Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 08 сарын 22 өдөр

Дугаар 114

 

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Баатар даргалж, шүүгч Г.Алтанцэцэг, Г.Мөнхзул нарын бүрэлдэхүүнтэй,

нарийн бичгийн дарга Х.Дашням,

иргэдийн төлөөлөгч Т.Наранцэцэг,              

улсын яллагч Б.Энэрэл,

гэрч А.Мөнгөнцөгц, Ш.Эрхэмбаяр,

шүүгдэгч Х.Бээжин, түүний өмгөөлөгч М.Баасанбат, К.Бауиржан,

шүүгдэгч О.Бямбацогт, түүний өмгөөлөгч Ш.Ганбат нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3-т заасан гэмт хэрэгт Х.Бээжин, 99 дүгээр зүйлийн 99.1-д заасан гэмт хэрэгт О.Бямбацогт нарыг тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 201626010429 дугаар эрүүгийн хэргийг 2016 оны 6 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1970 оны 4 дүгээр сарын 04-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 46 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “Монгол жодоо” ХХК-ийн захирал, “Дэлхийн монгол ногоон нэгдэл” ТББ-ын тэргүүн ажилтай, ам бүл 8, эхнэр, хүүхдүүдийн хамт Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, 42е-12 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, Боржигин овогт Хастөмөрийн Бээжин /РД:ЧД70040472/,

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1969 оны 3 дугаар сарын 08-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 47 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, эхнэрийн хамт Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хороо, 37-24 тоотод оршин суух,

урьд Сүхбаатарын районы шүүхийн 1984 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 169 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил хорих ялыг мөн хугацаагаар тэнсэн хянан харгалзсан,

- Сүхбаатарын районы шүүхийн 1986 оны 5 дугаар сарын 06-ны өдрийн 133 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 75 дугаар зүйлийн А дахь хэсэгт зааснаар 3 жил хорих,

- Найрамдлын районы шүүхийн 1990 оны 1 дүгээр сарын 22-ны өдрийн 4 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 154 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил 6 сар хорих,

- Найрамдлын районы шүүхийн 1996 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 491 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1 жил тэнсэн хянан харгалзагдсан, Ренчин овогт Оюуны Бямбацогт /РД:ХБ69030874/.

Шүүгдэгч Х.Бээжин нь 2016 оны 2 дугаар сарын 06-ны өдөр 18 цагийн орчим Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хороо, “Таван шар”-ын автобусны буудлаас баруун зүгт “Шинэ алтай” зочид буудлын урд авто зам дээр “зам шахаж явж автомашиныг шүргэж гэмтээлээ” гэсэн ялимгүй зүйлээр шалтаглан бусдыг илтэд үл хүндэтгэн нийгмийн хэв журмыг ноцтой зөрчиж хүч хэрэглэн О.Бямбацогтын хувцасны захаар хоолойг нь боох зэргээр зодож, улмаар зэвсгийн чанартай зүйл хэрэглэн зүүн гуян тус газарт нь цохиж бие махбодид нь хөнгөн гэмтэл учруулан догшин авирлаж танхайрсан,

Шүүгдэгч О.Бямбацогт нь 2016 оны 2 дугаар сарын 06-ны өдөр 18 цагийн орчим Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хороо, “Таван шар”-ын автобусны буудлаас баруун зүгт “Шинэ алтай” зочид буудлын урд авто зам дээр “гуян тус газраа хутгалууллаа” гэсэн шалтгааны улмаас Х.Бээжинтэй ноцолдох үедээ бие махбодид нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ. /яллах дүгнэлтээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Х.Бээжин шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “2016 оны 2 дугаар сарын 06-ны өдөр эмнэлгээс гарсан. Таван шарын тийшээ найзтайгаа уулзахаар машинтайгаа явсан. Гэв гэнэт 2828 УНО улсын дугаартай машин намайг шахаж зогсоосон. Шүргэсэн зүйл байгаагүй. Буугаад иртэл Бямбацогт бас машинаасаа бууж ирсэн. Тэгээд намайг үгийн зөрөөгүй цохисон. Би дийлэхгүй болохоор замын хашлаганд шахаж болиулсан. Намайг 3-4 удаа цохиж, доогуураа өшиглөсөн. Ослоос болж маргалдсан. Нотлох баримтуудыг үндэслээд шударга шийдвэр гаргана гэдэгт итгэж байна” гэв.

Шүүгдэгч О.Бямбацогт шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “2016 оны 2 дугаар сарын 06-нд өөрийн машинтай явж байсан. Замын 3 дугаар эгнээ рүү дохио өгөөд ортол араас мөргөсөн. Буугаад хартал Бээжин бууж ирээд намайг цохиод хашлаганд тулаад боосон. Би ухаан балартсан байсан. Тэгээд цагдаа дуудсан. Мөнгөнцөгц ирээд намайг дүрэм зөрчсөн гээд торгосон. Би түүнд хөлөө харуулсан. Би үнэн зөвөөр ярьсан. Худлаа ярьсан зүйл байхгүй. Намайг гүтгэж доромжлоод байгаа” гэв.  

Х.Бээжин хохирогчоор шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Таван шараас баруун тийш зам тээврийн ослоос шалтгаалж хөнгөн гэмтэл авсан. Цээж, хөл хөхөрсөн байсан. Гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй” гэв.

О.Бямбацогт хохирогчоор шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Бээжинд боолгуулж хөнгөн гэмтэл авсан. Утас хагарсан байсан. Гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй” гэв.

Гэрч А.Мөнгөнцөгц шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Тухайн үед зам дээр зодолдоод байна гэсэн дуудлага ирсний дагуу зам чөлөөлүүлэхээр очсон. Тухайн газарт камер байхгүй, замын ачаалал багатай байсан. Хэргийн газарт очиход энэ хоёр хүн машиндаа сууж байсан. Бямбацогт нь Замын хөдөлгөөний дүрмийн 7.6 дахь заалтыг зөрчсөн байсан. Эдгээр хүмүүс хоорондоо жаахан маргасан. Намайг машиндаа суухад Бямбацогт нь орж ирээд “хатгачихсан” гэж өмдөө тайлаад үзүүлсэн. Би мэдэхгүй, хэлтэст мэдэгд гэж хэлсэн. Ир үзүүртэй зүйл хэн алинд нь байгаагүй” гэв.

Гэрч Ш.Эрхэмбаяр шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Тухайн үед дуудлагаар очиход энэ хоёр хүн байсан, өөр хүн байгаагүй. Очоод хувцсанд нь үзлэг хийсэн, машиныг ерөнхийд нь харсан” гэв.   

 

201626010429 дүгээр эрүүгийн хэргээс мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

О.Бямбацогтын хохирогчоор өгсөн: “2016 оны 2 дугаар сарын 06-ны өдөр 17.30 цагийн үед гэрээсээ гарч ОХУ-ын Улаан-Үүд явахаар өөрийн эзэмшлийн “Ниссан пуга” маркийн 2828 УНО улсын дугаартай автомашиныг жолоодон ганцаараа Таван шарын замын цагдаагийн пост өнгөрөөд “Шинэ-Алтай” зочид буудал гэсэн барилгын урд талын төв зам дээр хөдөлгөөнд оролцоод явж байтал 2222 УНО гэсэн улсын дугаартай, хар өнгийн жип машинтай шүргэлцэж, замын осол гаргасан. Би хоёрдугаар зам дээр явж байгаад гуравдугаар эгнээ рүү шилжин орохоор дохио өгөөд ортол миний арын гуперийг шүргэсэн. Би машиныхаа эвдрэлийг харахаар буутал араас мөргөсөн машины жолооч Бээжин гэх залуу ямар ч яриа хэл байхгүй, машинаасаа бууж ирээд гараараа миний толгойн зүүн тал руу хүчтэй 2 удаа цохисон. Мөн толгойн зүүн талд 1 удаа цохиод, намайг заамдаж захаар хоолой боож “би та нарыг захиалагч нартай чинь ална” гээд замын хашлага дээр нуруугаар гэдийлгэж хойш дарсан. Надад боолт орж ухаан балартах үед Бээжин миний зүүн талын өвдөгний дээд талд, гуяны урд нэг юмаар хүчтэй цохих шиг болоод салсан. Тэгээд би 102-т утасдаж “замын осол гаргаад хүнд зодуулсан” гэсэн дуудлага өгсөн. Замын цагдаа түрүүлж ирээд ослын хувьд миний буруу тул надад арга хэмжээ авна гээд машиндаа суулгаж, би машинд суусан хойноо 2 давхар өмд нэвтэрч гуя руу мэсээр хатгасан байсныг харсан. Өмдөө доош тайлж харахад зүүн талын гуя руу 5 мм орчим өргөнтэй, мэсний зүйл орсон, цус гараад байсныг замын цагдаад харуулсан.

...Би түүнийг огт зодож цохиогүй. Боолгох үедээ амь тэмцэж өөрөөсөө холдуулах гэж хувцаснаас нь зуурч цээж рүү нь түлхэж холдуулах үйлдэл хийсэн. Мөн хойшоо гэдийж байхдаа хөлөөрөө жийх үйлдэл хийсэн. Түүнээс биш санаатай гэмтэл учруулах үйлдэл хийгээгүй” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтас, хх-46-47/,

Х.Бээжингийн хохирогчоор өгсөн: “2016 оны 2 дугаар сарын 06-ны өдөр өөрийн эзэмшлийн 2222 УНО улсын дугаартай машиныг жолоодон ганцаараа явсан. 10 дугаар хороололд ирж найз Бат-Очирыг аваад Таван шарын замын цагдаагийн пост өнгөрөөд “Шинэ-Алтай” зочид буудлын харалдаа зорчих хэсгийн 3 дугаар эгнээгээр явж байтал миний буруу талаар 2828 УНО улсын дугаартай, бараан өнгийн суудлын жижиг машин гүйцэж түрүүлээд, намайг шахах үедээ миний машины урд гуперийг шүргэж зам дээр зогссон. Осол болсон учир машинаа зогсоож, бууж машиныхаа эвдрэлийг харахад машины баруун гар талын урд гупер зурагдсан байсан. Гэтэл нөгөө машины жолооч машинаасаа бууж ирээд “зүгээр явж байхад миний машиныг мөргөлөө” гэж уурлаад гараараа миний толгой уруу 1-2 удаа цохисон. Цээжний баруун талд цохиж, зүүн хөлний дээд талд өвдөглөсөн. Тэгэхээр нь би түүнийг замын голд байсан 140см орчим өндөртэй, сараалжин төмөр хашлаганд хөдөлгөхгүй шахсан. “Чи одоо боль, цагдаа дуудаад учраа олье” гээд Бямбацогтыг замын хашлаганд 30 секундээс 1 минут хэртэй зууралдаж шахсан. Түүнээс хойш замын цагдаа 15 минут орчмын дараа ирэхээр нь болсон асуудлыг ярьсан. Тухайн үед Бямбацогт “зодуулсан” гэж гомдол мэдүүлж байсан учир замын цагдаа Мөнгөнцөгц “замын ослын талаар шалгаж шийднэ, харин зодуулсан бол дүүргийн цагдаад дуудлага өг” гэсний дагуу хошууч, ахлагч 2 ирээд намайг хэсэг рүү дагуулж явна гэсэн. Бямбацогт “намайг хутгалсан” гэж шинээр ярьж эхэлсэн. Би тэрийг сонсоод сүүлд ирсэн 2 цагдаад наад залуу чинь хутгалсан гээд байна, миний машин, биед үзлэг хийгээч гэхэд огт тоохгүй шууд дагуулаад явсан” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтас, хх-52-53/,

Гэрч С.Батзоригийн: “2016 оны 2 дугаар сарын 06-ны өдөр жижүүрийн үүрэг гүйцэтгэж байхад 18 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хороо Шинэ-Алтай зочид буудлын урд төв зам дээр Бямбацогт хөлөндөө хутгалуулсан тухай дуудлагыг хүлээн авч, хэргийн газар очиход 2222 УНО улсын дугаартай хар өнгийн жип машин, түүний урд талд 2828 УНО улсын дугаартай машин ослын гэрлээ асаасан, замын голд зогсож байсан. Намайг очих үед хоёр жолооч машинаас бууж ирсэн. 2828 УНО улсын дугаартай машины жолооч Бямбацогт “энэ намайг замын хашлага төмөр лүү шахаж хоолой боож цохиж зодоод, хөл рүү хутгаар юмуу үзүүртэй юмаар хатгасан байна” гэж хэлсэн. Тэгтэл 2222 УНО улсын дугаартай машины жолооч Бээжин “энэ намайг албаар шахаж, хэрүүл маргаан үүсгэж намайг цохисон” гээд байсан. ...Тухайн үед машин дотор Бямбацогт өмдөө тайлж харуулахад зүүн өвдөгний дээд хэсэгт гуянд зүсэгдсэн, хатгагдсан бололтой шарх үүссэн, түүнээс нь цус гарч байсан.

Би хэргийн газрын үзлэг хийх эрхгүй, ...хэргийн талаар болон хэргийн үйлдэгдсэн гэх газрын талаар тэмдэглэл бичиж өгсөн хэлтсийн ерөнхий жижүүрт хүлээлгэн өгсөн. Бямбацогт 2 давхар ноосон өмдтэй байсан нь нэвт цоорсон байсан” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтас, хх-54, 55/,

Гэрч Ш.Эрхэмбаярын: “2016 оны 2 дугаар сарын 06-ны өдөр албан үүргээ гүйцэтгэж байхад ...18 цагийн үед Таван шарын Шинэ-Алтай зочид буудлын урд талын замд Бямбацогт бусдад хутгалуулсан тухай дуудлага ирсэн учир би хошууч Батзоригийн хамт явж очиход 2222 УНО, 2828 УНО улсын дугаартай машин хоёулаа аваараа асаасан, жолооч нь машиныхаа гадаа хоорондоо маргалдаад зогсож байсан. Бээжин гэх залуу энэ намайг хөдөлгөөнд оролцоод явж байхад шахаж, хажуунаас орж ирсэн гэж байсан. Бямбацогт нь энэ намайг хутгалсан гээд Бээжинг заагаад байсан. Хаана хутгалсан гэхэд баруун талынхаа өвдөгний дээд талд зааж энд хутгалсан гэж байсан. ...Бага зэрэг цус болчихсон, өмд нь цоорсон харагдсан. ...Тухайн үед үзлэг хийгээгүй. Гэхдээ хашлага төмрийг харж хүний гуя хөл рүү хатгачихаар зүйл байгаа эсэхийг шалгасан” гэх мэдүүлэг /1-хх-57-58, 60/,

Гэрч Ц.Оргилбаярын: “2016 оны 2 дугаар сарын 06-ны өдрийн 18 цаг 18 минутад 99100160 дугаараас иргэн Бямбацогт гэгч Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хороо Таван шарын баруун талд төв зам дээр зодуулж, хутгалуулсан тухай дуудлага ирүүлснийг офицер Батзоригт дамжуулсан. Тэгтэл 21 цаг болж байхад Батзориг цагдаа Эрхэмбаярын хамт маргаж муудалцсан 2 хүнийг дагуулаад материал нь энэ байна гээд орж ирсэн. Би Бээжингээс тайлбар авсан. Бямбацогт гэдэг хүнээс юу болсныг тодруулахад бид 2 тусдаа машинтай хөдөлгөөнд оролцож яваад хоорондоо шүргэлцэж, түүнээс болж энэ залуу намайг хашлага руу шахаж /Бээжинг заасан/ зодож, өвдөг рүү юмаар хатгасан гэхээр нь харахад Бямбацогтын зүүн талын өвдөгнөөс дээш гуяны урд талд өмд нь цоорсон, цоорхойг тойрч цус болсон байсан. Бямбацогт өмдөө доошлуулж харуулахад 1см хэртэй зүсэгдсэн шарх харагдсан, 2 давхар ноосон өмд нь нэвт цоорсон байсан” гэх мэдүүлэг /1-хх-61/,

Гэрч Э.Энхсаруулын: “2016 оны 2 дугаар сарын 06-ны өдөр ...21 цагийн үед тухайн өдрийн жижүүрийн ахлах, хошууч Оргилбаяр “авто ослоос болж зодолдсон 2 хүн байна” гээд 2 хүн дагуулж ирээд гэмтлийн зэрэг тогтоолгох тогтоол үйлдээд өгчих гэж хэлсэн. Би тогтоол үйлдэн өнөөдөр очиж үзүүлээрэй гээд явуулсан. ...Бямбацогт ярихдаа “Бээжин гэх залуу ямар ч үгийн зөрүүгүй намайг барьж аваад чи хэний захиалагч вэ, чамайг хэн явуулсан гээд хоолой боож, замын голын тусгаарлах төмөр дээр нуруугаар гэдийлгэж байгаад зүүн талын өвдөгний дээд талд нэг юмаар цохих шиг болсон чинь өмд нэвт хатгасан, гуянаас цус гараад байна” гэж байсан. Бээжин ярихдаа гэмтлийн талаар яриагүй, ах нь нэг төрийн бус байгууллагын тэргүүн байгаа юм, ахыг нь хүмүүс оролдоод байдаг юм гэж байсан” гэх мэдүүлэг /1-хх-62/,

Гэрч А.Мөнгөнцөгцийн: “2016 оны 2 дугаар сарын 06-ны өдөр Таван шарын пост дээр байхад “Доктор авто засварын баруун урд зам дээр 2 машины жолооч зодолдоод байна” гэсэн дуудлага ирсний дагуу очиход 2222 УНО улсын дугаартай, хар өнгийн, жип машин 3 дугаар эгнээнд, 2828 УНО улсын дугаартай, суудлын машин 3 дугаар эгнээ рүү шилжсэн, хөндлөн байрлалтай зогсож байсан. Жолооч нар нь тус тусынхаа машинд сууцгааж байснаа намайг очиход бууж ирээд хэрүүл хийж “зодсон, зодуулсан” тухайгаа ярьцгаасан. Тэр 2-ын яриаг сонсоход Бээжин гэх хүн Бямбацогт руу дайрч “чамайг хэн захиалсан, захиалагч чинь хэн бэ” гэх зэргээр дээрэлхүү аястай уурлаад омогдоод байсан. Бямбацогт энэ намайг хутгаар хатгасан, зодсон гээд байхаар нь 102-т залгуулж, дуудлага өгүүлсэн. ...Бямбацогтыг хутгалуулсан гээд байхаар нь харахад баруун өвдөгний дээш гуян дээр өмд нь бага зэрэг цоорсон харагдсан. Бямбацогт өмсөж явсан өмдөө доошлуулж харуулахад нарийхан шарх үүссэн, түүнээс нь цус гарч байсан, 2 давхар ноосон өмд нь цоорсон байсан” гэх мэдүүлэг /1-хх-63-64/,

Гэрч Ж.Бат-Очирын: “Он, сар өдрийг нь санахгүй байна. Би Бээжинтэй 3 дугаар эмнэлгийн гарцан дээр явж байгаад санаандгүй таарсан. Би машинд нь суугаад Бээжин Таван шар орно гэж байсан, би хамт явсан. Тэгээд машины урд талын суудалд суугаад явсан. Шинэ-Алтай зочид буудлын урд баруун талаас нэг жижиг тэрэг шахаж ирээд шүргэлцээд зогссон. Суудлын тэрэгний жолооч бууж ирсэн, Бээжин бас машинаасаа буугаад өөдөөс нь очих үед Бээжинг шууд цохисон. Би буух гэтэл машин замаар машин яваад чадаагүй, тэр хоёрыг хартал нөгөө жолооч Бээжинг дахиад цохиод авсан. Тэр залуу гартаа нэг юм барьчихсан Бээжинг хэд хэдэн удаа цээж рүү нь цохиод авахаар нь би нүүр рүү нь цохилоо гэж бодсон. Машинаас буух гэтэл зүрх өвдөөд чадаагүй. ...Бээжин, Бямбацогт нар барилцаж аваад маш хурдан хугацаанд цохилцоод тэврэлдээд салсан. Тэр залуу Таван шарын хэсэг дээр ирсэн хойноо аль тал нь билээ өмдөө тайлж гуян дээрх гэмтлээ харуулаад байсан” гэх мэдүүлэг /1-хх-69-70/,    

Шинжээч эмч О.Болороогийн: “...Бямбацогтын биед үзлэг хийхэд зүүн гуяндаа шарх гэмтэлтэй байсан нь ир үзүүр бүхий зүйлийн 1 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 1 см урт, 0.3см өргөн шархнаас цус гарч байсан. Харин 1 см-н өргөнтэй, нимгэн ир үзүүртэй зүйл тухайн газарт байвал үүсэх боломжтой” гэх мэдүүлэг /1-хх-76-77/,

Шинжээч Б.Батгэрэлийн: “...Би мөрдөн байцаагчийн томилсон тогтоолыг үндэслэн дүгнэлт гаргуулахаар ирүүлсэн 2 ширхэг бэлтгэлийн, ноосон өмдөнд үзлэг хийж, дүгнэлт гаргасан. Саарал, хар саарал өнгийн ноосон өмдөнд үүссэн урагдлыг ямар учраас хурц иртэй зүйлээр үүссэн гэж үзээд байна гэхээр утасны тасралтын зах ирмэг хэсгүүд сэмрэлгүй, нэгэн жигд тасарсан нь хурц ирмэгтэй зүйлээр үүснэ. Шинжилгээнд ирүүлсэн 2 өмдөнд үүссэн урагдал цоорол нь хавтаст хэрэгт авагдсан замын голын цацруулагч, түүний суурь төмрөнд цохигдоход үүсэхгүй” гэх мэдүүлэг /1-хх-78-80/,

Шүүх эмнэлгийн үзлэг хийсэн 2089 дүгээр актын дүгнэлтэд: “1. О.Бямбацогтын биед зүүн гуянд шарх гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь ир үзүүр бүхий зүйлийн 1 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонгид нөлөөлөхгүй” гэжээ /1-хх-82/,

Шүүх эмнэлгийн үзлэг хийсэн 2093 дугаар актын дүгнэлтэд: “1. Х.Бээжингийн биед тархины доргилт, цээжний баруун урд хэсэг, зүүн гуяны доод хэсгийн цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл учирчээ. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4. Дээрх гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй” гэжээ /1-хх-86/,

Кримналистикийн шинжилгээ хийсэн 1655 дугаар дүгнэлтэд: “Шинжилгээнд ирүүлсэн 2 ширхэг өмдөнд уранхай байгаа нь дор дурьдсанаар үүссэн. Үүнд: Судалтай өмдөнд байх 9мм урттай уранхайны утасны тасралтын хэсгүүд сэмрэлтгүй, жигд тасарсан байх тул хурц иртэй зүйлийн үйлчлэлээр үүссэн шинэ уранхай байна. Хар саарал өнгийн өмдөнд байх 8мм урттай уранхайны утасны тасралт ирмэг хэсгүүд нь сэмрэлтгүй, жигд тасарсан байх тул хурц иртэй зүйлийн үйлчлэлээр үүссэн шинэ уранхай байна” гэжээ /1-хх-90-92/,

хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1-хх-22-27/, мэдүүлэг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1-хх-28-33, 39-41/, О.Бямбацогтын хувцсанд, биед үзлэг хийсэн тэмдэглэл /1-хх-34-37, 42-43/, гэрч Ө.Мөнх-Эрдэнийн мэдүүлэг /1-хх-66/, гэрч Ц.Бямбацэрэнгийн мэдүүлэг /1-хх-71-72/, гэрч Л.Орхоны мэдүүлэг /1-хх-73-74/, Х.Бээжингийн ял шалгах хуудас /1-хх-140/, О.Бямбацогтын ял шалгах хуудас /1-хх-146/, шийтгэх тогтоолуудын хуулбар /1-хх-147-152/, илтгэх хуудас /1-хх-160-163/, туршилт хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1-хх-249-250, 2-хх-1-3/, шүүхийн хэлэлцүүлэгт оролцогчдоос гаргаж өгсөн гэрэл зураг болон бусад бичгийн баримтуудыг уншиж шинжлэн судлав.

Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзэж шүүх үнэлэв.

Харин хэрэгт хавсаргагдаж ирсэн, эд мөрийн баримтаар тооцоогдоогүй 2 ширхэг СД-ийг шинжлэн судлаагүй болно.

Прокуророос шүүгдэгч Х.Бээжинг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3-т зааснаар буюу танхайрах гэмт хэргийг зэвсгийн чанартай зүйл хэрэглэж үйлдсэн хэмээн яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна.

Өөрөөр хэлбэл шүүгдэгч нарын хооронд тодорхой сэдэлттэй, зам тээврийн осол гарсантай холбогдуулан хувийн таарамжгүй харилцаа үүсч, өөр хоорондоо маргалдаж, зодолдсон, улмаар харилцан бие биедээ хөнгөн гэмтэл учруулсан болох нь хохирогч /шүүгдэгч/ О.Бямбацогтын “...Би хоёрдугаар зам дээр явж байгаад гуравдугаар эгнээ рүү шилжин орохоор дохио өгөөд ортол миний арын гуперийг шүргэсэн. Би машиныхаа эвдрэлийг харахаар буутал араас мөргөсөн машины жолооч Бээжин гэх залуу ямар ч яриа хэл байхгүй, машинаасаа бууж ирээд гараараа миний толгойн зүүн тал руу хүчтэй 2 удаа цохисон. Мөн толгойн зүүн талд 1 удаа цохиод, намайг заамдаж захаар хоолой боож “би та нарыг захиалагч нартай чинь ална” гээд замын хашлага дээр нуруугаар гэдийлгэж хойш дарсан. Надад боолт орж ухаан балартах үед Бээжин миний зүүн талын өвдөгний дээд талд, гуяны урд нэг юмаар хүчтэй цохих шиг болоод салсан” гэх мэдүүлэг /1-хх-46-47/, хохирогч /шүүгдэгч/ Х.Бээжингийн “...Осол болсон учир машинаа зогсоож, бууж машиныхаа эвдрэлийг харахад машины баруун гар талын урд гупер зурагдсан байсан. Гэтэл нөгөө машины жолооч машинаасаа бууж ирээд “зүгээр явж байхад миний машиныг мөргөлөө” гэж уурлаад гараараа миний толгой уруу 1-2 удаа цохисон. Цээжний баруун талд цохиж, зүүн хөлний дээд талд өвдөглөсөн. Тэгэхээр нь би түүнийг замын голд байсан 140см орчим өндөртэй, сараалжин төмөр хашлаганд хөдөлгөхгүй шахсан” гэх мэдүүлэг /1-хх-52-53/, гэрч Ж.Бат-Очирын: “Шинэ алтай зочид буудлын урд баруун талаас нэг жижиг тэрэг шахаж ирээд шүргэлцээд зогссон. Суудлын тэрэгний жолооч бууж ирсэн, Бээжин бас машинаасаа буугаад өөдөөс нь очих үед Бээжинг шууд цохисон, ...дахиад цохиод авсан. Тэр залуу гартаа нэг юм барьчихсан Бээжинг хэд хэдэн удаа цээж рүү нь цохиод авахаар нь би нүүр рүү нь цохилоо гэж бодсон. ...Бээжин, Бямбацогт нар барилцаж аваад маш хурдан хугацаанд цохилцоод тэврэлдээд салсан. Тэр залуу Таван шарын хэсэг дээр ирсэн хойноо аль тал нь билээ өмдөө тайлж гуян дээрх гэмтлээ харуулаад байсан” гэх мэдүүлэг /1-хх-69-70/ зэргээр тогтоогдож байна.

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Х.Бээжинг “...О.Бямбацогтыг ...зодож, улмаар зэвсгийн чанартай зүйл хэрэглэн зүүн гуян тус газарт нь цохиж ...хөнгөн гэмтэл учруулан догшин авирлаж танхайрсан” гэж үзэн яллаж байгаа ч дээрх үйлдэл нь мөрдөн байцаалтын холбогдох бүхий л ажиллагааг хийсэн боловч нотлогдон тогтоогдоогүй, тухайн хэргийн бодит байдалтай нийцэхгүй байна. Түүнчлэн хэргийн газрын үзлэгээр зэвсгийн чанартай ямар нэгэн зүйл олдоогүй, үзлэг хийхэд ач холбогдол бүхий зүйл илрээгүй байна.      

Иймд шүүгдэгч Х.Бээжинд прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 болгон хөнгөрүүлэн зүйлчилж, Х.Бээжин, О.Бямбацогт тус бүрийг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцлоо.

Шүүгдэгч Х.Бээжин нь 2016 оны 2 дугаар сарын 06-ны өдөр 18 цагийн орчим Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Шинэ алтай” зочид буудлын урд талын авто зам дээр “автомашиныг нь шүргэж гэмтээлээ” гэх хувийн таарамжгүй харилцааны улмаас О.Бямбацогтыг зодож, бие махбодид нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан,

шүүгдэгч О.Бямбацогт нь 2016 оны 2 дугаар сарын 06-ны өдөр 18 цагийн орчим Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Шинэ алтай” зочид буудлын урд талын авто зам дээр “автомашиныг нь шүргэж гэмтээлээ” гэх шалтгааны улмаас Х.Бээжинг зодож, бие махбодид нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг тус тус үйлдсэн болох нь хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон бусад бичгийн нотлох баримтууд, шүүгдэгч, гэрч нарын мэдүүлэг зэргээр хангалттай нотлогдон тогтоогдож байна.

Шүүгдэгч О.Бямбацогт нь урьд 4 удаагийн ял шийтгэгдэж байсан, хамгийн сүүлд 1996 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял шийтгүүлж, хорих ялыг мөн хугацаагаар тэнсэж хянан харгалзсан байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 78 дугаар зүйлийн 78.2.1-д “тэнсэж хянан харгалзсан ...хугацаанд дахин гэмт хэрэг шинээр үйлдээгүй” байх тул түүний ялгүй болох хугацаа дууссан байна. Тиймээс анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзлээ.

Шүүгдэгч нарын хэн алины үйлдэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 17 дугаар зүйлийн 17.1-д зааснаар хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарч байгаа бөгөөд хөнгөн гэмт хэрэг үйлдсэнээс хойш зургаан сарын хугацаа өнгөрсөн байх тул шүүгдэгч Х.Бээжин, О.Бямбацогт тус бүрийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлж шийдвэрлэв.

Гэмт хэргийн улмаас учирсан хохиролд шүүгдэгч тус бүр “нэхэмжлэх зүйлгүй” гэснийг харгалзан тэднийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.  

Шүүгдэгч Х.Бээжин 2016 оны 3 дугаар сарын 16-ны өдрөөс 2016 оны 3 дугаар сарын 30-ны өдөр хүртэл 14 хоног цагдан хоригдсон болно.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 2 ширхэг СД-ийг уг хэргийг хадгалах хугацаа дуустал хэрэгт үлдээж, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, О.Бямбацогт цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч нарын иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг дурдах нь зүйтэй.  

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 246 дугаар зүйлийн 246.2, 248, 283, 284, 286, 294, 295, 296, 297, 298 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3-т заасан гэмт хэрэгт Х.Бээжинг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 болгон хөнгөрүүлэн зүйлчилсүгэй.

2. Шүүгдэгч Боржигин овогт Хастөмөрийн Бээжинг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн,

шүүгдэгч Ренчин овогт Оюуны Бямбацогтыг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

3. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.2-т зааснаар Х.Бээжин, О.Бямбацогт тус бүрт холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-д заасан хэргийг хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 72 дугаар зүйлийн 72.1.1-д зааснаар тэднийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1, 59.2-т зааснаар шүүгдэгч Х.Бээжин 14 /арван дөрөв/ хоног цагдан хоригдсон болохыг дурдсугай.

5. Хэрэгт хавсаргагдаж ирсэн 2 ширхэг СД-ийг болон хэлэлцүүлэгт гаргаж өгсөн баримтуудыг хэрэгт үлдээсүгэй.

6. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, О.Бямбацогт цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч нар бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгч нарын иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.

7. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3-т зааснаар  тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд О.Бямбацогт, Х.Бээжин нарт авсан бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.

8. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 304 дүгээр зүйлийн 304.1-д зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

9. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1-д зааснаар давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Х.Бээжин, О.Бямбацогт нарт урьд авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

                                  ДАРГАЛАГЧ                             Л.БААТАР

                                   ШҮҮГЧИД                                 Г.АЛТАНЦЭЦЭГ

                                                                                                Г.МӨНХЗУЛ