Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 05 сарын 04 өдөр

Дугаар 2022/ШЦТ/341

 

 

 

 

2022          05          04                                     2021/ШЦТ/341

 

                             МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Отгонбаяр даргалж,

Нарийн бичгийн дарга: М.Нарансолонго,

Улсын яллагч: Ц.Сайнзаяа,

Хохирогч: Ө.Н-,

Шүүгдэгч: Э.Э- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар, Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Э.Э-д холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2205000001097 дугаартай хэргийг 2022 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Э.Э-, ...... тоот регистртэй,

 Шүүгдэгч Э.Э- нь 2022 оны 02 дугаар сарын 26-ны өглөөний 06-07 цагийн орчим Баянгол дүүргийн 16 дугаар хороо, Орхоны 9-20 тоотод байрлах нийтийн байранд байхдаа Ө.Н-тай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж улмаар нүүрэн тус газар нь маажиж, түүний биед нүүрэнд олон тооны гүн зулгаралтууд бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

Хохирогч Ө.Н- мөрдөн байцаалтад өгсөн: “...Би 2022 оны 02 дугаар сарын 25-ны өдөр 21 цагийн орчим найз залуу С-ийн хамт найз Э-тай уулзаад Модны 2-ын орчим байрлах пабад ууцгаасан. ...04 цагийн орчимд Баянгол дүүргийн 16 дугаар хороо, Орхоны 9-20 тоотод байрлах нийтийн байранд буюу найз Э-ын гэрт ирээд Сэнгүр 2.5 литр хэмжээтэй пиво хувааж ууцгаасан. ...Тэгээд тэр үед С- явлаа гэхээр нь маргалдсан. Тэр үед би гэр рүүгээ явлаа гэсэн чинь С- унтаж амар гээд орон дээр хэвтүүлэхээр нь би уйлсан чинь Энзхул намайг дуугүй бол гээд хэлэхээр нь би өөдөөс нь хэрэлдээд уурласан. Тэгсэн чинь тэр үед С- намайг явуулахгүй тэвэрчихсэн байсан чинь Э- хүрч ирээд миний нүүрийг хумсаараа маажчихсан. ...Би Э-д нүүрээ маажуулж эрүүл мэндээрээ хохирсондоо гомдолтой байна” гэсэн мэдүүлэг /хх-н 11-13/,

Гэрч Ч.С-ийн мөрдөн байцаалтад өгсөн: “...2022 оны 02 дугаар сарын 25-ны өдөр найз охин Ө.Н- бид хоёр цуг байж байгаад орой нь Э- гэх найзтайгаа яриад уулзъя гээд бид 3 уулзаад эхлээд пабад суугаад дараа нь “Цэ” пабад суугаад дараа нь нэг бааранд орсон. Баарнаас 03 цагийн орчим гараад би найз охинтойгоо гэр рүүгээ харьж амрах гэж байсан чинь Э- “гадуур хонож байхаар манай нийтийн байранд очих уу” гэхээр нь тэгье гээд Баянгол дүүргийн 16 дугаар хороо, Орхоны 9-20 тоотод байрлах нийтийн байранд ирсэн ба орохдоо авч орсон Сэнгүр 2.5 литр хэмжээтэй пиво хувааж ууцгаасан. ...манай найз охин Н- “хоёулаа харья, эсвэл би харья” гэхээр нь би “хоёулаа уучихсан байна, яаж ийм байдалтай харих юм бэ” гэсэн чинь Э- “та хоёр чимээгүй бай л даа” гээд уурлаад байсан ба Н- Э- хоёр маргалдсан ба Э- Н- руу дайрахаар нь би болиулах гээд Н- тэврээд хоёр гарыг нь бариад салгасан чинь Э- тэр үед Номинбайгалийн үснээс үсдээд нүүрийг нь маажсан” гэсэн мэдүүлэг /хх-н 16-17/,

Гэрч З.Э-гийн мөрдөн байцаалтад өгсөн: “...би тус нийтийн байранд оршин сууж байгаа хүмүүсийг ерөнхийд нь хянаад, цэвэрлэгээ үйлчилгээг хариуцдаг. ...хэсэг байж байсан чинь эмэгтэй хүмүүс орилолдоод эхлэхээр нь би ...байрны эзний хүү Тулгааг дуудаад хамт 27 тоот руу орсон чинь Н-, Э- /сүүлд нэрийг нь мэдсэн/ нар хоорондоо хэрэлдээд байж байсан ба Н- нь нүүр нь маажигдчихсан байсан. Тэр үед Н- нь Э- руу чи миний нүүрийг маажиж зодсон гээд дайраад хэрэлдээд байсан” гэсэн мэдүүлэг /хх-н 31-33/,

Шинжээчийн 3592 тоот дүгнэлтэд: “...Ө.Н--н биед нүүрэнд олон тооны гүн зулгаралтууд гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтлүүд байна. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарнуилах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэсэн дүгнэлт /хх-н 40-41/,

Яллагдагчаар Ө.Н- мөрдөн байцаалтад өгсөн: “...Н- орилоод чанга хашгираад байхаар нь би нүүр рүү нь гараараа түлхсэн чинь нүүр нь майжигдчихсан. ...Номинбайгалийн биед учирсан хөнгөн гэмтлийг би учруулснаа хүлээн зөвшөөрч байна” гэсэн мэдүүлэг /хх-н 50-52/,

 

Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-н 1/, шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-н 55-56, 61-74, 78/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж үнэлэв.

Нэг: Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

    1. Шүүхээс тогтоосон үйл баримт

  Шүүгдэгч Э.Э- нь 2022 оны 02 дугаар сарын 26-ны өглөөний 06-07 цагийн орчим Баянгол дүүргийн 16 дугаар хороо, Орхоны 9-20 тоотод байрлах нийтийн байранд байхдаа Ө.Н-тай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж улмаар нүүрэн тус газар нь маажиж, түүний биед нүүрэнд олон тооны гүн зулгаралтууд бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:

Шүүгдэгчийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүх хуралдаанд үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд, хохирогч Ө.Н-, гэрч Ч.С-, З.Э- нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

    1. Нотлох баримт баримтын үнэлгээ

Хавтаст хэрэгт авагдсан буюу шүүх хуралдаанд шинжлэн судалсан нотлох баримтууд нь хуулиар тогтоосон үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн бөгөөд дээрх цугларсан, бэхжүүлсэн нотлох баримтуудыг үгүйсгэсэн баримт байхгүй ба тухайн баримтуудаар шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үзлээ.

    1. Оролцогчийн эрхийн хэрэгжилт

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь хуульд заасан үндэслэл журмын дагуу явагдсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдахад хэргийн оролцогчийн хууль ёсны эрхийг зөрчсөн, хязгаарласан нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

 

    1. Эрх зүйн дүгнэлт

Шүүгдэгч Э.Э- нь согтуурсан үедээ хохирогч Ө.Н- орилж, хашгирлаа гэх шалтгаанаар түүний нүүр хэсэгт маажиж шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон буюу хөнгөн хохирол учруулсан нь өөрийн үйлдэлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан үйлдэл болох нь хэрэгт авагдсан болон шинжлэн судалсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэлээ.

Шүүгдэгч Э.Э-ын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсангэмт хэргийн бүх шинжийг хангасан байх тул түүнд холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.

Шүүгдэгч Э.Э- нь хохирогч Ө.Н- нүүрэн тус газар нь маажсан үйлдлийн улмаас хохирогчид шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон гэмтэл учирсан нь хоорондоо шууд  шалтгаант холбоотой байна.

Шүүгдэгч Э.Э- нь шүүх хуралдаанд гэм буруугийн талаар буюу хохирогч Ө.Н- эрүүл мэндэд хохирол учруулсан талаар маргаагүй бөгөөд улсын яллагчийн шүүгдэгчийг гэм буруутай гэсэн дүгнэлт нь үндэслэлтэй байна.

    1. Хохирол, хор уршиг

Хохирогч нь шүүх хуралдаанд эмчилгээ хийлгэх шаардлагатай, хохирлоо нэхэмжилнэ гэж мэдүүлсэн боловч хавтаст хэрэгт хохирлын талаар баримт хавсаргаагүй, шүүх хуралдаанд шинээр баримт гаргаж өгөөгүй ба хохирогчийн эмчилгээний зардалд хэдэн төгрөгийн хохирол гарах эсэх нь тодорхойгүй байх тул хохирогч нь тухайн гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаархи нотлох баримтаа бүрдүүлж жич иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдав.

 

Хоёр: Эрүүгийн хариуцлагын талаар:

2.1. Талуудын санал, дүгнэлт

Улсын яллагч шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчид 550 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах ялын дүгнэлт гаргасан болохыг дурдав.

2.2. Эрүүгийн хариуцлага

Шүүх шүүгдэгч Э.Э-ын үйлдсэн гэмт хэрэг нь нотлогдон тогтоогдсон тул түүнийг гэм буруутайд тооцсон бөгөөд түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж дүгнэлээ.

Шүүгдэгч Э.Э-ын үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан ял хөнгөрүүлэх, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан ял хүндрүүлэх нөхцөл байдал тус тус тогтоогдоогүй болно.

Шүүх шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдал, гэм буруугийн талаар маргаагүй зэргийг харгалзан улсын яллагчийн оногдуулсан ялаас доогуур буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан доод хэмжээгээр буюу 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах нь зүйтэй гэж дүгнэлээ.

2.3. Бусад асуудал

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд зүйлгүй, гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болно.

 

Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч Э.Э-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
  2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Э-ыг 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.
  3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Э- нь 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийг нэг хоног хорих ялаар тооцож солихыг мэдэгдсүгэй.
  4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.
  5. Хохирогч нь хохирол хор уршгийн талаарх нотлох баримтаа бүрдүүлж жич иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.
  6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
  7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.Э-д хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Ч.ОТГОНБАЯР