Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 05 сарын 11 өдөр

Дугаар 2022/ШЦТ/360

 

 

 

 

   2022          05          11                                     2021/ШЦТ/360

 

                             МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Отгонбаяр даргалж,

Нарийн бичгийн дарга: М.Нарансолонго,

Улсын яллагч: Н.Уранбайгаль,

Насанд хүрээгүй хохирогч Б.Т-, түүний хууль ёсны төлөөлөгч Ц.Б-, өмгөөлөгч Х.Гантулга,

Шүүгдэгч: Ц.Т-, түүний өмгөөлөгч Ж.Оюунцэцэг нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны А-1 танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Тээврийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар Ц.Т-д холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2203000000176 дугаартай хэргийг 2022 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр хүлээн авч хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Ц.Т-, ..... тоот регистртэй,

 Шүүгдэгч Ц.Т- нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй үедээ 2022 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн 18 цаг 53 минутын орчимд Баянгол дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэр “Хотол” зочид буудлын баруун замд Д.Д-ын эзэмшлийн “Хонда Фит” маркийн ... улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.4-т заасан “Жолооч дараах үүргийг хүлээнэ: а/ энэ дүрмийн 4 дүгээр хавсралтад заасан эвдрэл, гэмтэл, техникийн зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах, а/тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй /жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд/ ...тээврийн хэрэгсэл жолоодох, мөн дүрмийн 10.1-д заасан “Жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө зам, орчны байдлыг биеэр шалгаж, хөдөлгөөн эхлэх, чиг өөрчлөх, байр эзлэх, зогсохдоо аюул, осол үүсгэхгүй байх бүх нөхцөлийг хангана” гэсэн заалтыг тус тус зөрчсөний улмаас явган зорчигч 14 настай, эрэгтэй Б.Т-г мөргөж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Ц.Т- шүүх хуралдаанд: “Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж мэдүүлэх зүйлгүй” гэв.

Насанд хүрээгүй хохирогч Б.Т- шүүх хуралдаанд: “...Би 3 дугаар сарын 01-ний өдөр үсээ засуулах гээд гэрээсээ гараад, явган хүний замаар явж байсан. Уг машин зогсоолоос эргэж байгаад шууд ирээд мөргөсөн. Мөргөсний дараа хаазаа нэмээд дахиад мөргөх гээд байхаар нь доголоод дэлгүүрийн шатан дээр суусан. Нөхөр нь машинаас гарч ирээд машиныхаа купер эвдэрсэн байна гээд куперээ буцаагаад хийсэн. Жолооч эмэгтэй тормосоо андуураад хаазаа гишгэсэн гэж хэлсэн. Үүний дараа эмнэлэг дуудахгүй удаад байсан. Эмнэлэг дууд гэж хэлсэн. Бас гэрийнхэндээ хэлж дуудсан. Тэгээд гэмтлийн эмнэлэг дээр очсон” гэв.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Б-ын шүүх хуралдаанд өгсөн: “3 дугаар сарын 02-ны өдөр нөхөр нь ирж уулзсан. Энэ эгч уйлаад гуйж байсан. Нөхөр нь “манай хүн амиа хорлоно, машин доогуур орж үхнэ” гээд байна гэхээр нь өрөвдөж, тухайн үедээ энэ хүний үгэнд итгэсэн. Хүүхдийг эсэн мэнд хөл дээр нь босгоод авъя, гэж нөхөр нь гуйж байсан. Энэ эгч нь 2  хүүхэдтэй гэж байсан. 2 хүүхдээс нь салгаж, хүний муу үзээд яах вэ дээ гэж бодож байсан. Тухайн үед 4, 5 сая төгрөг гаргаад, хөл дээр нь босгоод ирнэ гэвэл хамаагүй гэж хэлсэн. Тухайн үед тэгэлгүй яахав, гаргаад өгнө, хөл дээр нь босгоно, хохирлыг нь төлж барагдуулна гэж хэлж байсан. Ганц сая төгрөг өгчхөөд хохирол барагдуулсан гэж байгаад маш их гомдолтой байна. Миний хүүхэд 2 сар хэвтэрт байсан. 2 сар хичээл завсардсан. Тухайн өдрийн маргааш нь сургуулийнхаа тэмцээнд орох байсан. Тэгээд тэмцээндээ орж чадаагүй, одоо ангийн хүүхдүүд нь тэмцээндээ түрүүлж, улсад өрсөлдөхөөр болсон. Бусад хүүхдүүдийн адил миний хүүхэд медальтай, дараагийн тэмцээнд орохоор гүйж байх байтал өнөөдөр хоёр таяг тулсан байгаад маш их гомдолтой байна. Хөлийнг хадсан хадаасыг авахуулах хагалгаанд орно. Тухайн үедээ эмнэлэгт хэвтэх тул зардал гарна. Зарим баримтуудаа хэрэгт өгч чадаагүй” гэв.

 Насанд хүрээгүй хохирогч Б.Т-гийн мөрдөн байцаалтад өгсөн: “...Хотол зочид буудлын баруун талын явган хүний замаар ертөнцийн зүгээр хойноос урагш чиглэлтэй явж байтал зогсоолоос гарч байсан машин шууд зорчих хэсгээс даваад явган хүний зам руу орж ирээд намайг дэлгүүрийн хундаамтай хавсраад мөргөчихсөн. Тэгээд би мөргүүлчхээд нэг хөл дээрээ доголоод дэлгүүрийн шатан дээр очиж суусан. ...би осол болох явган хүний замаар явж байтал тухайн машин зорчих хэсгийн боржур даваад явган хүний зам руу орж ирээд мөргөчихсөн. Надад тухайн жолооч нь хэлэхдээ хааз, тормосоо андуураад гишгэчихлээ гэж хэлж байсан” гэсэн мэдүүлэг /хх-н 16/,

Насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Б-ын мөрдөн байцаалтад өгсөн: “...2022 оны 3 дугаар сарын 01-ний өдөр би гэртээ байж байтал манай хүүхэд Тэмүүлэн над руу утсаар залгаад би машинд мөргүүлчихлээ гэж ...ярихаар нь ослын газар очсон юм. ...тухайн хүн жолооч биш байж жолоо барьсанд гомдолтой байна. ...зүгээр байсан хүүхдийн эрүүл мэндэд хохирол учруулсанд нь гомдолтой байна. ...мөн эрүүл мэндтэй холбоотой зардлаа нэхэмжилнэ” гэсэн мэдүүлэг /хх-н 18/,

Иргэний нэхэмжлэгч, хариуцагч Д.Д-ын мөрдөн байцаалтад өгсөн: “...машинаа зарсан. О-гээд хүн таниас авсан машиныг манай эгч унаж яваад хүүхэд мөргөөд хүүхэд нь хөл нь хугарчихсан. ...бичиг баримтаар бол миний эзэмшлийнх, гэхдээ би 2021 онд 2 сая төгрөгөөр тухайн осол гаргасан хүний дүүд нь зарсан юм” гэсэн мэдүүлэг /хх-н 40, 43/,

Гэрч Ц.Б-ын мөрдөн байцаалтад өгсөн: “...Тэгээд замдаа дэлгүүр орж тамхи авах гээд би машинаа замын хажуу талын шороон хэсэгт байрлуулчхаад дэлгүүр орчихоод гараад иртэл манай эхнэр Т- машин жолоодчихсон явган хүний замаар явж байсан хүүхдийг явган хүний зам руу орж ирээд дэлгүүрийн хундаамтай хавсраад баруун хөлийг нь мөргөчихсөн. ...Тэгээд би шууд очоод машиныг унтраагаад 103, 102-т дуудлага өгсөн. ...манай эхнэрт жолоодох эрхийн үнэмлэх байдаггүй” гэсэн мэдүүлэг /хх-н 46/,

Шинжээчийн 3819 тоот дүгнэлтэд: “...Б.Т-гийн биед баруун шилбэний дотор хавчуурын далд хугарал, баруун тохойн зөөлөн эдийн няцрал, цус хуралт бүхий гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтлүүд байна. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй” гэсэн мэдүүлэг /хх-н 59-61/,

Мөрдөгчийн 308 дугаар магадлагаанд: “...Хонда Фит маркийн ... улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Ц.Т- нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.1. Механикжсан тээврийн хэрэгслийн жолооч дараахь бичиг баримттай байна. а/ тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхийн хүчинтэй үнэмлэх буюу түр зөвшөөрөл /жолоодлогын дадлага хийж яваа суралцагчид хамаарахгүй/ мөн дүрмийн 3.7 Жолоочид дараахь зүйлийг хориглоно а/ тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй /жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд/ ...үедээ тээврийн хэрэгсэл жолоодох, мөн дүрмийн 3.4 “Жолооч дараахь үүргийг хүлээнэ, а/энэ дүрмийн 4 дүгээр хавсралтад заасан эвдрэл, гэмтэл, техникийн зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах, болон 10.1 Жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө зам, орчны байдлыг биеэр шалгаж, хөдөлгөөн эхлэх, чиг өөрчлөх, байр эзлэх, зогсохдоо аюул, осол үүсгэхгүй байх бүх нөхцөлийг хангана” гэсэн заалтыг зөрчсөн гэх үндэслэлтэй байна. Явган зорчигч Б.Т- нь ЗХД-ийн ямар нэгэн заалтыг зөрчсөн гэх үндэслэлгүй байна” гэжээ /хх-н 75/,

            Яллагдагчаар Ц.Т-ын мөрдөн байцаалтад өгсөн: “...замд дэлгүүр таараад манай нөхөр дэлгүүрийн хажуу талын шороон зогсоол дээр машинаа байрлуулж зогсоогоод дэлгүүр орох гээд буусан хойгуур нь би машиныг жолоодож дэлгүүрийн үүдэнд очиж дөхөж зогсох санаатай машиныг хөдөлгөөд рулийг нь зүүн тийш эргүүлээд тоормос гишгэх гэж байгаад андуураад хаазаа гишгээд явган хүний замаар алхаад явж байсан хүүхдийг мөргөчихсөн. Тэгээд манай нөхөр ирээд түргэн, цагдаад дуудлага өгсөн. ...Тухайн үед машин унтраастай түлхүүр нь зоолттой байхаар нь би машиныг хөдөлгөсөн. Надад жолоо барих эрх байхгүй би жолооч биш” гэсэн мэдүүлэг /хх-н 87/,

            Гэмт хэргийн талаархи гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-н 2/, Зам тээврийн осол, хэргийн үзлэгээр тогтоосон байдал /хх-н 4-10/, хохирлын баримтууд /хх-н 20-26/, насанд хүрээгүй хохирогчийн өвчний түүх /хх-н 29-37/, техникийн шинжээчийн 90 дугаар дүгнэлт /хх-н 68-72/, шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-н 89-93/ зэрэг болно.

 

       Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж үнэлэв.

Нэг: Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, хохирогчийн баримттай хохирлыг төлж барагдуулсан бөгөөд шүүгдэгчийн өмгөөлөгч хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэсэн хүсэлт гаргасныг  шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр хэлэлцээд уг хүсэлтийг хүлээн авч хэргийг хялбаршуулсан журмаар ял оногдуулах шүүх хуралдаанаар шийдвэрлэсэн болно. 

    1. Шүүхээс тогтоосон үйл баримт

  Шүүгдэгч Ц.Т- нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй үедээ 2022 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн 18 цаг 53 минутын орчимд Баянгол дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт “Хотол” зочид буудлын баруун замд Д.Д-ын эзэмшлийн “Хонда Фит” маркийн ... улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.4-т заасан “Жолооч дараах үүргийг хүлээнэ: а/ энэ дүрмийн 4 дүгээр хавсралтад заасан эвдрэл, гэмтэл, техникийн зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах, Тээврийн хэрэгслийн ойрын гэрэл асахгүй болсон ...бол а/тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй /жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд/ ...тээврийн хэрэгсэл жолоодох, мөн дүрмийн 10.1-д заасан “Жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө зам, орчны байдлыг биеэр шалгаж, хөдөлгөөн эхлэх, чиг өөрчлөх, байр эзлэх, зогсохдоо аюул, осол үүсгэхгүй байх бүх нөхцөлийг хангана” гэсэн заалтыг тус тус зөрчсөний улмаас явган зорчигч 14 настай, эрэгтэй Б.Т-г мөргөж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:

Шүүгдэгчийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүх хуралдаанд үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд, насанд хүрээгүй хохирогч Б.Т-, гэрч Ц.Б- нарын мэдүүлэг, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, зам тээврийн осол хэргийн үзлэгээр тогтоосон байдал, шинжээчийн дүгнэлт болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

    1. Нотлох баримт баримтын үнэлгээ

Хавтаст хэрэгт авагдсан буюу шүүх хуралдаанд шинжлэн судалсан нотлох баримтууд нь хуулиар тогтоосон үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн бөгөөд дээрх цугларсан, бэхжүүлсэн нотлох баримтуудыг үгүйсгэсэн баримт байхгүй ба тухайн баримтуудаар шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үзлээ.

    1. Оролцогчийн эрхийн хэрэгжилт

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь хуульд заасан үндэслэл журмын дагуу явагдсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдахад хэргийн оролцогчийн хууль ёсны эрхийг зөрчсөн, хязгаарласан нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

    1. Эрх зүйн дүгнэлт

Шүүгдэгч Ц.Т-ын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан “автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй үедээ үйлдсэн” гэмт хэргийн шинжийг хангасан байх тул түүнд холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.

Шүүгдэгч Ц.Т- нь жолоодох эрхийн үнэмлэхгүй жолооч биш атлаа Хонда Фит маркийн ... улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон насанд хүрээгүй хохирогч Б.Т-г мөргөж эрүүл мэндэд нь хүндэвтэр гэмтэл учруулсан үйлдэл нь гэм буруугийн болгоомжгүй хэлбэртэй Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан үйлдэл болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон тул гэм буруутайд тооцох нь зүйтэй.

Шүүгдэгч Ц.Т- нь насанд хүрээгүй хохирогчийг тээврийн хэрэгслээрээ мөргөсөн үйлдлийн улмаас насанд хүрээгүй хохирогчид шинжээчийн дүгнэлтэд дурдсан гэмтэл учирсан нь хоорондоо шууд  шалтгаант холбоотой байна.

Шүүгдэгч Ц.Т- болон түүний өмгөөлөгч нь шүүх хуралдаанд гэм буруугийн талаар буюу насанд хүрээгүй хохирогч Б.Тэмүүлэгийн эрүүл мэндэд хохирол учруулсан талаар маргаагүй бөгөөд улсын яллагчийн шүүгдэгчийг гэм буруутай гэсэн дүгнэлт нь үндэслэлтэй байна.

    1. Хохирол, хор уршиг

Шүүгдэгч нь хохирогчийн хавтаст хэрэгт баримтаар өгсөн баримтуудыг нөхөн төлсөн тул шүүгдэгчийг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж шүүх үзлээ.

Насанд хүрээгүй хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч нь цаашид эмчилгээ хийлгэнэ, хохирлоо нэхэмжилнэ гэж мэдүүлсэн тул насанд хүрээгүй хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч нар нь тухайн гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаархи нотлох баримтаа бүрдүүлж жич иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдав.

Хоёр: Эрүүгийн хариуцлагын талаар:

2.1. Талуудын санал, дүгнэлт

Шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрч, хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг зөвшөөрөн, гэмт хэргийн улмаас учруулсан баримттай хохирлыг нөхөн төлсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон болох нь хавтаст хэрэгт авагдсан шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшиж байна. Прокурорын санал болгосон эрүүгийн хариуцлагыг бүрэн хүлээн зөвшөөрч байгаа тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэсэн мэдүүлэг, хүсэлтүүд, эрүүгийн хариуцлагын төрөл хэмжээний талаарх прокурорын саналтай танилцаж зөвшөөрсөн талаарх баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өгсөн мэдүүлэг, шинжлэн судалсан баримтуудаар тогтоогдож байна.  

Прокуророос ялын төрөл хэмжээний талаар гаргасан “шүүгдэгч Ц.Т-ыг  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.5-д заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 01 жил хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 01 жилийн хугацаагаар тэнсэж, гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авах, оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх” саналыг шүүгдэгчид танилцуулсан байна.

2.2. Эрүүгийн хариуцлага

Шүүх шүүгдэгч Ц.Т-ын үйлдсэн гэмт хэрэг нь нотлогдон тогтоогдсон тул түүнийг гэм буруутайд тооцсон бөгөөд түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж дүгнэлээ.

Шүүгдэгч Ц.Т-ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас  анх удаа гэмт хэрэг үйлдсэн”-г ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.

Харин шүүгдэгчид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгчид танилцуулсан прокурорын дээрх санал нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй байх тул шүүгдэгч Ц.Т-д улсын яллагчийн оногдуулсан ял буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.5 дахь заалтад тус тус заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 01 жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 01 жилийн хугацаагаар тэнсэж, гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авах, оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэхээр шийдвэрлэв.

2.3. Бусад асуудал

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд зүйлгүй, гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болно.

Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч Ц.Т-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан “автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй үедээ үйлдсэн” гэм буруутайд тооцсугай.
  2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.5 дахь заалтад тус тус заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар шүүгдэгч Ц.Т-ын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 01 жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 01 жилийн хугацаагаар тэнсэж, гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авах, оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг тус тус хүлээлгэсүгэй.
  3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Т- нь шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол прокурорын дүгнэлтийг үндэслэн, уг шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг мэдэгдсүгэй.
  4. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 153 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч Ц.Т-д оногдуулсан тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээнд хяналт тавихыг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай
  5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3-т зааснаар шүүгдэгч Ц.Т-д оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 01 жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялыг хорих ял оногдуулахгүйгээр үүрэг хүлээлгэх арга хэмжээ авсан үеэс тоолж эдлүүлэхийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.
  6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.
  7. Насанд хүрээгүй хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч нар нь хохирол хор уршгийн талаарх нотлох баримтаа бүрдүүлж жич иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.
  8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
  9. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.Т-д хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Ч.ОТГОНБАЯР