Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 04 сарын 29 өдөр

Дугаар 2022/ШЦТ/324

 

 

 

 

 

 

 

 

 

2022          04          29                                     2021/ШЦТ/324

 

                             МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Отгонбаяр даргалж,

Нарийн бичгийн дарга: М.Нарансолонго,

Улсын яллагч: Б.Ууганбаяр,

Хохирогч: Б.О-, түүний өмгөөлөгч Л.Жавзмаа,

Шүүгдэгч Б.Т-, түүний өмгөөлөгч О.Оюунчимэг нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны Б танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар, Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Б.Т-т холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2105023090753 дугаартай хэргийг 2022 оны 4 дүгээр сарын 06-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Б.Т-, .... тоот регистртэй,

Шүүгдэгч Б.Т- нь 2021 оны 10 дугаар сарын 30-наас 31-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 15 дугаар хороо, 23б байрны 38 тоотод өөрийн гэртээ байхдаа хохирогч Б.О-тай “чи миний найз охиныг бавна гэлээ, манай гэрт орж ирчхээд ямар овоо гар вэ” гэх шалтгаанаар хохирогч Б.О-ыг архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байх үед нь түүний нүүрэн тус газар 4-5 удаа цохиж, зодон, хохирогчийн биед хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Б.Т- шүүх хуралдаанд: “...10 дугаар сарын 30-ны шөнө бааранд сууж байгаад И-, А- 2 найзыгаа “playstation” тоглохоор гэртээ урихад О- хамт явж болох уу гээд хамт ирсэн. О- нь “би playstation, nb2к18-ийг сайн тоглодог хамт явъя” гэсэн. Найзуудаасаа асуухад зөвшөөрсөн. Тухайн өдөр би 2-оос 3 шил пиво уусан учраас 2 цаг орчим унтаад сэрэхэд хайраа гэсэн үгийг сонссон. О- манай эхнэртэй 40-50 минут тоглоом тоглож байхад нь үг бүрийг нь сонсоод хэвтэж байсан. Хайраа гэдэг үгийг 2-3 удаа хэлж, мөн “чи миний битч болох уу” гэдэг үгийг манай эхнэрт хэлсэн. Тэгээд өөрийн эхнэр Одкотой О-г явуулах эсэх талаар ярилцсан. Эхнэр угаалгын өрөө рүү ороход О- араас нь орсон. Манай гэрээс яв гэж зөндөө хэлсэн боловч хүлээж авахгүй байсан. Тэгэхээр нь би очоод маргалдаж барьцалдаж аваад ноцолдсон” гэв.

Хохирогч Б.О- шүүх хуралдаанд: “...10 дугаар сарын 30-ны шөнө нэг найз маань дуудаад автобусны буудал дээр очиж, нэг газар ороход Т- нь найзуудаараа байсан. Т- нь согтуу байсан бөгөөд намайг хамт явах уу гэж асуусан. Тэгээд гэрт нь очоод И- бид 3 гадаа нь тамхи татаж байсан. Гадаа тамхи татаж байхдаа “кофе шоп нээх гэж байгаа, дэмжээд өгөөрэй” гэж хэлж, ярилцаж байсан. Тэгээд гэр лүү нь ороход найз охин нь playstation тоглож байсан. Бид нар бүгдээрээ нэг нэгээрээ тоглож байсан. Би тоглоом тоглохдоо сэтгэлийн хөөрөлтэй тоглодог бөгөөд хожигдоод ирэхээр нь “би чамайг ингээд л бавна ш дээ” гэж хэлсэн. Үүнийг би тоглоомдоо ашиглаж хэлсэн. Тухайн байр нь нэг өрөө байсан бөгөөд хажуу орон дээр Т- унтаж байсан. Би тухайн үед найз охинтой байсан ч хайраа гэж дуудаж байгаагүй. Нэрээр нь дууддаг. Т-ийн найз охин эхлээд тамхилна гэж хэлсэн. Анх орж ирэхэд бүгд нойлын өрөөнд тамхи татаж байсан. Тэгэхээр нь би нойлын өрөөнд л тамхи татсан. Нойлын өрөөнд орж ирээд шууд миний нүүр лүү цохисон. Ямар нэгэн зүйл ярих боломж болоогүй. Хажууд И- нар байсан хэдий ч салгаагүй. Би өвчтэй болохоор гуйсан. Намайг уучлаарай миний буруу гээд зугтаад гутлаа өмсөөд, гадуур хувцсаа ч өмсөөгүй гарсан. Би анх удаа зодуулаад шоконд орсон байсан бөгөөд эмэгтэй жолооч зогсоод гэмтлийн эмнэлэг рүү хүргэж, оёдол тавиулсан. Миний духыг өмнө ямар байсан тийм болгоод өг гэж хэлсэн. Солонгост 7 сая воноор эмчлүүлэх шаардлагатай. Нийт өгсөн баримтын 4.317.099 төгрөгийн баримт гаргаж өгсөн. 7 сая вон нь 19 сая төгрөг болж байгаа. Өмгөөлөгчийн хөлс 1.500.000 төгрөг” гэв.

            Хохирогч Б.О-ын мөрдөн байцаалтад өгсөн: “...2021 оны 10 дугаар сарын 30-ны орой ...Т- манай гэрт очиж ууж, идье гээд бид нар зөвшөөрөөд Баянгол дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Ачлал” их дэлгүүрийн арын байр тоотыг нь санахгүй байна Т-ийн гэрт очоод ...Т-ийн найз охин бас нэг охинтой тоглоом тоглож байсан. ...тэгээд Т-ийн найз охинтой тамхи татаад ариун цэврийн өрөөнд нь байсан. Тэгэхэд Т- ариун цэврийн өрөөнд орж ирээд “чи миний найз охин бавна гэлээ, манай гэрт орж ирчихээд ямар овоо гар вэ” гэсэн. Тэгээд намайг юм хэлүүлэхгүй юм ярих боломж олгохгүй намайг сонсохгүй миний толгой, дух, нүүр хэсэгт олон удаа цохисон. Миний дух хэсэгт язарсан. Тэгээд нүд нүүр хавдаж хөхөрсөн. ...Т-ийн хэлсэн үгийг амыг нь дагуулаад байж байгаад гарч зугтаагаад такси барих гэж байхад танихгүй эгч машинтай ирж зогсоогоод гэмтлийн эмнэлэгт хүргэж өгсөн. Гэмтлийн эмч миний язарсан шарханд оёдол тавьж өгсөн” гэсэн мэдүүлэг /хх-н 15-17/,

            Гэрч А.И-ын мөрдөн байцаалтад өгсөн: “...2021 оны 10 дугаар сарын 30-нд найз Т-ийн гэрт Т-ийн эхнэр манай эхнэр О- бид нар тоглоод сууж байсан. Т- усанд орлоо гээд угаалгын өрөө рүүгээ орсон. Тэгээ удаад байхаар нь араас нь угаалгын өрөөнд ороход Т- усан дотроо унтаж байхаар нь сэрээгээд гаргаад буйдан дээр унтуулсан. Тэгээд бид нар тоглож байгаад би Т-ийн хажуугаар ороод унтсан. Тэгээд түжигнээд чимээ гараад байхаар нь сэрэхэд коридор руу харахад Т-, О-ын толгойг нь хагалчихсан байсан” гэсэн мэдүүлэг /хх-н 31/,

            Гэрч П.А-гийн мөрдөн байцаалтад өгсөн: “...Т- босоод нойл руу орсон. Тэгээд түжигнээд байхаар нь би О-г хагас харвасан бие муутай гэдгийг мэдэж байсан болохоор нойл руу ороход Т-, О- хоёр заамдалцаад зогсож байсан. Тэгээд би О- бие муутай болио, наадахаа зүгээр явуулчих гэхэд Т- О-г заамдсан байхдаа “чи манай гэрээс яг одоо зайл” гээд угз хүчтэй татахад О- халтирсан бололтой уначихсан унахдаа юм мөргөсөн юм шиг байна лээ” гэсэн мэдүүлэг /хх-н 33/,

            Шинжээчийн 10699 тоот дүгнэлтэд: “...Б.О-ын биед дух, баруун хацарт шарх, баруун нүдний доод зовхи, зүүн нүдний дээд зовхи, хүзүү, нуруунд цус хуралт, эрүүнд зөөлөн эдийн няцрал, зүүн шилбэнд цус хуралт, зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр олон удаагийн үйлдлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. Хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой” гэжээ /хх-н 21-22/,

            Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-н 3/, хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл /хх-н 9-10/, хохирогчийн гэмтэл авсан гэх газрын гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-н 19-20/, шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-н 29, 40-45, 54-55/, хохирлын баримтууд /хх-н 58-59/ зэрэг болно.

            Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж үнэлэв.

Нэг: Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

    1. Шүүхээс тогтоосон үйл баримт

  Шүүгдэгч Б.Т- нь 2021 оны 10 дугаар сарын 30-наас 31-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 15 дугаар хороо, 23б байрны 38 тоотод өөрийн гэртээ байхдаа хохирогч Б.О-тай “чи миний найз охиныг бавна гэлээ, манай гэрт орж ирчхээд ямар овоо гар вэ” гэх шалтгаанаар хохирогч Б.О-ыг архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байх үед нь түүний нүүрэн тус газар 4-5 удаа цохиж, зодон, хохирогчийн биед хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:

Шүүгдэгчийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүх хуралдаанд үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд, хохирогч Б.О-, гэрч А.И-, П.А- нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл, хохирогчийн гэмтэл авсан гэх газрын гэрэл зургийн үзүүлэлтүүд болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

    1. Нотлох баримт баримтын үнэлгээ

Хавтаст хэрэгт авагдсан буюу шүүх хуралдаанд шинжлэн судалсан нотлох баримтууд нь хуулиар тогтоосон үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн бөгөөд дээрх цугларсан, бэхжүүлсэн нотлох баримтуудыг үгүйсгэсэн баримт байхгүй ба тухайн баримтуудаар шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үзлээ.

    1. Оролцогчийн эрхийн хэрэгжилт

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь хуульд заасан үндэслэл журмын дагуу явагдсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдахад хэргийн оролцогчийн хууль ёсны эрхийг зөрчсөн, хязгаарласан нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

 

    1. Эрх зүйн дүгнэлт

Шүүгдэгч Б.Т- нь хохирогчийг эхнэртэй нь компьютер тоглоом тоглох явцдаа “чи миний найз охиныг бавна гэлээ, манай гэрт орж ирчхээд ямар овоо гар вэ” гэх шалтгаанаар маргалдаж, улмаар түүнийг зодож цохин шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон буюу хөнгөн хохирол учруулсан нь өөрийн үйлдэлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан үйлдэл болох нь хэрэгт авагдсан болон шинжлэн судалсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэлээ.

Шүүгдэгч Б.Т-ийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсангэмт хэргийн бүх шинжийг хангасан байх тул түүнд холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.

Шүүгдэгч Б.Т- нь хохирогч Б.О-ыг цохисон үйлдэлийн улмаас хохирогчид шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон гэмтэл учирсан нь хоорондоо шууд  шалтгаант холбоотой байна.

Шүүгдэгч Б.Т- болон түүний өмгөөлөгч нь шүүх хуралдаанд гэм буруугийн талаар буюу хохирогч Б.О-ын эрүүл мэндэд хохирол учруулсан талаар маргаагүй бөгөөд улсын яллагчийн шүүгдэгчийг гэм буруутай гэсэн дүгнэлт нь үндэслэлтэй байна.

    1. Хохирол, хор уршиг

Хохирогч Б.О- нь шүүх хуралдаанд шүүгдэгчээс эмчилгээ хийлгэсэн, өмгөөлөгчийн хөлс 4.317.099 төгрөг, Солонгос Улсад эмчилгээ хийлгэх 7 сая вон буюу 19 сая төгрөг тус тус нэхэмжилснээс хавтаст хэрэгт баримтаар авагдсан сорви арилгах лазер эмчилгээ, тос, эм тариа авсан, сэтгэл заслын сувилалд хэвтсэн /хх-н 58-59/ баримт, шүүх хуралдаанд шинээр гаргаж өгсөн баримтууд буюу нийт 2.861.599 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж хохирогч Б.О-ад олгох нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Хохирогчийн нэхэмжилсэн нэхэмжлэлээс өмгөөлөгчийн хөлс 1.500.000 төгрөг нэхэмжилснийг уг гэмт хэргийн улмаас учирсан хохиролд тооцох боломжгүй гэж шүүх үзлээ.

Хохирогч нь өөрийн хүсэл зоригоо илэрхийлж, хуулиар олгогдсон эрхийнхээ хүрээнд өмгөөлөгчөө сонгон, хууль зүйн туслалцаа авахдаа талуудын чөлөөт байдал, тэгш эрхийн зарчмын үндсэн дээр төлбөртэй хийгдсэн хэлцлийн төлбөрийг энэ гэмт хэргийн улмаас учирсан хохирол гэж үзэх үндэслэлгүй. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд заасан хохирол, хор уршигт өмгөөлөгчийн хөлсийг тооцох боломжгүй гэж үзсэн болно.

Харин хохирогчийн Солонгос Улсад эмчилгээ хийлгэх 7 сая вон нэхэмжилснийг энэ шүүх хуралдаанаар хэлэлцэх боломжгүй байна.

Хохирогчийн хагалгаанд орох, хагалгааны өмнөх, дараа гарах зардал тодорхойгүй, мөн ханшийн өөрчлөлт зэргээр хохирогчийн хагалгаанд орох зардлыг тогтоох боломжгүй байх тул хохирогч нь нотлох баримтаа бүрдүүлж жич иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдав.

Хоёр: Эрүүгийн хариуцлагын талаар:

2.1. Талуудын санал, дүгнэлт

Улсын яллагч шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчид 500 нэгж буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулах, шүүгдэгчийн өмгөөлөгч доод хэмжээгээр буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулах ялын дүгнэлт гаргасан болохыг дурдав.

Шүүгдэгч нь хэдийгээр гэм буруугийн талаар маргаагүй боловч хохирогчийн хохирол нөхөн төлөөгүй, шүүгдэгч нь эрхэлсэн тодорхой ажилгүй, орлогогүй зэргийг харгалзан улсын яллагч, шүүгдэгчийн өмгөөлөгч нарын гаргасан торгуулийн ял оногдуулах дүгнэлтийг хүлээн авах үндэслэлгүй байна гэж шүүх үзлээ.

2.2. Эрүүгийн хариуцлага

Шүүх шүүгдэгч Б.Т-ийн үйлдсэн гэмт хэрэг нь нотлогдон тогтоогдсон тул түүнийг гэм буруутайд тооцсон бөгөөд түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж дүгнэлээ.

Шүүгдэгч Б.Т-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас  анх удаа гэмт хэрэг үйлдсэн”-г ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцов.

Харин шүүгдэгчид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүх шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдал, анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирогчийн хохирол нөхөн төлөөгүй зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар  350 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах нь зүйтэй гэж дүгнэлээ.

2.3. Бусад асуудал

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд зүйлгүй, гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болно.

 

Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч Б.Т-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
  2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Т-ийг 350 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.
  3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Т- нь 350 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийг нэг хоног хорих ялаар тооцож солихыг мэдэгдсүгэй.
  4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.
  5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч 2.816.599 төгрөг гаргуулж хохирогч Б.О-ад олгосугай.
  6. Хохирогч Б.О- нь хохирол хор уршгийн талаарх нотлох баримтаа бүрдүүлж жич иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.
  7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
  8. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Т-д хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Ч.ОТГОНБАЯР