Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 05 сарын 04 өдөр

Дугаар 2022/ШЦТ/340

 

 

 

 

 

 

 

   2022          05          04                                     2021/ШЦТ/340

 

                             МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Отгонбаяр даргалж,

Нарийн бичгийн дарга: М.Нарансолонго,

Улсын яллагч: Ц.Сайнзаяа /томилолтоор/,

Шүүгдэгч: Б.Б- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар, Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Б.Б-д холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2205000001129 дугаартай хэргийг 2021 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Б.Б-, .... тоот регистртэй,

 Шүүгдэгч Б.Б- нь 2022 оны 02 дугаар сарын 21-ний шөнө Баянгол дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “Оюу” зочид буудалд согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ хохирогч Г.З-гийн толгой хэсэг рүү шаазан аягаар цохиж духанд шарх, дагзны хуйханд цус хуралт, баруун долоовор хуруунд зулгаралт бүхий хүний эрүүл мэндэд хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Б.Б- шүүх хуралдаанд: “...Тухайн үед манай найз над руу залгахаар нь очоод 1 шил архи аваад дөрвүүлээ уусан. Удалгүй 2 эмэгтэй найз нь явсан. Дараа нь буудлаас гараад Оюу нэртэй зочид буудалд орсон. Тэгээд хамт явсан найз маань өөрийн найз Золбоо гэх хүнийг дуудахад 4 цагийн үед ирсэн. Тэгээд 11-12 цагийн үед буудлаас гарах үедээ маргалдсан” гэв.

Хохирогч Г.З-гийн мөрдөн байцаалтад өгсөн: “...2022 оны 02 дугаар сарын 21-ний шөнө 04 цагийн үед найз Халиун над руу залгаад “Оюу нэртэй буудалд байна, зав байна уу, хүрээд ирээч” гэж хэлсэн. ...би шууд Баянгол дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Оюу” нэртэй зочид буудлын 202 тоот өрөөнд очсон. Тэр үед уг өрөөнд манай найз Халиун болон үл таних 1 залуу тэр 2 архи уугаад байж байсан. Тэгээд би нэмэгдээд бид 3 ууцгааж эхэлсэн. ...би найз Халиуныг аваад явах гэтэл нөгөө үл таних залуу манай найзыг зуураад явуулахгүй байсан. Тэрнээс болоод тэр залуу бид хоёр үл ойлголцолд хүрч маргалдаж эхэлсэн ба цаашлаад заамдалцсан. Гэтэл тэр залуу сэнжтэй цагаан шаазан аяга аваад миний толгой руу цохисон. Чухам хэдэн удаа цохисныг санахгүй байна. ...тэр цохилтоос болж толгойноос цус гарч миний нүд харанхуйлаад би доошоо суусан. Миний толгой 2 газраа хагарсан байсан. Гэхдээ би оёдол тавиулаагүй” гэсэн мэдүүлэг /хх-н 12-13/,

Гэрч Т.Э-гийн мөрдөн байцаалтад өгсөн: “...2022 оны 02 дугаар сарын 21-ний өглөө 09 цагийн үед манай зоогийн газар онгойгоод байж байтал 11 цагийн үед буудлын кордиорт 2 эрэгтэй хүн том, том дугарч байснаа нэг намхан бор залуу нь ширээн дээ р байсан шаазан аягийг аваад нөгөө залуугийнхаа толгой руу 1 удаа цохиж аягыг хагалсан. Тэгсэн нөгөө залуугийнх нь толгойноос цус гараад эхэлсэн. Ингээд би тэр хоёрыг цааш нь түлхэж гаргаад өөрийнхөө 96000153 дугаарын утаснаас цагдаа руу дуудлага өгсөн. Энэ залууг нөгөө жижигхэн залуу нь аягаар цохисон. Би дөнгөж шинээр ороод удаагүй учраас хяналтын камер суурьлуулж амжаагүй байсан” гэсэн мэдүүлэг /хх-н 52-53/,

Шинжээчийн 3310 тоот дүгнэлтэд: “...Г.З-гийн биед духанд шарх, дагзны хуйханд цус хуралт, баруун долоовор хуруунд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь ирмэгтэй зүйлийн хоёр, мохоо зүйлийн хоёр удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн гэмтэл байна. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэжээ. /хх-н 25-26/,

Яллагдагчаар Б.Б-гийн мөрдөн байцаалтад өгсөн: “...гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Ямар нэгэн санал хүсэлт байхгүй” гэсэн мэдүүлэг /хх-н 47/,

Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-н 1/, хүний биед үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хх-н 7-8/, шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-н 30-35, 54, 60-67/, хохирлын мөнгө шилжүүлсэн баримт /хх-н 71/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж үнэлэв.

Нэг: Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

    1. Шүүхээс тогтоосон үйл баримт

  Шүүгдэгч Б.Б- нь 2022 оны 02 дугаар сарын 21-ний шөнө Баянгол дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “Оюу” зочид буудалд согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ хохирогч Г.З-гийн толгой хэсэг рүү шаазан аягаар цохиж духанд шарх, дагзны хуйханд цус хуралт, баруун долоовор хуруунд зулгаралт бүхий хүний эрүүл мэндэд хөнгөн гэмтэл санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:

Шүүгдэгчийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүх хуралдаанд үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд, хохирогч Г.З-, гэрч Т.Э- нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

    1. Нотлох баримт баримтын үнэлгээ

Хавтаст хэрэгт авагдсан буюу шүүх хуралдаанд шинжлэн судалсан нотлох баримтууд нь хуулиар тогтоосон үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн бөгөөд дээрх цугларсан, бэхжүүлсэн нотлох баримтуудыг үгүйсгэсэн баримт байхгүй ба тухайн баримтуудаар шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үзлээ.

    1. Оролцогчийн эрхийн хэрэгжилт

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь хуульд заасан үндэслэл журмын дагуу явагдсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдахад хэргийн оролцогчийн хууль ёсны эрхийг зөрчсөн, хязгаарласан нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

 

    1. Эрх зүйн дүгнэлт

Шүүгдэгч Б.Б- нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогчтой маргалдаж улмаар толгой тус газар нь аягаар цохиж шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон буюу хөнгөн хохирол учруулсан нь өөрийн үйлдэлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан үйлдэл болох нь хэрэгт авагдсан болон шинжлэн судалсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэлээ.

Шүүгдэгч Б.Б-гийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсангэмт хэргийн бүх шинжийг хангасан байх тул түүнд холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.

Шүүгдэгч Б.Б- нь хохирогч Г.З-г аягаар толгой тус газар нь цохисон үйлдэлийн улмаас хохирогчид шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон гэмтэл учирсан нь хоорондоо шууд  шалтгаант холбоотой байна.

Шүүгдэгч Б.Б- нь шүүх хуралдаанд гэм буруугийн талаар буюу хохирогч Г.З-гийн эрүүл мэндэд хохирол учруулсан талаар маргаагүй бөгөөд улсын яллагчийн шүүгдэгчийг гэм буруутай гэсэн дүгнэлт нь үндэслэлтэй байна.

    1. Хохирол, хор уршиг

Шүүгдэгч нь хохирогч мөрдөн байцаалтын шатанд гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэж мэдүүлсэн, шүүгдэгч нь хохирогчийн данс руу 2.000.000 төгрөг шилжүүлсэн /хх-н 71/ тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж шүүх үзлээ.

 

Хоёр: Эрүүгийн хариуцлагын талаар:

2.1. Талуудын санал, дүгнэлт

Улсын яллагч шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчид 320 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж, тэнсэн хянан харгалзах хугацаандаад санаатай гэмт хэрэг үйлдсэн тул урьд хугацааг нэмж нэгтгэн, хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэх ялын дүгнэлт гаргасан болохыг дурдав.

2.2. Эрүүгийн хариуцлага

Шүүх шүүгдэгч Б.Б-гийн үйлдсэн гэмт хэрэг нь нотлогдон тогтоогдсон тул түүнийг гэм буруутайд тооцсон бөгөөд түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж дүгнэлээ.

Шүүгдэгч Б.Б-г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан “учруулсан хохирлыг нөхөн төлсөн”-г ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.

Харин шүүгдэгчид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүх шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдал, удаа дараа ял шийтгүүлсэн, хохирогчийн хохирлыг барагдуулсан зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах нь зүйтэй гэж дүгнэлээ.

Шүүгдэгч Б.Б- нь Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 267 дугаар захирамжаар 03 жил, 5 сар 25 хоногийн хугацааны өмнө тэнсэн суллагдаж, мөн хугацаагаар хянан харгалзсан байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.12 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Хорих ялаас хугацаанаас өмнө суллагдсан хүн хяналтын хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх эдлээгүй үлдсэн ял дээр шинээр үйлдсэн гэмт хэрэгт оногдуулсан ялыг энэ хуулийн 6.9 дүгээр зүйл заасан журмаар нэмж нэгтгэнэ” гэж, мөн хуулийн 6.9 дүгээр 1 дэх хэсэгт “Ялтан оногдуулсан ялыг эдэлж дуусахаас өмнө шинээр гэмт хэрэг үйлдсэн.... бол тухайн гэмт хэрэгт ял оногдуулж, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялын хэмжээг тогтооно” гэж тус тус хуульчилжээ.

Иймд шүүгдэгч Б.Б- нь тэнсэж, хяналтанд байх хугацаандаа санаатай гэмт хэрэг буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн тул түүний тэнсэн хянан харгалзсан хугацааны хорих ялыг, энэ тогтоолоор оногдуулсан ялтай нэмж нэгтгэж хорих ял оногдуулах нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял дээр Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 267 дугаар захирамжаар 3 жил, 5 сар, 25 хоногийн хугацааны өмнө тэнсэн суллагдсаныг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 3 жил, 6 сар, 25 хоног сар хорих ялаар тогтоов.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-д зааснаар нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийг нэг хоног хорих ялд шилжүүлэн тооцсон болно.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-д оногдуулсан 3 жил, 6 сар, 25 хоногийн хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.

2.3. Бусад асуудал

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд зүйлгүй, гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болно.

 

Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч Б.Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
  2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-г 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.
  3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2, 6.12 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял дээр Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 267 дугаар захирамжаар 03 жил, 5 сар 25 хоногийн хугацааны өмнө тэнсэн суллагдсан хорих ялыг нэмж нэгтгэн, нийт эдлэх ялыг 3 жил, 6 сар, 25 хоног хорих ялаар тогтоосугай.
  4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-д оногдуулсан 3 жил, 6 сар, 25 хоног хорих ялыг хаалттай  хорих байгууллагад эдлүүлсүгэй.
  5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
  6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
  7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Б-д цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Ч.ОТГОНБАЯР