний хайртай эмэгтэйд юу яриад байгаа юм, гар хөлийг барилаа гэхээр нь би хөгшин хүн ийм хүнтэй хардаад байхдаа яах вэ дээ гэсэн чинь өөдөөс уурлаад миний хөгшин байна уу залуу байна уу огт хамаагүй, хогийн пункер минь, чам шиг хог түүж амьдардаггүй гэснээ гутлаараа миний хойноос цохиод авахаар нь би гутлыг нь аваад өөрийг нь хоёр удаа цохьчихоод гражаас гараад гэр рүүгээ харьсан. Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Ст учирсан хохирлыг төлж барагдуулна” /хх-н 51-53/ гэж мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлсэн байна.

 

Хохирогчийн гэмтэлтэй холбоотой “... Д.Сын биед зүүн баруун нүдний дээд, доод зовхины цус хуралт, дух сарвууны арьсны зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг болсон гэх тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй гэсэн 10316 тоот дүгнэлтийг Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч гаргасан /хх-н 30-31/ ба эдгээр баримтууд нь шүүгдэгч Р.Бын гэм буруутайг нотолно.

 

Шүүгдэгч Р.Бд холбогдох энэ хэргийг 2022 оны 3 дугаар сарын 21-ний өдөр шүүгчийн 441 дугаартай захирамжаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр прокурорт буцаасан[1] бөгөөд мөрдөн шалгах ажиллагаа дахин явагдаж уг зөрчлийг арилгасан байна гэж үзэв.

 

Иймд шүүгдэгч Б овогт Ргийн Быг “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял оногдуулах нь зүйтэй.

 

Шүүхээс шүүгдэгч Р.Бд ял оногдуулахдаа “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний ... үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн Шударга ёсны зарчмыг баримтлахыг зэрэгцээ бусдад учруулсан хохирлоо нөхөн төлсөн эсэх байдлыг харгалзав.

 

Хохирол төлбөрийн хувьд:

Хохирогч Д.С нь мөрдөн шалгах ажиллагааны явцад 207.400 төгрөгийн хохирлын баримт гаргаж өгсөн /хх-н 28-29/ бөгөөд шүүгдэгч Р.Б уг хохирлыг төлж барагдуулаагүй байх тул уг хохирлыг шүүгдэгчээс гаргуулахаар шийдвэрлэлээ.

 

Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагчаас шүүгдэгч Р.Бд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 720 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах санал,

шүүгдэгчийн өмгөөлөгчөөс гаргасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдэхэд хохирогчийн зүй бус үйлдэл нөлөөлсөн, мөн шүүгдэгчийн өөрийгөө илэрхийлэх, түүний боловсролын байдлыг харгалзах нь зүйтэй гэснийг шүүх тус тус дүгнээд нийтэд тустай ажил хийлгэх ялын хугацааг 240 цагаар тогтоов.

 

Шүүгдэгч Р.Б цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгө үгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй дурдья.

 

Монгол Улсын Шүүхийн тухай /шинэчилсэн найруулга/ хуулийн 22 дугаар зүйлийн 22.1 дэх хэсэг, 22.4 дэх хэсгийн 22.4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36 дугаар бүлгийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйл, 36.3 дугаар зүйл, 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 37 дугаар бүлгийн 37.1 дүгээр зүйлд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Б овогт Р-гийн Б-ыг “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Р.Б-ыг 240 /хоёр зуун дөч/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

 

3. Шүүгдэгч Р.Б нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд мэдэгдсүгэй.

 

4. Шүүгдэгч Р.Б цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө үгүйг дурдсугай.

 

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Р.Баас 207.400 /хоёр зуун долоон мянга дөрвөн зуун/ төгрөг гаргуулж хохирогч Д.С-т олгосугай.

 

6. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолыг эс зөвшөөрвөл шийтгэх тогтоол гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, өмгөөлөгч, хохирогч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

7. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл Р.Б-д урьд авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.  

 

 

 

              ДАРГАЛАГЧ,

                ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                     О.ЖАНЧИВНЯМБУУ

 

 

[1] Хавтаст хэргийн 80-81