Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 01 сарын 09 өдөр

Дугаар 128/шш2020/0029

 

 

 

 

 

2020 оны 01 сарын 09 өдөр

Дугаар 128/ШШ2020/0029

Улаанбаатар хот

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Дуламсүрэн даргалж, шүүхийн шүүх хуралдааны 4 дүгээр танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Б.Б

Хариуцагч: С дүүргийн Засаг дарга, С дүүргийн Газар зохион байгуулалтын алба

Гуравдагч этгээд: Х.А

Нэхэмжлэлийн шаардлага: “С дүүргийн Газар зохион байгуулалтын албанд холбогдуулан Газрын кадастрын зургийг өөрчилж, талбайн байршлыг өөрчилснийг зөвтгөж өгөхгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгох, Кадастрын зургийг БХХК-ийн 2014 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн X-1-53*******, X-2-53*******, X-3-53*******, X-4-53******* координатын тэмдэглэгээтэй нэгж талбарын 186******* тоот газрын хэмжээг зөвтгөж мэдээллийн санд оруулахыг даалгах, С дүүргийн Засаг даргад холбогдуулан 2014 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн А/31 дүгээр захирамжийн Х.Аэд холбогдох хэсгийг хүчингүй болгуулах”

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ц, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Б, Хариуцагч С дүүргийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.О, хариуцагч С дүүргийн Газар зохион байгуулалтын албаны итгэмжлэгдсэн төлөөлөгч О.О, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.С, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч Г.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.О нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие С дүүргийн 20 дугаар хороо Сэлбэ зусланд газар эзэмшихээр 2014 онд тус дүүргийн Засаг даргад Газрын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.2-т заасны дагуу холбогдох бичиг баримтыг бүрдүүлэн 552 мкв газрыг эзэмших хүсэлт гаргасан.

Үүнийг тус дүүргийн Засаг дарга шийдвэрлэж 2014 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн А/203 дугаар захирамжаар дээрх газарт эрх олгож, тухайн  дүүргийн Газрын албатай газар эзэмших гэрээ байгуулах замаар 2014 оны 06 дугаар сарын 04-ний өдөр гэрчилгээ олгогдсон юм. Газар олгоход нэгж талбарын 186*******0 тоот нэгж талбарт 552 мкв-т газар эзэмшихээр баталгаажуулж, 000508458 тоот гэрчилгээ олгосон.

Талбайн хэмжээ өөрчилж 400 м2 байсныг а/203 дугаар захирамжаар өөрчлөлт оруулахад “Вizzсаd” ХХК-ийн 2014 оны 03-р сарын 31-ний өдрийн Х-1-53*******, Х-2-53*******, Х-3-53*******, Х-4-53******* координатын тэмдэглэгээтэй зураг үйлдэж үүгээр нэгж талбарын 186*******0 тоот дугаартай байршилд зураг баталгаажсан.

Гэтэл анх бичиг баримт бүрдүүлэн өгсөн Кадастрын зурагнаас өөрөөр нэгж талбар буюу 18649326304803 тоот нэгж талбар болгож талбайн хэмжээг 553 м2 болгож байршил, хэлбэрийг өөрчилсөн.

Дүүргийн газрын алба нь Газрын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.4.3-д “23.4.3. эзэмшил, ашиглалтад олгогдсон газрын хэмжээ заагийг газар дээр нь тэмдэглүүлж, координатжуулах, тэдгээрийн кадастрын зургийг үйлдэж, газрын улсын бүртгэлд бүртгэх;", Кадастрын зураглал ба газрын кадастрын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.2.1 дэх хэсэг 10.2.1.газрын кадастрыг удирдах, зохион байгуулах, 10.2.2.газрын мэдээллийн улсын санг бүрдүүлэх, хөтлөх, нийтэд үйлчлэх үйл ажиллагааг зохицуулах” гэж хуульчилсан.

Нийслэлийн Газрын албанд 2019 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр кадастрын дагуу газрыг эзэмшүүлэх талаар гомдол гаргасан боловч өргөдлийг хариуцагч байгууллагад шилжүүлсэн түүнээс очиж хариугаа аваарай гэсэн. Үүний дагуу хариуцагчид хандахад 2019 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 14/229 тоот албан бичгээр шийдвэрлэх боломжгүй талаар хариу ирүүлсэн.

Иймд С дүүргийн Газрын алба миний нэгж талбарын 186*******0 тоот газрыг 18649326304803 тоот нэгж талбар болгож өөрчилсөн хууль бус үйлдлийг зөвтгөж 186*******0 тоот нэгж талбарын буюу байршил өөрчлөөгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, Б ХХК-ийн 2014 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн Х-1-53*******, Х-2-53*******, Х-3-53*******, Х-4-53******* координатын тэмдэглэгээтэй зураг буюу 186*******0 тоот нэгж талбарын байршилд кадастрын мэдээллийн санд өөрчлөлт оруулахыг хариуцагчид даалгаж өгнө үү.

Мөн С дүүргийн Засаг даргын 2014 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн А/31 тоот захирамжаар надад газар эзэмшүүлэхэд Б ХХК-ийн Х-1-53237 89.997, Х-2-53*******, Х-3-53*******, Х-4-53******* координатын тэмдэглэгээтэй зураг үйлдэж үүгээр нэгж талбарын 186******* тоот газрыг баталгаажуулсан байдаг.

Гэтэл тус нэгж талбарын зургаар дээрх захирамжаар бусдын буюу миний хууль ёсны эзэмшиж буй газрыг давхцуулан олгосон тул нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлж байна.

Иймд Газрын тухай хуулийн 31.3 дахь хэсэгт зааснаар С дүүргийн Засаг даргын 2014 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн А/31 дүгээр захирамжийн гуравдугаар хавсралтын Хас овогтой Аэд холбогдох хэсгийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.1-т заасны дагуу хүчингүй болгож өгнө үү.

Хариуцагч С дүүргийн Газар зохион байгуулалтын албанаас шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “С дүүргийн Засаг даргын 2014 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн А/31 дүгээр захирамжаар иргэн Б.Бөд тус дүүргийн 20 дугаар хороо Сэлбэ зусланд 400 мкв газрыг эзэмшүүлсэн байна. Тус иргэний газар баталгаажилтын хувийн хэрэгт газрын байршлын кадастрын зураг хадгалагдаагүй байна.

Дүүргийн Засаг даргын 2014 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн А/203 дугаар захирамжаар “М” ХХК-иар хийлгэсэн газрын байршлын кадастрын зургийг үндэслэн иргэн Б.Бөд 18649326304803 нэгж талбар бүхий газрыг эзэмшүүлсэн байна.

Иргэн Б.Бийн нэхэмжлэлд дурдагдсан 18649326306800 нэгж талбар нь дүүргийн Засаг даргын 2014 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн А/31 дүгээр захирамжийн газар эзэмшигч иргэн Х.Аэд олгосон газартай давхардаж байгаа учир нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна.” гэжээ.

Хариуцагч С дүүргийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүхэд ирүүлсэн тайлбартаа: С дүүргийн Засаг даргын 2014 оны 01  сарын 29-ний өдрийн А/31 вдүгээр захирамжаар иргэн Б.Бөд тус дүүргийн 20 дугаар хороо Сэлбэ Зусланд 400м2 газрыг эзэмшүүлсэн байна.

Тус иргэний газар баталгаажилтын хувийн хэрэгт газрын байршлын Кадастрын зураг хадгалагдаагүй байна. Дүүргийн засаг даргын 2014 оны 05 дугаар сарын 19-ний А/203 дугаар захирамжаар “М” ХХК-иар хийлгэсэн газрын байршлын кадастрын зургийг үндэслэн иргэн Б.Бөд 18649326304803 нэгж талбар бүхий газрыг эзэмшүүлсэн байна.

Иргэн Б.Бийн нэхэмжлэлд дурдагдсан 18649326306800 нэгж талбар нь дүүргийн Засаг даргын 2014 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн А/31 дүгээр захирамжийн газар эзэмшигч иргэн Х.Аэд олгосон газартай давхардаж байгаа учир нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна.”  гэжээ.

Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Х.А нь С дүүргийн засаг даргын 2015 оны 10-р сарын 09-ны өдрийн А/434 тоот захирамжаар С дүүрэг, /Сэлбэ/ 20-р хороонд байрлах, нэгж талбарын 186******* дугаартай 698 мкв талбайтай газрыг 15 жилийн хугацаатай эзэмших эрхийн гэрчилгээг авсан. Уг газрыг эзэмшүүлэх гэрээг газрын албатай байгуулж хуулийн дагуу газраа эзэмшиж байна.

Х.Аийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.С би 2018 оны 9-р сард С дүүргийн 20-р хорооны Сэлбэ зусланд байрлах Х.Аийн эзэмшлийн зуслангийн газрыг эргэж очиход тус газрын гадуур нь давхар ажлын төмөр хашаа барьж дотор нь барилгын материалууд буулгаж 5 ханатай монгол гэр барьсан байсан.

Х.Аийн газрын дэргэдэх айл нь өөрийн 2 айлын газрынхаа зэргэлдээ газрын хөрсийг бүхэлд нь хуулж байшингийн ажил эхлүүлсэн байсан. Би тус байшингийн эхнэр, нөхөр хоёртой уулзаж кадастрын цэг тогтоолгож өөр, өөрсдийн цэгээ мэдэж авсан ба тухайн үед тэр хоёр хүн манай газар руу илүү орсон болохоо хүлээн зөвшөөрсөн. Гэтэл тухайн үед эхнэр, нөхөр хоёр бид байшингийн материалаа буулгах газаргүй болчихоод хэцүү байна тэгээд танай газар дээр материалаа буулгасан юм. Та ирэх хавар өөрийнхөө цэгээр хашаагаа бариарай бид хоёр ажлаа явуулмаар байна гэхээр нь хүлээн зөвшөөрсөн. Тэгээд 2019 оны 6 сарын сүүл хүртэл хүлээсэн ч газрыг чөлөөлж өгөхгүй болохоор нь барилга дээр нь очиж эхнэр, нөхөр хоёртой уулзаж шаардлага тавихад захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргасан байгаа гэж хэлсэн.

Гуравдагч этгээд Х.Аийн хувьд С дүүргийн Засаг даргын 2015 оны 10-р сарын 09-ны өдрийн А/434 тоот захирамжаар С дүүрэг, /Сэлбэ/ 20-р хороонд байрлах, нэгж талбарын 186******* дугаартай 698 мкв талбайтай газрыг 15 жилийн хугацаатай эзэмших эрхийн гэрчилгээг авахад тухайн газар нь хэн нэгний газартай давхацсан, хууль зөрчсөн зүйл байгаагүй.

Харин нэхэмжлэгч Бийн Б нь хууль зөрчиж бусдын газар давхцуулж хашаа барьж, бусдын газрыг хууль бусаар ашиглаж байна.

Иймд нэхэмжлэгч Б.Бийн газрын кадастрын зургийг өөрчилж, талбайн байршлыг зөвтгөж өгөхгүй байгаа газрын албаны эс үйлдэхүйг хуудь бус болохыг тогтоолгох, кадастрын зургийг В122сас! ХХК-ийн 2014 оны 03-р сарын 31-ны өдрийн Х1-5326789,997, Х-2-5326808,659, Х-3-5326809,175, Х-4-5326799,453 координатын тэмдэглэгээтэй нэгж талбарын 186******* газрын хэмжээг зөвтгөж мэдээллийн санд оруулахыг хариуцагчид даалгах хууль зүйн үндэслэл байхгүй тул нэхэмжлэлийн бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.

                                                         ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх энэ хэрэгт хуульд заасан журмын дагуу цугларсан бичгийн нотлох баримтууд, нэхэмжлэгч хариуцагч тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нараас шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэргийг шинжлэн судалж үнэлээд нэхэмжлэгч Б.Бийн нэхэмжлэлийн шаардлагыг дараахь байдлаар шийдвэрлэв.

Нэхэмжлэгч Б.Б тус шүүхэд хандаж “С дүүргийн газар зохион байгуулалтын албаны, кадастрын зургийг мэдээллийн санд зөвтгөхгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох, 2014 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн, нэгж талбарын 186******* тоот газрын зургаар мэдээллийн санд оруулахыг даалгуулах, С дүүргийн Засаг даргын А/31 дүгээр захирамжийн Х.Аэд холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч, гуравдагч этгээд нар бүхэлд нь эс зөвшөөрч маргаж байна.

            Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “...газар эзэмших хүсэлт гаргахдаа кадастрын зургаа өгсөн байхад уг нэгж талбарын зургийг мэдээллийн санд оруулаагүй байгаагаас гуравдагч этгээдэд манай эзэмшил газрын тодорхой хэсгийг давхардуулж олгосон нь хууль бус” гэж тодорхойлсныг хариуцагч, гуравдагч этгээд нар бүхэлд нь эс зөвшөөрч маргаж байна.

            Нэг. “С дүүргийн газар зохион байгуулалтын албаны, кадастрын зургийг мэдээллийн санд зөвтгөж оруулахгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох, 2014 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн, нэгж талбарын 186******* тоот газрын зургийг мэдээллийн санд оруулахыг даалгуулах” шаардлагын тухайд:

            Нэхэмжлэгч Б.Бөөс С дүүргийн өмч, газрын харилцааны албанд хандаж тус дүүргийн 20 дугаар хороо, Сэлбэ зусланд газар эзэмших хүсэлт гаргаснаар С дүүргийн засаг даргын 2014 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн А/31 дүгээр захирамжаар түүнд 400 м2 газрыг 5 жилийн хугацаатай эзэмшүүлэхээр шийдвэрлэж гэрээ байгуулан 000491978 тоот газар эзэмших эрхийн гэрчилгээ /нэгж талбарын дугааргүйгээр/ олгосон, Б.Бөөс 2014 оны 5 дугаар сарын 13-ны өдөр гаргасан “...талбайн хэмжээг 552,2 м2 болгож өгнө үү” гэсэн хүсэлтийг  үндэслэн С дүүргийн засаг даргын 2014 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн А/203 дугаар захирамжаар Б.Бөд эзэмшүүлэх газрын хэмжээг нэмэгдүүлж нийт 552,2 м2 газрыг 15 жилийн хугацаатай эзэмшүүлэхээр талбайн хэмжээг өөрчилсөн, уг шийдвэрийг үндэслэн 000508458 тоот газар эзэмших эрхийн гэрчилгээг 2014 оны 6 дугаар сарын 04-ний өдөр нэгж талбарын 18649326306800 дугаартайгаар олгосон байна.

Иргэн  Х.Аээс 2014 оны 01 дүгээр сарын 27-нд гаргасан “С дүүргийн 20 дугаар хорооны Сэлбэ зусланд эзэмшдэг газартай, уг газраа баталгаажуулах хүсэлтэй байна” гэсэн өргөдлийг үндэслэн тус дүүргийн засаг даргын 2014 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн А/31 дүгээр захирамжаар нэгж талбарын 186******* дугаартайгаар 500 м2 газар эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн боловч газар эзэмших гэрчилгээ олгоогүй харин Х.Аээс гаргасан 2015 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн “...эзэмшдэг газартай, уг газрын кадастрын зураглалд өөрчлөлт орж буй тул 698,42 м2 болгож өөрчилж гэрчилгээг яаралтай гаргаж өгнө үү” гэсэн өргөдлийг үндэслэн тус дүүргийн Засаг даргын 2015 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн А/434 дүгээр захирамжаар түүний эзэмшил газрын хэмжээг 698 м2 болгон нэмэгдүүлж, улмаар 2016 оны 02 дугаар сарын 18-нд Х.Аэд газар эзэмших эрхийн гэрчилгээ олгосон үйл баримтууд тогтоогдов.

Кадастрын зураглал газрын кадастрын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-д “Энэ хуульд хэрэглэсэн дараахь нэр томъёог дор дурдсан утгаар ойлгоно” 3.1.3-д “эдлэн газар” гэж Газрын тухай хуулийн дагуу аж ахуйн нэгж, байгууллага, иргэнд эзэмшүүлэх, ашиглуулах зорилгоор олгосон газрыг”, 3.1.4-т “нэгж талбар” (парсель) гэж хилээр хязгаарлагдсан, ашиглалтын зориулалт адил, эзэмшигч, ашиглагч, өмчлөгч нь нэг, оноосон дугаартай, кадастрт тусгавал зохих эдлэн газар, объект буюу түүний хэсгийг”, “эргэлтийн цэг” гэж нэгж талбарыг хязгаарласан хилийн шугамын нугаралтыг газар дээр нь болон кадастрын зураг дээр тодорхойлсон цэгийг”, 3.1.15-д “газрын мэдээллийн сан” гэж газрын нэгдмэл сангийн мэдээлэл, өгөгдөлд боловсруулалт хийх бололцоотой техник, технологид үндэслэсэн төр, аж ахуйн нэгж, байгууллага, иргэний хэрэгцээг хангахуйц системчлэгдсэн өгөгдлүүдийн цогцыг”, 10 дугаар зүйлийн 10.1-д “Газрын кадастрыг суманд газрын даамал, аймаг, нийслэл, дүүрэгт газрын алба... эрхлэнэ.” гэж тус тус  заажээ

Хэрэгт цугларсан  нотлох баримтуудаар нэхэмжлэгч Б.Бөөс  /С дүүргийн газрын албаны хуулбар үнэн тэмдэг дарсан/ 2014 оны 3 дугаар сарын 31-ний өдөр үйлдэгдсэн “Б” ХХК-ийн хэмжигч Г.А, хянасан Н.Н нарын гарын үсэг бүхий, нэгж талбарын дугааргүй, 552,2 м2 талбайн кадастрын зураг болон нэгж талбарын 18649326304803 дугаар бүхий /хэн үйлдсэн нь тодорхойгүй/ кадастрын зураг тус тус эзэмшил газрын хувийн хэргээс хуулбарласнаа шүүхэд нотлох баримтаар өгсөн, хариуцагчаас гаргаж өгсөн Б.Бийн эзэмшил газрын хувийн хэрэгт дээр дурдсан 2 кадастрын зургаас гадна М ХХК-ийн инженер М.Агийн үйлдсэн, нэгж талбарын дугааргүй, 2014 оны 5 дугаар сарын 12-ны өдрөөр огноолсон, Б.Бийн эзэмшиж буй 552,2 м2 талбайн кадастрын зургийг тус тус хавсаргасан, эдгээр зургууд бүгд хадгалагдаж байгаа нь тогтоогдож байна.

Үүнээс үзвэл нэхэмжлэгч Б.Бөд газар эзэмших эрхийн гэрчилгээ хуульд заасан журмын дагуу олгогдсоноор тэрээр 2014 оны 6 дугаар сарын 04-ний өдөр нэгж талбарын 18649326306800 дугаар бүхий газрын хууль ёсны эзэмшигч болсон байх бөгөөд энэ утгаараа хариуцагч газрын албанаас Б.Бөд 2014 оны 6 дугаар сарын 04-ний өдрийн газар эзэмших эрхийн гэрчилгээний ард хавсаргаж өгсөн, мөн өдрийн огноотой, нэгж талбарын 18649326306800 дугаар бүхий, 552,2 м2 талбайн кадастрын зургийг газрын кадастрын мэдээллийн санд оруулаагүй нь дээрхи хуулийн заалтыг зөрчсөн, хариуцагч захиргааны байгууллага хуульд заасан үүргээ биелүүлээгүй байна гэж шүүх дүгнэв.

Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч анх газар эзэмших хүсэлтдээ 2014 оны 3 дугаар сарын 31-ний өдөр үйлдэгдсэн “Б” ХХК-ийн хэмжигч Г.А, хянасан Н.Н нарын гарын үсэг бүхий, нэгж талбарын дугааргүй, 552,2 м2 талбайн кадастрын зургийг гаргаж өгсөн нь тогтоогдохгүй байгаа хэдий ч цаг хугацааны хувьд авч үзвэл газрын хэмжээг нэмэгдүүлэх тухай хүсэлтдээ хавсаргаж өгсөн байх боломжтой тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын, “анхнаасаа М” ХХК-ийн зургийг гаргаж өгсөн гэх тайлбар нотлогдохгүй байна.

Нөгөө талаар 2014 оны 5 сарын 12-ноор огноолсон М ХХК-ийн хийсэн кадастрын зураг нь /хх-71/ он цагийн хувьд 2014 оны 3 дугаар сарын 31-ний өдөр үйлдэгдсэн “Б” ХХК-ийн хэмжигч Г.А, хянасан Н.Н нарын гарын үсэг бүхий кадастрын зургаас /хх-67/ сүүлд хийгдсэн, эдгээр зургийн аль алинд нь нэгж талбарын дугаар бичигдээгүй байсан ба харин Б.Бөд олгосон 2014 оны 6 дугаар сарын 04-ний өдрийн газар эзэмших эрхийн гэрчилгээнд хавсаргасан нэгж талбарын 18649326306800 дугаар бүхий, 552,2 м2 талбайн кадастрын зураг нь тухайн цэг координат бүхий газрын хүчин төгөлдөр кадастрын зураг мөн байх тул нэгж талбарын 18649326306800 дугаар бүхий, 552,2 м2 талбайн кадастрын зургийг мэдээллийн санд оруулахыг хариуцагч С дүүргийн Газар зохион байгуулалтын албанд даалгаж шийдвэрлэх нь зүйтэй.

Түүнчлэн Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн албаны лавлагаанаас үзвэл Б.Бийн эзэмшил газрын нэгж талбарын 18649326306800 дугаар бүхий, 522 м2 талбайн кадастрын зураг нь 2014 оны 6 дугаар сараас архивын зурган мэдээлэлд хүчин төгөлдөр бүртгэлтэй байсныг 2016 оны 02 дугаар сард нэгж талбарын 18649326304803 дугаар бүхий 522 м2 талбай болгож өөрчилсөн, ийнхүү өөрчлөн бүртгэх үед буюу 2016 оны 02 дугаар сард иргэн Х.Аийн нэгж талбарын 186******* дугаартай 698 м2 газар нь мэдээллийн санд анх удаа бүртгэгдсэн, ийнхүү нэгж талбарын 18649326306800 дугаар газрыг нэгж талбарын 18649326304803 дугаар болгож өөрчлөн бүртгэснээр нэхэмжлэгчийн хууль ёсоор эзэмшиж байгаа нэгж талбарын 18649326306800 дугаар бүхий газар нь иргэн Х.Аийн одоо эзэмшиж буй газартай 135 м2 талбайгаар давхцал үүсгэсэн байна.

Иймд анхнаасаа хуульд заасан журмын дагуу газрын мэдээллийн нэгдсэн санд бүртгэгдсэн хүчин төгөлдөр кадастрын зургийг үндэслэлгүйгээр өөрчилсөн, үүний улмаас нэхэмжлэгчийн эрх хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн байх тул  Б.Бийн эзэмшлийн нэгж талбарын 18649326306800 дугаар бүхий газрын кадастрын зургийг мэдээллийн санд оруулахаас татгалзаж байгаа хариуцагч дүүргийн газрын албаны эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

Хоёр. “С дүүргийн Засаг даргын 2014 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн А/31 дүгээр захирамжийн Х.Аэд холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

Иргэн  Х.Аээс 2014 оны 01 дүгээр сарын 27-нд гаргасан “С дүүргийн 20 дугаар хорооны Сэлбэ зусланд эзэмшдэг газраа баталгаажуулах хүсэлтэй байна” гэсэн өргөдлийг үндэслэн тус дүүргийн засаг даргын 2014 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн А/31 дүгээр захирамжаар Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.5.3-д заасныг баримтлан түүнд Сэлбэ зусланд 500 м2 газар эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн, боловч газар эзэмших эрхийн гэрчилгээ олгогдоогүй  харин нэхэмжлэгч Б.Бөд мөн уг захирамжаар газар эзэмших эрхийн гэрчилгээг олгосон байна.

Түүнчлэн Х.Аэд тус дүүргийн Засаг даргын 2015 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн А/434 дүгээр захирамжаар түүний эзэмшил газрын хэмжээг 698 м2 болгон нэмэгдүүлж, улмаар 2016 оны 02 дугаар сарын 18-нд газар эзэмших эрхийн гэрчилгээг олгожээ.

Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.5.3-д зааснаар дүүргийн Засаг дарга нь энэ хуулийн 21.2.3-т зааснаас бусад газрыг дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөний дагуу энэ хуулийн 21.2.2-т заасныг баримтлан, дүүргийн хэмжээнд иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад эзэмшүүлэх, ашиглуулах асуудлыг шийдвэрлэж, зохион байгуулах”, эрх хэмжээтэй байх ба хуулийн 27 дугаар зүйлийн 27.4-т “Хүчин төгөлдөр эрхийн гэрчилгээгүй аливаа этгээд газар эзэмшихийг хориглоно” гэж, 35 дугаар зүйлийн 35.3-д “Газар эзэмшигч дараахь үүрэг хүлээнэ”, 35.3.5-д “бусдын газар эзэмшихтэй холбогдсон эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчихгүй байх” гэж тус тус заасан байна.

Дээрхи хуулийн заалтуудаас үзвэл иргэн Х.А нь 2016 оны 02 дугаар сарын 18 хүртэл тухайн газрын хууль ёсны эзэмшигч этгээд биш, өөрөөр хэлбэл түүнд газар эзэмших эрхийн гэрчилгээ олгогдоогүй байсан, харин нэхэмжлэгч Б.Бөд газар эзэмших эрх хуульд заасан журмын дагуу, түрүүлж үүссэн байх тул Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3 дахь хэсэгт заасан “хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байх” шаардлага нь нь гуравдагч этгээд Х.Аэд газар эзэмшүүлэхэд тавигдах шаардлага болно.

Иймд маргаан бүхий захиргааны акт болох Дүүргийн Засаг даргын 2014 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн А/31 дүгээр захирамжаар Х.Аэд нэгж талбарын 186******* дугаар бүхий газар олгосон ... 2016 оны 02 дугаар сард 698 м2 газрын хэмжээ байршлаар мэдээллийн санд анх удаа бүртгэгдсэн тул Х.Аэд газар эзэмших эрх анх олгохоор шийдвэрлэсэн Дүүргийн засаг даргын 2014 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн А/31 дүгээр захирамж нь давхцаж буй газрын хэмжээгээр нэхэмжлэгчийн эрхийг зөрчсөн байх тул хүчингүй болгож нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.1, 106.3.4, 106.3.13-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.5.3, 27 дугаар зүйлийн 27.4, 31 дүгээр зүйлийн 31.3, Газрын кадастрын зураглал ба газрын кадастрын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Б.Бийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж С дүүргийн газар зохион байгуулалтын албаны, кадастрын зургийг мэдээллийн санд зөвтгөж оруулахгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, 2014 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн, нэгж талбарын 186******* дугаар кадастрын зургийг мэдээллийн санд оруулахыг С дүүргийн газар зохион байгуулалтын албанд даалгаж, С дүүргийн Засаг даргын 2014 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн А/31 дүгээр захирамжийн Х.Аэд холбогдох хэсгийг нэхэмжлэгч Б.Бийн нэгж талбарын 186******* дугаар кадастрын зургаар эзэмшиж байгаа газартай давхцаж буй 135 м2 газрын хэмжээгээр хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагын үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д зааснаар гомдол гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 35100 /гучин таван мянга нэг зуу/ төгрөгийг гаргуулан гомдол гаргагчид олгосугай.

3. Захиргааны  хэрэг  шүүхэд  хянан  шийдвэрлэх  тухай  хуулийн  108  дугаар зүйлийн 108.2-т заасны дагуу шүүхийн энэ шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч өмгөөлөгч нар нь шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Н.ДУЛАМСҮРЭН