Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 04 сарын 19 өдөр

Дугаар 2022/ШЦТ/291

 

 

 

 

   2022          04          19                                     2021/ШЦТ/291

 

 

                             МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Отгонбаяр даргалж,

Нарийн бичгийн дарга: М.Нарансолонго,

Улсын яллагч: В.Батдэлгэр,

Шүүгдэгч: Г.И-, түүний өмгөөлөгч Б.Мэргэн нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар, Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Г.И-д холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2205000870129 дугаартай хэргийг 2022 оны 3 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Г.И-, ..... тоот регистртэй,

 Шүүгдэгч Г.И- нь 2021 оны 12 дугаар сарын 08-наас 09-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 10 дугаар хорооллын автобусны буудлын явган хүний гарцан дээр хохирогч Г.Ж-ийг утсаар яриад зам хөндлөн гарч байхад нь 34-58 УНП улсын дугаартай “Тоёота Приус-30” загварын тээврийн хэрэгсэл дотроос түүний “Рэдми А-6” загварын гар утсыг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч бусдад 210.000 төгрөгийн хохирол учруулсан,

- 2021 оны 12 дугаар сарын 29-ний өдөр Баянгол дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 20 дугаар сургуулийн урд талын туслах зам дээр ... улсын дугаартай приус-30 маркийн тээврийн хэрэгсэлтэй явж байхдаа хохирогч Б.Ч-ээс “гар утсаар чинь яриад өгье” гэж хэлээд түүний эзэмшлийн Ай фоне Си загварын гар утсыг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч бусдад 800.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Г.И- шүүх хуралдаанд: “...Хийсэн хэрэгтээ гэмшиж байна” гэв.

Хохирогч Э.Ж-ийн мөрдөн байцаалтад өгсөн: “...2021 оны 12 дугаар сарын 08-ны өдөр найзынхаа эхнэрийн төрсөн өдөр дээр зураг авч өгөөд тэндээсээ 12 цаг гэж гараад “Сувд” нэртэй караокед ороод ойролцоогоор 3, 4 шил архи уусан. Тэрнээс хойш юу болсныг санахгүй байна. Тэгээд нэг сэрээд хартал нэг залуу намайг дээш татаж босгоод “түргэн дуудчихсан, гайгүй юу” гэж асуухаар нь би юу болсон талаар асуусан чинь “чамайг зам хөндлөн гараад явж байхад чинь нэг цагаан приустэй залуу утсыг чинь булаагаад зугтсан” гэж надад хэлсэн. ...Миний гар утас Рэдми А-9 загварын утас байсан. Цэнхэр өнгөтэй ямар нэгэн сэв зураасгүй” гэсэн мэдүүлэг /хх-н 19/,

Хохирогч Б.Ч-ийн мөрдөн байцаалтад өгсөн: “...2021 оны 12 дугаар сарын 29-ний шөнө 02 цагийн үед 3, 4 дүгээр хорооллоос 25-р эмийн сангаар уруудаад Баянгол дүүргийн 4 дүгээр хороо ...нийслэлийн 20 дугаар сургуулийн урд талын туслах зам дээр явж байх үед цагаан өнгийн Приус 30 маркийн тээврийн хэрэгсэлтэй хүн ирээд утсаараа яриулахыг гуйсан. Би зөвшөөрч өөрийн гар утсан дээрээ утасны дугаарыг нь бичээд залгаад яриулах үед нөгөө хүн явах араандаа хийн хөдөлсөн. ...царай төрх нь шар, бүлтгэр нүдээрээ инээсэн, том чихтэй залуу байсан” гэсэн мэдүүлэг /хх-н 74-75/,

Гэрч О.М-гийн мөрдөн байцаалтад өгсөн: “...2021 оны 12 дугаар сарын 08-наас 09-нд шилжих шөнө 03 цаг өнгөрч байхад би ажлаасаа ганцаараа гараад Баянгол дүүргийн 5 дугаар хороо, 10 дугаар хорооллын автобусны хойд талын буудал дээр ирсэн. Автобусны буудал дээр зогсож байхад нэг танихгүй эрэгтэй хүн ганцаараа утсаар яриад явган хүний гарцаар гарсан. Тэгсэн гарцаар гарч байх үед цагаан өнгөтэй Приус 30 маркийн автомашин урд талд нь зогсоод утсаар яриад зам хөндлөн гарч байсан танихгүй залуугийн гар утсыг булааж аваад явсан бөгөөд явган зам гарч байсан залуу цонхноос нь чирэгдээд зам дээр унасан. Тэгээд би замын голд хохирогчийг хэвтэж байхад сэрээгээд автобусны буудал дээр байх сандал дээр суулгасан. Надад өөрт гар утас байхгүй байсан болохоор ТҮЦ-ийн худалдагчийн гар утсаар дуудлага өгсөн. Дээрх цагаан өнгийн приус 30 маркийн автомашинд 2 эрэгтэй хүн байх шиг байсан. Учир нь урд талын салхины шилээ нээсэн байсан. Хохирогчийн гар утсыг баруун талын урд хэсэгт сууж явсан хүн буюу жолооч нь булааж авсан. Би тухайн тээврийн хэрэгслийн улсын дугаарыг харж чадаагүй. Уг үйл явдал 04 цаг 20 минут орчимд болсон байх” гэсэн мэдүүлэг /хх-н 21-23/,

Хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэлд: “...00:01 секунтэнд тухайн замын голоор цагаан өнгийн приус 30 загварын автомашин ертөнцийн зүгээр зүүн тийш хурдтай явж байгаа бичлэг дүрслэгдсэн. ...00:41 секундэд хохирогч Б.Ч- нь дэлгэцийн баруун доод булан буюу ертөнцийн зүгээр баруун зүгээс зүүн зүгт алхаж буйг харуулав. ...... улсын дугаар харуулав. ...хохирогч цааш булан эргэхэд приус 30 загварын автомашин даган эргэж байв” гэжээ. /хх-н 50-54/,

Таньж олуулах ажиллагааны тэмдэглэлд: “...миний гар утсыг авч явсан залуу 2 дугаартай зурагтай залуу мөн байна” гэснээр ажиллагааг дуусгав” гэжээ /хх-н 59-62/,

Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-н 2, 48/, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-н 3-5/, эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хх-н 8, 66/, хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл /хх-н 9-13, 55-58/, эд зүйлийн үнэлгээ /хх-н 33, 87-88/, эрүүгийн хэргийг нэгтгэх тухай прокурорын тогтоол /хх-н 45-46/, шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-н 109-158/, хохирогчийн хүсэлт /хх-н 159/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж үнэлэв.

Нэг: Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

    1. Шүүхээс тогтоосон үйл баримт

Шүүгдэгч Г.И- нь 2021 оны 12 дугаар сарын 08-наас 09-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 10 дугаар хорооллын автобусны буудлын явган хүний гарцан дээр хохирогч Г.Ж-ийг утсаар яриад зам хөндлөн гарч байхад нь 34-58 УНП улсын дугаартай “Тоёота Приус-30” загварын тээврийн хэрэгсэл дотроос түүний “Рэдми А-6” загварын гар утсыг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч бусдад 210.000 төгрөгийн хохирол учруулсан,

- 2021 оны 12 дугаар сарын 29-ний өдөр Баянгол дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 20 дугаар сургуулийн урд талын туслах зам дээр ... улсын дугаартай приус-30 маркийн тээврийн хэрэгсэлтэй явж байхдаа хохирогч Б.Чинхүслэнгээс “гар утсаар чинь яриад өгье” гэж хэлээд түүний эзэмшлийн Ай фоне Си загварын гар утсыг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч бусдад 800.000 төгрөгийн хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:

Шүүгдэгчийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүх хуралдаанд үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд, хохирогч Г.Ж-, Б.Ч-н, гэрч О.М-, эд зүйлийн үнэлгээ, камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, таньж олуулах ажиллагааны тэмдэглэл болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

    1. Нотлох баримт баримтын үнэлгээ

Хавтаст хэрэгт авагдсан буюу шүүх хуралдаанд шинжлэн судалсан нотлох баримтууд нь хуулиар тогтоосон үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн бөгөөд дээрх цугларсан, бэхжүүлсэн нотлох баримтуудыг үгүйсгэсэн баримт байхгүй ба тухайн баримтуудаар шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үзлээ.

    1. Оролцогчийн эрхийн хэрэгжилт

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь хуульд заасан үндэслэл журмын дагуу явагдсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдахад хэргийн оролцогчийн хууль ёсны эрхийг зөрчсөн, хязгаарласан нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

    1. Эрх зүйн дүгнэлт

Шүүгдэгч Г.И- нь хохирогч Г.Ж-, Б.Ч- нарын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр хууль бусаар авсан нь өөрийн үйлдэлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, шунахай сэдэлтэй, Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан үйлдэл болох нь хэрэгт авагдсан болон шинжлэн судалсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

Шүүгдэгч Г.И-гийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр авсангэмт хэргийн бүх шинжийг хангасан байх тул түүнд холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.

Шүүгдэгч Г.И- болон түүний өмгөөлөгч нар нь шүүх хуралдаанд гэм буруугийн талаар маргаагүй ба улсын яллагчийн шүүгдэгчийг гэм буруутай гэсэн дүгнэлт нь үндэслэлтэй байна.

    1. Хохирол, хор уршиг

Шүүгдэгч нь хохирогч нарын хохирлыг барагдуулсан болох нь хавтаст хэрэгт авагдсан эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл болон хохирогч нарын мэдүүлэг, хүсэлт зэргээр тогтоогдож байх тул шүүгдэгчийн бусдад төлөх төлбөргүй гэж шүүх үзлээ.

Хоёр: Эрүүгийн хариуцлагын талаар:

2.1. Талуудын санал, дүгнэлт

Улсын яллагч шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчид “2 жилийн хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял оногдуулах, өмнөх зорчих эрх хязгаарлах ялыг нэмж нэгтгэх”, шүүгдэгчийн өмгөөлөгч “Зорчих эрх хязгаарлах ял оногдуулж өгнө үү” гэсэн эрүүгийн хариуцлагын талаар дүгнэлт тус тус гаргасан болно.

Шүүгдэгч Г.И- нь гэм буруугийн талаар маргаагүй боловч түүний хувийн байдал, удаа дараа гэмт үйлдэж шүүхээр ял шийтгүүлсэн, зорчих эрх хязгаарлах ялаар шийтгүүлсэн байхдаа дахин гэмт хэрэг үйлдсэн зэргийг харгалзан улсын яллагч, шүүгдэгчийн өмгөөлөгч нарын ялын дүгнэлтийг хүлээн авах үндэслэлгүй байна гэж шүүх үзлээ.

2.2. Эрүүгийн хариуцлага

Шүүх шүүгдэгч Г.И-гийн үйлдсэн гэмт хэрэг нь нотлогдон тогтоогдсон тул түүнийг гэм буруутайд тооцсон бөгөөд түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж дүгнэлээ.

Шүүгдэгч Г.И-г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан “хохирлыг нөхөн төлсөнийг” ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.

Харин шүүгдэгчид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүх шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдал, удаа дараа гэмт хэрэг үйлдэж шүүхээр зорчих эрх хязгаарлах ялаар шийтгүүлсэн, шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын хяналтанд байх хугацаандаа санаатай гэмт хэрэг үйлдсэн, хохирогч нарын хохирлыг барагдуулсан зэргийг харгалзсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан доод хэмжээгээр буюу 6 сарын хорих ял оногдуулахаар шийдвэрлэв.

Шүүгдэгч Г.И- нь Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн 379 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 01 жил 6 сар хорих ял оногдуулж, Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д зааснаар мөн хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялаар сольж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар эдлээгүй үлдсэн 01 жил 01 сар 20 хоногийн зорчих эрх хязгаарлах ялыг нэмж нэгтгэн нийт 02 жил 7 сар 20 хоногийн зорчих эрх хязгаарлах ялаар шийтгүүлсэн байна.

Мөн шүүгдэгч нь Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн 166 дугаар захирамжаар Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7.2-д зааснаар эдлээгүй үлдсэн 01 жил 9 сар 27 хоногийг хорих ялыг зорчих эрх хязгаарлах ялаар сольж, зорчих эрх хязгаарлах ялаа эдэлж дуусаагүй эрх бүхий байгууллагын хяналтанд байх хугацаандаа буюу 2021 оны 12 дугаар сарын 08-наас 09-нд шилжих шөнө, 2021 оны 12 дугаар сарын 29-ний өдөр тус тус санаатай гэмт хэрэг үйлдсэн болох нь нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Ялтан оногдуулсан ялыг эдэлж дуусахаас өмнө шинээр гэмт хэрэг үйлдсэн.... бол тухайн гэмт хэрэгт ял оногдуулж, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялын хэмжээг тогтооно” гэж заасан тул  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.И-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 6 сар хорих ял дээр Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн 379 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 01 жил 6 сар хорих ял оногдуулж, Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д зааснаар мөн хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялаар сольж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар эдлээгүй үлдсэн 01 жил 01 сар 20 хоногийн зорчих эрх хязгаарлах ялыг нэмж нэгтгэн нийт 02 жил 7 сар 20 хоногийн зорчих эрх хязгаарлах ялыг хорих ялд шилжүүлж, шүүгдэгчийн биечлэн эдлэх ялыг нийт 3 жил 01 сар 20 хоногийн хугацаагаар тогтоов.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад зааснаар “зорчих эрх хязгаарлах ялын нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож, хорих ялаар сольсон” болно.

Шүүгдэгч Г.И- нь Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс 2022 оны 3 дугаар сарын 14-ний өдөр ял шийтгүүлсэн ба тухайн өдрөөс хойш өнөөдрийг хүртэл нийт 35 хоногийг зорчих эрх хязгаарласан ял эдэлсэнд тооцож, уг 35 хоногийг хорих ял эдэлсэн хугацаанд оруулах нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.И-д шүүхээс оногдуулсан хорих ялыг нээлттэй дэглэмтэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.

2.3. Бусад асуудал

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг сидийг хэрэгт хавсаргаж, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, 2205003110156 тоот хэргийг нэгтгэсэн, хэрэгт тусгаарласан хэрэггүй болно.

Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч Г.И-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
  2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.И-г 6 сар хорих ялаар шийтгэсүгэй.
  3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.И-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 6 сар хорих ял дээр Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн 379 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 01 жил 6 сар хорих ял оногдуулж, Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д зааснаар мөн хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялаар сольж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар эдлээгүй үлдсэн 01 жил 01 сар 20 хоногийн зорчих эрх хязгаарлах ялыг нэмж нэгтгэн нийт 02 жил 7 сар 20 хоногийн зорчих эрх хязгаарлах ялыг /хорих ялд шилжүүлж 02 жил, 7 сар, 20 хоног/ нэмж нэгтгэн нийт 3 жил, 01 сар 20 хоногийн хорих ялаар тогтоосугай.
  4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.И-д оногдуулсан 3 жил, 01 сар, 20 хоногийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
  5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.И-гийн Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс 2022 оны 3 дугаар сарын 14-ний өдөр шийтгүүлсэн ба тухайн өдрөөс хойш нийт 35 хоногийн зорчих эрх хязгаарласан ялыг эдэлсэнд тооцож, 35 хоногийu хорих ял эдэлсэн хугацаанд тооцсугай.
  6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг сидийг хэрэгт хавсаргаж, хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, 2205003110156 тоот хэргийг нэгтгэсэн, хэрэгт тусгаарласан хэрэггүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
  7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
  8. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.И-д цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Ч.ОТГОНБАЯР