Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 07 сарын 06 өдөр

Дугаар 59

 

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Баатар даргалж,

нарийн бичгийн дарга Б.Баттөмөр,

улсын яллагч В.Төгсбаяр,

шүүгдэгч Б.Ган-Очир, Б.Уламбадрах, шүүгдэгч /хохирогч/ М.Баярсайхан, өмгөөлөгч С.Эрдэнэцэцэг,                                                       

шүүгдэгч /хохирогч/ Л.Батбаяр, өмгөөлөгч Н.Цэрэндулам нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.2, 107 дугаар зүйлийн 107.1-д заасан гэмт хэрэгт М.Баярсайхан, Б.Ган-Очир, Б.Уламбадрах нарыг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-д заасан гэмт хэрэгт Л.Батбаярыг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 201626010292 дугаар хэргийг 2016 оны 6 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1984 оны 6 дугаар сарын 14-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 32 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, сантехникч мэргэжилтэй, “Таун комфорт” ХХК-д машинист засварчин ажилтай, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт Сонгинохайрхан дүүргийн 11 дүгээр хороо, Мандалын 13 дугаар гудамж, 219а тоотод оршин суух, ял шийтгэлгүй, Сартуул овогт Мягмарын Баярсайхан /РД:ЧБ84061412 /,

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1984 оны 12 дугаар сарын 15-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 31 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “ГУМ” ХХК-ийн сүүний үйлдвэрт жолооч ажилтай, ам бүл 6, эхнэр, хүүхдүүдийн хамт Чингэлтэй дүүргийн 7 дугаар хороо, Хувьсгалчдын Г-11 дүгээр гудамж, 115а тоотод оршин суух,

урьд Хан-Уул дүүргийн шүүхийн 2006 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн 75 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 146 дугаар зүйлийн 146.2, 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5-т зааснаар 3 жил 6 сар 10 хоног хорих ялыг тэнсэж, 2 жилийн хугацаагаар хянан харгалзсан, Пара овогт Баяраагийн Ган-Очир /РД:ШД84121511/,

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1989 оны 2 дугаар сарын 08-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 27 настай, эрэгтэй, дээд боловсролтой, техникч мэргэжилтэй, “Жэй Си Дэко Монголиа” ХХК-д үйлчилгээний ажилтан, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Чингэлтэй дүүргийн 9 дүгээр хороо, Дэнжийн 3 дугаар гудамж, 42 тоотод оршин суух,

урьд Баянгол дүүргийн шүүхийн 2012 оны 6 сарын 25-ны өдрийн 292 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 216 дугаар зүйлийн 216.2-т зааснаар 2 жилийн хорих ялыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан, Бух боржигин овогт Бямбасүрэнгийн Уламбадрах /РД:УП89020811/,

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1977 оны 8 дугаар сарын 21-ний өдөр Өвөрхангай аймагт төрсөн, 38 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Зорчигч тээврийн нэгтгэлийн 2 дугаар баазад автобусны жолооч ажилтай, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт Сонгинохайрхан дүүргийн 3 дугаар хороо, Бага нарангийн 18 дугаар гудамж, 26а тоотод оршин суух,

урьд Төв аймгийн сум дундын 2 дугаар шүүхийн 2002 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 145 дугаар шийтгэх тогтоолоор 1987 оны Эрүүгийн хуулийн 239 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хорих ялыг 1 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзсан, Олонхи овогт Лхагвасүрэнгийн Батбаяр /РД:НФ77082116/.

Шүүгдэгч М.Баярсайхан нь Б.Ган-Очир, Б.Уламбадрах нартай бүлэглэн 2016 оны 1 дүгээр сарын 13-ны шөнө 02-03 цагийн орчим Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо, Тахилтын задгайд Л.Батбаяртай маргалдан түүний энгэрээс заамдан газарт унаган нүүрэн тус газарт гараараа 3-4 удаа цохиж зодон бие махбодид нь хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан,

мөн Л.Батбаярын хөл хугарсан амь биед нь аюултай нөхцөлд байхад нь өөртөө болон бусдад хохирол учруулахгүйгээр туслах бололцоо байсан боловч яаралтай тусламж үзүүлээгүй, тусламж үзүүлэх шаардлагатайг зохих байгууллагад мэдэгдээгүйгээс хохирогч Л.Батбаярын зүүн гуя нь хөлдөж бие махбодид нь хөнгөн гэмтэл бүхий гэм хор учруулсан,

Шүүгдэгч Б.Ган-Очир нь М.Баярсайхан, Б.Уламбадрах нартай бүлэглэн 2016 оны 1 дүгээр сарын 13-ны шөнө 02-03 цагийн орчим Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо, Тахилтын задгайд Л.Батбаяртай маргалдан түүний барьж явсан ташуурыг булааж аван хохирогчийн толгойн тус газар болон баруун хөлний шилбэ, шагай хэсэг рүү нь цохиж зодон бие махбодид нь хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан,

мөн Л.Батбаярын хөл хугарсан амь биед нь аюултай нөхцөлд байхад нь өөртөө болон бусдад хохирол учруулахгүйгээр туслах бололцоо байсан боловч яаралтай тусламж үзүүлээгүй, тусламж үзүүлэх шаардлагатайг зохих байгууллагад мэдэгдээгүйгээс хохирогч Л.Батбаярын зүүн гуя нь хөлдөж бие махбодид нь хөнгөн гэмтэл бүхий гэм хор учруулсан,

Шүүгдэгч Б.Уламбадрах нь Б.Ган-Очир, М.Баярсайхан нартай бүлэглэн 2016 оны 1 дүгээр сарын 13-ны шөнө 02-03 цагийн орчим Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо, Тахилтын задгайд Л.Батбаяртай маргалдан түүний толгой, хүзүү хэсэг рүү хөлөөрөө өшиглөн цохиж зодон бие махбодид нь хүндэвтэр гэмтэл санаатай учруулан,

мөн хохирогч Л.Батбаярын хөл хугарсан амь биед нь аюултай нөхцөлд байхад нь өөртөө болон бусдад хохирол учруулахгүйгээр туслах бололцоо байсан боловч яаралтай тусламж үзүүлээгүй, тусламж үзүүлэх шаардлагатайг зохих байгууллагад мэдэгдээгүйгээс хохирогч Л.Батбаярын зүүн гуя нь хөлдөж бие махбодид нь хөнгөн гэмтэл бүхий гэм хор учруулсан,

Шүүгдэгч Л.Батбаяр нь 2016 оны 1 дүгээр сарын 13-14-нд шилжих шөнө 02-03 цагийн орчим Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо, Тахилтын задгайд М.Баярсайханы толгойн тус газарт ташуураар цохиж бие махбодид нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ. /яллах дүгнэлтээр/

                                               

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч М.Баярсайхан шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Мөрдөн байцаалтанд мэдүүлэг өгсөн тул нэмж мэдүүлэг өгөхгүй. Гэм буруугаа ухамсарлаж, гэмшиж байна. Ял шийтгэлийг хөнгөрүүлж өгнө үү” гэв.  

Шүүгдэгч Б.Ган-Очир шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Мөрдөн байцаалтанд мэдүүлэг өгсөн тул нэмж мэдүүлэг өгөхгүй. Л.Батбаяр ахын толгойг цохисон нь үнэн. Хөнгөн ял өгнө үү” гэв.

Шүүгдэгч Б.Уламбадрах шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Мөрдөн байцаалтанд мэдүүлэг өгсөн тул нэмж мэдүүлэг өгөхгүй. Хүний үг сонсож чадаагүй миний буруу. Би хэрэг хийгээгүй. Үнэн зөвөөр нь шийдэж өгнө үү” гэв.

Шүүгдэгч Л.Батбаяр шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Мөрдөн байцаалтанд мэдүүлэг өгсөн тул нэмж мэдүүлэг өгөхгүй. Хийсэн үйлдэлдээ харамсаж байна. Хөнгөн ял өгнө үү” гэв.

Хохирогч М.Баярсайхан шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “2016 оны 1 дүгээр сарын 13-14-нд шилжих шөнө найзындаа очоод архи ууж байгаад унтсан. Нэг сэртэл эд нар маргалдаж байсан. Би энэ ахыг харьж унт гэсэн. Бат-Ундраа “Би гэртээ хүн оруулж болохгүй юм уу, явлаа” гээд гэрээс гарсан. Батбаяр “Түрүүн надтай хэрэлдээд байсан пизда мөн үү” гээд ташуураар толгой руу цохьсон. Одоо эвлэрсэн тул гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэв.

Хохирогч Л.Батбаяр шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Бат-Ундраа манайд ор гэхээр нь ороход найз нар нь байсан. Тэгээд байж байгаад Уламбадрахтай маргалдсан. Одоо гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэв.  

 

201626010292 дугаар эрүүгийн хэргээс мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

Хохирогч Л.Батбаярын: “2016 оны 1 дүгээр сарын 13-14-нд шилжих шөнө 23 цаг өнгөрөөгөөд Тахилтын задгайд байх гэртээ харьсан. Шөнийн 00 цаг өнгөрч байхад манай хөрш айлын Бат-Ундраа манай гэрт орж ирээд би хүүтэй болсон, эхнэр төрсөн манайд ороод ир гэсэн. Бат-Ундраагийн гэрт хамт ороход нэг эрэгтэй эмэгтэй хоёр баруун орон дээр унтаж байсан. Танихгүй 3 залуу пиво уугаад сууж байсан. Би Бат-Ундраатай хамт тавуулаа 2,5 литрийн пиво 2 ширхгийг уугаад байж байтал Уламбадрах гэх залуу нь надтай танилцаад хаана ажилладаг талаар асуухаар нь би нэгтгэлийн 2-р баазад автобусны жолооч ажилтай гэхэд 2 дугаар бааз гэж байхгүй, 20 жилийн өмнө дампуурсан, 3-р бааз гэж байхгүй, 30 жилийн өмнө дампуурсан. Чи худлаа яриад байна пизда минь, банди минь гэж над руу дайрахад Бат-Ундраа хажуунаас чи юу гээд байгаан манай хөрш айлын ах автобусны жолооч хийдэг юм, дуугүй бай гээд Уламбадрахыг над руу дайрч байхад хориод хоорондоо ноцолдоод байсан. Тэгэхэд Ган-Очир гэх залуу Уламбадрах, Бат-Ундраа 2-ын голоор орж салгаад Бат-Ундрааг бариад сууж байтал Уламбадрах над руу ухас хийгээд дайрахад Бат- Ундраа гартаа байсан түлхүүрээ Уламбадрах руу шидэхэд хөмсөг дээр нь онож бага зэрэг цус гарсан. Бат-Ундраагийн баруун орон дээр унтаж байсан эрэгтэй, эмэгтэй 2 босож ирээд эрэгтэй болох Баярсайхан одоо боль унтаж амарцгаая, та гэртээ хариад амарчих гэж хэлсэн. Тэгээд би гэртээ орсон. Удалгүй Бат-Ундраагийн амбаар дотор түжигнээд гадаа хороондоо зодолдож байгаа чимээ сонсогдоод байсан. Юу болоод байгааг харахаар гэрээсээ гараад харахад Баярсайхан, Уламбадрахыг газар хэвтүүлсэн дээрээс нь дэвсээд байгаа харагдсан. Би буцаж гэртээ ороод байж байтал манай гэрийн үүдэнд бололтой Бат-Ундраа би явлаа гэх мэтээр орилоод байсан. Тэгэхээр нь би гутлаа өмсөөд орныхоо хөлд байсан хулсан ташуурыг гартаа бариад гарахад Бат-Ундраа, Уламбадрах 2 манай хашаанаас гараад явж байхаар нь би араас нь очоод Бат-Ундраа ахын дүү одоо гэртээ ор, эхнэр хүүхэд чинь маргааш эмнэлгээс гарна, одоо бүгдээрээ амар гэж хэлтэл Бат-Ундраа миний үгэнд ороогүй цаашаагаа явахад Уламбадрах Бат-Ундрааг явуулахгүй гээд зууралдаад цаашаа явсан. Тэгээд би гэр лүүгээ эргээд явах гэхэд миний урдаас Баярсайхан, Ган-Очир 2 ирж байсан. Тэгээд би Баярсайханд чи хамгийн эрүүл нь юм байна, эд нарыгаа зохицуулаад унтуулаач гэхэд чамд ямар хамаатай юм бэ, чамаас болж энэ бүх хэрүүл гарлаа гэж хэлээд миний куртикний энгэрээс заамдаж барихад би өөрөө халтираад унасан. Би доор нь ороход Баярсайхан миний дээр сууж байгаад миний нүүр лүү цохисон. Миний гарын бугуйнд байсан ташуурыг Ган-Очир нь татаж аваад толгойн зүүн дээд хэсэг рүү цохисон, нүүр лүү Баярсайхан 3-4 цохиод, тэр үед Ган-Очир миний баруун хөлний шилбэ шагай хэсэг рүү ташуураар цохиж хөл хугалсан. Тэр үед Уламбадрах ирчихсэн миний толгой хүзүү хэсэг рүү өшиглөж байсан. Тэгээд Уламбадрах, Ган-Очир, Баярсайхан 3 миний толгойноос цус гарч байгааг хараад орхиод явсан. Тэгээд би босох гэтэл баруун хөл хугарсан байсан, тухайн үед зүүн хөлөн дээрээ хугарсан баруун хөлөө тавиад тохойгоороо гэрийнхээ зүг мөлхөж явж байтал миний урдаас Баярсайхан, Уламбадрах хоёр Бат-Ундраагийн гэрээс гарч над дээр ирэхээр нь би миний хөл хугарсан байна, хойд айлын хүмүүст хэлээд өгөөч эсвэл намайг гэрт минь оруулаад өгөөч гэхэд Уламбадрах баашлаад байгаарай банди минь гэж хэлсэн. Тэгэхэд Уламбадрах Бат-Ундраагийн араас хашаанаас гараад явсан. Баярсайхан Бат-Ундраагийн гэр лүү орсон. Уламбадрах удалгүй эргэж ирээд Бат-Ундраагийн гэр лүү орсон. Тэгээд би тохойгоороо мөлхөөд хойд айлынхаа Ган гэж айлд очиж анхны тусламж аваад түргэн, цагдаа дуудсан” гэх мэдүүлэг /хх-18-19, 170, 203/,

Хохирогч М.Баярсайханы: “...Л.Батбаяр гэх хүн Ган-Очир бид хоёрын урдаас дөхөж ирээд над руу хандаж чи надтай хэрэлдээд байсан пизда мөн үү гэсэн. Би өөдөөс нь үг хэлж амжаагүй байхад гартаа нэг урт мод бариад миний толгойн зүүн дээд хэсэг рүү цохисон, би доошоо тонгойгоод хөлийг нь тэвэрч авахад Ган-Очир гарт нь байсан модыг булаалцалдаад байж байх хооронд би Батбаярын 2 хөлийг тэвэрч байгаад толгойгоороо гэдэс рүү нь түлхээд газар унагаахад Батбаярын гараас Ган-Очир ташуурыг нь авчихсан байсан. Тэгэхэд Батбаяр газар унасан хойноо гараараа миний нүүр баруун шанаа руу цохихоор нь би баруун гараараа Батбаярын хацар луу алгадаад мангасдаад гэртээ ор гэж хэлээд босоод газраас Батбаярын барьж ирсэн ташуурыг аваад Бат- Ундраагийн гэр лүү ороход Ган-Очир нь Бат-Ундраа Уламбадрах 2-ын араас явсан. Тэгэхэд Батбаяр миний хөл эвгүй болчихлоо, намайг гэр лүү оруулаад өгөөч гэсэн. Би хөл рүү нь цохиогүй болохоор баашлаад байгаарай чи гээд тоохгүй Бат-Ундраагийн гэр лүү ороод ташуурыг нь хөргөгч, гал тогооны шүүгээ 2-ын голоор хийсэн” гэх мэдүүлэг /хх-22-23/,

Гэрч Ч.Бат-Ундраагийн: “...Манай гэрт пиво уугаад сууж байгаад Уламбадрах, Батбаяр ах хоёр хоорондоо танилцаж хаана ажилладаг талаараа ярьж байгаад “автобус бааз 3” гэж байдаг, байхгүй гэж маргалдаж эхэлсэн. Би Уламбадрахыг дуугуй бай, чи юугаа мэддэг юм, Батбаяр ах өөрөө автобус баазад ажилладаг юм гэхэд дуугүй болохгүй Батбаяртай хэрэлдээд байхаар нь би гартаа байсан түлхүүрээ Уламбадрах руу шидэхэд баруун хөмсгийг нь оноод бага зэрэг цус гарсан. Тэгэхэд Уламбадрах надад гомдоллоод байсан. Би Уламбадрахыг гэрээс дагуулж гараад хашааны гадаа Уламбадрахыг 2-3 удаа алгадахад газар унахаар нь босгоод байж байтал Батбаяр ах гэрийнхээ зүгээс гартаа ташуур барьсан ирж явснаа намайг харчихаад юм хэлэлгүй цаашаа яваад өгсөн. Тэгээд би Уламбадрахыг миний үгэнд орсонгүй, чи олон жил миний дүү гэж явчихаад үгэнд орсонгүй, намайг хүндэлсэнгүй гэж гомдоллож уурлаад цаашаа хотын төв рүү зүглээд алхаж байтал Уламбадрах дээгүүрээ куртикгүй цамцтайгаа явж байсан болохоор даараад манай гэр лүү буцсан. Би цаашаагаа яваад зам дээрээс такси бариад Баянхошуунд эгчийндээ очиж хоносон” гэх мэдүүлэг /хх-27-28/,

Гэрч Ж.Ганзоригийн: “2016.01.13-ны шөнө 03 цагийн үед манай гэрийн гадаа хүн орилоод байгаа чимээ сонсогдохоор нь гараад харахад үүдэнд манай хөрш Батбаяр мөлхчихсөн газар хэвтэж байсан. Түүнээс юу болсон талаар асуухад Бат-Ундраагийн гэрт ирсэн хүмүүс хөл хугалчихаад яваад өглөө гэсэн. Би гэрэл тусгаад харахад түүний толгойноос их хэмжээний цус гарчихсан хэвтэж байсан. Тэгэхээр нь би гэрээсээ хөнжил гаргаж ирээд Батбаярыг мөлхүүлж гаргаад дамжлан гэрт нь оруулаад баруун хөлийн шагайг нь харахад хөл нь эвгүй болчихсон байхаар нь цагдаа, түргэн дуудаад гутлыг нь хутгаар зүсэж хөлөөс нь салгасан. Би Батбаяраас чамайг зодсон хүмүүс хаана байна гэхэд Бат-Ундраагийн гэрт байгаа гэж хэлэхээр нь яваад ороход 3 залуу, 1 хөгшин эрэгтэй, 1 эмэгтэй нийт 5 хүн байж байхаар нь та нар хүний хөл хугалсан байна гэж хэлсэн” гэх мэдүүлэг /хх-35, 204/,

Гэрч Д.Цэндмаагийн: “2016.01.13-ны орой найз Бат-Ундраагийн гэрт Ган-Очир, Уламбадрах, нөхөр Баярсайхан нарын хамт ирээд хоол хийж идээд, тэр хэд пиво уугаад нөхөр Баярсайхан согтоод байхаар нь би ор засаад хамт унтсан. Шөнө унтаж байтал гэрт хүмүүс маргалдаад чанга чанга яриад байхаар нь сэрэхэд Бат-Ундаагийн хажуу айлын ах гэх Батбаяр гэж хүн орж ирсэн тэр хэдтэй цуг сууж байсан. “Автобус бааз” байдаг, байдагүй гэх зүйлээс болж Уламбадрах тэр 2 маргалдаад Бат-Ундраа Уламбадрахыг загнаад байсан. Би Батбаяр гэж хүнийг та одоо гэртээ харь гэж хэлээд гаргаад явуулсан. Удалгүй Бат-Ундраа эхнэр хүүхэд дээрээ очно гээд гараад явсан. Араас нь Ган-Очир, Уламбадрах, Баярсайхан нар гараад явсан. Удалгүй 30 минутын дараа Баярсайхан гартаа модон ташуур барьчихсан орж ирээд, толгойгоо гараараа бариад цус болсон байхаар нь би сандраад юу болсон бэ гэхэд надад ямар нэг юм хэлэлгүй, энэ ташуур Батбаярын ташуур шүү гэж хэлээд Бат-Ундраагийн хөргөгч, тогооны шүүгээ 2-ын завсар тавьсан. Удалгүй гаднаас Уламбадрах, Ган-Очир нар орж ирсэн. Үүнээс 10-20 минутын дараа Бат-Ундраагийн арын айлын хүн орж ирээд та нар чинь хүний хөл хугалчихаад, тархи толгойг нь хагалчихаад гадаа хаячихсан байна. Би дээлэн дээр гаргаж байгаад чирч гэрт нь орууллаа. Цагдаа дуудчихсан байгаа гэж хэлсэн” гэх мэдүүлэг /хх-25/,

Шүүх эмнэлгийн хавтаст хэргийн материалын 2016.03.21-ний өдрийн 321 дүгээр дүгнэлтэд: “1.Тухайн үед Л.Батбаярын биед баруун шаант ясны доод булууны дотор хавчаар ясанд хөндлөн зөрөөгүй далд хугарал, баруун тахилзуур ясны доод 1/3 хэсэгт зөрөөгүй далд хугарал, зүүн гуяны 2-3 дугаар зэргийн хөлдөлт, зүүн чамирхайн хуйхны шарх, зүүн нүдний ухархайн дотор ханын хугарал гэмтэл учирчээ. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох жумрын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. 2. Зүүн гуяны хөлдөлтөнд хийгдсэн мэс ажилбар нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хөнгөн зэргийн гэмтэл болно. 3. Тухайн үед Л.Батбаярын биед баруун шаант ясны далд хугарал, баруун тахилзуур ясны далд хугарал, зүүн гуяны 2-3 дугаар зэргийн хөлдөлт, зүүн чамархайн хуйхны шарх, зүүн нүдний ухархайн дотор ханын хугарал гэмтлээс өөр гэмтэл учраагүй байна. 4. Баруун шаант болон тахилзуур ясны далд хугарал нь цохих өшиглөх зэрэг үед үүсэх боломжтой. 5. Баруун шаант болон тахилзуур ясны далд хугарал нь ил гэмтэл үүсэхгүй байж болно. 6. Цаашид энгийн хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонгид нөлөөлөхгүй” гэжээ /хх-59/,

Шүүх эмнэлгийн үзлэг хийсэн 2016.01.26-ны өдрийн 1552 дугаар актын дүгнэлтэд: “1.Баярсайханы биед тархи доргилт, хуйханд шарх гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. 3.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох жумрын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэжээ /хх-50/,

 

М.Баярсайханы яллагдагчаар өгсөн: “...Ган-Очир бид 2-ын урдаас дөхөж ирээд над руу хандаж чи надтай хэрэлдээд байсан пизда мөн үү гэсэн. Би өөдөөс нь үг хэлж амжаагүй байхад гартаа нэг урт мод бариад миний толгойн зүүн дээд хэсэг рүү цохисон. Би доошоо тонгойгоод 2 хөлийг нь тэвэрч авахад Ган-Очир Батбаярын гараас мод авчихсан байсан. Тэгэхэд Батбаяр газар унасан хойноо гараараа миний нүүр баруун шанаа руу цохихоор нь би баруун гараараа Батбаярын хацар луу 1 удаа алгадаад мангасдаад гэртээ ор гэж хэлээд босоод газраас Батбаярын барьж ирсэн ташуурыг аваад Бат-Ундраагийн гэр лүү ороход Ган-Очир, Бат-Ундраа, Уламбадрах 2-ын араас явсан. Тэгэхэд Батбаяр миний хөл эвгүй болчихлоо, намайг гэр лүү оруулаад өгөөч гэсэн. Би хөл рүү нь цохиогүй болохоор баашлаад байгаарай чи гээд тоохгүй Бат-Ундраагийн гэр лүү орсон” гэх мэдүүлэг /хх-81-82/,

Б.Ган-Очирын яллагдагчаар өгсөн: “...Хажууд ирж зогсоод чи түрүүн намайг Бат-Ундраагийн гэрээс хөөгөөд байсан залуу мөн үү гэж хэлэхэд Баярсайхан мөн гэж хэлэхэд гартаа барьсан модоороо Баярсайханы толгой уруу цохиод дахиад мод барьсан гараараа далайхаар нь би мод барьсан гартай нь хамт биеийг нь тэвэрч авахад Баярсайхан Батбаярын хөлнөөс нь татаад газар унагаасан. Батбаярыг газар унангуут нь би гарт нь байсан модыг авах гэхэд гартаа оосор хийсэн ташуур байсныг булааж аваад толгой руу цохиод ташуурыг нь холдуулаад хашааны хаалга руу шидсэн. Тэр үед Баярсайхан Батбаярын дээр нь гараад суугаад чи яаж байгаан гээд нүүр лүү нь 2 цохиж харагдсан. Баярсайхан бид хоёр Бат-Ундраа, Уламбадрах хоёрын араас явах гэж байхад Баярсайхан ташуурыг барьчихсан зогсож байсан” гэх мэдүүлэг /хх-89/,

Мэдүүлгийг газар дээр нь шалгах ажиллагааны тэмдэглэл /хх-12-16/, гэрч М.Лхагвасүрэнгийн мэдүүлэг /хх-29/, гэрч М.Лхагважавын мэдүүлэг /хх-30/, гэрч Ц.Оросбаярын мэдүүлэг /хх-31/, гэрч О.Золжаргалын мэдүүлэг /хх-32/, гэрч Б.Баяраагийн мэдүүлэг /хх-40/, гэрч З.Цэрэннадмидын мэдүүлэг /хх-173/, шүүгдэгч нарын иргэний үнэмлэхний лавлагаа /хх-99-102/, шүүгдэгч нарын ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-106, 107, 108, 109/, Хан-Уул дүүргийн шүүхийн шийтгэх тогтоолын хуулбар /хх-112-113/, Баянгол дүүргийн шүүхийн шийтгэх тогтоолын хуулбар /хх-114-115/, шүүгдэгч нарын хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-118-139/, Л.Батбаярын өвчний түүх /хх-141-147/, Л.Батбаярын нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар /хх-148-149/, хохирлын баримтууд /хх-61-64, 152-157/, эд зүйлийн үнэлгээ /хх-193/, эд зүйл хураан авсан тэмдэглэл /хх-203/, Төв аймгийн сум дундын шүүхийн шийтгэх тогтоолын хуулбар /хх-218-219/ болон шүүх хуралдаанд гаргаж өгсөн нотлох баримтууд зэргийг уншиж,  

 

хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг модон ташуурыг таниулж тус тус шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.

Шүүгдэгч М.Баярсайхан, Б.Ган-Очир нар бүлэглэн 2016 оны 1 дүгээр сарын 13-ны шөнө 02-03 цагийн орчим Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо, Тахилтын задгайд иргэн Л.Батбаяртай маргалдан М.Баярсайхан энгэрээс нь заамдан газарт унаган нүүрэн тус газарт гараараа 3-4 удаа цохих, Б.Ган-Очир ташуураар хохирогчийн толгойн тус газар болон баруун хөлний шилбэ, шагай хэсэг рүү нь цохиж зодон Л.Батбаярын бие махбодид “баруун шаант ясны доод булууны дотор хавчаар ясанд хөндлөн зөрөөгүй хугарал, баруун тахилзуур ясны доод 1/3 хэсэгт зөрөөгүй далд хугарал, зүүн чамархайн хуйхны шарх, зүүн нүдний ухархайн дотор ханын хугарал” бүхий хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан,

мөн хохирогч Л.Батбаярыг “миний хөл хугарсан байна, хойд айлын хүмүүст хэлээд өгөөч, эсвэл намайг гэрт минь оруулаад өгөөч” гэж гуйхад нь “битгий баашлаад бай банди минь” гэж хэлэн түүнийг амь биед нь аюултай нөхцөлд байхад нь өөртөө болон бусдад хохирол учруулахгүйгээр туслах бололцоо байсан боловч яаралтай тусламж үзүүлээгүй, тусламж үзүүлэх шаардлагатайг зохих байгууллагад мэдэгдээгүйгээс Л.Батбаярын бие махбодид зүүн гуяны 2-3 дугаар зэргийн хөлдөлт бүхий гэм хор учруулсан гэмт хэргийг тус тус үйлдсэн болох нь хохирогчийн мэдүүлэг болон шүүгдэгч нараас үйлдсэн хэргийнхээ талаар өгсөн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэрэг хэрэгт авагдаж хэлэлцэгдсэн дээрх бичгийн нотлох баримтууд, шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч, хохирогч нарын өгсөн мэдүүлэг зэргээр хангалттай нотлогдон тогтоогдож байна.

Иймд М.Баярсайхан, Б.Ган-Очир нарыг бусдын бие махбодид хүндэвтэр гэмтэл санаатай учруулах гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн, бусдыг амь биед нь аюултай нөхцөлд байхад нь тусламж үзүүлэхгүй байх гэмт хэргийг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн  98.2, 107 дугаар зүйлийн 107.1-д тус тус зааснаар ял шийтгэл оногдуулах,

Шүүгдэгч Л.Батбаярыг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож , Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1, 208 дугаар зүйлийн 208.1.3-т зааснаар буюу хохирогч нь шүүгдэгчтэй сайн дураараа эвлэрсэн гэж үзэн хэргийг хэрэгсэхгүй болгож тус тус шийдвэрлэлээ.  

Харин прокуророос шүүгдэгч Б.Уламбадрахыг бусдын бие махбодид хүндэвтэр гэмтэл санаатай учруулах, бусдыг амь биед нь аюултай нөхцөлд байхад нь тусламж үзүүлэхгүй байх гэмт хэрэг үйлдсэн гэж үзэн яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 208 дугаар зүйлийн 208.1.2-т зааснаар буюу нэмэлт нотлох баримтыг цуглуулах бүхий л ажиллагааг хийсэн боловч сэжигтэн, яллагдагчийн гэмт хэрэг үйлдэхэд оролцсон болох нь нотлогдоогүй гэж үзэн хэрэгсэхгүй болголоо.

Тухайлбал шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Л.Батбаярын “Б.Уламбадрах нь намайг цохиогүй, тэрээр цаашаа явсан байсан” гэх,  шүүгдэгч Б.Уламбадрахын мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...Тэр үед Батбаяр гартаа ташуур барьчихсан ирснээ буцаад яваад өгөхөөр нь би Бат-Ундраа ахын араас явж байгаад тэднийд цамц, түрийвч, түлхүүрээ мартсан байснаа санаад буцаад иртэл Ган-Очир байхгүй, гэрт нь Баярсайхан ах, Цэндмаа эгч, Халзан ах нар байсан. Баярсайхан ах Батбаяр над уруу ташуур барьж дайрсан гээд нэг урт ташуурыг хөргөгчний араар хийж байсан. Намайг нүүрээ угааж байтал хойд айлынх нь Ган гэх ах орж ирээд Батбаярын хөл хугарсан байна, цагдаад мэдэгдсэн гэсэн...” гэх мэдүүлэг, шүүгдэгч М.Баярсайхан, Б.Ган-Очир нарын мэдүүлэг болон хэргийн үйл баримтаас дүгнэхэд шүүгдэгч Б.Уламбадрахын ямарваа нэгэн үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирогч Л.Батбаярын бие махбодид хүндэвтэр гэмтэл учраагүй, түүнчлэн Л.Батбаярыг амь биед нь аюултай нөхцөл байдалд байхад нь тусламж үзүүлээгүй, тусламж үзүүлэх шаардлагатайг зохих байгууллагад мэдэгдээгүй гэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.    

Гэмт хэргийн улмаас хохирогч Л.Батбаярын бие махбодид хүндэвтэр, хөнгөн зэргийн гэмтэл учирсан боловч шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчийн мэдүүлсэн “Одоо нэхэмжлэх зүйл байхгүй, М.Баярсайхан, Б.Ган-Очир, Б.Уламбадрах нарт гомдол санал байхгүй” гэснийг тус тус харгалзан шүүгдэгч М.Баярсайхан, Б.Ган-Очир нарыг энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзсэн болно.

Шүүгдэгч /хохирогч/ М.Баярсайхан шүүхийн хэлэлцүүлэгт “Л.Батбаяртай сайн дураараа эвлэрч байгаа, одоо гомдол санал болон нэхэмжлэх зүйл байхгүй тул Л.Батбаярт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэж мэдүүлж хүсэлтээ бичгээр гаргасан тул хохирогч М.Баярсайхан нь шүүгдэгч Л.Батбаяртай сайн дураараа эвлэрсэн байна гэж дүгнэн шүүгдэгч Л.Батбаярт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлж шийдвэрлэв.

Шүүгдэгч Б.Ган-Очир нь Хан-Уул дүүргийн шүүхийн 2006 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн 75 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 146 дугаар зүйлийн 146.2, 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5-т зааснаар 3 жил 6 сар 10 хоногийн хорих ялыг тэнсэж 2 жилийн хугацаагаар хянан харгалзсан,

Шүүгдэгч Л.Батбаяр нь Төв аймгийн сум дундын 2 дугаар шүүхийн 2002 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 145 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 239 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хорих ялыг 1 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзсан байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 78 дугаар зүйлийн 78.2.1-д “тэнсэж хянан харгалзсан хугацаанд гэмт хэрэг шинээр үйлдээгүй тохиолдолд ялгүй болохоор” заасныг үндэслэн шүүгдэгч Б.Ган-Очир, Л.Батбаяр нарыг анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэлээ

Шүүгдэгч М.Баярсайхан, Б.Ган-Очир нарт ял шийтгэл оногдуулахдаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо сайн дураараа нөхөн төлсөн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшсэн зэргийг ял хөнгөрүүлэх, согтуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэнийг ял хүндрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцон хуульд заасан хорих ял оногдуулж, гэмт хэрэг үйлдсэн этгээдүүдийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг харгалзан уг ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж шүүх үзэв.

Хэрэгт эд мөрийн баримтаар шүүгдэгч /хохирогч/ Л.Батбаяраас хураагдсан 92,5 см урттай, 3,1х3,1 см өргөнтэй, нэг талын үзүүрээс 7 см, нөгөө талын үзүүрээс 80,3 см зайд 1х1 см хэмжээтэй нүхтэй 1 ширхэг модон ташуурыг устгаж, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нар цагдан хоригдсон хоноггүй, тэдгээрийн бичиг баримт шүүхэд ирээгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 248 дугаар зүйлийн 248.1.2, 283, 286, 294, 295, 296, 297, 298 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.2, 107 дугаар зүйлийн 107.1-д заасан гэмт хэрэгт Б.Уламбадрахыг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 208 дугаар зүйлийн 208.1.2-т зааснаар хэрэгсэхгүй болгосугай.

2. Шүүгдэгч Сартуул овогт Мягмарын Баярсайхан, Пара овогт Баяраагийн Ган-Очир нарыг бусдын бие махбодид хүндэвтэр гэмтэл санаатай учруулах гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн,

бусдыг амь биед нь аюултай нөхцөлд байхад нь тусламж үзүүлэхгүй байх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

Шүүгдэгч Олонхи овогт Лхагвасүрэнгийн Батбаярыг бусдын биемахбодид хөнгөн гэмтэл санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

3. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 208 дугаар зүйлийн 208.1.3, 25 дугаар зүйлийн 25.1-д тус тус зааснаар прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-д заасан гэмт хэрэгт Л.Батбаярыг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 71 дүгээр зүйлийн 71.1-д зааснаар Л.Батбаярыг эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй.

4. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.2-т зааснаар шүүгдэгч М.Баярсайхан, Б.Ган-Очир тус бүрт 3 /гурав/ жил 01 /нэг/ сарын хугацаагаар хорих ял,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 107 дугаар зүйлийн 107.1-д зааснаар шүүгдэгч М.Баярсайхан, Б.Ган-Очир тус бүрт 6 /зургаа/ сарын хугацаагаар баривчлах ял тус тус шийтгэсүгэй.

5 Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1-д заасныг журамлан М.Баярсайхан, Б.Ган-Очир тус бүрт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.2-т зааснаар оногдуулсан 3 жил 01 сарын хугацаагаар хорих ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 107 дугаар зүйлийн 107.1-д зааснаар оногдуулсан 6 хугацаагаар баривчлах ялын заримыг буюу 3 сарын хугацаагаар  баривчлах ялыг нэмж нэгтгэн, М.Баярсайхан, Б.Ган-Очир тус бүрийн нийт биечлэн эдлэх хорих ялыг 3 /гурав/ жил 4 /дөрөв/ сарын хугацаагаар тогтоосугай.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар М.Баярсайхан, Б.Ган-Очир тус бүрт оногдуулсан 3 жил 4 сарын хугацаагаар хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.

7. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.1-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 92,5 см урттай, 3,1х3,1 см өргөнтэй, нэг талын үзүүрээс 7 см, нөгөө талын үзүүрээс 80,3 см зайд 1х1 см хэмжээтэй нүхтэй 1 ширхэг модон ташуурыг устгасугай.

8. Хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нар цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, тэдний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.

9. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4-т зааснаар М.Баярсайхан, Б.Ган-Очир тус бүрт оногдуулсан 3 жил 4 сарын хугацаагаар хорих ялыг тус тус тэнсэж, тус бүрийг 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хянан харгалзаж, тэнсэгдсэн ялтанд хяналт тавихыг Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн 2 дугаар хэлтэс, Чингэлтэй дүүргийн цагдаагийн 1 дүгээр хэлтэст тус тус даалгасугай.

10. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3-т зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Л.Батбаяр, Б.Уламбадрах нарт авсан бусдын батлан даалтанд байх таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож, М.Баярсайхан, Б.Ган-Очир нарт авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

11. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 304 дүгээр зүйлийн 304.1-д зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.

12. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1-д зааснаар давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч нарт урьд авсан таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

 

 

                                  ДАРГАЛАГЧ                                       Л.БААТАР