Говьсүмбэр аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 03 сарын 16 өдөр

Дугаар 134/ШШ2018/00040

 

Говьсүмбэр аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Наранчимэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 2 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Б.О-ийн нэхэмжлэлтэй,

Б.Д-д холбогдох хүүхдийн тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2018 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.О, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.М нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Б.О нь хариуцагч Б.Д холбогдуулан  хүүхдийн тэтгэлэг тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэл гаргасан байна.

Нэхэмжлэгч Б.O нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Б.Д 2008 оноос 2015 оныг хүртэл хамтран амьдарсан. Бид хамтран амьдрах хугацаандаа гэрлэлтээ батлуулж байгаагүй бөгөөд 2010 онд охин Д.Э төрсөн. Б.Д хамт амьдарч байх хугацаандаа архи, дарс хэтрүүлэн хэрэглэж удаа дараа миний биеийг хохироож гэр орондоо тогтдоггүй байсан. Бид Улаанбаатар хотоос 2015 оны 4 дүгээр сард шилжин ирж Б.Д Онцгой байдлын газарт жолоочоор ажилд орсон боловч 2015 оны 09 дүгээр сараас өөр, өөр газар амьдарч байна. Б.Д өөр хүнтэй хамтын амьдралтай болсон учир цаашид эвлэрч хамт амьдрах боломжгүй. Охин Д.Э миний асрамжинд байдаг, эцэг нь хүүхдээ харж хандаж, тэжээн тэтгэж байгаагүй. Иймд хуулийн дагуу хүүхдийн тэтгэлэг тогтоож өгнө үү гэв.

Хариуцагч Б.Д шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Б.Д миний бие Б.О 2008 оноос 2015 оныг хүртэл хамтран амьдарсан бөгөөд 2010 онд охин Д.Э төрсөн. Бид 2015 оны 04 сард Улаанбаатар хотоос шилжин ирж, 2015 оны 9 сараас тусдаа амьдрах болсон. Д.Э миний төрсөн охин мөн тул тэтгэмж өгөхөө хүлээн зөвшөөрч байна.

Хэрэгт цугларсан болон шүүх хуралд хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Б.О нь хариуцагч Б.Д холбогдуулан хүүхдийн тэтгэлэг тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэл гаргасан байна.

Нэхэмжлэгч Б.О хариуцагч Б.Д нар нь 2008 оноос  хамтран амьдарч тэдний дундаас 2010 оны 07 дугаар сарын 29-ний өдөр охин Д.Э төрсөн болох нь зохигчийн маргаангүй тайлбар, охин Д.Э 0440286 г-3923 дугаартай төрсний гэрчилгээ, Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 3 дугаар багийн Засаг даргын 2018 оны 01 дугаар сарын 22-ны өдрийн 746 дугаартай ...оршин суудаг тухай тодорхойлолт, 2018 оны 01 дүгээр сарын 22 өдрийн Д.Э эрүүл бойжиж байгаа тухай эмч Э.Ө тодорхойлолт, Улаанбаатар хот, Чингэлтэй дүүргийн 50-р сургуулийн сургалтын менежер Б.А 2018 оны 01 дугаар сарын 31-ны өдрийн суралцадаг нь үнэн гэсэн тодорхойлолт зэрэг нотлох баримтаар тогтоогдож байна.

Зохигчид хамтран амьдрах явцдаа албан ёсоор гэрлэлтээ бүртгүүлээгүй байсан нь Оюуны өмч, улсын бүртгэлийн Ерөнхий газар, Улсын бүртгэлийн хэлтсийн 2018 оны 03 дугаар сарын 02 өдрийн 1-3/000337 дугаартай “Гэрлэлт бүртгэлгүй эсэх лавлагаа”-аар тогтоогдож байх хэдий ч охин Д.Э эцэг Б.Д овоглож төрсний гэрчилгээ авснаар захиргааны журмаар эцэг тогтоогдсон байх тул Гэр бүлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-т зааснаар хүүхэд төрснөөр эцэг, эх, хүүхдийн хооронд эрх, үүрэг үүснэ, 21.5-д зааснаар гэрлэлтээ бүртгүүлээгүй хүмүүсийн дундаас төрсөн хүүхэд нь гэрлэлтээ бүртгүүлсэн гэр бүлээс төрсөн хүүхдийн адил эрх эдэлж, үүрэг хүлээнэ гэснээр хуульд заасан эрх, үүргийн харилцаа үүссэн байна.

            Талууд хүүхдийн асрамжийн талаар маргаагүй бөгөөд охин Д.Э нь одоогоор эх Б.О асрамжинд байгаа тул Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар хариуцагч Б.Д нь 2010 оны 07 дугаар сарын 29-ны өдөр төрсөн охин Боржигон овогт Д Э тэжээн тэтгэх үүрэгтэй, өөрөөр хэлбэл нэхэмжлэгч Б.О нэхэмжлэлийн шаардлага үндэслэлтэй байна.   

Иймд талууд хүүхдийн тэтгэлэг тогтоолгох талаар харилцан тохиролцож гэрээ байгуулаагүй, шүүхээр тэтгэлэг тогтоолгохыг хүссэн тул Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.3-т заасныг баримтлан мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар хүүхдийн насны байдлыг харгалзан, амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр /одоо хүүхдийн амьдарч буй газар буюу Улаанбаатар хотод тогтоогдсон хэмжээ 198 600 төгрөг/ сар бүр хүүхдийн тэтгэлгийг тогтоож шийдвэрлэв.

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 28 483 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.5-д зааснаар хүүхдийн тэтгэлэг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагын үнийг тодорхойлж, тэтгэлэг төлөгч буюу хариуцагч Б.Д нэг жилд төлөх хүүхдийн тэтгэлгээс улсын тэмдэгтийн хураамжийг тооцон, дутуу төлөгдсөн улсын тэмдэгтийн хураамж 4 665 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод оруулж, мөн нэхэмжлэлийн шаардлага хангагдсан учир 28 483 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь хуульд нийцнэ.

Шүүх хуралдааны товыг 2018 оны 03 дугаар сарын 09-ны өдөр хариуцагч Б.Д утсаар мэдэгдсэн боловч тэрээр хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүй, нэхэмжлэгч талаас түүнийг байлцуулахгүйгээр шүүх хуралдааныг явуулахад татгалзах зүйлгүй гэсэн хүсэлт гаргасан тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар хариуцагчийн эзгүйд, нэхэмжлэгчийн гаргасан тайлбар бусад баримт нотолгоог үндэслэн хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1, 38.3, 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар 2010 оны 07 дугаар сарын 29-ний өдөр төрсөн охин Д.Э11 нас хүртэл амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/, түүнчлэн түүнийг насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй бол амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр эцэг Б.Д сар бүр тэжээн тэтгүүлсүгэй.

2.Охин Д.Э нь эх Б.О асрамжинд байгаа болохыг дурдсугай.

3.Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т зааснаар зөвхөн цалин хөлснөөс өөр орлогогүй хариуцагчаас гаргуулах хүүхдийн тэтгэлэгийн хэмжээг түүний сарын цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын 50 хувиас хэтрүүлж болохгүйг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд мэдэгдсүгэй.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 28 483 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Д улсын тэмдэгтийн хураамж 4 665 /дөрвөн мянга зургаан зуун жаран таван/ төгрөгийг гаргуулж орон нутгийн төсвийн орлогод, 28 483 /хорин найман мянга дөрвөн зуун наян гурван/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид тус тус олгосугай.

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 7 хоногийн хугацаа өнгөрмөгц хуралдаанд оролцсон тал 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд шийдвэрийг гардан аваагүй нь давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.

            6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэрийг зохигч тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.