Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 05 сарын 07 өдөр

Дугаар 422

 

                                                             Д.Ж-д холбогдох эрүүгийн

                                                                       хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч О.Чулуунцэцэг, М.Алдар нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

          прокурор С.Оюунжаргал,

          хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Б-н өмгөөлөгч Б.Дагиймаа,

          шүүгдэгч Д.Ж-ны өмгөөлөгч Г.Энхтүвшин,

          нарийн бичгийн дарга О.Отгонцэцэг нарыг оролцуулан,

      Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Дэлгэрмөрөн даргалж хийсэн шүүх хуралдааны 2019 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн 2019/ШЦТ/416 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Б-н өмгөөлөгч Б.Дагиймаа болон шүүгдэгч Д.Ж-ны өмгөөлөгч Г.Энхтүвшин, Б.Отгончимэг нарын хамтран гаргасан давж заалдах гомдлуудаар Д.Ж-д холбогдох 1803 00414 0021 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр хүлээн авч, шүүгч М.Алдарын илтгэснээр хянан хэлэлцэв.

Б овгийн Д-н Ж, 19.. оны .. дугаар сарын ..-ны өдөр ........ аймагт төрсөн, .. настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, нөхөр, хүүхдүүдийн хамт ........... аймгийн ................дугаар баг, ... дугаар зөрлөгт оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД: ........../;

Д.Ж нь 2018 оны 5 дугаар сарын 10-ны шөнийн 00 цаг 20 минутын үед Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэр, Хонхор эмэгтэйчүүдийн хорих ангийн урд замд Н.Ө-ны эзэмшлийн “Тоёота Рав-4” загварын, 71-53 УНБ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2.3-т “Жолооч дор дурдсан үүрэг хүлээнэ: а/ хөдөлгөөнд оролцохын өмнө буюу замд явахдаа энэ дүрмийн 2 дугаар хавсралтад заасан зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах; Тээврийн хэрэгслийн ... харанхуй буюу үзэгдэлт хангалтгүй үед зөв талын хол, ойрын болон ар талын оврын гэрлүүд асахгүй болсон ... бол хөдөлгөөнөө үргэлжлүүлэхийг хориглоно. Хөдөлгөөнд оролцож явах үед тээврийн хэрэгсэлд дээр дурдсанаас бусад гэмтэл (энэ дүрмийн 2 дугаар хавсралтад заасан) тохиолдвол түүнийг засах, хэрэв бололцоогүй бол аюулгүй байдлыг хангаж аль ойр байгаа зогсоол (гарааш) буюу засварын газарт очно" гэж, мөн дүрмийн 2 дугаар хавсралт 5.3-т “Гадна талын гэрэлтүүлэх хэрэгсэл, эргэх дохио бохирдсон, асахгүй буюу бүдэг асдаг” гэж, мөн дүрмийн 9.2-т “Жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэж тус тус заасныг зөрчсөний улмаас явган зорчигч С.Б-Э-г мөргөж, эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Тээврийн прокурорын газраас: Д.Ж-ны үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Д.Ж-г автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-д зааснаар шүүгдэгч Д.Ж-г тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, 2 жил 1 сарын хугацаагаар хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Д.Ж-д оногдуулсан 2 жил 1 сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, Д.Ж нь бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Б нь энэ хэрэгтэй холбоотой гарсан зардлаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар иргэний журмаар жич нэхэмжпэх эрхтэйг дурдаж, Эрүүгийн хуулийн ерөнхий хуулийн 7.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Ж-д оногдуулсан 2 жил 1 сарын хугацаагаар хорих ялыг 1 жилийн хугацаагаар хойшлуулж, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн шүүгдэгч Д.Ж-ны 810504 дугаартай жолоочийн үнэмлэхийг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраар дамжуулан Лицензийн төвд хүргүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар Д.Ж-д оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ялыг 1 жилийн хугацаагаар хойшлуулсан хугацааг дууссан үеэс эхлэн тоолохыг мэдэгдэж шийдвэрлэжээ.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Б-н өмгөөлөгч Б.Дагиймаа давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Шүүх хавтас хэрэгт авагдсан нотлох баримтын шаардлага хангасан эмчилгээний төлбөрт зарцуулсан гэх 363.884 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулах нь зүйтэй. ..." гэж үзэж, олох байсан орлого буюу цалин 4.857.841 төгрөгийг иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсан байдаг. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно” гэж, мөн хуулийн 2.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүх гэмт хэргийн хохирол, хор уршгийг тодорхойлж, бодит хохирлыг нөхөн төлүүлэх, хор уршгийг арилгахад гарах зардлын мөнгөн дүнгээр илэрхийлэгдэх хэмжээг тогтооно” гэж тус тус заасан. Үүнээс үзэхэд, анхан шатны шүүх хор уршгийг арилгахад гарах зардлыг тогтоох боломжтой байсан гэж үзэж байна.

Учир нь, хохирогч нь тухайн зам тээврийн ослын улмаас 2018 оны 5 дугаар сарын                  10-ны өдрөөс эхлэн өвчний акттай байж байгаад 2018 оны 7 дугаар сарын 6-ны өдөр нас барсан бөгөөд энэ нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогддог. Хохирогч нь осолд орсны улмаас ажилдаа явж чадаагүй бөгөөд энэ хугацаанд олох байсан орлого буюу 4.857.841 төгрөг хор уршигт тооцогдоно. /нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх лавлагаагаар сард дунджаар 1.619.283.74 төгрөг буюу 2018 оны 7 дугаар сар хүртэлх байдлаар нийт 4.857.841.52 болж байгаа./ Энэ нь хохирогчийн нийгмийн даатгалын шимтгэлийн лавлагаа, өвчний акттай байсан хугацаа зэргээр тогтоогдож байгаа. Иймд шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, Д.Ж-с хохирогчийн өвчтэй байх хугацаандаа олох байсан орлого буюу 4.857.841 төгрөгийг гаргуулахаар шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч Д.Ж-ны өмгөөлөгч Г.Энхтүвшин, Б.Отгончимэг нар хамтран гаргасан давж заалдах гомдолдоо: “... Хэргийн товч утга: Д.Ж нь Налайх дүүргээс Улаанбаатар хот руу тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцон явж байх үед түүнийг баруун гар талаас, өөрөөр хэлбэл замын хойд хэсгээс явган зорчигч гэнэт 2 метрийн зайд машины баруун урдуур орж ирсэн бөгөөд Д.Ж зогсоох арга хэмжээ авахын хооронд явган зорчигч баруун урд гэрэл хэсэгт мөргөгдөн, копут дээр унаж, машины салхины шил хагарч жолоочид юм харагдахгүй болсон ч зогсоох арга хэмжээ авсны хүчинд тээврийн хэрэгсэл 17 м зайд өнхөрч зогссон. Хохирогчид тухайн үедээ хүнд гэмтэл учирч эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж, шинжээчийн дүгнэлтээр жолоочийг буруугүй гэж үзсэн. Хохирогч явган хүний гарцгүй газар, өөрийгөө удирдан жолоодох чадваргүй согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ замын хөдөлгөөнд оролцсон буруутай байсны улмаас хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн. Хохирогч С.Б-Э эмнэлэгт эмчлүүлж гарснаас хойш согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсний улмаас архины хордлогод орж нас барсан. Энэ үеэс эхлэн хохирогчийн ар гэрийнхэн Д.Ж-г 6.000.000 төгрөг төлөхийг шаардаж эхэлсэн бөгөөд Ж “төлөх үндэслэлгүй” гэж хэлэхэд нь прокурорт гомдол гаргаснаар хэргийг сэргээсэн байна.

Гомдлын үндэслэл: 1. 3амын хөдөлгөөний дүрмийн 1 дэх заалтад нийтлэг үндэслэлийг заасан. Уг заалтад “Замын хөдөлгөөн” нийтийн хэрэгцээний зам дээр явганаар болон тээврийн хэрэгслээр хүн ба ачаа шилжих үйл ажиллагаа, “Замын хөдөлгөөнд оролцогч” замаар яваа жолооч, явган зорчигч болон тээврийн хэрэгслээр зорчигч “Зам тавьж өгөх” замын хөдөлгөөнд оролцогч нь давуу эрх бүхий хөдөлгөөнд оролцогчийн хөдөлгөөний хурд чигийг өөрчлөхөд нөлөөлөхгүйн тулд хөдөлгөөнөө эхлэхгүй буюу үргэжлүүлэхгүй байх.”, “Давуу эрх” бусад замын хөдөлгөөнд оролцогчоос хөдөлгөөнөө урьтан хийх эрх гэж тодорхойлжээ. “Зайлшгүй зогсолт” жолооч зам дээр саад бий болсон зэргээс аюул учирч болзошгүй үед ... тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг зогсоох үйлдэл гэж тодорхойлжээ.

Хохирогч С.Б-Э Замын хөдөлгөөний дүрмийн Нийтлэг үндэслэлд заасан замын хөдөлгөөнд оролцогч мөн. Тэрээр тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд нөлөөлөхгүй, өөрийн хөдөлгөөнөө эхлэхгүй буюу үргэжлүүлэхгүй байх үүрэгтэй байсан атал тээврийн хэрэгслийн урдуур зорчих хэсэг рүү орж мөргүүлсэн. Жолооч 2м зайд 50км/цагийн хурдтай явж байгаа тээврийн хэрэгслийг огцом, тэр даруй зогсоох боломж байхгүй тул зорчигч мөргүүлсэн байдаг. Уг тээврийн хэрэгслийн тоормозны систем нь АВС төхөөрөмжтэй, машин огцом зогсох боломжгүй болохыг шинжээч Б.Амарсанаа шүүхэд өгсөн мэдүүлэгтээ мэдүүлсэн учир тус тээврийн хэрэгсэл нь 17 метрээс бага зайд өнхөрч зогсох боломжгүй. Өөрөөр хэлбэл, дүрэм зөрчсөн явган зорчигчийг мөргөхгүй байх боломжгүй болох нь тогтоогдож байна. АВС төхөөрөмжтэй тээврийн хэрэгсэл нь тэр болгон тоормозны мөр гардаггүй, хурдаа бага хэмжээгээр сааруулж зогсох үйлдэл явагддаг байна. Түүнчлэн хохирогч С.Б-Э нь Замын хөдөлгөөний дүрмийн 3.4-т “явган зорчигч нь явган хүний гарц ба гарам байхгүй бол замын дагуу хоёр тийш сайн харагдах, саадгүй хэсгээр, ойрхон ирж яваа тээврийн хэрэгслийг өнгөрүүлэн эгц хөндлөн гарна” гэсэн заалтыг зөрчсөнөөс уг зам тээврийн осол гарсан болох нь шинжээчийн дүгнэлт, шүүгдэгчийн мэдүүлэг, хохирогчийн мэдүүлгээр тогтоогдсон. 2018 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 87 дугаартай шинжээчийн дүгнэлт бүрэн бус гарсан байх бөгөөд өмгөөлөгчийн зүгээс “Шүүхийн шинжилгээний тухай” хуульд заасны дагуу нэмэлт шинжилгээ хийлгэх, туршилт явуулах хүсэлтийг мөрдөн байцаалт болон прокурорын шатанд гаргаж байсан. Мөрдөгч болон прокурорын зүгээс урьд гаргасан шинжээчийн дүгнэлт бүрэн, үнэн зөв гэж үзэн хүсэлтийг хүлээн авахаас татгалзсан.

87 дугаартай шинжээчийн дүгнэлтийг гаргасан шинжээчид шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэг өгсөн. Шинжээч замын хөдөлгөөний дүрмийн 9.2 дахь заалтыг зөрчсөн гэж үзэх үндэслэлээ М.Гарьд, Б.Амарсанаа нар жолооч 17 метр яваад зогссон гэж тайлбарласан нь шинжээчийн дүгнэлт шинжлэх ухааны үндэслэлтэй байх шаардлагад нийцээгүй чухам юунд тулгуурлан дүгнэлт гаргаж байгаа нь тодорхойгүй гэж үзэхээр байна. Шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэг өгсөн шинжээч Б.Амарсанаа, М.Гарьд нар өмгөөлөгчийн асуултад хариулахдаа “тээврийн хэрэгслийн тоормосны мөргүй байгаа учраас зогсоох арга хэмжээ аваагүй” гэж үзэж байгаагаа тайлбарласан болно. Дээрх хариулт нь шинжлэх ухааны үндэслэлтэй тайлбар нотолгоо мөн эсэх нь эргэлзээтэй.

Мөрдөн байцаалтын шатанд мөрдөгч ШУТИС-д албан бичгээр хандахдаа 50 км/цагийн хурдтай яваа тээврийн хэрэгсэл нь зогсоох арга хэмжээ авахад хичнээн метр замыг туулж зогсох боломжтой болохыг тогтоосон судалгаа байгаа эсэхийг лавлахад ШУТИС-аас “энэ талаар судалгаа байхгүй, харин 50 км цагийн хурдтай яваа тээврийн хэрэгслийг хэдэн метр яваад зогсохыг бүрэн тогтоох боломжтой, бидэнд албан ёсоор шинжээч томилж ирүүлбэл хариултыг өгнө” гэсэн хариуг албан бичгээр өгсөн байхад энэ ажиллагааг хийгээгүй. Шинжээчийн дүгнэлт үнэн зөв эсэх нь эргэлзээтэй, хэрэгт хамааралтай нөхцөл байдлыг тогтооход шинжээчийн тусгай мэдлэг хүрэлцэхгүй байгаагаас шинжээч мөрдөгчийн тавьсан асуултад бүрэн хариулт өгөөгүй байдаг. Шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх ёстой байтал шүүх дээрх эргэлзээтэй нотлох баримтад тулгуурлан шүүгдэгчийг гэм буруутайд тооцож байгааг тогтоолд заасан дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, дүгнэлтэд ноцтойгоор нөлөөлж болох нөхцөл байдлыг шүүх анхаарч үзэлгүй орхигдуулсан гэж үзэхээр байна.

Иймд 2019 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн 2019/ШЦТ/416 дугаартай шийтгэх тогтоолыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 1.3 дахь заалтад заасан үндэслэлээр бүхэлд нь хүчингүй болгож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасны дагуу Д.Ж-д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгаж өгнө үү. ...” гэжээ.

Шүүгдэгч Д.Ж-ны өмгөөлөгч Г.Энхтүвшин тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Д.Ж-д ял шийтгэл оногдуулсан гол үндэслэл нь Замын хөдөлгөөний дүрмийн 9.2-т заасныг зөрчсөн гэж дүгнэсэн.  Жолоочийг зогсоох арга хэмжээ аваагүй гэсэн шинжээчийн дүгнэлт гарсан. Харанхуй шөнө, үзэгдэх орчингүй нөхцөлд хар хувцастай хүнийг харах боломжгүй. АВС тоормосны механизмтай автомашин тасалдсан байдлаар тоормос гишгэх үед ажилладаг. ШУТИС-ийн шинжээчийн дүгнэлт гаргуулж, энэ талаар туршилт хийлгэхээр хүсэлт гаргасан боловч хүлээж аваагүй. ... “Жолооч хөдөлгөөний аюул саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийг зогсоох арга хэмжээ авна” гэж Замын хөдөлгөөний дүрмийн 9.2-т заасан. Ж нь аюул саад болохыг мэдээд зогсоох арга хэмжээ авсан. Шинжээч шүүх хуралдаанд “... хохирогч тээврийн хэрэгслийн салхины шилийг мөргөөд газар унахад нь машин доороо хийгээд 17 метр чирээд явсан. ...” гэж мэдүүлдэг. Энэ мэдүүлгээс үзэхэд шинжээч нь ослыг ямар байдлаар гарсныг мэдэхгүй байсан гэж үзэхээр байна. ... Мөн хохирогч нь биеэ авч явах чадваргүй байсан нь тогтоогдсон. Шүүхийн шийтгэх тогтоол нь хуульд нийцэхгүй, эргэлзээтэй байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасны дагуу Д.Ж-д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгаж өгнө үү. ...” гэв.

Прокурор С.Оюунжаргал тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “... Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль зүйн үндэслэл бүхий гарсан гэж үзэж байна. Цалин хөлсний зөрүү, акттай байсан хугацааны цалингийн талаар хангалттай баримт хэрэгт авагдаагүй тул шүүх нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй. Жолооч А, Б цэгийг зааж, хэргийн газрын үзлэгт оролцсон. Явган зорчигч автомашинд мөргүүлээд шилэн дээр нь ойгоод газар унахад нь 17 метр чирээд явсан. Үүний улмаас хохирогчийн бие автомашины янданд түлэгдэж гэмтэл учирсан. Замын хөдөлгөөний дүрмийн 9.2-т заасан зогсоох арга хэмжээ авах үүргээ биелүүлээгүй болох нь хэрэгт авагдсан баримтаар хангалттай тогтоогдсон. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв.

                                                         ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянав.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулсан, хэргийн үйл баримт, гэм бурууг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчөөгүй байна.

Д.Ж нь 2018 оны 5 дугаар сарын 10-ны шөнийн 00 цаг 20 минутын үед Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэр, хуучнаар Хонхор дахь эмэгтэйчүүдийн хорих ангийн урд замд Н.Ө-ны эзэмшлийн “Тоёота Рав-4” загварын, 71-53 УНБ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2.3-т “Жолооч дор дурдсан үүрэг хүлээнэ: а/ хөдөлгөөнд оролцохын өмнө буюу замд явахдаа энэ дүрмийн 2 дугаар хавсралтад заасан зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах; Тээврийн хэрэгслийн  ... харанхуй буюу үзэгдэлт хангалтгүй үед зөв талын хол, ойрын болон ар талын оврын гэрлүүд асахгүй болсон ... бол хөдөлгөөнөө үргэлжлүүлэхийг хориглоно. Хөдөлгөөнд оролцож явах үед тээврийн хэрэгсэлд дээр дурдсанаас бусад гэмтэл (энэ дүрмийн 2 дугаар хавсралтад заасан) тохиолдвол түүнийг засах, хэрэв бололцоогүй бол аюулгүй байдлыг хангаж, аль ойр байгаа зогсоол буюу засварын газарт очно” гэж, мөн дүрмийн 2 дугаар хавсралт 5.3-т “Гадна талын гэрэлтүүлэх хэрэгсэл, эргэх дохио бохирдсон, асахгүй буюу бүдэг асдаг” гэж, мөн дүрмийн 9.2-т “Жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэж тус тус заасныг зөрчсөний улмаас явган зорчигч С.Б-Э-г мөргөж, эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

Хохирогч С.Б-Э /1 хх 31/, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Б /1 хх 41-42/, гэрч У.М /1 хх 58/, шинжээч Б.Ербулан /1 хх 59-60/ нарын мэдүүлгүүд,

зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, хэмжилтийн бүдүүвч болон гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 хх 18-24/, хохирогч С.Б-Э-н өвчний түүхийн хуулбар /1 хх 68-78/,

“Авто тээврийн үндэсний төв” ТӨҮГ Баянзүрх техникийн хяналтын үзлэгийн төвийн                  “... “Тоyota Rav-4” загварын 71-53 УНБ улсын дугаартай тээврийн хэрэгслийн ... урд 2 их гэрлийн тусгалын чадал хол дээрээ стандартын шаардлага хангахгүй байна. Автомашины ерөнхий байдал иж бүрдлийн хувьд: Баруун талын их гэрлийн шил хагарсан, урд салхины шил 70х20 см орчим талбайд хагарч бяцарсан, копуд баруун хэсгээрээ 20х70 см орчим талбайд хонхойсон байдалтай байсан. ... Автомашины баруун болон зүүн гар талын холын гэрлийн чадал нь стандартын шаардлага хангахгүй байгаа нь тухайн зам тээврийн осолд харагдах орчинг хязгаарлаж нөлөөлөх боломжтой. ...” гэх 28268 дугаартай шинжээчийн дүгнэлт /1 хх 87-90/,

Замын цагдаагийн албаны техникийн шинжээчийн “... Жолооч Д.Ж нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2.3 “Жолооч дор дурдсан үүрэг хүлээнэ, а/ хөдөлгөөнд оролцохын өмнө буюу замд явахдаа энэ дүрмийн 2 дугаар хавсралтад заасан зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах, Тээврийн хэрэгслийн ажлын тоормосны систем, жолооны механизм ажиллахгүй болсон, чиргүүлийн холбоос эвдэрсэн, харанхуй буюу үзэгдэлт хангалтгүй үед зөв талын хол, ойрын болон ар талын оврын гэрлүүд асахгүй болсон, цас, бороо орж байгаа үед жолоочийн талын шил арчуур ажиллахгүй бол хөдөлгөөнөө үргэлжлүүлэхийг хориглоно. Хөдөлгөөнд оролцож явах үед тээврийн хэрэгсэлд дээр дурдсанаас бусад гэмтэл тохиолдвол түүнийг засах, хэрэв бололцоогүй бол аюулгүй байдлыг хангаж, аль ойр байгаа зогсоол буюу засварын газарт очно. 5. Гэрэлтүүлэх хэрэгсэл, 5.3 Гадна талын гэрэлтүүлэх хэрэгсэл, эргэх дохио бохирдсон, асахгүй буюу бүдэг асдаг гэсэн заалтыг зөрчсөн нь үндэслэлтэй байна. ...” гэх 394 дугаартай нэмэлт дүгнэлт /1 хх 97-98/,

Тээврийн цагдаагийн албаны бүрэлдэхүүнтэй шинжээчийн “... Д.Ж нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2.3 “Жолооч дор дурдсан үүрэг хүлээнэ, а/ хөдөлгөөнд оролцохын өмнө буюу замд явахдаа энэ дүрмийн 2 дугаар хавсралтад заасан зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах, Тээврийн хэрэгслийн ажлын тоормосны систем, жолооны механизм ажиллахгүй болсон, ... харанхуй буюу үзэгдэлт хангалтгүй үед зөв талын хол, ойрын болон ар талын оврын гэрлүүд асахгүй болсон, ... бол хөдөлгөөнөө үргэлжлүүлэхийг хориглоно. Хөдөлгөөнд оролцож явах үед тээврийн хэрэгсэлд дээр дурдсанаас бусад гэмтэл тохиолдвол түүнийг засах, хэрэв бололцоогүй бол аюулгүй байдлыг хангаж, аль ойр байгаа зогсоол буюу засварын газарт очно. Мөн энэ дүрмийн 2 дугаар хавсралт 5.3 дахь заалт “Гадна талын гэрэлтүүлэх хэрэгсэл, эргэх дохио бохирдсон, асахгүй буюу бүдэг асдаг”, 9.2 “Жолооч хөдөлгөөнд аюул саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна.” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөн байх үндэслэлтэй. ...” гэх 87 дугаартай дүгнэлт /1 хх 104-106/, 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн “...С.Б-Э-н биед зүүн зулай ясны шугаман хугарал, тархины зүүн дух, зулай хэсгийг хамарсан хатуу хальсан дээрх цусан хураа, тархины тенториумд цус харвалт, зүүн зулайн хуйхны зөөлөн эдийн няцрал, зүүн тахилзуур ясны зөрөөгүй хугарал, 3 хавирганы хугарал, цээжний зөөлөн эдийн няцрал, гуя, ташаа, шилбэнд шарх, цус хуралт, хацар, цээж, хэвлий, ташаанд зулгаралт бүхий учрах үедээ амь насанд аюултай хүнд гэмтэл учирчээ. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. ...” гэх 6141 дугаартай дүгнэлт /1 хх 66-67/ зэрэг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Эдгээр нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхээс үнэлж дүгнэх боломжтой, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байх ба анхан шатны шүүх шүүгдэгч Д.Ж-г автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэм буруутай гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцжээ.

Анхан шатны шүүх шүүгдэгч Д.Ж-ны үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад зааснаар зүйлчилснийг Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна гэж үзэв.

Анхан шатны шүүх, шүүгдэгч Д.Ж-ны үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэр, хувийн байдлыг харгалзан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, 2 жил 1 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, улмаар хорих ял оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 жилийн хугацаагаар хойшлуулсан нь хуульд нийцсэн байна.

Өөрөөр хэлбэл, шүүгдэгч Д.Ж нь 0-3 насны гурван хүүхэдтэй, тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг гарахад хохирогчийн зохих буруутай үйл ажиллагаа нөлөөлсөн зэргийг харгалзан шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулсан нь үндэслэл бүхий болжээ.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Б-н өмгөөлөгч Б.Дагиймаагийн “... Д.Ж-с хохирогчийн өвчтэй байх хугацаандаа олох байсан орлого буюу 4.857.841 төгрөгийг гаргуулж өгнө үү. ...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдол гаргасныг хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй байна.

Хохирогч С.Б-Э нь УБТЗ-ын Замын 2 дугаар ангид сэв шалгагчаар ажиллаж, нийгмийн даатгалын шимтгэл төлж байсан, 2018 оны 5 дугаар сарын 10-ны өдрөөс өвчний учир чөлөө авсан болохыг нотолсон /1 хх 168-169/ баримтууд хэрэгт авагджээ. 

Монгол Улсын Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайдын 2015 оны 2 дугаар сарын 18-ны өдрийн А/30 дугаартай “Иргэн /даатгуулагч/-д эмнэлгийн хуудас олгох” тушаалын нэгдүгээр хавсралтад “даатгуулагч ...ослын улмаас хөдөлмөрийн чадвараа түр алдахаас өмнө тасралтгүй 3 сар, түүнээс дээш хугацаагаар тэтгэмжийн даатгал төлж ажилласан бол эмнэлгийн хуудсыг үндэслэн ХЧТА-ны тэтгэмжийг бодож олгоно. Тэтгэмжийг эмнэлгийн хуудас бичүүлсэн сарын өмнөх бүтэн ажилласан 3 сарын цалин хөлсний дунджаас тооцож олгоно” зааснаас үзэхэд Нийгмийн даатгалын сангаас өвчтэй байсан хугацааны цалингийн тодорхой хувийг авах эрхтэй бөгөөд харин авах ёстой байсан цалингийн зөрүүг шүүгдэгчээс нэхэмжлэх эрхтэй нээлттэй байна.

Гэвч, хохирогч нь өвчтэй байх хугацаанд ямар хэмжээний тэтгэмж авч байсан нь тодорхойгүй, энэ талаар хэрэгт нотлох баримт авагдаагүй байх тул хохирогч С.Б-Э-н 2018 оны 5 дугаар сарын 10-ны өдрөөс 2018 оны 7 дугаар сарын 6-ны өдрийг хүртэлх цалингийн зөрүүг шийдвэрлэх боломжгүй.  

Энэ талаар анхан шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийг нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмын дагуу жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг зөрчөөгүй байна.

Шүүгдэгч Д.Ж-ны өмгөөлөгч Г.Энхтүвшин, Б.Отгончимэг нараас “...Д.Ж нь Замын хөдөлгөөний дүрмийн 9.2 дахь заалтыг зөрчсөн гэх байдал тогтоогдохгүй байх тул түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгаж өгнө үү. ...” гэсэн давж заалдах гомдол гаргажээ.

Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд, жолооч Д.Ж нь Замын хөдөлгөөний дүрмийн 2.3, 5.3 дахь заалтуудыг зөрчиж, бүрэн бус тээврийн хэрэгсэлтэй явсны улмаас явган зорчигч С.Б-Э-г мөргөж, бие махбодид нь хүнд хохирол учруулсан болох нь шинжээчийн Замын цагдаагийн албаны техникийн шинжээчийн 394 дугаартай нэмэлт дүгнэлт /1 хх 97-98/, Тээврийн цагдаагийн албаны бүрэлдэхүүнтэй шинжээчийн 87 дугаартай дүгнэлт /1 хх 104-106/ зэргээр хөдөлбөргүй тогтоогдсон байх тул жолооч хэдий хэр хугацаанд ямар замыг туулж, тээврийн хэрэгслийг зогсоох арга хэмжээ авах боломжтой байсан талаар ШУТИС-ийг шинжээчээр томилж, дүгнэлт гаргуулах шаардлагагүй.

Түүнчлэн, осол хэргийн газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч /1 хх 19/ зургаас үзэхэд явган зорчигчийг анх мөргөсөн А цэгээс явган зорчигч унасан гэх Б цэг хүртэл 17.10 метр  чирэгдсэн байх бөгөөд энэ талаар шүүх хуралдаанд оролцсон техникийн шинжээч Б.Амарсанаа анхан шатны шүүх хуралдааны үед /1хх 243/ “... объектоо мөргөхдөө эхлээд шилээрээ мөргөсөн. Тэгээд дороо хийгээд 17 метр гаруй явсан байгаа. Иймд шүүгдэгч Д.Ж нь ослыг мэдчихээд 17 метр явсан гэж үзэж байна. ...” гэсэн нь гэрэлтүүлэггүй, үзэгдэх орчин хангалтгүй орчинд анхаарал болгоомж алдагдсанаар явган зорчигчийг гарч ирэхэд зогсоох арга хэмжээ авч чадаагүй байна. 

Өөрөөр хэлбэл, жолооч Д.Ж болон явган зоригч С.Б-Э нарын хэн аль нь Замын хөдөлгөөний дүрэм зөрчиж, хөдөлгөөнд оролцсон боловч шүүгдэгч Д.Ж-ны жолоодон явсан автомашины хол, ойрын гэрлийн тусгал шаардлага хангаагүйгээс замын харагдах байдлын баримжаа алдагдсан байхад замын хөдөлгөөнд оролцож, замын хөдөлгөөний дүрэмд заасан үүргээ биелүүлээгүйн улмаас Замын хөдөлгөөний дүрмийн 9.2 дахь заалтад заасан “Жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна“ гэснийг зөрчсөн, түүнийг зам тээврийн осол гарахад гол буруутай гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй.   

Иймд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Б-н өмгөөлөгч Б.Дагиймаагийн давж заалдах гомдлыг, шүүгдэгч Д.Ж-ны өмгөөлөгч Г.Энхтүвшин, Б.Отгончимэг нарын хамтран гаргасан давж заалдах гомдлыг тус тус хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй байх тул хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.