Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 05 сарын 18 өдөр

Дугаар 2022/ШЦТ/647

 

                             

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Батаа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Лхагвасүрэн, улсын яллагч Х.Анхцэцэг, шүүгдэгч Э.А, түүний өмгөөлөгч Н.Дарьжав нарыг оролцуулан тус шүүхийн “Г” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2208 00000 0617 дугаартай хэргийг 2022 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр хүлээн авсныг энэ өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, И овгийн Э.А, *** оны ** дугаар сарын **-ны өдөр Говь-Алтай аймгийн Алтай суманд төрсөн, 36 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, “***” ХХК-д менежер ажилтай, ам бүл гурав, эхнэр, хүүхдийн хамт Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хороо, Нуурын 22 дугаар гудамжны *** тоотод оршин суух бүртгэлтэй боловч Баянгол дүүргийн 18 дугаар хороо, 44 дүгээр байрны 11 тоотод түр оршин суудаг, регистрийн дугаар: ***, урьд:

-Чингэлтэй дүүргийн шүүхийн 2000 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 06 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 239 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1 жил хорих ял оногдуулж мөн хугацаагаар хойшлуулсан,

-Баянгол дүүргийн шүүхийн 2004 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн 302 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 147 дугаар зүйлийн 147.2, 155 дугаар зүйлийн 155.1 дэх хэсэгт зааснаар 8 жил 1 cap хорих ялаар шийтгүүлж, Багануур дүүргийн шүүхийн шүүгчийн 2007 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 56 дугаар захирамжаар эдлээгүй үлдсэн 1 жил 2 cap 23 хоногийн хорих ял эдлэхээс хугацаанаас өмнө тэнсэн суллагдсан,

-Чингэлтэй дүүргийн шүүхийн 2009 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 23 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт зааснаар 2 жил 6 cap хорих ял шийтгэж, өмнөх 302 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан хорих ялын эдлээгүй үлдсэн 1 жил 2 cap 23 хоногийг хорих ялын зарим болох 6 сарыг нэмж нэгтгэн түүний биечлэн эдлэх хорих ялыг 3 жилийн хугацаагаар тогтоож, Говьсүмбэр аймаг дахь Сум дундын шүүхийн шүүгчийн 2010 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 88 дугаар захирамжаар эдлээгүй үлдсэн 01 жил 08 хоногийн хорих ял эдлэхээс хугацаанаас өмнө тэнсэн суллагдсан,

-Чингэлтэй дүүргийн шүүхийн 2012 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 168 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт зааснаар 5 жил 6 cap хорих ял шийтгүүлсэн,

-Сэлэнгэ аймаг дахь сум дундын 2 дугаар шүүхийн 2013 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 56 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар 02 сарын хугацаагаар баривчлах ял шийтгүүлж, өмнөх 168 дугаар шийтгэх тогтоолоор оногдуулсан 5 жил 6 сарын хорих ялаас эдлээгүй үлдсэн 4 жил 02 сар 10 хоногийн хорих ялыг нэмж, нийт 4 жил 4 сар 10 хоногийн хорих ял шийтгүүлж, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 95Ө дугаар шүүгчийн захирамжаар Эрүүгийн хуулийн 77 дугаар зүйлийн 77.1, Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт зааснаар эдлээгүй үлдсэн 01 жил 09 cap 01 хоногийн хорих ялыг өршөөн хэлтрүүлсэн,

-Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 117 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2 дахь хэсэгт зааснаар 251 цаг албадан ажил хийлгэх ялаар шийтгүүлсэн,

-Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 571 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгүүлсэн,

-Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 811 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2, 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 18.6 дугаар зүйлийн 1, 20.16 дугаар зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар 2 жил 09 cap хорих ял оногдуулж, урьд шийтгэх тогтоолоор оногдуулсан 500 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг хорих ялд шилжүүлэн нэмж нийт 2 жил 11 cap 2 хоног хорих ялаар шийтгүүлсэн,

-Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 485 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх заалтад зааснаар зааснаар 3 жил 6 сар хорих ял шийтгэж, өмнөх 517 дугаар шийтгэх тогтоолоор оногдуулсан 500 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг хорих ялд шилжүүлж, нэмж нэгтгэн нийт эдлэх ялын хэмжээг 3 жил 8 сар 02 хоногоор тогтоосон,

-Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 54 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2, 11.7 дугаар зүйлийн 1.1 дэх заалт, 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жил 6 cap хорих ял оногдуулж цагдан хоригдсон 2 жил 7 cap 29 хоногийг эдлэх ялд оруулан тооцож, хорих ялыг эдэлсэнд тооцсон.

Холбогдсон хэргийн талаар яллах дүгнэлтэд дурдсанаар:

Шүүгдэгч Э.А нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 22 цагийн орчимд Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хороо, Москва хорооллын 119/а байрны 170 тоотод О.О-тэй хувийн таарамжгүй харьцаанаас үүдэлтэйгээр маргалдан нүүр, цээжин тус газар нь заазуурдах, нүүр, бие тус газар нь өшиглөх зэргээр зодож, эрүүл мэндэд нь дух, баруун шанаа, хацрыг хамарсан, дээд уруул, нуруу, цээж, баруун, зүүн бугалгад зүсэгдсэн шарх, дух, баруун шанаа, баруун хацар, цээжинд зулгаралт, баруун дээд, доод зовхи, цээжинд цус хуралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу онц харгис хэрцгийгээр учруулсан гэх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

    1. Шүүхээс тогтоосон үйл баримт

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд “шүүгдэгч, И овгийн Э.А архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 22 цагийн орчимд Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хороо, Москва хорооллын 119/а байрны 170 тоотод О.О-тэй хувийн таарамжгүй харьцаанаас үүдэлтэйгээр маргалдан нүүр, цээжин тус газар нь заазуураар зүсэж, өшиглөж биед нь “...дух, баруун шанаа, хацрыг хамарсан, дээд уруул, нуруу, цээж, баруун, зүүн бугалгад зүсэгдсэн шарх, дух, баруун шанаа, баруун хацар, цээжинд зулгаралт, баруун дээд, доод зовхи, цээжинд цус хуралт...” бүхий хөнгөн зэргийн гэмтэл санаатай учруулсан” хэргийн нөхцөл байдал буюу үйл баримтыг тогтоолоо.

    1. Нотлох баримтын үнэлгээ

Улсын яллагчийн шинжлэн судалсан нотлох баримтуудаар дээр дурдсан хэргийн нөхцөл байдал эргэлзээгүй тогтоогдсон болно.

Тухайлбал, дуудлага лавлагааны “таньдаг хүн миний нүүрэнд заазуурдсан” гэсэн хуудас (хавтаст хэргийн 1 дэх тал), хохирогч О.О-ийн “би 2022 оны 03 дугаар сарын 16-ны өдөр найз Л-гийн хамт Москва хорооллын 119/а байрны ** тоотод очоод шоронд хамт хоригдож байсан гал хам А-тай хамт 1 литрийн виски хувааж уусан. Тухайн үед А ах болон болон 2 эрэгтэй, 2 эмэгтэй хүн байсан. Архи ууж байтал А ах гэнэт босож ирээд уурлаад агсраад байхаар нь би тайвшруулах санаатай боль гэх гээд очиход А ах гартаа заазуур барьчихсан, миний нүүрний баруун хэсэгт 2 удаа өнгөц зүсээд цээжний хэсэгт 1 удаа зүссэн. Найз Л болиулах гээд намайг өмөөрөх гэхэд А ах зодох гээд байсан учраас бид хоёр зугтаж гараад Цагдаагийн байгууллагад дуудлага өгөөд гэмтлийн эмнэлэг орсон. Намайг А ах заазуураар зүсэж гэмтээхэд хажууд Л харж байсан. Бусад хүмүүс нөгөө өрөөнд байсан. Гэхдээ миний нүүрнээс цус гарч байхыг А ахын найзууд харсан...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 8, 11 дэх тал), гэрч Г.Л-гийн “А ах гэнэт босож ирээд муу бацаанууд гэж уурлахаар нь О тайвшруулах санаатай очиход А ах шууд заазуур барьж ирсэн. О-ийн нүүрнээс нь цус гараад “би болиоч” гээд А ахыг холдуулах гэхэд над руу дайраад байхаар нь О бид хоёр шууд гэрээс нь зугтааж гараад цагдаад дуудлага өгөөд гэмтлийн эмнэлэг рүү явсан. Бүтэн нэрийг нь А гэдэг. А ах О-ийг заазуурдсаныхаа дараа араас нь явуулахгүй гээд тархи толгой руу нь өшиглөж байсан....” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 20 дахь тал), Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 4447 дугаартай “О.О-ийн биед дух, баруун хашаа, хацрыг хамарсан, дээд уруул, нуруу, цээж, баруун, зүүн бугалгад зүсэгдсэн шарх, дух, баруун шанаа, баруун хацар, цээжинд зулгаралт, баруун дээд, доод зовхи, цээжинд цус хуралт гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь ир үзүүртэй зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүссэн байна. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Дээрх гэмтлүүд нь 1-2 хоногийн өмнө үүссэн байх боломжтой. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй...” гэсэн дүгнэлт (хавтаст хэргийн 35-37 дахь тал), шинжээч эмч Б.Ц-гийн “дүгнэлт хэсэгт О.О-ийн биед дух, баруун хашаа гэж бичиглэлийн хувьд алдаа гаргасан байна. Тухайн О-ийн биед дух, баруун шанаа, хацрыг хамарсан ... зүсэгдсэн шарх учирсан байсан ба үзлэг хэсэгт тодорхой бичигдсэн байна. О-ийн биед учирсан гэмтэл нь гоо сайхны эмчилгээ хийлгэсэн ч сорви нь тодорхой хэмжээгээр бүдгэрэх боловч бүрэн арилах боломжгүй...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 41 дэх тал) зэрэг нотлох баримтууд хэргийн бодит байдлыг тогтооход хүрэлцээтэй байв.

Түүнчлэн, Э.А нь мөрдөн шалгах ажиллагааны үед яллагдагчаар: “2022 оны 03 дугаар сарын 16-ны өдөр өөрийн найз Б-ийн гэрт очсон. Бид мах чанаж идэнгээ, ганц нэг шил шар айраг уугаад сууж байтал Л над руу залгаад “ахаа хаана байгаа юм, О бид хоёр цугтаа байна уулзах уу” гээд байхаар нь би түүнийг найзындаа дуудчихсан. Тэр хоёр манай найзынд ирэхдээ 1 литрийн виски, 1 авдар буюу 12 ширхэг шар айрагтай ирсэн. Тэгээд бид нар авчирсан зүйлсээ уугаад байж байхад манай хоёр дүү айлыг хүндлэхгүй чанга дуугаар яриад инээлдээд байхаар нь би уур хүрээд О-тэй тухайн айлын үүдний хэсэгт маргалдсан. Би маргалдаж байх явцдаа ширээн дээр байсан мах хэрчиж идэж байсан заазуурыг аваад түүний зүүн шанаа, хацар хэсэгт дээрээс нь доош нэг удаа, хөндлөн нэг удаа зүссэн. Дараа цээжний зүүн хэсэгт нэг удаа зүссэн. Миний бие нэлээн согтуу байсан ба өөрийгөө хянах чадвар сул байсан учраас тийм үйлдэл гаргасан байх. О-тэй 2013 онд Зүүн хараагийн 413 дугаар хорих ангид байхдаа нөхөрлөж байсан.” гэж (хавтаст хэргийн 52 дахь тал) мэдүүлж байсан бөгөөд шүүхийн хэлэлцүүлэгт “...мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж мэдүүлэх зүйлгүй, гэм буруу дээр маргахгүй, хохиролд 5 сая төгрөг төлсөн...” гэж мэдүүлсэн нь улсын яллагчийн шинжлэн судалсан бусад нотлох баримтуудаар батлагдаж байх тул түүний мэдүүлгийг шүүхийн шийдвэрт яллах үндэслэл болгон үнэллээ.

Шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байв.

    1. Оролцогчийн эрхийн хэрэгжилт

Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр сэргээн тогтоосон байх бөгөөд хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий шийдвэр гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

    1. Эрх зүйн дүгнэлт

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн 2022 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 4447 дугаар дүгнэлтээр хохирогчийн эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэргийн гэмтэл тогтоогдсон байх тул хууль зүйн хувьд хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан гэж үзнэ.

Шүүгдэгч Э.А-ын үйлдэл нь идэвхтэй, ухамсартай үйлдэл бөгөөд хууль бус болох нь илэрхий атал тэрээр хохирогч О.О-ийн эрх чөлөөнд халдаж, хөнгөн зэргийн гэмтэл учруулж, хор уршигт зориуд хүргэсэн байх тул гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэнд тооцно.

Шүүгдэгч Э.А-ын үйлдлийн улмаас хохирогчийн биед дух, баруун шанаа, хацрыг хамарсан, дээд уруул, нуруу, цээж, баруун, зүүн бугалгад зүсэгдсэн шарх, дух, баруун шанаа, баруун хацар, цээжинд зулгаралт, баруун дээд, доод зовхи, цээжинд цус хуралт бүхий 10 гаруй шарх гэмтэл учирсан болох нь шинжээч эмчийн мэдүүлэг болон шинжээчийн дүгнэлтээр хөдөлбөргүй нотлогдож байх тул хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг онц харгис хэрцгийгээр үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Энэ гэмт хэргийг энэ хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн бол...” гэж, мөн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2.1 дэх заалтад “...онц харгис хэрцгийгээр...” гэж тус тус хуульчилсан нь хүндрүүлэн зүйлчлэх үндэслэл болсон бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг онц харгис хэрцгийгээр үйлдсэн шинжийг бүрэн хангаж байна.

 Шүүгдэгч Э.А-ын хохирогчийг заазуураар зүссэн үйлдэл болон хохирогч О.О-ийн биед учирсан ир үзүүртэй зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүссэн гэмтлүүд нь өөр хоорондоо шалтгаант холбоотой байна. Харин гэмт хэргийн шалтгаан нөхцөлийн хувьд хохирогч болон шүүгдэгч нар хэн алин нь согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсний улмаас гэмт хэрэг үйлдэгдсэн гэж үзэв.

Дээрхээс нэгтгэн дүгнэвэл, шүүгдэгч Э.А-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг онц харгис хэрцгийгээр үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

    1. Хохирол, хор уршиг

Шүүгдэгч Э.А нь хохирогч О.О-ийн эмчилгээний зардалд нийт 5,000,000 төгрөг төлсөн, хохирогч цаашид нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэдгээ мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн байх тул түүнийг бусдад төлөх төлбөргүй болохыг тогтоолд дурдах нь зүйтэй.

Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:

    1. Талуудын санал, дүгнэлт 

Улсын яллагч: “...шүүгдэгч Э.А-ад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дэх хэсэгт зааснаар 2700 нэгж буюу 2,700,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, уг ялыг 6 сарын хугацаагаар хэсэгчлэн төлүүлэх саналтай байна. Шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй...” гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч: “...Гэм буруу дээр маргахгүй. Эрүүгийн хуульд гэмт хэрэг үйлдсэн хүнд ял оногдуулахдаа харгалзаж үзэх 5 зарчим байгаа. Үүнд гэм буруугаа хүлээн зөвшөөрч, өөрийнхөө буруутай үйлдлээс гарсан хохирлыг арилгах талаар ямар арга хэмжээ авсан, яаж санаачилсан, ямар үйлдэл үзүүлсэн бэ гэдгийг харгалзаж үздэг. Миний үйлчлүүлэгч өөрийн үйлдэлдээ дүгнэлт хийж байгаа. Эмэгтэй хүнийг, мөн хөгжлийн бэрхшээлтэй тэр жаахан хүүхдийг элдвээр хэлж айлын амгалан тайван байдлыг алдагдуулсан, согтуурхсан үйлдлийг таслан зогсоох санаа агуулсан боловч үйлдэл нь буруу юм гэдгээ өөрөө хүлээн зөвшөөрсөн. Үүнээс болоод юу ч үйлдэж болзошгүй юм гэдгээ бас хүлээн зөвшөөрч байгаа. Хохирогчид учирсан хохирлыг эмнэлгийн баримт шаардахгүйгээр нөхөн төлсөн. Иймд хувийн байдлыг нь харгалзан үзэж 500 нэгжээр буюу 500,000 төгрөгөөр торгож өгнө үү...” гэв.

    1. Эрүүгийн хариуцлага

Шүүгдэгч Э.А нь гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирлоо нөхөн төлсөн байгааг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон бөгөөд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан иргэний үнэмлэхийн хуулбар (хавтаст хэргийн 147 дахь тал), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 54 дэх тал), шийтгэх тогтоол, шүүгчийн захирамжийн хуулбарууд (хавтаст хэргийн 59-124, 171-182 дахь тал), Хаан банкны депозит дансны хуулга (хавтаст хэргийн 149-170 дахь тал), АСАП сангийн лавлагаа (хавтаст хэргийн 125-137 дахь тал), эд хөрөнгөгүй талаарх лавлагаа (хавтаст хэргийн 140 дэх тал), 2017 оны 2-7 сар, 2020 оны 3-9 дүгээр саруудад нийгмийн даатгалын шимтгэл төлж байсан талаарх албан тоот (хавтаст хэргийн 143 дахь тал), гэрлэлтийн бүртгэлийн лавлагааны хуулбар (хавтаст хэргийн 148 дахь тал), ажлын газрын тодорхойлолт (шинээр гаргаж өгсөн) зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгчийн урьд 10 удаагийн ял шийтгэлтэй, үлдэгдэл ялын тооцоогүй, эрхэлсэн тодорхой ажилтай, орлоготой, эхнэр хүүхдийн хамт амьдардаг зэрэг хувийн байдлыг тогтоов.

Шүүх эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болон өмгөөлөгч, улсын яллагчийн саналыг тал бүрээс нь харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.А-ад нэг мянга найман зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу нэг сая найман зуун мянган төгрөгөөр торгох ял оногдуулах нь үйлдэгдсэн гэмт хэргийн шинж, гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хэр хэмжээ, шүүгдэгчийн гэм буруу болон хувийн байдалд тохирсон бөгөөд эрүүгийн хариуцлагын цээрлүүлэх хийгээд нийгэмшүүлэх зорилгыг хангана гэж үзэв.

Шүүгдэгч Э.А-ад оногдуулсан нэг сая найман зуун мянган төгрөгөөр торгох ялыг түүний орлогын хэмжээг харгалзан Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан 90 хоногийн үндсэн хугацааг нэмэгдүүлж, зургаан сарын хугацаанд хэсэгчлэн төлөх боломжтойгоор тогтоолоо.

    1. Бусад асуудлын талаар

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Э.А нь баривчлагдсан, цагдан хоригдсон хоноггүй, тэрээр хохирогчид 5,000,000 төгрөг төлсөн, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдаж, түүнд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйл, 38.1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.И овгийн Э.А-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг онц харгис хэрцгийгээр үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.А-д нэг мянга найман зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу нэг сая найман зуун мянган төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.А-д оногдуулсан нэг сая найман зуун мянган төгрөгөөр торгох ялыг зургаан сарын хугацаанд хэсэгчлэн төлөх боломжтойгоор тогтоосугай. 

4.Торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Э.А-д сануулсугай.

5.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Э.А нь баривчлагдсан, цагдан хоригдсон хоноггүй, тэрээр хохирогчид 5,000,000 төгрөг төлсөн, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдсугай.

6.Шийтгэх тогтоолыг гардаж авснаас, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

7.Оролцогч давж заалдах гомдол гаргасан, эсхүл улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч Э.А-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ                                    Б.БАТАА