Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 03 сарын 02 өдөр

Дугаар 2022/ШЦТ/271

 

 

 

 

 

 

 

   2022           03             02                                       2022/ШЦТ/271

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Мөнхзул даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Жавхлан,

улсын яллагч Б.Энэрэл,

шүүгдэгч А.Ү..........яа нарыг оролцуулан тус шүүхийн “А-1” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгчийг 2108 0286 30270 дугаартай хэрэгт  холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн 1 хавтаст хэргийг 2022 оны 3 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Боржигин овогт А........лийн Ү..........яа, Монгол Улсын иргэн, Төв аймгийн Зуунмод суманд 1996 оны 6 дугаар сарын 01-ний өдөр төрсөн, эмэгтэй, 25 настай, бүрэн бус дунд боловсролтой, Шинжлэх ухаан технологийн их сургуулийн 3 дугаар дамжаанд суралцаж байсан, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эмэг эх, эх, 1 хүүхдийн хамт амьдардаг, Сонгинохайрхан дүүргийн 10 дугаар хороо Зүүн баян уулын  21 дүгээр гудамжны 42 тоотод байнга, Төв аймгийн Зуунмод сумын 2 дугаар баг, 10 дугаар гудамжны 02 тоотод түр оршин сууж байгаа гэх хаягтай, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, регистрийн дугаар НЭ96060124.

 

Холбогдсон хэргийн талаар яллах дүгнэлтэд дурдсанаар:

Шүүгдэгч А.Ү..........яа нь 2021 оны 8 дугаар сарын 20-ны өдрөөс 2021 оны 9 дүгээр сарын 05-ы өдөр хүртэлх хугацаанд “Монжүүс” ХХК-д худалдааны төлөөлөгчөөр ажиллаж байхдаа харилцагч 9 аж ахуйн нэгжид борлуулсан барааныхаа төлбөрийг өөрийн дансаар болон бэлнээр авч хувьдаа завшсаны улмаас бусдад 2.036.008 төгрөгийн хохирол учруулсан үйлдэлдээ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

 

 ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

1.1.Шүүхээс тогтоосон үйл баримт

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтыг дүгнэвэл.

Шүүгдэгч А.Ү..........яа нь 2021 оны 06 дугаар сарын 04-ны өдрөөс “Монжүүс” ХХК-н борлуулалтын албанд 3 сарын туршилтын хугацаатай худалдааны төлөөлөгчөөр ажиллаж байсан байна. Ийнхүү ажиллаж байх хугацаанд нь тус компанийн борлуулалтын менежер П.О............г нь 2021 оны 8 дугаар сарын 17-ны өдөр “...хөдөлмөрийн гэрээнд заагдсан ажлын чиг үүргийг гүйцэтгээгүй, ажлын цагаар ажиллахгүй өгсөн үүрэг даалгавар биелүүлэлгүй, аман сануулга өгсөөр байтал норм биелүүлээгүй...” гэх шалтгаанаар ажлаас чөлөөлнө, ажлаа өг гэх шаардлага тавихад нь тэрээр “ажилласан хугацааны цалингаа өөрөө олж авна” гэх сэдлээр “Монжүүс” ХХК-н 9 аж ахуйн нэгжид борлуулсан бүтээгдэхүүний төлбөрийг 2021 оны 8 дугаар сарын 20-ны өдрөөс 2021 оны 9 дүгээр сарын 05-ы өдөр хүртэлх хугацаанд өөрийн дансаар болон бэлнээр 1.865.078 төгрөгийг авч, хохирол учруулсан хэргийн нөхцөл байдал буюу үйл баримтыг тогтоогдов.

 

1.2 Нотлох баримтын үнэлгээ

Улсын яллагчийн шинжлэн судалсан нотлох баримтуудаар дээр дурдсан хэргийн нөхцөл байдал эргэлзээгүй тогтоогдсон болно. Тухайлбал

- Хохирогч П.С............рын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Сонгинохайрхан дүүргийн 38 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “Монжүүс” ХХК-д тооцооны нягтлан бодогчоор ажилладаг. Манай байгууллагын худалдааны төлөөлөгч байсан А.Ү..........яа нь манай байгууллагаас 1.865.078 төгрөгийг хувьдаа завшсан байсан. Тийм болохоор цагдаагийн байгууллагад өргөдөл гаргасан. А.Ү..........яа нь 2021 оны 8 дугаар сарын 30-ны өдөр шалтгаангүйгээр ажлаа хаяж явсан юм. Ямар учиртайг тодруулахад А.Ү..........яагийн хариуцсан бүс болох Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт байрлах “Киви, Шинэ хүнс, Натур зах, Ус ундаа, Түц офицер хойд 1, Шинэ үе, Энх миний маркет, Шинэ сондор, Сайн, Бүжин, гэх нэртэй дээрх 9 ширхэг хүнсний дэлгүүрээс байгууллагын барааг зарж тухайн барааны мөнгийг өөрийн “ХААН” банкны 5721....34 дугаартай дансанд авсан байсан. Би өөрийн биеэр дээрх дэлгүүр дээр явж шалгаж холбогдох материалыг бүрдүүлсэн байгаа. Уг дэлгүүрийн хүмүүст А.Ү..........яа нь хэлэхдээ манай байгууллагын данс хаагдсан, энэ данс нь манай захирал болон нягтлангийн данс гэж худал хэлж өөрийн дансанд барааны мөнгийг авсан байсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 11-12 дахь тал),

“...Худалдааны төлөөлөгч Ү..........яа нь манай байгууллагад учруулсан хохирлыг 100 хувь буюу 1.865.078 төгрөгийг төлж барагдуулсан учир одоо бол ямар нэгэн гомдол санал хүсэлт байхгүй...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 94-95 дахь тал)

- Гэрч М.Э............агийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би Баянзүрх дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт Хаппи таун хотхоны 73 дугаар байрны “Киви” дэлгүүрт худалдагч хийдэг. ...Манай дэлгүүр “Монжүүс” ХХК-аас соруултай сүү, соруултай ундаа зэрэг бүтээгдэхүүнээ авдаг. 2021 оны 9 дүгээр сарын дундуур ... “Монжүүс” ХХК-ийн түгээгч 25-30 орчим насны хүн манай дэлгүүрт бараа авчирч өгөөд манайх тэр дороо авсан барааны төлбөр болох 93.500 төгрөгийг “ХААН” банкны 5037230061 данснаас түгээгчийн ХААН банкны данс руу шилжүүлсэн. ...Урьд нь манайх уг компаниас бараа авахдаа байгууллагынх нь данс руу мөнгөө шилжүүлдэг байсан. Тэгээд ямар учиртайг нь асуухад би өөрийнхөө дансанд орлого цуглуулж байгаад байгууллагатай бэлнээр тушаана” гэж хэлсэн...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 17 дахь тал),

-Гэрч Нуртайн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Манайх “Бүжин” дэлгүүр ажиллуулдаг. Манайд “Монжүүс” ХХК-аас ундаа борлуулалтаар ирдэг би Ү..........яа гэж худалдааны төлөөлөгч нь бараагаа буулгаж аваад өөрийн данс руу 269.000 төгрөгийн бараа авч тэр даруй мөнгийг нь би өгөөд дууссан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 96 дахь тал)

- Гэрч Ч.Б............ржийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2021 оны 8 дугаар сарын сүүлээр “Монжүүс” ХХК-аас худалдааны төлөөлөгч Ү..........яа нь 153.803 төгрөгийн бараа худалдан авч ирсэн охинд мөнгийг нь бэлнээр өгч явуулсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 98 дахь тал)

- Гэрч Ц.Б............аагийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2014 оноос хойш офицеруудын ордны хойд талын автобусны буудал дээр ТҮЦ ажиллуулж байна. 2021 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр “Монжүүс” ХХК-н ажилтан Ү..........яа миний гар утас руу залгаад миний данс руу өнөөдрийн тооцоог хийчих гэхээр нь надад бэлэн мөнгө байхгүй байсан учир өөрийнх нь данс руу 99.600 төгрөг шилжүүлэн өгч тооцоо дууссан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 100 дахь тал)

- Гэрч Д.Х:::::::::::::гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Манай дэлгүүр “Монжүүс” ХХК-аас 2021 оны 8 дугаар сарын 20-ны өдөр 173.473 төгрөгийн үнэ бүхий ундаа, жүүс худалдан авч тэр даруйд мөнгийг нь Ү..........яа гэх худалдааны төлөөлөгчийнх нь 5721.....34 тоот данс руу “Энх миний маркет 94114298” гэх утгатай шилжүүлж тооцоог дуусгасан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 102 дахь тал),

- Гэрч П.Од........лагийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...А.Ү..........яа манай байгууллагад 2021 оны 6 дугаар сарын 04-ний өдрөөс эхлэн хөдөлмөрийн гэрээ байгуулан ... худалдааны төлөөлөгчөөр ажиллаж байсан. ...Сүүлд хөдөлмөрийн гэрээ дээр заагдсан ажлын чиг үүрэг, өгсөн үүрэг даалгавар биелүүлэх, ажлын цагаар ажиллахгүй, өмнө нь аман сануулга өгсөөр байтал гүйцэтгээгүй, норм биелүүлэхгүй, явах ёстой газраа явахгүй байсан учраас 2021 оны 8 дугаар сарын 17-ны өдөр би Ү..........яатай уулзаж “ажлаас чинь чөлөөлнө, энэ хугацаанд дутуу ажлаа гүйцээ, авлага, өглөгөө авч борлуулалтын орлогоо дуусгаад, ажлаа өг” гэдэг шаардлага тавьснаас хойш энэ хүнтэй уулзаж холбогдож чадаагүй юм. ...Ү..........яа миний дор ажилладаг, би хариуцаж ажилладаг худалдааны төлөөлөгч юм. Тухайн үед бол албан ёсоор ажлаас чөлөөлөгдөөгүй, гэхдээ би бол “чамайг ажлаас чөлөөлнө, дээрх алдаа дутагдлыг гаргаж байна” гэдгийг тайлбарлаж хэлээд явуулсан. ...Ү..........яа 7 сарын гүйцэтгэл хангаагүй учир дутуу цалин өгсөн, харин түүнд 8 сарын хугацааны цалинг нь өгөөгүй. Учир нь өөрөө тойрох хуудсаа зуруулж хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгоогүй...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 70-71 дэх тал),

- Хөдөлмөрийн гэрээ (хавтаст хэргийн 36-37 дахь тал), шүүгдэгч А.Ү..........яагийн “ХААН” банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга (хавтаст хэргийн 57-59 дэх тал),

- Шүүгдэгч А.Ү..........яагийн мөрдөн байцаалтад өгсөн: “...2021 оны 6 дугаар сарын 04-ний өдрөөс эхлэн ажиллаж эхэлсэн. Миний ажил бол үйлдвэрээс гарч байгаа бараа бүтээгдэхүүнийг харилцагч нарт танилцуулах захиалга авч миний авсан захиалгын дагуу араас түгээгч нар нь явж барааг нь түгээж өгдөг байсан юм. Тэгээд намайг ажиллаж байх хугацаанд ...2021 оны 8 дугаар сарын 17-ны өдөр О............г менежер намайг дуудаж уулзаад “өнөөдрөөс эхлэн чамайг ажлаас чинь чөлөөлж байна, маргаашаас ирэх хэрэггүй” гэхээр нь би “яаж байгаа юм бэ?” гэхэд “өмнөх сар авах ёстой цалингаас чинь суутгалаа суутгаагүй чамд өгчихсөн учир энэ сард ямар ч цалин олгох боломжгүй ээ, чи тэгээд энд ингээд цалин авахгүй ажиллаж яах гээд байгаа юм бэ?” гэхээр нь би “тэгвэл би ядаж энэ сарыг дуусгаад өр авлагаа цэгцлээд дараагийн хүнээ бэлдээд гаръя, тэгээд цалин мөнгөө бодуулаад ажлаасаа гаръя” гэж хэлсэн юм. Тэгэхэд орны чинь хүнийг бэлдчихсэн, цалин мөнгө угаасаа чамд олгогдохгүй юм чинь хий дэмий ажиллаад яах вэ өнөөдрөөс гар гэж хэлсэн. Уг нь анх намайг ажилд авахдаа сарын 1.3 сая төгрөгөөр цалинжуулна гэж хэлж байсан боловч тийм хэмжээний цалин өгч байгаагүй бөгөөд тэр үед миний зээл өр авлага нэхэгдээд байсан учир би өөрийн захиалга авсан дэлгүүрүүд рүү залгаж мессеж бичиж “Монжүүс” ХХК-ний худалдааны төлөөлөгч байна. Танайх тооцоогоо хийгээрэй гэж хэлээд өөрийнхөө хаан банкны 5721....34 дугаарын дансыг өгөхөд тухайн дэлгүүрүүд над руу тооцоо болгож мөнгө хийсэн. Үүнийг нь би байгууллагад тушаагаагүй, хувьдаа зарцуулсан нь үнэн...би яг өөрөө явж захилга авсан дэлгүүрээс нийт 2.036.008 төгрөг өөрийн дансаар шилжүүлэн авсан бөгөөд тухайн мөнгөнөөс “Монжүүс” ХХК-руу 90.240 төгрөг дансаар шилжүүлэн өгч үлдэгдэл мөнгийг нь би өөрөө хувийн хэрэгцээндээ хэрэглэчихсэн юм....” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 114-115 дахь тал) зэрэг нотлох баримтаар нэг нь нөгөөгөө үгүйсгэхгүйгээр харилцан уялдаа холбоотойгоор хэргийн бодит байдлыг сэргээн дүрсэлж байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч А.Ү..........яа “...мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж мэдүүлэх зүйлгүй, гэм буруу дээр маргахгүй...” гэснийг дурдах нь зүйтэй.

Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлсэн юм.

 

1.3.Оролцогчийн эрхийн хэрэгжилт

Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр сэргээн тогтоосон байх бөгөөд хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий шийдвэр гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч А.Ү..........яа нь бүрэн дунд боловсролтой, монгол хэл, бичиг мэддэг бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг шүүхэд бичгээр гаргасан тул шүүх хуралдааныг өмгөөлөгчгүйгээр явуулсан болохыг тэмдэглэв.

 

1.4.Эрх зүйн дүгнэлт

Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримтад хууль зүйн дүгнэлт хийвэл шүүгдэгч А.Ү..........яа нь “ажлаас халах шийдвэр гаргасан, 8 сард ажилласан ажлын хөлсөө өөрөө олж авна” гэх сэдэлтээр, “Монжүүс” ХХК-д худалдааны төлөөлөгчөөр ажиллаж байхдаа шууд санаатай үйлдлээр бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө буюу бараа бүтээгдэхүүний үнэ болох 1.865.078 төгрөгийг завшсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангасан байна.

Эд хөрөнгө бусдын итгэмжлэл, хариуцлагад хууль ёсоор шилжих гэдгийг аж ахуй нэгж, байгууллага, иргэдээс өөрийн өмчийг хариуцуулахаар үүрэг хүлээсэн, эсхүл хууль буюу гэрээнд зарим тохиолдолд итгэлцлийн үндсэн дээр захиран зарцуулах эрхгүйгээр бусдын өмчийг итгэмжлэн хариуцах үүрэг хүлээхийг хэлж буйг ойлгодог.

Тухайн эд хөрөнгөтэй харьцах хууль ёсны эрх бүхий этгээдийн хувьд эд хөрөнгөтэй харьцахаар зөвшөөрөгдсөн хэмжээ хязгаар, хараа хяналтдаа байлгаж буй эрх хэмжээ нь зүйлчлэлийн гол шалгуур тул онцгой анхааран үзэх шаардлагатай байдаг.

Шүүгдэгч А.Ү..........яагийн үйлдэлд дүн шинжилгээ хийхэд, А.Ү..........яа нь хөдөлмөрийн гэрээний үндсэн дээр бусдын итгэмжлэн хариуцуулсан орлогын мөнгийг завшсан үйлдлийг хангаж байх тул түүнийг эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хөрөнгө завших гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжүүдийг бүрэн хангаж байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Тиймээс Шүүгдэгч А.Ү..........яаг Эрүүгийн хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Харин тухайн гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл нь “Монжүүс” ХХК-ийн холбогдох албан тушаалтны хууль бус үйлдэл буюу хөдөлмөр эрхэлж байгаа этгээдийг үндэслэлгүйгээр “ажлаас чөлөөлнө, алдаа дутагдлыг гаргасан, төлөвлөгөө норм биелүүлээгүй” гэх хууль бус дарамтаас болж гэмт хэрэг үйлдэгдсэн байна гэж шүүх үзэв.

 

1.5. Хохирол, хор уршиг

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч П.С............рт буюу “МОН ЖҮҮС” ХХК-нд 1.865.078 төгрөгийн хохирол учирснаас шүүгдэгч нь дээрх хохирлыг бүрэн төлж барагдуулсан байна. Мөн хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэдгээ мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй болохыг тогтоолд дурдах нь зүйтэй.

 

Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:

2.1. Талуудын санал, дүгнэлт

Улсын яллагч: “...Улсын яллагчаас шүүгдэгч А.Ү..........яаг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 6 сарын хугацаагаар тэнсэж, мөн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.5 дахь заалтад заасан “Зан үйлээ засах сургалтад хамрагдах, Оршин суух газраа өөрчлөх бол хяналт тавьж буй эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авах дүгнэлтийг...”

Шүүгдэгч нь улсын яллагчийн гаргасан эрүүгийн хариуцлагын дүгнэлтийг хөнгөрүүлж өгнө үү гэх дүгнэлтийг...” гэх дүгнэлтийг тус тус гаргаж мэтгэлцэв.

 

2.2. Эрүүгийн хариуцлага

Шүүгдэгч А.Ү..........яа нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”, мөн зүйлийн 1.2 дахь заалтад заасан гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлыг төлсөн” байгааг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон ба түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

- Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан шүүгдэгчийн хялбаршуулах журмаар шийдвэрлэх тухай хүсэлт (хавтаст хэргийн 121 дэх тал), хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх прокурорын тогтоол (хавтаст хэргийн 122 дахь тал), хялбаршуулсан журмаар шалгасан хэрэгт ял оногдуулах тухай прокурорын санал (хавтаст хэргийн 123 дахь тал),

- Шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа, оршин суугаа хаягийн тодорхойлолт (хавтаст хэргийн 79, 78 дахь тал), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 82 дахь тал), хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгөтэй талаар холбогдох байгууллагаас авсан лавлагаа (хавтаст хэргийн 76, 77 дахь тал), гэрлэсний бүртгэлгүй лавлагаа (хавтаст хэргийн 75 дахь тал), төрсний бүртгэлийн лавлагаа (хавтаст хэргийн 80 дахь тал), нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт (хавтаст хэргийн 81 дэх тал), хохирол төлсөн талаарх баримт (хавтаст хэргийн 85 дахь тал) зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоов.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгдэгч А.Ү..........яа, хохирогч П.С............р нарын хэн аль нь хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасныг улсын яллагч хуульд заасны дагуу шийдвэрлэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Иймд шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хүрээнд шүүгдэгч А.Ү..........яаг гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, бусдад учруулсан хохирлыг төлж барагдуулсан гэх хувийн байдлыг харгалзан улсын яллагчийн саналын хүрээнд шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж, түүний хувийн байдал, гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлын хэр хэмжээг үндэслэн түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар түүнд оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялаас шүүхээс чөлөөлж шийдвэрлэх нь  гэмт хэргээс урьдчилан сэргийлэх эрүүгийн хариуцлагын зорилгод нийцнэ гэж үзэв.

Түүнчлэн шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хуулийн тусгай ангид заасан ял оногдуулж, оногдуулсан ялаас түүнийг чөлөөлж шийдвэрлэсэн тул улсын яллагчийн албадлагын арга хэмжээ авхуулах тухай саналыг хүлээн авахаас татгалзав.

Харин улсын яллагчаас яллагдагчид оногдуулах ялын төрөл, хэмжээ, ялаас чөлөөлөх, ял оногдуулахгүй тэнсэж албадлагын арга хэмжээ хэрэглэх тухай санал үйлдэхдээ Эрүүгийн хуулийн холбогдох зүйл хэсгийг журамлаагүй, мөн хуулийг буруу тайлбарлаж ял оногдуулах санал гаргасан байгааг тэмдэглэх нь зүйтэй гэж үзэв.

 

2.3. Бусад асуудлын талаар

Эрүүгийн 2108 0286 30270 дугаар хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, түүний иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2, 5 дахь хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Боржигин овогт А........лийн Ү..........яаг бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан буюу Эрүүгийн хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн буруутайд тооцсугай.

2. Шүүгдэгч А.Ү..........яад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 (зургаа) сарын хугацаагаар зорчих эрхийн хязгаарлах ял шийтгэсүгэй.

3. Шүүгдэгч А.Ү..........яаг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаас чөлөөлсүгэй.

4. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд хөрөнгө үгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч нь нэхэмжлэх зүйлгүй, шүүгдэгч нь энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, тэрээр цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.

5. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

6. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

7. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            Г.МӨНХЗУЛ