Шүүх | Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүх |
---|---|
Шүүгч | Батдэлгэрийн Хэрлэн |
Хэргийн индекс | 149/2018/00023/И |
Дугаар | 00080 |
Огноо | 2018-03-12 |
Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2018 оны 03 сарын 12 өдөр
Дугаар 00080
Монгол улсын нэрийн өмнөөс:
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн шүүгч Б.Хэрлэн даргалж тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: * тоотод оршин суух, 1973 оны 02 дугаар сарын 10-ны өдөр төрсөн, 45 настай, эмэгтэй, Боржигон овогт Дамдинжамцын Хы /РД:*/ нэхэмжлэлтэй
Хариуцагч: * тоотод оршин суух, 1965 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр төрсөн, 53 настай, эрэгтэй, Боржигон овогт Маналжавын Дд /РД:*/ холбогдох
481000 төгрөгийг гаргуулах тухай хүссэн иргэний хэргийг хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д.Х, хариуцагч М.Д, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар П.Нямсүрэн нар оролцов.
Тодорхойлох нь:
Нэхэмжлэгч Д.Х шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2017 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр оюутан охиндоо Зүүнхараагаас Улаанбаатар хот руу явах таксигаар буюу Д гэдэг хүнээр хувцас хунар өгч явуулсан юм. Тэгтэл 2017 оны 09 дүгээр сарын 17-ны орой охин маань шөнийн 22 цагийн үед над руу залгаад нөгөө ах чинь өгч явуулсан юмыг алдсан байна гэж хэлсэн. Тэгэхээр нь би маргааш буюу 2017 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр Дтай утсаар яриад хорих ангийн урд байдаг найман шарга хүнсний дэлгүүрийн гадна уулзсан. Би тэр үед Дд чи 200-300 мянган төгрөгөнд тааруулаад хувцас аваад өгчих гэж хэлэхэд Д төлнөө гээд бид хоёр салсан. Түүнээс хойш нэг сарын дараа утасдахад Д чадахгүй цагдаа шүүхээрээ яв гэж хэлсэн. Би тэр дор нь цагдаад өргөдөл бичиж өгсөн. Тэгээд би дараа нь тус шүүхийн Эвлэрүүлэн зуучлагчид хандсан боловч бид хоёр бас л эвлэрээгүй бөгөөд Д шүүхээр явна гэсэн тул татгалзсан. Тэгээд би тус шүүхэд 2018 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр нэхэмжлэл гаргасан. Одоо би Даас 481000 төгрөгийг нэхэмжилж байгааг гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагч М.Д шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Би Улаанбаатар хот руу таксинд явах гээд 2017 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр 17 цагийн үед Солонго рестароны гадаа зогсож байсан юм. Тэгтэл надад Улаанбаатар хот руу өгч явуулах гэсэн юм гээд нэг эрэгтэй хүн эмэгтэй хүний 2 ширхэг гар цүнх өгсөн. Би хүргэлтийн хөлсөнд нь 2000 төгрөг авсан. Улаанбаатар хот ороод бас нэг хүний дайж явуулсан томографийн зургийг нь вокзалын арын Ган зам дэлгүүрийн тэндэх хүнсний ТҮЦ-д оруулж өгчихөөд гарч ирэхэд машины кабин дотроос уг хоёр гар цүнхийг хулгайч авсан байсан. Тэгтэл эдний охин юмаа авъя гээд хүрээд ирсэн. Би юмыг нь алдсан байсан учир хүүхдийг нь суулгаад камертай газар очиж шүүлгэсэн. Тэгтэл кабины тал нь камерт харагдаад уг цүнхийг хүн аваад үүрч явсан нь харагдсан. Тэгээд бид хоёр буцаж яваад тэр хавиараа эргэлдээд хайхад 2-3 согтуу хүмүүс цүнхийг нь барьж явсныг нь таниад үзэхэд хоосон байсан. Тэгээд би тэр даруй цагдаад өргөдөл бичиж өгсөн. Тэр цагдаа эргээд хариу өгнө гэсэн боловч өгөөгүй. Би ч эргэж хөөцөлдсөнгүй. Эдний охин тухайн үед хэлэхдээ бэлтгэлийн өмд цамц, индүү хоёр байсан гэж хэлдэг. Би тухайн үед төлнө л гэж хэлж байсан. Одоо миний санал бол 2018 оны 03 дугаар сард 100000 төгрөг, 4 дүгээр сард 100000 төгрөг төлөх саналтай байна. Яг үнэндээ юу байсныг нь би үзэж хараагүй гэв.
Хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
Үндэслэх нь:
Нэхэмжлэгч Д.Х нь хариуцагч М.Дд Зүүнхараагаас Улаанбаатар луу өөрийн төрсөн охиндоо хүргүүлэхээр өгсөн 135000 төгрөгийн үнэтэй бор өнгийн хослол, 70000 төгрөгийн үнэтэй хөх өнгийн хослол, 45000 төгрөгийн үнэтэй цагаан өнгийн кофт, 35000 төгрөгийн үнэтэй ягаан өнгийн платье, 130000 төгрөгийн үнэтэй саарал өнгийн 3 хос /пиджак, юбка сарфанчик/, 38000 төгрөгийн үнэтэй индүү, 15000 төгрөгийн үнэтэй уртасгагч зэрэг 468000 төгрөгийн үнэтэй бараа, мөн эвлэрүүлэн зуучлагчид өргөдөл гаргахад төлсөн 14000 төгрөг, нийт 481000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хариуцагч М.Д нь Зүүнхараагаас Улаанбаатар хот руу таксинд явахдаа нэхэмжлэгч Д.Хы охинд хувцсыг нь хүргэж өгөхөөр тохиролцож хөлсийг нь авсан боловч Улаанбаатар хотод очоод 2 ширхэг гар цүнхийг нь машин дотроосоо хулгайд алдсан нь үнэн, дотор нь яг хичнээн төгрөгний ямар бараа байсныг мэдэхгүй, 2018 оны 03 дугаар сард 100000 төгрөг, 04 дүгээр сард 100000 төгрөг, нийт 200000 төгрөг төлөхийг зөвшөөрнө, 481000 төгрөгийг бүрэн төлөхийг зөвшөөрхгүй гэж маргажээ.
Зохигчдын тайлбараас үзэхэд хариуцагч М.Д нь нэхэмжлэгч Д.Хы охинд 2 ширхэг цүнхтэй хувцсыг хүргэж өгөх үүрэг хүлээж үүнийхээ хөлсөнд 2000 төгрөг авсан бөгөөд уг 2 ширхэг цүнхтэй зүйлийг Улаанбаатар хотод машиныхаа кабинаас хулгайд алдсан болох нь тогтоогдож байна.
Хавтас хэргийн 05 дугаар талд авагдсан 70000 төгрөгийн үнэтэй хөх өнгийн хослол, 45000 төгрөгийн үнэтэй цагаан өнгийн кофт, 135000 төгрөгийн үнэтэй эмэгтэй юбка, пиджак, 35000 төгрөгийн үнэтэй ягаан өнгийн платье, 07 дугаар талд авагдсан 130000 төгрөгийн үнэтэй пиджак / 3хос/ зэргийг худалдан авсан зарлагын баримт дээр тэмдэг байхгүй боловч Бишрэлт нэртэй дэлгүүрт хувиараа бараа зардаг болон Дууш бараан захад лангуу түрээслэж хувиараа бараа зардаг хувь хүмүүсээс худалдан авсан тул нотлох баримтын хүрээнд үнэлэх боломжтой, харин хавтаст хэргийн 06 дугаар талд авагдсан Эдод ХХК-ний дэлгүүрээс худалдан авсан 38000 төгрөгийн үнэтэй Nоva индүү, 15000 төгрөгийн үнэтэй уртасгагч зэргийн зарлагын баримтанд тэмдэг дарагдаагүй тул нотлох баримтын хэмжээнд үнэлэх боломжгүй байна гэж дүгнэлээ.
Нэхэмжлэгч Д.Хы нэхэмжлэлийн үнийн дүн нь 482000 төгрөг болж байх ба нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагынхаа үнийн дүнг 481000 төгрөг гэж буруу тооцоолсныг дурьдах нь зүйтэй байна.
Иймд хариуцагч М.Даас 135000 төгрөгийн үнэтэй бор өнгийн хослол, 70000 төгрөгийн үнэтэй хөх өнгийн хослол, 45000 төгрөгийн үнэтэй цагаан өнгийн кофт, 35000 төгрөгийн үнэтэй ягаан өнгийн платье, 130000 төгрөгийн үнэтэй саарал өнгийн 3 хос /пиджак, юбка сарфанчик/ нийт 415000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Д.Хд олгож, нэхэмжлэлээс 67000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.
Харин хариуцагч М.Д нь эд зүйлийг хулгайлсан хүмүүсийг хуулийн байгууллагаар шалгуулж олж тогтоолгосны эцэст иргэний журмаар нэхэмжилж уг хүмүүсээс хохирлыг гаргуулан авах боломжтой гэж үзэв.
Нэхэмжлэгч Д.Хы улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 15100 төгрөгийг Сэлэнгэ аймаг Мандал сумын төрийн сангийн 100130400941 тоот дансанд буюу орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэлийн шаардлагын хангагдсан хэсэг буюу 415000 төгрөгийн улсын тэмдэгтийн хураамж 13100 төгрөгийг хариуцагч М.Даас гаргуулж нэхэмжлэгч Д.Хд олгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
Тогтоох нь:
1. Иргэний хуулийн 399 дүгээр зүйлийн 399.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч М.Даас 415000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Д.Хд олгож, нэхэмжлэлээс 67000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Д.Хаас улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 15100 төгрөгийг Сэлэнгэ аймаг Мандал сумын Төрийн сангийн 100130400941 тоот дансанд хэвээр үлдээж, хариуцагч М.Даас улсын тэмдэгтийн хураамжинд 13100 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Д.Хд олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шүүх хуралдаанд оролцсон тал энэ хуулийн 119.3-т заасан хугацаа өнгрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авахыг мэдэгдсүгэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дах хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ Б.ХЭРЛЭН.