Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2015 оны 08 сарын 20 өдөр

Дугаар 221/МА2015/0392

 

 

2015 оны 8 сарын 20 өдөр      Дугаар 221/МА2015/392

 

 

Д.Ө ы нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Тунгалагсайхан даргалж, шүүгч Э.Халиунбаяр, шүүгч Э.Зоригтбаатар нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Э.Намжим, нэхэмжлэгч Д.Ө , хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Б нарыг оролцуулан хийж, Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2015 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 382 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлоор, Д.Ө-ы нэхэмжлэлтэй, АМГ-ын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчид /цаашид АМГ гэх/-д холбогдох захиргааны хэргийг шүүгч Э.Зоригтбаатарын илтгэснээр хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Д.Ө  шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...АМГ-ын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2014 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн б-119, б-120 дугаар тушаалаар намайг орон тоо хассан гэсэн шалтгаанаар албан тушаалаас чөлөөлсөн. Уг тушаал нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.1, 40.1.2-т заасан хөдөлмөрийн гэрээг цуцлах тухайгаа ажилтанд нэг сарын өмнө мэдэгдэх, Төрийн албаны тухай хуулийн 25, 27.2.1, 27.2.3-т заасныг зөрчсөн. Миний үр дүнгийн гэрээ өмнөх жилүүдэд А үнэлгээтэй дүгнэгдэж байсан, миний эрхэлж байсан ажлын байр өнөөдрийг хүртэл хадгалагдаж байна... Би ажиллах хугацаандаа сахилгын шийтгэл хүлээж байгаагүй, тэтгэвэрт гарахад 2 жил хүрэхгүй хугацаа үлдсэн байхад ажлаас чөлөөлсөн нь буруу... Иймд дээрх б-119, б-120 дугаар тушаалын надад холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгож, өмнө нь эрхэлж байсан ажилд эгүүлэн томилж, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч АМГ-ын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Д.Ү шүүхэд гаргасан тайлбартаа: ...Орон тоог цөөрүүлж, бүтэц батлах тухай 2014 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн б-119 дүгээр тушаалаар Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн хэвлэл, мэдээлэл, лавлагаа хариуцсан мэргэжилтний орон тоог хасч, мөн өдрийн б-120 дугаар тушаалаар Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн хэвлэл, мэдээлэл, лавлагаа хариуцсан мэргэжилтэн Д.Ө ыг 2014 оны 08 дугаар сарын 25-ны өдрөөр тасалбар болгон үүрэгт ажлаас нь чөлөөлсөн... Д.Ө  нь Төрийн захиргааны жинхэнэ албан хаагч бөгөөд ТЗ-6 албан тушаалын ангилал зэрэглэлд хамаарах албан тушаалд ажиллаж байсан тул төрийн байгууллагын зохион байгуулалт өөрчлөгдсөн, орон тоо хасч цөөрснөөс ажлын байрыг хадгалах боломжгүй тохиолдолд Төрийн албаны тухай хуулийн 27.2.4-д заасныг баримтлана. Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2 дахь заалт нь хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж буй этгээд хамаарах заалт юм... Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

 

 

Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2015 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 382 дугаар шийдвэрээр: Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.4, Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 8.3.4-т заасныг баримтлан АМГ-ын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2014 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 6-119, 6-120 дугаар тушаалын өөрт холбогдох хэсгийг хүчингүй болгуулахаар гаргасан нэхэмжлэгч Д.Ө-ы гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгч Д.Ө  давж заалдах гомдолдоо: Би тус агентлагт 2003 оноос ажиллаж байна. АМГ-ын даргын 2011 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн 352 дугаар тушаалаар ажлаас чөлөөлөгдөж, 3 шатны шүүхийн шийдвэрийн дагуу тус агентлагийн даргын 2013 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 634 дугаар тушаалаар өмнө эрхэлж байсан албан тушаалдаа эргүүлэн томилогдон ажиллаж байсан. Гэтэл АМГ-ын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Д.Ү-ийн 2014 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн б-119, б-120 дугаар тушаалаар намайг орон тоо хасагдсан гэсэн шалтгаанаар албан тушаалаас минь чөлөөлсөн. Би эрхэлж байгаа ажилдаа буцаан томилуулах хүсэлтээ Уул уурхайн яамны дэргэдэх Төрийн албаны салбар зөвлөлд өгсөн ч хариу өгсөнгүй. Дараа нь Төрийн албаны зөвлөлд хүсэлт гаргахад энэ асуудлаараа шүүхэд хандахыг зөвлөсний дагуу 2014 оны 12 дугаар сарын эхээр шүүхэд хандсан. Хариуцагчаас итгэмжлэгдсэн төлөөлөгчөө томилж амжаагүй, итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлтэй танилцаж амжаагүй, хөдөө томилолтоор явсан, итгэмжлэгдсэн төлөөлөгч солигдсон гэсэн шалтгаан гаргаж итгэмжлэгдсэн төлөөлөгчөө 4 удаа сольж анхан шатны шүүхийн хуралдааныг 9 удаа хойшлуулж, хагас жилийн дараа буюу 2015 оны 06 дугаар сарын 16-ны өдөр шүүх хурал болсон. Нийслэлийн Захиргааны хэргийн 20 дугаар шүүхийн хуралдаанаас 382 дугаар шийдвэр гаргаж, миний гаргасан АМГ-ын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2014 оны наймдугаар сарын 25-ны өдрийн б-119, б-120 дугаар тушаалын надтай холбоотой холбогдох хэсгүүдийг хүчингүй болгож, албан тушаалд минь буцаан томилуулж ажилгүй байсан хугацааны нөхөн олговрыг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон. Иймд, би гаргасан нэхэмжлэлээ хууль ёсны, анхан шатны шүүхийн шийдвэрийг буруу гарсан гэж үзсэн учир дээрх шүүхийн шийдвэрийг хянан үзэхийг хүсэж, гомдол гаргаж байна.

 

Нэг. Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 8 дугаар зүйл Агентлагийн удирдлага, 8.6-д Агентлагийг гадаад, дотоодод агентлагийн дарга төлөөлнө гэж заасан. АМГ-ын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Д.Ү нь агентлагийн даргаар томилогдоогүй цорын ганц албан тушаалтан бөгөөд энэ нь АМГ-ыг төлөөлөх эрхгүй субьект, тэр тусмаа төрийн албан хаагчийн тангараг өргөсөн төрийн жинхэнэ албан хаагчийг ажлаас халах эрхтэй субьект биш юм. Өөрөөр хэлбэл, Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 8.6-г зөрчсөн этгээд төрийн жинхэнэ албан хаагчийг ажлаас үндэслэлгүй чөлөөлсөн байна.

 

Хоёр. Анхан шатны шүүхийн шийдвэрт АМГ-ын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Д.Ү-ийн гаргасан 2014 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн б-119 дүгээр тушаалаар АМГ-ын даргын 2012 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 630 дугаар тушаалаар батлагдсан орон тооноос Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн Хэвлэл, мэдээлэл. лавлагаа хариуцсан мэргэжилтэн болон сүлжээний ерөнхий инженерийн орон тоог хассан нь Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3.4-д батлагдсан төсөв, сайдын баталсан зохион байгуулалтын бүтэц, орон тооны дээд хязгаарт багтаан агентлагийн орон тоо, цалингийн санг тогтоох гэж заасан эрх хэмжээний хүрээнд гарсан гэж шүүх дүгнэсэн.

 

Гэтэл Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 9.1, 5.2, 5.3, 5.3.1-д заасны дагуу Уул уурхайн сайдын 2012 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн Зохион байгуулалтын ерөнхий бүдүүвч, бүтцийг шинэчлэн батлах тухай 37 дугаар тушаалд Нэг. Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг АМГ-ын бүтэц, зохион байгуулалтын ерөнхий бүдүүвчийг 1 дүгээр хавсралтаар, АМГ-ын үйл ажиллагааны стратеги, зохион байгуулалтын бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөрийг 2 дугаар хавсралтаар тус тус баталсугай, ...АМГ-ын үйл ажиллагааны стратеги, зохион байгуулалтын бутцийн өөрчлөлтийн хөтөлбөр... АМГ-ын стратегийн удирдлага, зохицуулалтын хэрэгцээг хангах үйлчилгээний хүрээ, төрөл хэлбэрийг... албан хаагчдын ажлын байр /албан тушаал/-ны тодорхойлтод нарийвчлан тусгаж хэрэгжүүлнэ, 2.5.5.3-т Салбарын түвшинд... мэдээлэл, сурталчилгааны ажлыг зохион байгуулах, 3.2.5-т Төрийн захиргааны удирдлагын хэлтэс, түүний үндсэн чиг, үүрэг, энэ хэлтэс нь... мэдээлэл, сурталчилгааны ажлыг зохион байгуулах үндсэн чиг үүргийг хэрэгжүүлнэ гэж АМГ-т мэдээлэл, сурталчилгааны чиг үүрэг хүлээсэн ажлын байр /албан тушаал/ байх ёстойг тодотгон зааж баталгаажуулсан. Өөрөөр хэлбэл, энэ ажлыг байрыг заавал байлгах ёстойг Салбарын сайдын зүгээс Агентлагийн даргад эрх зүйн хувьд баталгаажуулсан байхад анхан шатны шүүх энэ байдлыг үл тоож нотлох баримтыг үнэлээгүй шийдвэр гаргасан байна.

 

Гурав. АМГ-ын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Д.Ү-ийн гаргасан 2014 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн б-119, мөн өдрийн б-120 дугаар тушаал нь Төрийн албаны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1, 24.1.1, 24.1.2, 24.1.3, 25 дугаар зүйл, 27 дугаар зүйлийн 27.2.1, 27.2.3, 27.2.4 дэх заалтыг зөрчсөн байгааг шүүхийн шийдвэр гаргахдаа үндэслэл болгоогүйг буруу гэж үзэж байна. Миний үр дүнгийн гэрээ өмнөх жилүүдэд А үнэлгээтэй дүгнэгдэж байсан, мөн миний эрхэлж байсан ажлын байр өнөөдрийг хүртэл хадгалагдаж байна. Ажилдаа эргэн орсны дараа би төрийн захиргааны албан хаагчийн хувьд ажлын байрны тодорхойлолтоо батлуулж, 2014 оны үр дүнгийн гэрээ байгуулан ажиллаж байлаа. Миний ажлын байр байрны тодорхойлолт болон агентлагийн захиргаатай байгуулсан 2014 оны үр дүнгийн гэрээнд заагдсан чиг үүрэг хадгалагдан үлдэж үргэлжлэн хийгдсээр байна. Би ажиллаж байх хугацаандаа ямар нэгэн захиргааны шийтгэл хүлээж байгаагүй. Миний бие 2007 оны 12 дугаар сарын 21-ний өдөр Төрийн захиргааны албан хаагчийн тангараг өргөж, төрийн жинхэнэ албан хаагч болсон. Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.10, 20 дугаар зүйл, 20.1.1, 22 дугаар зүйлийн 22.3, 26 дугаар зүйлийн 26.7, 28 дугаар зүйлийн 28.3, 49 дүгээр зүйлийн 49.11, 50 дугаар зүйлийн 50.5, 50.6, 54 дүгээр зүйлийн 54.5, 55 дугаар зүйлийн 55.6, 56.7, 57 дугаар зүйлийн 57.4 дэх заалтуудыг хийх үүрэг хүлээсэн ажилтан байх ёстойг ч дээрх хуулийн заалтууд баттай нотлож байгаа бөгөөд өөрөөр хэлбэл, 165 ажилтантай, 7 нэгжтэй АМГ нь мэдээлэл сурталчилгаа хариуцсан албан тушаалтангүйгээр ажиллах ямар ч боломжгүй. Хуулиар хүлээсэн ийм үүрэгтэй байсан учраас АМГ өмнө нь 2008-2010 онуудад хэвлэл, мэдээлэл хариуцсан 4 мэргэжилтэн, 2010 - 2013 онуудад хэвлэл мэдээлэл хариуцсан 2 мэргэжилтэн ажиллаж байсан юм.

 

Дөрөв. Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5 дахь заалт нь хөдөлмөрийн гэрээнд оролцогчдод хамаарах зохицуулалт тул хариуцагчийг хуулийн дээрх заалтыг хэрэглээгүй гэж буруутгах үндэслэлгүй, түүнчлэн хэрэгт авагдсан баримтаас үзэхэд нэхэмжлэлийн үндэслэлд дурдсан байдал тогтоогдохгүй байна гэсэн байна. Гэтэл 2014 оны 08 дугаар сарын 25-ны даваа гаригт би өглөө ажилдаа ирээд ажлаа хийж байхад 11.00 цагийн орчим АМГ-ын Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн Эрх зүйн тасгийн дарга С.Д албан өрөөнд орж ирээд Агентлагийн даргын тушаал гарсан, сүлжээний ерөнхий инженер Д.Б та хоёрыг үүрэгт ажлаас чинь энэ өдрөөр тасалбар болгон чөлөөлсөн, эрхэлж байгаа ажлаа дотоод ажил хариуцсан мэргэжилтэн С.Я-д шилжүүлэн өг гэж хэлээд тушаалыг танилцуулсан. Би гайхаж аливаа мэргэжилтэнд тэр тусмаа төрийн албан хаагчийн тангараг өргөсөн, төрийн жинхэнэ албан хаагчийг тэтгэвэрт гарахаас нь 2 жилийн өмнө тодорхой үндэслэлүүдийг урьдчилан мэдэгдэж танилцуулалгүйгээр ажлаас чөлөөлж болдог юм уу гэж лавлахад Тэр учрыг би сайн мэдэхгүй, би даргын тушаалыг биелүүлж явна, ажлаа өг гэж шаардсаны дагуу би ажлаа мэргэжилтэн С.Я д хүлээлгэн өгсөн. Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6-д Төрийн албан хаагчийн хөдөлмөрийн харилцаатай холбоотой энэ хуулиар зохицуулаагүй бусад асуудлыг хөдөлмөрийн хуулиар зохицуулна гэж заасныг шүүхийн шийдвэр гаргахдаа үндэслэл болгоогүйг буруу гэж үзэж байна. Шүүхийн шийдвэрийн хэрэгт авагдсан баримтаас үзэхэд нэхэмжлэлийн үндэслэлд дурдсан байдал тогтоогдохгүй байна гэсэн нь үндэслэлгүй. Иймд, шүүхийн шийдвэрийг Засгийн газрын эрх зүйн байдлын тухай хууль, Төрийн албаны тухай хууль, Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох зарим заалтуудыг орхигдуулж, зарим нотлох баримтуудыг буруу үнэлж, буруу гаргасан тул хүчингүй болгоно уу гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх маргааны үйл баримт болон хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудад үндэслэл бүхий дүгнэлт хийж, хэргийг шийдвэрлэсэн байна.

 

Нэхэмжлэгчээс АМГ-ын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Д.Үүрийнтуяа нь агентлагийн даргаар томилогдоогүй цорын ганц албан тушаалтан бөгөөд энэ нь Ашигт малтмалын газрыг төлөөлөх эрхгүй субъект, төрийн жинхэнэ албан хаагчийг ажлаас халах эрхтэй субъект биш гэж маргаж байна.

 

Монгол Улсын Засгийн газрын 2011 оны 62 дугаар тогтоолоор баталсан Төрийн жинхэнэ албан хаагчийн албан үүргийг түр орлон гүйцэтгэх журам-ын 4.4 дэх заалтад албан үүргийг түр орлон гүйцэтгэгч нь түр орлон гүйцэтгэх хугацаандаа эзгүй байгаа тухайн албан тушаалын эрх, үүргийг хэрэгжүүлэхээр заасан тул хариуцагчийг албан тушаалын эрх хэмжээгүй гэж үзэх боломжгүй.

 

Нэхэмжлэгч давж заалдах гомдолдоо Агентлагийн үйл ажиллагааны стратеги, зохион байгуулалтын бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөр болон зохион байгуулалтын бүтэц, орон тооны дээд хязгаарыг Монгол Улсын сайд батална... Ажлын байрыг заавал байлгах ёстойг Салбарын сайдын зүгээс агентлагийн даргад эрх зүйн хувьд баталгаажуулсан байхад шүүх энэ байдлыг үл тоож, нотлох баримтыг үнэлээгүй шийдвэр гаргасан гэж дурджээ.

 

Засгийн газрын 2014 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 147 дугаар тогтоолын 3.3 дахь хэсэгт шинээр орон тоо нэмэгдүүлэхгүй байх, ажлын байрны ачааллыг нягтруулж орон тоог бууруулах, сул чөлөөтэй орон тоонд томилгоо хийхгүй байх...-ыг бүх шатны төсвийн ерөнхийлөн захирагч нарт үүрэг болгосноос гадна мөн оны 08 дугаар сарын 14-ний өдрийн 261 дүгээр тогтоолоор АМГ 170 орон тоотой байсныг 165 болгож цөөрүүлсэн байна.

 

Дээрх нөхцөл байдлаас шалтгаалан АМГ-ын дарга 2012 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 630 дугаар тушаалаар батлагдсан орон тооноос Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн хэвлэл мэдээлэл, лавлагаа хариуцсан мэргэжилтэн сүлжээний ерөнхий инженер гэсэн 2 орон тоог хассан нь буруу биш байна.

 

Иймд, АМГ-ын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2014 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн Б-119 дүгээр тушаал нь Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3.4, Засгийн газрын 2014 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 147 дугаар тогтоолын 3 дахь хэсгийн 3 дахь заалттай нийцсэн байна гэж дүгнэв.

 

АМГ-ын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2014 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн Орон тоог цөөрүүлж, бүтэц батлах тухай Б-119 дүгээр тушаалаар Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн хэвлэл, мэдээлэл, лавлагаа хариуцсан мэргэжилтний орон тоог хассантай холбогдуулан мөн өдрийн Б-120 дугаар тушаалаар Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн хэвлэл, мэдээлэл, лавлагаа хариуцсан мэргэжилтэн Д.Ө ыг 2014 оны 08 дугаар сарын 25-ны өдрөөс эхлэн албан тушаалаас нь чөлөөлжээ.

 

Хэрэгт авагдсан баримтуудаас үзвэл анх АМГ-ын даргын 2012 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 630 дугаар тушаалаар Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн Хэвлэл мэдээлэл, лавлагаа хариуцсан мэргэжилтэн, Хяналт шинжилгээ, үнэлгээ, статистик мэдээллийн хэлтсийн Уул уурхайн статистик мэдээлэл хариуцсан мэргэжилтний орон тоо тус бүр нэг нэг батлагджээ.

 

Улмаар АМГ-ын даргын 2014 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн Б-150 дугаар тушаалаар дээрх 630 дугаар тушаалыг хүчингүй болгож, тус газрын бүтэц, орон тоо, ангилал зэрэглэлийг дахин шинэчлэн баталсан бөгөөд тухайн бүтцэд Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн Хэвлэл, мэдээлэл, лавлагаа хариуцсан мэргэжилтний орон тоо батлагдаагүй, харин Хяналт шинжилгээ, үнэлгээ, статистик мэдээллийн хэлтсийн Уул уурхайн статистик мэдээлэл хариуцсан мэргэжилтний орон тоо батлагдсан байна.

 

Үүнээс үзэхэд дээрх нэгжүүдийн хэрэгжүүлэх чиг үүргүүд өөр өөр байсан бөгөөд Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн Хэвлэл, мэдээлэл, лавлагаа хариуцсан мэргэжилтний орон тоо, албан тушаал (ажлын байр) -ын тодорхойлолтод заасан чиг үүрэг хэвээр хадгалагдан үлдсэн гэж үзэх боломжгүй.

 

Иймээс нэхэмжлэгчийн миний ажлын байрны тодорхойлолт болон агентлагийн захиргаатай байгуулсан 2014 оны үр дүнгийн гэрээнд заагдсан чиг үүрэг хадгалагдан үлдэж, үргэлжлэн хийгдсээр байна гэх гомдол үндэслэлгүй.

 

Түүнчлэн нэхэмжлэгчээс Төрийн албан хаагчийн хөдөлмөрийн харилцаатай холбоотой Төрийн албаны тухай хуулиар зохицуулаагүй бусад асуудлыг Хөдөлмөрийн хуулиар зохицуулна гэж заасныг шүүхийн шийдвэр гаргахдаа үндэслэл болгоогүй нь буруу гэж гомдлынхоо үндэслэлийг тайлбарлаж байна.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.2, 40 дүгээр зүйлийн 40.1.1 дэх заалт нь хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж буй этгээдэд хамааралтай зохицуулалт бөгөөд нэхэмжлэгч Г.Ө-ы тухайд Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.4-д заасан өөрөөс нь үл хамаарах шалтгаанаар албан тушаалын орон тоо нь хасагдсан нөхцөл байдал үүссэн байна. Иймээс Төрийн албаны тухай хуулийг баримтлах үндэслэлтэй байна.

 

Иймд, шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

 

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.1, 87 дугаар зүйлийн 87.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан

 

ТОГТООХ нь:

 

1.    Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2015 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 382 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2.    Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсгийг баримтлан нэхэмжлэгчээс давж заалдах шатны журмаар улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлого болгосугай.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар үзвэл магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

 

ШҮҮХ БҮРЭЛДЭХҮҮН:

 

ШҮҮГЧ Б.ТУНГАЛАГСАЙХАН

 

ШҮҮГЧ Э.ХАЛИУНБАЯР

 

ШҮҮГЧ Э.ЗОРИГТБААТАР