Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 07 сарын 07 өдөр

Дугаар 221/МА2016/0470

 

“Ворлдзоне интернэшнл” ХХК-ийн нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Баатархүү даргалж, шүүгч С.Мөнхжаргал, шүүгч Г.Билгүүн нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Ц.Болормаа, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Халиун, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Жавхлантөгс, хариуцагч А.Болормаа, З.Энхтуяа, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Агбат нарыг оролцуулан хийж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 361 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлоор, “Ворлдзоне интернэшнл” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Гааль, Татварын ерөнхий газрын Улсын төсөв орлого хяналтын газрын татварын улсын байцаагч А.Болормаа, З.Энхтуяа нарт холбогдох захиргааны хэргийг шүүгч  Г.Билгүүн илтгэснээр хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Анхан шатны шүүх шийдвэртээ: “Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1, 14.1.1, 14.1.2, 15 дугаар зүйлд заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “Ворлдзоне” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо: “...Шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх ёстой. Анхан шатны шүүх нь хэргийг хянан шийдвэрлэхдээ хэрэгт цугларсан нотлох баримтыг тал бүрээс нь, үнэн бодитой, эргэлзээгүй талаас шинжлэн судлаагүй, үндэслэл бүхий дүгнэлт хийж чадаагүй байна.

Шүүхээс шийдвэртээ “НӨАТтХ-ийн 15 дугаар зүйлд нэмэгдсэн өртгийн албан татварыг буцаан олгох талаар зохицуулснаас үзвэл Сонгинохайрхан дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч нараас ирүүлсэн хүсэлт саналыг Татварын ерөнхий газрын улсын төсвийн орлого хяналтын газрын татварын улсын байцаагч нар хүлээн авч зохих журмын дагуу хянаад буцаан олгох татварын хэмжээг тодорхойлох эрх хэмжээтэй байхын дээр энэ эрх хэмжээний хүрээнд хариуцагч нар нь нэхэмжлэгч компанийн нэмэгдсэн өртгийн албан татварын буцаан олголтын хэмжээг бууруулж тогтоосон нь хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэв” гэжээ.

Нэхэмжлэгчээс татварын улсын байцаагч нарын эрх хэмжээний асуудлаар огт маргаагүй юм. Харин улсын байцаагчийн акт нь хууль зүйн үндэслэлгүй гэж маргасан. Гэтэл анхан шатны шүүхээс уг улсын байцаагчийн актыг хууль зүйн ямар үндэслэлээр хууль ёсны байна гэж дүгнэсэн нь тодорхойгүй байна. Түүнчлэн Татварын улсын байцаагч З.Энхтуяа, А.Болормаа нарын 210204534 дүгээр актаар татварын үлдэгдлийг бууруулан баталгаажуулсан зүйлгүй юм.

Шүүхээс үндэслэлдээ Нягтлан бодох бүртгэлийн олон улсын стандарт 2-т заасан бараа материал гэж тодорхойлолтыг үндэслэсэн байна.

Тус тодорхойлолтод “бараа материалд бизнесийн хэвийн үйл ажиллагааны явцад худалдан борлуулахаар эзэмшиж байгаа хөрөнгө, дээрхи борлуулалтын зорилгоор үйлдвэрлэлийн дамжлагад байгаа зүйлс болон үйлдвэрлэлийн дамжлага эсвэл үйлчилгээ үзүүлэхэд ашиглах гэж байгаа материал буюу хангамжийн зүйлс хэлбэрээр байгаа хөрөнгө орно” мөн “бараа материалд худалдан авсан болон дахин борлуулахаар эзэмшиж байгаа бараа, жишээ нь жижиглэнгийн худалдаачны дахин борлуулах зорилгоор худалдан авсан болон дахин борлуулахаар эзэмшиж байгаа бараа, эсвэл цааш нь дахин борлуулахаар эзэмшиж байгаа газар болон бусад үл хөдлөх хөрөнгө орно” гэж тодорхойлсон.

Эдгээрээс үзвэл нэхэмжлэгч компанийн худалдан авсан оффисын талбай нь бараа материал гэсэн тодорхойлолтод шууд хамаарч байгаа тул Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.1-д заасны дагуу хасалт хийх хууль зүйн болоод нягтлан бодох бүртгэлийн бүрэн үндэслэлтэй байна.

Гэтэл шүүхээс улсын байцаагчийн актыг ямар үндэслэл, нотлох баримтаар хууль зүйн үндэслэлтэй байна гэж дүгнэж буй нь тодорхойгүй байна. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.4-д “Үндэслэх хэсэгт захиргааны хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдэж, хэргийг хянан шийдвэрлэхэд үндэс болсон нотлох баримтыг үнэлж дүгнэсэн байдал, захиргааны актын хууль зүйн үндэслэлийг тусгана” гэж зааж өгсөн бөгөөд анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэг нь хуулийн энэхүү шаардлагыг хангаагүй, ямар хуулийн зүйл заалтыг үндэслэн маргаан бүхий актыг хууль ёсны гэж үзэж байгаа нь тодорхойгүй байна гэж үзэхээр байна.

Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 361 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь ханган шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ

Анхан шатны шүүх нэхэмжлэгч “Ворлдзоне интернэшнл” ХХК-ний нэхэмжлэлд дурдсан үйл баримт, нотлох баримтыг буруу үнэлсэн, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгон нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.

            Сонгинохайрхан дүүргийн Татварын хэлтсийн улсын байцаагчийн 3400100 тоот актаар “Ворлдзоне интернэшнл” ХХК-ийн төсвөөс буцаан авах нэмэгдсэн өртгийн албан татварын үлдэгдлийг 23 962 636,90 төгрөгөөр баталгаажуулсныг Татварын Ерөнхий газрын Улсын төсвийн орлого, хяналтын газрын улсын байцаагчийн 2015 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 210201534 тоот актаар нэмэгдсэн өртгийн албан татварын илүү үлдэгдлийг 0.00 төгрөг болгож, төсөвт төлөх дүнг 1 636 582,20 төгрөг болгон тогтоосон нь үндэслэлгүй байна. Учир нь:

            Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн[1] 14 дүгээр зүйлийн 14.1-д “Иргэн, хуулийн этгээд нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгчөөр бүртгүүлснээсээ хойшхи хугацаанд энэ хуулийн  7, 8, 11 дүгээр зүйлд заасны дагуу төлсөн дор дурдсан нэмэгдсэн өртгийн албан татварыг түүний төсөвт төлөх нэмэгдсэн өртгийн албан татвараас хасч тооцно:”, 14.1.1-д “үйлдвэрлэл, үйлчилгээний зориулалтаар худалдан авсан бараа, гүйцэтгэсэн ажил, үзүүлсэн үйлчилгээнд төлсөн;”, 4 дүгээр зүйлийн 4.1.2-т "бараа" гэж мөнгөн хөрөнгөнөөс бусад бүх төрлийн эд хөрөнгийг ойлгоно,  Иргэний хуулийн 84 дүгээр зүйлийн 84.2-т “Эд хөрөнгө нь үл хөдлөх, хөдлөх эд хөрөнгө байна” гэж тус тус заажээ.

            “Ворлдзоне интернэшнл” ХХК-ийн гэрчилгээн дэх бүртгэл зэргээс үзэхэд тус хуулийн этгээд нь үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байх бөгөөд нэхэмжлэгч нэхэмжлэлдээ тус компанийн үндсэн үйл ажиллагааг БНСУ-аас “Тайгуг фарм” эмийн үйлдвэрийн албан ёсны гэрээт борлуулагчаар ажиллаж 5 төрлийн эмийн бус бүтээгдэхүүн борлуулдаг гэж тодорхойлон, “Сандэй” ХХК-ийн барьсан “Peace Tower” оффис, үйлчилгээний зориулалттай барилгаас 85.4 м.кв талбайг үйл ажиллагаагаа өргөжүүлэх, үйлчилгээ эрхлэн явуулах зорилгоор худалдан авсан гэж тайлбарласан ба энэ талаар талууд маргахгүй байна.

            Дээрхээс үзвэл, худалдааны чиглэлээр буюу үйлчилгээ эрхлэх зориулалтаар худалдан авсан бараа буюу үл хөдлөх хөрөнгө худалдан авахад төлсөн нэмэгдсэн өртгийн албан татварыг түүний төсөвт төлөх нэмэгдсэн өртгийн албан татвараас хасч тооцохоор Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.1-д заасан, мөн хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4-т өмнө нь төлсөн нэмэгдсэн өртгийн албан татварыг худалдан авагчийн төлөх “албан татварын дүнгээс хасахгүй” бараа, ажил үйлчилгээг нэрлэн заасан ба эдгээрийн дотор уг маргааны үйл баримтад холбогдох “үйлчилгээ эрхлэх зориулалтаар худалдан авсан бараа”-нд төлсөн нэмэгдсэн өртгийн албан татварыг худалдан авагчийн төлөх албан татварын дүнгээс хасч тооцохгүй талаар заагаагүй байх тул хариуцагч татварын улсын байцаагч нар нэхэмжлэгчийн төлсөн нэмэгдсэн өртгийн албан татварыг хасахгүй, “...буцаан олгохгүй” гэсэн нь буруу байна.

Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1-д “Өмчлөгч нь бусад  этгээдэд хууль буюу гэрээгээр олгогдсон эрхийг зөрчихгүйгээр, хуулиар тогтоосон хэмжээ, хязгаарын дотор өмчлөлийн зүйлээ өөрийн үзэмжээр чөлөөтэй эзэмшиж, ашиглаж, захиран зарцуулах бөгөөд аливаа халдлагаас хамгаалах эрхтэй” гэж зааснаас үзвэл өмчлөгч этгээд нь өөрийн хөдлөх болон үл хөдлөх хөрөнгийг өөрийн үзэмжээр бусдад худалдан борлуулах эрхтэй юм.

Гэтэл татварын улсын байцаагчид “Ворлдзоне интернэшнл” ХХК нь худалдан авсан үл хөдлөх хөрөнгөө худалдан борлуулах зорилгогүй байсан гэж таамаглан акт гаргасан нь учир дутагдалтай байна.

            Харин нэхэмжлэлд хариуцагчийн эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох тухай шаардлага гаргаагүй атлаа захиргааны акт гаргахыг даалгуулахаар шаардсан байх тул үүнийг нэхэмжлэлийн бие даасан шаардлага гэж үзэх боломжгүй болохыг дурдах нь зүйтэй.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.1, 121 дүгээр зүйлийн 121.1.2 дахь хэсгийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 361 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 14.1, 14.1.1, 14.4-т заасныг баримтлан “Ворлдзоне интернэшнл” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, татварын улсын байцаагчийн 2015 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 210201534 тоот актыг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангасугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 50 дугаар зүйлийн 50.3, 51 дүгээр зүйлийн 51.1-д зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогоос буцаан олгож, нэхэмжлэл гаргахдаа төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70 200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

ШҮҮХ БҮРЭЛДЭХҮҮН

                       ШҮҮГЧ                                                                       Д.БААТАРХҮҮ

                        ШҮҮГЧ                                                                       С.МӨНХЖАРГАЛ

                        ШҮҮГЧ                                                                       Г.БИЛГҮҮН