Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 01 сарын 08 өдөр

Дугаар 128/шш2020/0030

 

 

 

 

 

2020 оны 01 сарын 07 өдөр

Дугаар 128/ШШ2020/0030

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Дуламсүрэн даргалж тус шүүхийн шүүх хуралдааны 3 дугаар танхимд хийсэн нээлттэй шүүх хуралдаанаар

            Нэхэмжлэгч: “М” ХХК

Хариуцагч: Оюуны өмчийн газрын хяналтын улсын байцаагч О.А

Нэхэмжлэлийн шаардлага: “Оюуны өмчийн газрын хяналтын улсын байцаагч О.Аын 2019 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн 14******* дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах,

Шүүх хуралдаанд: Хариуцагч О.А, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Э нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

            Нэхэмжлэгч "М" ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: "Оюуны өмчийн газрын Хяналтын хэлтсийн улсын байцаагч О.А “О” ХХК-ийн гомдлын дагуу “10/60” барааны тэмдгийг ашиглах зөвшөөрөлгүйгээр хүнсний бүтээгдэхүүн /хиам/ худалдан борлуулж Зөрчлийн тухай хуулийн 8.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зөрчлийг “М” ХХК үйлдсэн эсэх асуудлаар зөрчлийн 1902000430 дугаартай хэрэгт хэрэг бүртгэлийн ажиллагаа явуулаад Зөрчлийн тухай хуулийн 8.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Барааны тэмдэг эзэмшигчийн эрх, газар зүйн заалт хэрэглэгчийн эрхийг зөрчих зөрчлийг үйлдсэн хэмээн үзэж, гурван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгохоор шийдвэрлэсэн нь зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны журмыг  зөрчсөн байх тул түүнийг эс  зөвшөөрч Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон энэхүү гомдлыг гаргаж байна.

Эрх бүхий албан тушаалтан нь зөрчилд холбогдох нотлох баримтыг бүрэн цуглуулж шалгах ажиллагааг явуулахгүйгээр зөрчил үйлдсэн гэж дүгнэлт хийсэн нь бодит үнэнийг хангалттай тогтоож чадаагүй шийдвэр болсон гэж үзэж байна.

Зөрчилд холбогдогч “М” ХХК нь шалган шийдвэрлэх ажиллагааны явцад “О” ХХК-д олгогдсон барааны тэмдэгтийн гэрчилгээ , түүний ангилал зэргээс үзэхэд зөрчил үйлдсэн гэж  үзэх эрх зүйн үндэслэлгүй тухай, энэ тухай маргаантай болохоо илэрхийлж хүсэлт тавьсан боловч уг хүсэлтийн дагуу холбогдох нотлох баримтыг гаргуулж, цуглуулах, магадлан шалгах ажиллагааг хангалттай түвшинд явуулахгүйгээр шийтгэл ногдуулахаар шийдвэрлэсэн байдал зөрчлийн хэргийн хавтаст цугларсан баримтуудаас тодорхой ойлгогдоно. Энэ нь холбогдох “М” ХХК, түүнтэй нэгдмэл сонирхолтой бусад хуулийн этгээдийн эрх ашгийг зөрчсөн шийдвэр болно.

 Тодруулбал 10/60 гэх барааны тэмдэгтийг “О” ХХК-д олгосон шийдвэрийн үндэслэл үлэмж маргаантай бөгөөд уг асуудлыг шүүхийн журмаар шалган шийдвэрлэх явцад тухайлан авч үзэж эрх зүйн үнэлэлт хийх боломж бүрдэх юм.

Иймд Оюуны өмчийн газрын Хяналтын улсын байцаагч О.Аын Зөрчлийн тухай хуулийн 8.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зөрчилд шийтгэл ногдуулах тухай 14******* дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож өгнө үү." гэжээ.

            Хариуцагчаас шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “Оюуны өмчийн газрын хяналтын улсын байцаагч О.А би 2019 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн “О” ХХК-ийн 10,60 барааны тэмдгийг эрх эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр “М” ХХК нь ашиглаж бүтээгдэхүүн борлуулж байна гэх гомдлын дагуу зөрчлийн 1902000430 дугаартай хэрэгт хэрэг бүртгэлийн ажиллагаа явуулаад Барааны тэмдэг газар зүйн заалтын тухай хуулийн 12.2.4-т  “бүртгэгдсэн барааны тэмдгийг бусад этгээд зөвшөөрөлгүйгээр ашигласан бол уг үйлдлийг таслан зогсоохыг шаардах”, 12.3.5-д “бүртгэгдсэн барааны тэмдэгтэй төсөөтэй барааны тэмдгийг бусад этгээд ашигласан нь хэрэглэгчийг төөрөгдөлд оруулахаар бол уг үйлдлийг таслаг зогсоохыг шаардах гэсний дагуу “М” ХХК-ийн гаргасан уг үйлдэлд Зөрчлийн тухай хуулийн 8.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гурван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгож шийдвэрлэсэн.

Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явцад “М” ХХК нь “О” ХХК-ийн 10,60 нэртэй барааны тэмдгийг дуурайлган ашигласан нь худалдааны төвд хийсэн үзлэг, мөн хохирогчийн гаргасан нотлох баримт, Оюуны өмчийн газрын шинжээчийн дүгнэлтээр /10,60 тоон дүрстэй ижил төсөөтэй, түүнчлэн бүртгэгдсэн барааны тэмдэгтэй ижил төрлийн бараа бүтээгдэхүүн ашиглаж байгаа нь хэрэглэгчийг төөрөгдөлд оруулахаар ижил төстэй гэж үзэх үндэслэлтэй/ гэж тогтоосон болно. Иймд 14******* дугаарт шийтгэлийн хуудсыг хэвээр үлдээж “М” ХХК-ийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Оюуны өмчийн газрын хяналтын улсын байцаагч О.А нь 2019 оны 8 дугаар сарын 13-ны өдрийн 14******* дүгээр шийтгэлийн хуудсаар “М” ХХК-ийг барааны тэмдгийн зөрчилтэй хүнсний бүтээгдэхүүн /хиам/ худалдан борлуулж байгаа болох нь тогтоогдсон гэх үндэслэлээр Зөрчлийн тухай хуулийн 8.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3000000 /гурван сая/ төгрөгөөр торгох шийтгэл ногдуулжээ.

 “М” ХХК шүүхэд гаргасан гомдлын үндэслэлээ “...“О” ХХК-д 10.60 гэх барааны тэмдгийг олгосон шийдвэр нь маргаантай, зөрчил гаргасан гэдгийг хангалттай тогтоогоогүй, нотлох баримтыг бүрэн цуглуулаагүй... ” гэж тодорхойлсныг хариуцагч бүхэлд нь эс зөвшөөрч маргаж байна.

Зөрчлийн тухай хуулийн 8.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “барааны тэмдэг эзэмшигчийн эрх...-ийг зөрчсөн нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол зөрчил үйлдэхэд ашигласан эд зүйлс, хууль бусаар олсон хөрөнгө, орлогыг хурааж, үйл ажиллагааг зогсоож, учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж...хуулийн этгээдийг гурван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэж заасан.

Хэрэгт цугларсан нотлох баримтуудаас үзвэл 2019 оны 07 дугаар сарын 08-ны өдөр “О” ХХК-иас Оюуны өмчийн газарт “Зөрчил арилгуулах тухай” албан бичгээр “...2014 онд эрхийн хамгаалалт хийлгэсэн 10.60 /дүрстэй/ барааны тэмдгийг “М” ХХК нь дуурайлган хийж, зөвшөөрөлгүй ашиглан, бүтээгдэхүүн худалдаалж...хууль зөрчиж байна” гэсэн гомдол гаргаснаар Оюуны өмчийн газрын Хяналтын хэлтсийн улсын байцаагч 2019 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн 56 дугаар “Зөрчлийн хэрэг нээх тухай” тогтоол гарган зөрчлийн хэрэг үүсгэж, шалган шийдвэрлэх ажиллагааг явуулсан байна.

Түүнчлэн хариуцагч улсын байцаагчаас Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд “О” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.А, М ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Д нарыг оролцуулан хийж тэмдэглэл үйлдсэн, уг тэмдэглэлээр “М” ХХК нь “О” ХХК-ийн 10.60 нэртэй барааны тэмдгийг дуурайлган ашигласан нь Баянбүрд худалдааны төвд хийсэн үзлэг /шошго, гэрэл зураг/, хохирогчийн гаргасан нотлох баримт, шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон гэж үзэж, торгох шийтгэл ногдуулахаар шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв. Учир нь:

Барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1-д “Барааны тэмдэг эзэмшигчийн онцгой эрх тухайн барааны тэмдгийг улсын бүртгэлд бүртгүүлснээр үүснэ” 12.2-т “Барааны тэмдэг эзэмшигчийн онцгой эрх бүртгэгдсэн бараа, үйлчилгээний нэрсийн жагсаалтын хүрээнд үйлчилнэ.” 12.3-д “Барааны тэмдэг эзэмшигч тухайн барааны тэмдгийн хувьд дараахь онцгой эрх эдэлнэ”, 12.3.1-д “бүртгэгдсэн барааны тэмдгийг өмчлөх”; 12.3.2-т “бүртгэгдсэн барааны тэмдгийг бусдад ашиглуулах”; 12.3.3-д “бүртгэгдсэн барааны тэмдгийг бусдад шилжүүлэх”; 12.3.4-т “бүртгэгдсэн барааны тэмдгийг бусад этгээд зөвшөөрөлгүйгээр ашигласан бол уг үйлдлийг таслан зогсоохыг шаардах”; 12.3.5-д “бүртгэгдсэн барааны тэмдэгтэй төсөөтэй барааны тэмдгийг бусад этгээд ашигласан нь хэрэглэгчийг төөрөгдөлд оруулахаар бол уг үйлдлийг таслан зогсоохыг шаардах”, 12.3.6-д “энэ хуулийн 12.3.4,12.3.5-д заасан үйлдлээс учирсан хохирлыг нөхөн төлүүлэхийг гэм буруутай этгээдээс шаардах” гэж,

Хуулийн 13 дугаар зүйлийн 13.1-д “Дараахь тохиолдолд барааны тэмдгийг ашигласанд тооцно”, 13.1.1-д барааны тэмдгийг бараа, түүний сав, баглаа боодол, үйлчилгээнд хэрэглэсэн бол; 13.1.2-т барааны тэмдэг бүхий барааг нийлүүлсэн, худалдаанд гаргасан буюу энэ зорилгоор хадгалсан, үйлчилгээ үзүүлсэн бол; 13.1.3-д “барааны тэмдэг бүхий барааг хилээр нэвтрүүлсэн бол; 13.1.4.барааны тэмдгийг албан бичиг, танилцуулга, бусад баримт, интернет, сурталчилгаанд ашигласан бол” гэж тус тус заажээ.

Оюуны өмчийн газрын даргын 2014 оны 69 дүгээр тушаалаар “О” ХХК-д барааны тэмдгийг эзэмших онцгой эрхийг зөвшөөрч 12254 тоот гэрчилгээ олгосон байх ба уг гэрчилгээнд барааны тэмдгийн дардас: 10/60-чанамал хиам, “О” ХХК гэсэн тэмдэглэгээ, хамгаалагдахгүй үг, дүрс: чанамал хиам, мэдүүлгийн бүртгэлийн дугаар: 13644, анхдагч огноо: 2013.09.30, эзэмшигчийн нэр: “О” ХХК, хүчинтэй байх хугацаа: 2023.09.30, бараа, үйлчилгээний олон улсын ангилал: 29-мах, загас, шувууны болон ангийн мах, ялгасан мах, нөөшилсөн, хүнсний өөх тос, амьтны гаралтай хүнсний бүтээгдэхүүн” гэж тус тус тэмдэглэжээ.

Түүнчлэн зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд томилогдсон Оюуны өмчийн газрын шинжээчийн 2019 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн 25 дугаартай дүгнэлтээр “...О ХХК-ийн 1060 /дүрстэй/ барааны тэмдгийн 29 дүгээр ангиллын бараа бүтээгдэхүүнд хэдийгээр хиам, хиаман бүтээгдэхүүн гэж заагаагүй ч “амьтны гаралтай бүтээгдэхүүн”-д хамаарч...бүтээгдэхүүнээ ерөнхийлөн заасан гэж үзэж байна...М ХХК-ийн худалдаанд борлуулж буй хиаман бүтээгдэхүүний 1060 дүрстэй тэмдэг нь хэдийгээр хосолмол дүрсийн хэлбэрээр илэрхийлэгдсэн ч 10.60 тоонууд нь тэмдгийн дийлэнх хэсгийг бүрдүүлж байгаа нь бүртгэгдсэн барааны тэмдгийн ялгагдах шинж чанар болох “1060” тоон дүрстэй ижил төсөөтэй, түүнчлэн бүртгэгдсэн барааны тэмдэгтэй ижил төрлийн бараа бүтээгдэхүүнд ашиглаж байгаа нь хэрэглэгчийг төөрөгдөлд оруулахаар...байна” гэж дүгнэжээ.

Үүнээс үзвэл “М” ХХК-ийн худалдан борлуулж буй 10.60 /дүрстэй/ чанамал хиам нь О ХХК-ийн эрхийн хамгаалалт хийлгэж бүртгэгдсэн барааны тэмдэгтэй төсөөтэй барааны тэмдэг болох нь тогтоогдсон, энэ тохиолдолд “О” ХХК нь  уг үйлдлийг таслан зогсоохыг шаардах эрх бүхий этгээд байна.

Иймд дээр дурдсан үндэслэлүүдээр Оюуны өмчийн газрын хяналтын улсын байцаагч О.Аын гаргасан, 2019 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн 14******* дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгох хууль зүйн боломжгүй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Зөрчлийн тухай хуулийн 8.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 2.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч “М” ХХК-иас Оюуны өмчийн газрын хяналтын улсын байцаагч О.Аад холбогдуулан гаргасан “Оюуны өмчийн газрын хяналтын улсын байцаагч О.Аын 2019 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн 14******* дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1, 47 дугаар зүйлийн 47.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасны дагуу улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 70.200 (далан мянга хоёр зуун) төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2-т зааснаар гомдол гаргагч болон хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 5 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг  тайлбарласугай.

 

 

 

 

                     ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Н.ДУЛАМСҮРЭН