Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 05 сарын 14 өдөр

Дугаар 448

 

    Б.Ч-д холбогдох эрүүгийн

хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч Б.Зориг, М.Алдар нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд;

            прокурор М.Энхбаатар,

            хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.О,

            нарийн бичгийн дарга Б.Эрхэс нарыг оролцуулан,

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Халиун даргалж хийсэн шүүх хуралдааны 2019 оны 3 дугаар сарын 4-ний өдрийн 189 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.О-н гаргасан давж заалдах гомдлоор Б.Ч-д холбогдох 1720 1024 0178  дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр хүлээн авч, шүүгч М.Алдарын илтгэснээр хянан хэлэлцэв.

Б овгийн Б-н Ч, 19.. оны .. дүгээр сарын ..-ний өдөр ... аймагт төрсөн, .. настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, гуталчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, .............. дүүргийн .. дугаар хороо, ......... дугаар гудамжны .. тоотод түр оршин суух бүртгэлтэй,  /РД: ......../;

 Чингэлтэй дүүргийн шүүхийн 2012 оны 1 дүгээр сарын 26-ны өдрийн 46 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт зааснаар 3 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, 2014 оны 6 дугаар сарын 9-ний өдөр 10 сар 17 хоногийн хорих ялаас хугацааны өмнө тэнсэн суллагдсан;

Б.Ч нь 2017 оны 10 дугаар сарын 16-ны өдөр Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороо, ....... ...... тоотод Ш.Э-н гуян тус газарт хутгалж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Чингэлтэй дүүргийн прокурорын газраас: Б.Ч-н үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Б.Ч-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Б.Ч-д холбогдох эрүүгийн хэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1  дэх заалтад заасан хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар хэрэгсэхгүй болгож, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.О нь хохирогч Ш.Э-н оршуулгын зардалд нийт 3.000.000 төгрөг нэхэмжилснийг хэрэгсэхгүй болгож, зээлийн гэрээний талаарх нэхэмжлэлээ иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар холбогдох этгээдээс нэхэмжлэх эрхтэйг тайлбарлаж, Б.Ч бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт нийт 153 хоног цагдан хоригдсон, энэ хэрэгт эд мөрийн баримтгүй, хөрөнгө битүүмжлээгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.О давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... миний охин Ш.Э нь 2017 оны 10 дугаар сарын 16-ны өдөр Б.Ч гэгчид хутгалуулсны улмаас амь насаа алдсан. Уг хэргийг Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэнд гомдолтой байна.

1. Б.Ч миний охиныг хутгалаагүй бол өнөөдөр миний охин амьд байх байсан. 2017 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 18 цаг өнгөрч байхад Цэргийн төв эмнэлэгт очиж үзүүлсэн. Тухайн үед ажиллаж байсан Нямдорж гэгч эмч үзээд “шинжилгээ хийлгэх үү, төлбөртэй шинжилгээ авна” гэхээр нь миний бие “уг шинжилгээг өгөх шаардлагатай байна аа, мөнгө байгаа” гээд шинжилгээг өгсөн. Тэгээд “шинжилгээний хариу гарлаа” гэхээр нь ямар байгаа талаар асуухад “зүгээр байна” гээд эм бичиж өгөөд “гэртээ харь” гэсэн. Бид эмнэлгээс 20 цаг өнгөрч байхад явсан. Очоод удалгүй охины маань бие муудаж, түргэн дуудсан ч 1 цагийн дараа ирсэн. Түргэн ирэхэд охин маань нас барчихсан байсан. Эмнэлгээс ирээд 2 цагийн дараа л дуудлага өгсөн. Тэгээд түргэн ирэхээс өмнө нас барсан. Эмч тухайн үед миний охины оношийг зөв тавьсан бол, эмнэлгийн тусламжийг зохих ёсоор үзүүлсэн бол ийм асуудал огт болохгүй байсан.

Нямдорж эмч мэдүүлэг өгөхдөө бид нарыг өөрсдөө яваад өгсөн гэж мэдүүлэг өгсөн байдаг. Бид яваагүй, харин ч гуйгаад цус нь тогтохгүй байна, дахин боолт хийж өгөөч гэхэд угаасаа шингэн юм гоожно, боолт хийх шаардлагагүй гээд боож өгөөгүй.

2. Яаралтай тусламжийн үзлэгийн хуудсаар бүх үзүүлэлт дээр нь охины биеийг хэвийн гэж бөглөсөн байдаг. Үнэхээр энэ хүн хэвийн гэж бөглөсөн, миний охиныг зүгээр гэж үзсэн учраас биднийг өөрсдөө явуулсан нь энэ бүртгэлээс тодорхой харагдаж байна.

3. Шинжээч эмч Ц.Нандинцэцэг мэдүүлэхдээ “... эмнэлгийн тусламж авч, оёж битүүлээгүйгээс бохирлогдож, халдварлагдаж хүндэрсэн ...” гэдэг. Бид Нямдорж эмчид хандаад байхад эмч бидэнд тусламж үзүүлээгүйгээс миний охин өнөөдөр амь насаараа хохироод байна. Энэ хэргийг прокурор Уранчимэг нь хяналт тавьж ажиллаж байх үедээ эмчийн асуудлыг тусад нь шалгана гэсэн боловч өнөөдрийг хүртэл шалгаж байгаа зүйл огт байхгүй байна. Би гомдлынхоо талаар асуугаад цагдаа, прокурор дээр очихоор мэдэх хүн ч байхгүй, Уранчимэг прокурор нь энэ асуудлыг хариуцахгүй байгаа гэж хэлсэн.

4. Нямдорж эмч энэ хэрэгт гэрчээр мэдүүлэг өгөхдөө “... энэ хүмүүс өөрсдөө яваад өгсөн. ...” гэж худал мэдүүлэг өгсөн, үүнийг нь нотолж шалгаагүй. Энэ мэдүүлгийг нь үнэн зөв байна гээд үнэлээд явж байна. Энэ хэрэгт өгсөн мэдүүлэг нь Нямдорж эмчтэй холбоотой хэрэг үүсэхэд үнэлэгдээд явах боломжтой болчихоод байна.

5. Нямдорж эмчийн ажилдаа хариуцлагагүй хандсан үйлдэл, Б.Ч-н миний охиныг хутгалж алсан үйлдэл нь хоорондоо салшгүй шалтгаант холбоотой учраас энэ асуудлуудыг хамтад нь шалгах ёстой байсан гэж үзэж байна. Өнөөдөр ямар ч гэм зэмгүй, ямар ч буруугүй байж архи ууж муудалцсан хүмүүсийн урдуур орж, салгах гэж байгаад охин минь алтан амиараа хохироод байж байхад яагаад хүний амийг юман чинээ бодохгүй, зөвхөн Б.Ч-н эрхийг хамгаалж шалгасан юм бэ, миний охины үхэлд хэн ч буруугүй юм уу. Хуулийн байгууллага ингэж хэтэрхий нэг талд ажиллаж, хэргийг шийдсэнд маш их гомдолтой байна. Иймд хэргийг прокурорт буцааж өгнө үү. ...” гэв.

Прокурор М.Энхбаатар тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “... Анхан шатны шүүхээс уг хэргийг эмчийн буруутай үйл ажиллагаа байсан эсэхийг шалгах шаардлагатай гэсэн үндэслэлээр 2 удаа буцааж байсан. Үүний дагуу хийгдэх ёстой ажиллагааг хийсэн. Хохирогчийн биед хөнгөн гэмтэл учруулсан талаар шинжээчийн дүгнэлтүүд удаа дараа гарсан. Тухайн хохирогчийн амь насыг аврах боломжгүй талаар эмч нар тодорхой мэдүүлгүүдийг өгдөг. Шарх нь аль хэдийн бохирдож эд эсэд гүн нэвчсэн байсан учраас аврах боломжгүй байсан гэх бүрэлдэхүүнтэй шинжээчийн дүгнэлт 2019 оны 2 дугаар сарын 11-ний өдөр гарсан. Энэ үндэслэлээр шүүх Б.Ч-г бусдын биед хөнгөн гэмтэл учруулсан гэм буруутайд тооцсон. Харин Нямдорж эмчтэй холбоотой асуудлыг 2018 оны 4 дүгээр сарын 16-ны өдрөөс тусгаарлан шалгаж байна. Тус тусдаа санаа зорилготой, өөр цаг хугацаанд үйлдэгдсэн тул нэгтгэн шалгах боломжгүй. Б.Ч нь хохирогчийн биед хөнгөн хохирол учруулсан талаарх удаа дараагийн шинжээчийн дүгнэлт хэрэгт авагдсан. Иймд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.О-н гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв.

                                                      ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянав.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг шалгаж тодруулсан, хэргийн үйл баримт, гэм бурууг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчөөгүй байна.

Б.Ч нь 2017 оны 10 дугаар сарын 16-ны өдөр Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороо, ,,,,,,,,,, тоотод Ш.Э-н гуян тус газарт хутгалж, эрүүл мэндэд нь “зүүн гуяны гадна хажуугийн дунд хэсгийн гүн хатгагдаж, зүсэгдсэн шарх” бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.О-н “... Дэнжийн мянгад байдаг найз А-нд нь очиход талийгаач Ш.Э гэрт нь дөнгөж орж ирсэн байдалтай, хөл нь өвчтэй, явах чадваргүй өвдөлттэй сууж байсан. Хөл өвдөөд гээд өвчин намдаах эм уугаад зүгээр болохгүй байхаар нь “чи яаж энэ хүртэл явсан юм” гэтэл найз Болороо гэх хүний машинаар эмнэлэг рүү явсан гэж хэлсэн. ... Талийгаач хөлдөө хутгалуулснаас өөр ямар нэгэн ил харагдах шарх гэмтэл байгаагүй. ...” /1 хх 22-25/,

гэрч Т.Б-н “... Намайг очиход ... Э гуяндаа хутгалуулсан байдалтай байсан. Би Э-с “хэн хутгалсан юм бэ” гэж асуухад “Хүрлээ бид хоёр Чука гэж хүний 20.000 төгрөгөөр архи авчихсан юм. Тэгээд мөнгөө нэхээд байхаар нь би өшиглөчихсөн чинь ханцуйнаасаа хутга гаргаж ирээд миний гуя руу нэг удаа хутгалчихсан” гэж хэлсэн. Гайгүй юу гэтэл талийгаач “зүгээр ээ, гайгүй доголоод л явж байна” гэсэн. Би шархыг нь харахад зүүн гуя нь том болоод хавдчихсан байсан. ...” /1 хх 26-28/,

гэрч П.Х-н “... Манай гэрт бид гурав байж байтал Чука нэг залуугийн хамт гаднаас гартаа хутга барьчихсан орж ирсэн. Чука надаас 20.000 төгрөг нэхээд хэрүүл хийгээд байсан. ... Тэгээд Э намайг өмөөрч хэрэлдээд бид хоёрын дундуур ортол Чука гартаа байсан хутгаараа Э-н гуя руу хутгалсан. ...” /1 хх 36-37/,

гэрч Ч.А-н “... Тэгээд Чука гэх залуу нэг залуугийн хамт гаднаас гартаа хутга барин орж ирсэн. Чука Хүрлээгээс 20.000 төгрөг нэхээд хэрүүл хийгээд байсан. ... Тэгтэл Э “намайг хөл рүү хутгалчихлаа” гэхээр нь би босоод Чука гэх залуутай хэрэлдсэн. ...” /1 хх 38-40/,

шинжээч Ц.Нандинцэцэгийн “... Талийгаач нь зүүн гуяны гадна дунд хэсэгт хатгагдаж зүсэгдсэн шархтай байсан ба шархыг нээж үзэхэд шөрмөс, судас, мэдрэлийн багцууд гэмтээгээгүй, хавсан шарх байсан бөгөөд уг шархнаас үрэвслийн шингэнтэй байсан. ... Талийгаач амьд байсан бол уг гэмтэл нь хөнгөн зэргийн гэмтэлд хамаарна. ...” /1 хх 56-58/ гэх мэдүүлгүүд,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн “...Талийгаач Ш.Э-н биед зүүн гуяны гадна хажуу дунд хэсгийн гүн хатгагдаж, зүсэгдсэн халдварлагдсан шарх, гуя, шилбэнд цус хуралт, шилбэнд шарх бүхий гэмтэл тогтоогдлоо. Зүүн гуяны гадна хажуу дунд хэсгийн хатгагдаж, зүсэгдсэн халдварлагдсан шарх бүхий гэмтэл нь хурц ир үзүүртэй зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр, зүүн, баруун гуянд цус хуралт, баруун шилбэнд цус хуралт, баруун шилбэнд шарх гэмтэл нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Зүүн гуяны гадна хажуугийн дунд хэсгийн гүн хатгагдаж, зүсэгдсэн шарх нь учрах үедээ гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. ...” гэх 2077 дугаартай дүгнэлт /1 хх 48-50/, мөн хавтаст хэргийн материалаар хийсэн “Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмч Ц.Нандинцэцэгийн гаргасан №2077 тоот шинжээчийн дүгнэлт үндэслэлтэй байна. ...” гэх 161 дугаартай дүгнэлт /2 хх 7-9/,

хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1 хх 5-9/, цогцост үзлэг хийсэн тэмдэглэл /1 хх 10-13/, “... Ш.Э зүүн гуя хавдаж, чинэрч өвдөнө, бусдад 2 хоногийн өмнө хутгалуулсан...” гэх яаралтай тусламжийн хуудас /1 хх 77/ зэрэг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Эдгээр нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхээс үнэлж дүгнэх боломжтой, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байх ба анхан шатны шүүх шүүгдэгч Б.Ч-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцжээ.

Анхан шатны шүүх, шүүгдэгч Б.Ч-д холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.О-н гомдлын агуулгаас үзэхэд “...Эмч Д.Нямдорж нь тухайн үед миний охины оношийг зөв тавиагүй, эмнэлгийн тусламжийг зохих ёсоор үзүүлээгүй. Д.Нямдорж эмчийн ажилдаа хариуцлагагүй хандсан үйлдэл, Б.Ч-н миний охиныг хутгалж алсан үйлдэл нь хоорондоо шалтгаант холбоотой тул хамтад нь шалгах ёстой. Иймд хэргийг прокурорт буцааж өгнө үү. ...” гэсэн үндэслэлүүдийг гаргасан байх бөгөөд уг үндэслэлүүдийг хүлээн авах боломжгүй байна.

Учир нь, хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд шүүгдэгч Б.Ч нь 2017 оны 10 дугаар сарын 16-ны өдөр хохирогчийг хутгалсан, хохирогч уг гэмтлээ эмчлүүлэхээр эмнэлгийн байгууллагад 3 хоногийн дараа буюу 2017 оны 10 дугаар сарын 19-ний өдөр хандсан боловч хохирогчид учирсан шарх нь халдварлагдаж, үжлээр хүндэрч, улмаар биеийн ерөнхий хордлого болон олон эрхтэнүүдийн дутагдалд орж нас барсан болох нь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн “...Талийгаач Ш.Э-н биед учирсан... зүүн гуяны гадна хажуугийн дунд хэсгийн гүн хатгагдаж, зүсэгдсэн шарх нь учрах үедээ гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. ... Талийгаач нь зүүн гуяны гадна хажуу дунд хэсгийн гүн хатгагдаж, зүсэгдсэн халдварлагдсан шарх бүхий гэмтлийн улмаас үжлээр хүндэрч, улмаар биеийн ерөнхий хордлого болон олон эрхтэнүүдийн дутагдалд орж нас баржээ. ...” гэх 2077 дугаартай дүгнэлт /1 хх 48-50/, мөн хавтаст хэргийн материалаар хийсэн “Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмч Ц.Нандинцэцэгийн гаргасан №2077 тоот шинжээчийн дүгнэлт үндэслэлтэй байна. ...” гэх 161 дугаартай дүгнэлт /2 хх 7-9/ зэргээр хөдөлбөргүй тогтоогджээ.

Дээрх нөхцөл байдлуудаас дүгнэж үзэхэд хохирогч Ш.Э нь хутгалуулж шарх авсан даруйдаа эмчид хандаагүй, дахин 2-3 хоног эмнэлгийн бус орчинд байж ахуйн халдвар авснаар үжлээр хүндэрч биеийн ерөнхий хордлого болон олон эрхтэнүүдийн дутагдалд орж нас барсан нь шүүгдэгч Б.Ч-н үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой байдал тогтоогдохгүй байна гэж дүгнэлээ. 

Шүүгдэгч Б.Ч нь архи ууж, согтуурсан үедээ “бусдыг өмөөрлөө” гэх маргааны улмаас хохирогч Ш.Э-н зүүн гуянд хутгалж, гадна хажуугийн дунд хэсгийн гүн хатгагдаж, зүсэгдсэн шарх бүхий хөнгөн хохирол учруулсан үйлдлийг хүнийг санаатай алсан гэмт хэрэг гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй болно.

Түүнчлэн, эмч Д.Нямдорж нь хохирогчийн шарх гэмтлийг үзсэн даруйд шуурхай арга хэмжээ авах ёстой байсан эсэх, өөрөөр хэлбэл эмчийн үүргээ биелүүлсэн эсэх асуудлыг Б.Ч-д холбогдох хэргээс тусгаарлан шалгаж байгаа болох нь “Эрүүгийн хэргийг тусгаарлах тухай” 2018 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн 08 дугаартай прокурорын тогтоолоор /1 хх 169/ нотлогдож байх тул Б.Ч-н гэм буруугийн асуудлыг эцэслэн шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол үндэслэлтэй болжээ.

Иймд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.О-н гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй байх тул хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.