Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 05 сарын 24 өдөр

Дугаар 2022/ШЦТ/408

 

 

 

 

 

 

 

 

    2022         5            24                                      2022/ШЦТ/408

 

 

                          

                               МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч О.Жанчивнямбуу даргалж

хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Алтансувд хөтлөн

улсын яллагч Г.Онон

шүүгдэгч Б.Б

хохирогч Х.Э

нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Нийслэлийн Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн **** дугаартай, 1 хавтас хэргийг 2022 оны 5 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, *** оны * дүгээр сарын **-нд Улаанбаатар хотод төрсөн, 26 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “Дүүрэн Фүүд” ХХКомпаний бургерийн цехэд ажилладаг гэх, ам бүл 8; эцэг, эх, дүү нарын хамт Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хороо, Тоосгоны ** гудамж, ** тоотод оршин суух,

ял шийтгэл:

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 2 дугаар сарын 24-ний өдрийн 12 А дугаар шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт заасныг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 болгон хөнгөрүүлэн өөрчилж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 71 дүгээр зүйлийн 71.1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлагаас чөлөөлж, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт зааснаар уг гэмт хэргийг хэрэгсэхгүй болгосон,

*** дугаарын регистртэй Б овогт Бгийн Б

 

Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр;

Шүүгдэгч Б.Б 2021 оны 12 дугаар сарын 10-аас 11-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 6 дугаар хороо, “Улаанбаатар палас” дотор хохирогч Х.Э-ын нүүрэн тус газар гараараа цохих зэргээр халдаж түүний биед “зүүн хошоор ясны цөмөрсөн хугарал, зүүн дээд зовхинд шарх, зөөлөн эдийн няцрал” бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан” гэх “хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүгдэгч Б.Б шүүх хуралдаанд мэдүүлэхдээ:

Хохирогчийг зодсон гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хохирлыг төлөөгүй байгаа. 130.000 төгрөг өгөх гэсэн боловч холбогдож чадахгүй байсан гэв.

Хохирогч Х.Э шүүх хуралдаанд мэдүүлэхдээ:

Тухайн өдөр UB palace-н хажууд байрлах караоке орсон. Бид нар гадаа гараад тамхи татаж байтал манай нэг найзыг араас нь дуудаад, энэ хүмүүсийн нэг нь хавирч унагаасан. Тэгэхээр нь би очоод хэлтэл намайг нэг нь цохисон. Би цусаа тогтоох гэж байсан. Бий хажууд байсан найзууд нь дайраад байсан. Энэ хүмүүс зугтаах гээд байсан. Би зугтаалгахгүй гээд цохисон хүнтэй нь уулзах гэж байгаад машин дээр нь очсон. Би машинтай хэсэг чирүүлсэн. Эд нарын эмэгтэй найз нь Гэмтлийн эмнэлэг хамт явъя гээд явсан. Гэтэл маргаашаас нь алга болчихсон.

Гомдолтой, хохирлоо барагдуулж авмаар байна. Хавтаст хэрэгт 130.000 төгрөгийн баримт байгаа. Харин хагалгааны зардал 3.6 сая орчим төгрөг болно гэж эмч тодорхойлолт бичиж өгсөн. Энэ мөнгийг шүүгдэгчээс гаргуулах хүсэлтэй байна гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүх хавтаст хэрэгт авагдсан шийтгэх болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг шинжлэн судлахад мөрдөн шалгах ажиллагааны явцад

хохирогч Х-ны Э “... 2021 оны 12 дугаар сарын 10-ны орой 23 цагийн үед найзууд болох Ц, Золбаяр нарын хамт Улаанбаатар палас дотор байдаг караокед орсон. Тэр караокед манай найз А ажилладаг юм. Бид нар караокед өрөөнд орж дуулаад 1 шил архи ууж 2 цаг дуулж суусан ба би архи ууж чаддаггүй учир 3 шил пиво уусан. Манай хоёр найз архинаас уусан. Караокеноос 01 цаг өнгөрч байхад гараад тамхи татах тамхины цэг рүү явж байтал Ц гээд манай найзыг тэр хүмүүс хавирч унагаасан. Би салгах гээд гүйгээд очтол хэн нь мэдэгдэхгүй нэг хүний гар орж ирээд миний зүүн талын нүд рүү цохисон. Би нүдээ бариад зогсож байтал дахиж нэг хүн миний хамар руу цохисон. Хэн цохисныг хараагүй. Би хоёр цохиулаад нүд харанхуйлаад доошоо суусан. Шинжээчийн дүгнэлтэд надад ямар нэгэн санал хүсэлт байхгүй. Хамгийн эхэнд шууд зүүн нүд рүүгээ цохиулах үед энэ гэмтэл үүссэн байх гэж бодож байна. Шууд цохиулаад би доошоо суусан. Яг намайг хэн цохисныг бол мэдэхгүй байна. Тухайн үед бид нартай маргалдсан хүмүүс эрэгтэй, эмэгтэй нийлээд 20 гаруй хүн байсан. Миний санахад Цг би салгах гээд очиход хар хөх өнгийн костюм пиджак өмссөн залуу над руу гүйж ирсэн, тэр хүнийг намайг цохисон байх гэж бодож байна. Би хамрын хагалгаанд орж хамраа тэгшлүүлмээр байна. Нүдээ цохиулснаас болж сорвитой болсон, сорвио эмчлүүлмээр байна./хх-н 26/ гэж,

“... караокены үүдэнд тамхи татаад зогсож байхад хэсэг залуучууд гарч ирээд манай найз руу эхлээд дайрсан. Манай найзыг хавираад унагахаар нь би очоод салгах гэхэд миний хамар хэсэгт нэг залуу гараараа нэг удаа цохиод авсан. Тэгээд би газар унасан. Миний зүүн нүдний хөмсөгний доод хэсэг язарч, хамар хэсэг хавдаж хөхөрсөн байсан. Миний биед учирсан гэмтлийг нэг залуу цохисон. Тэр залуу нь одоо Б гээд байгаа залуу.” /хх-н 65/ гэж,

гэрч Б-гийн Ч “... караокед бөөнөөрөө нийлж дуулж ууцгааж байгаад шөнийн 03 цагийн үед караокеноос гарах гээд байж байтал караокены гадна үүдэнд А, А, Б нар хэсэг залуучуудтай маргалдаж байхаар нь Аыг манай ажлын Жунай гэх залуу татаж холдуулсан, Аыг Б татаж аваад холдуулсан. Энэ үед Б тэр хүмүүстэй ганцаараа үлдсэн байх шиг байсан. Тэгээд караокеноос гараад очсон чинь өлгүүрийн хажууд тэр хэдтэй маргалдаж байсан залуу нүүрээ дараад сууж байсан. Найзууд нь ирчхээд манай найзыг цохисон залууг гаргаад ир, тэрийг чинь адилхан болгоно гээд байсан, цохиулсан залуу ахыгаа дуудна гэж орилоод байхаар нь би тэр залууд Гэмтлийн эмнэлэг оръё, үзүүлье, боолгоё гэж хэлээд хамт Гэмтлийн эмнэлэг орсон. Миний тааж байгаагаар Б л тэр залууг цохисон гэж бодож байна” /хх-н 24-25/ гэж,

гэрч О-ын А “... караокеноос гараад иртэл жижигхэн биетэй шар залуу манай ажлын Итай маргалдаад зогсож байсан. Би очоод Иыг татаад караоке руу оруулчихаад буцаад гараад иртэл А 4 залуутай маргалдаад зогсож байсан. А нэг өндөрдүү залууг мөргөөд унагаахаар нь би арай махлаг улаан цамцтай залууг цохих гэтэл манай ажлын Ц намайг татаад аваад явсан. Ц намайг татаж авч байхад Б цаанаас гүйж ирж байгаа харагдсан. Жижигхэн шар биетэй залуу “намайг костюм пиджак өмссөн залуу цохисон, би ална” гээд байсан. И жинсэн өмдтэй, саарал өнгийн даавуун урдаа зурагтай цамц өмссөн байсан. Б шоотой хөх өнгийн костюм пиджак өмссөн байсан. А хослол өмссөн байсан шиг санагдаж байна. Гадуураа хар өнгийн цагаан ханцуйтай нацист куртик өмссөн байсан.” /хх-н 29-30/ гэж тус тус мэдүүлжээ.

 

Хохирогчийн гэмтэлтэй холбоотой “... Х.Эын биед зүүн хошоор ясны цөмөрсөн хугарал, зүүн дээд зовхинд шарх, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой гэмтэл байна. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэсэн 630 тоот дүгнэлтийг Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч гаргасан байна. /хх-н 44-45/

 

Шүүгдэгч Б-гийн Б мөрдөн шалгах ажиллагааны явцад “... Улаанбаатар палас дотор байх караокед манай компанийн ажилчид үйлчлүүлсэн. Би ороод дуулаад байж байхад надад 3 аяга архи хундагалж өгсөн. Караокед дуулж байгаад цаг дуусаад караокены үүдэнд А, А, Ч, Идэрбат, Энхжаргал эгч бид нар тамхилаад Идэрээ, А нар хоорондоо юм яриад байж байтал цаанаас нь нэг залуу “яасан гэнэ ээ” гээд хүрээд ирсэн. Гэтэл А өөдөөс нь очоод яасан гэнэ ээ гээд барьцалдаж aваад байж байхаар нь би очиж салгаад байж байтал цаанаас нь нэг залуу гүйгээд ирэхээр нь би нэг удаа хамар хэсэг рүү нь цохичихсон. Тэгсэн Буянхишиг намайг салгаад А, А нарыг салгаад тэгээд би шууд гэр рүүгээ явчихсан. Надаас өөр хүн зодсон, зодоон болсон асуудал байхгүй. Нэг залуу гүйгээд ирэхээр нь би намайг цохих гэж байна гэж бодоод хамар руу нь нэг удаа цохичихсон” гэж мэдүүлсэн байна.

 

Иймд прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл нь хэргийн үйл баримтад нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг ноцтой зөрчсөн зөрчилгүй, хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байна гэж шүүх дүгнээд

шүүгдэгч Б овогт Б-гийн Бийг “хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял оногдуулж шийдвэрлэлээ.

 

Шүүгдэгч Б.Бий хувийн байдалтай холбоотой:

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-н 51-53, 95/, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 2 дугаар сарын 24-ний өдрийн 12 А дугаар шийтгэх тогтоол, Оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-н 50/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 47/.

 

Хохирол төлбөрийн хувьд:

Хохирогч Х.Э “... би эмчилгээний зардалд 4.500.000 төгрөг нэхэмжилж байна” /хх-н 65/ гэж мэдүүлсэн бөгөөд мөрдөн шалгах ажиллагааны явцад 130.000 төгрөгийн хохирлын баримт гаргаж өгсөн байна. Уг хохирлыг шүүгдэгч Б.Б төлж барагдуулаагүй тул түүнээс гаргуулж хохирогчид олгох нь зүйтэй.

 

Түүнчлэн “ЭМЖЖ” чих, хамар, хоолойн эмч Сугарын Батжаргал 2022 оны 3 дугаар сарын 17-ны өдрөөр огноолж, өвчтөн Х.Э-ын мэс ажилбарын зардал 3.668.332 төгрөг болно гэсэн “Тодорхойлолт” бичжээ. /хх-н 94/

Гэвч хохирогч буюу өвчтөн Х.Э-ын энэ гэмт хэргийн улмаас учирсан гэх эмчилгээ, мэс ажилбар бодитой хийгдээгүй байх тул хохирлын мөнгийг гаргуулах боломжгүй байна. Харин түүний нэхэмжлэл гаргах эрхийг нээлттэй үлдээв.

 

Шүүхээс шүүгдэгч Б.Б-д ял оногдуулахдаа “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний ... үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн Шударга ёсны зарчмыг баримтлав.

 

Тухайлбал улсын яллагч Г.Онон шүүгдэгч Б.Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 төгрөгөөр торгох ял оногдуулах санал шүүхэд оруулж байгааг бодит байдал нийцэхгүй гэж шүүх үзлээ.

Учир нь, бусдад учруулсан хохирлоос нэг ч төгрөг төлөгдөөгүй байхад шүүгдэгчид торгох ял оногдуулах нь зохимжгүй юм.

 

Нөгөө талаас гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино гэсэн Эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлж шүүхээс шүүгдэгч Б.Б-д зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулав.

 

Шүүгдэгч Б.Б цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйл, битүүмжлэгдсэн хөрөнгө үгүйг дурдах нь зүйтэй.

 

Шүүгдэгч Б.Б шүүх хуралдаанд өмгөөлөгчгүйгээр оролцох хүсэлтийг бичгээр гаргасан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн заалтад нийцнэ.

 

Монгол Улсын Шүүхийн тухай /шинэчилсэн найруулга/ хуулийн 22 дугаар зүйлийн 22.1 дэх хэсэг, 22.4 дэх хэсгийн 22.4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36 дугаар бүлгийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйл, 36.3 дугаар зүйл, 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 37 дугаар бүлгийн 37.1 дүгээр зүйлд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Б овогт Б-гийн Бийг “хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Бийг 10 /арав/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсүгэй.

 

3. Шүүгдэгч Б.Б-д оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг Улаанбаатар хотын нутаг дэвсгэрээс гадагш зорчихгүй байхаар тогтоож, уг ялд хяналт тавихыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.

 

4. Шүүгдэгч Б.Б зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг түүнд мэдэгдсүгэй.

 

5. Шүүгдэгч Б.Б цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүйг дурдсугай.

 

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-ээс 130.000 /нэг зуун гучин мянга/ төгрөг гаргуулж хохирогч Х.Э-д олгож,

хохирогч Х.Э цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримт бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар жич нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээсүгэй.

 

7. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолыг эс зөвшөөрвөл шийтгэх тогтоол гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, өмгөөлөгч, хохирогч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

8. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл Б.Б-д урьд авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.  

 

 

 

 

              ДАРГАЛАГЧ,

                ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                     О.ЖАНЧИВНЯМБУУ