Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 05 сарын 19 өдөр

Дугаар 2022/ШЦТ/650

 

                             

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Батаа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Лхагвасүрэн, улсын яллагч Б.Батсайхан (томилолтоор), шүүгдэгч С.Б нарыг оролцуулан тус шүүхийн “Г” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2208 00000 0585 дугаартай хэргийг 2022 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр хүлээн авсныг энэ өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, З овгийн С.Б, *** оны 01 дүгээр сарын 08-ны өдөр Увс аймгийн Өмнөговь суманд төрсөн, 33 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, хувиараа том тэрэгний жолооч ажилтай гэх, ам бүл нэг, Увс аймгийн Өмнөговь сумын 3 дугаар баг, ** гэх газар оршин суудаг, Улаанбаатар хотод оршин суух тодорхой хаяггүй, регистрийн дугаар: ***, эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй.

 Холбогдсон хэргийн талаар яллах дүгнэлтэд дурдсанаар:

Шүүгдэгч С.Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 02 дугаар сарын 28-ны шөнө 02 цагийн орчимд Сонгинохайрхан дүүргийн 27 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “**” караокены үүдэнд иргэн У.Б-тай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, улмаар нүүрэн тус газар нь гараараа цохиж, эрүүл мэндэд нь “хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт, хамрын нуруу, зүүн нүдний зовхинд зөөлөн эдийн няцрал, цус хуралт” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

    1. Шүүхээс тогтоосон үйл баримт

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд “шүүгдэгч, З овгийн С.Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 02 дугаар сарын 28-ны шөнө 02 цагийн орчимд Сонгинохайрхан дүүргийн 27 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “**” караокены үүдэнд иргэн У.Б-тай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, улмаар нүүрэн тус газар нь гараараа цохиж түүний биед “хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт, хамрын нуруу, зүүн нүдний зовхинд зөөлөн эдийн няцрал, цус хуралт” бүхий хөнгөн зэргийн гэмтэл санаатай учруулсан” хэргийн нөхцөл байдал буюу үйл баримтыг тогтоолоо.

    1. Нотлох баримтын үнэлгээ

Улсын яллагчийн шинжлэн судалсан нотлох баримтуудаар дээр дурдсан хэргийн нөхцөл байдал эргэлзээгүй тогтоогдсон болно.

Тухайлбал, камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, түүнийг бэхжүүлсэн гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 39-42 дахь тал), хохирогч У.Б-ы “...би эхнэр Д-ын хамт одоогоос 7 сарын өмнөөс Сонгинохайрхан дүүргийн 27 дугаар хороо, Шөнийн зах худалдааны төвийн зүүн талд үйл ажиллагаа явуулдаг ** нэртэй караокег түрээслэн ажиллуулж байгаа юм. 2022 оны 02 дугаар сарын 27-оос 28-нд шилжих шөнийн 02 цаг 30 минутын орчимд камераа хянаад сууж байтал дээгүүрээ улаан өнгийн куртиктэй залуу манай караокены үүдэнд ирээд өмдөө тайлаад бие засах үйлдэл хийх гээд байхаар нь би гараад “та энд бие засаж болохгүй” гэж хэлтэл “чи тэгвэл миний бие засах газрыг зохицуулж өг” гэж хэлсэн. Тэгэхээр нь би “яахаараа би чамд бие засах газрыг чинь бэлдэж өгөх ёстой вэ” гэж хэлээд хоорондоо маргалдсан. Эргэж хараад орох гэтэл намайг ар нуруунаас түлхсэн. Тэгэхээр нь би зөрүүлж түлхтэл намайг шууд заамдаад авсан. Тэгээд зүүн нүд рүү нэг удаа, толгой руу нэг удaa гараараа цохисон. Би согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй эрүүл байсан” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 6 дахь тал), гэрч Т.Д-ын “...нөхөртэйгөө хамт ажил дээр байсан ба манай нөхөр камер харж сууж байснаа энэ яг гадаа үүдэнд бие засах гээд байна гэж хэлээд гарсан. Би камераа хартал камерт нэг эрэгтэй хүн тонгойгоод байгаа дүрс байсан, манай нөхөр гараад тухайн хүний хажууд зогсож байгаа харагдсан. Гарч очиход улаан куртиктэй согтуу залуу манай нөхөртэй маргалдаад зогсож байсан. Би нөхрөө дагуулаад буцаад орох гэтэл тэр залуу гараараа манай нөхрийн ар нуруу хэсэг рүү нь түлхсэн. Тэгээд манай нөхөр тэр залуу хоёр нэг нэгнээсээ зуураад намайг цагдаад дуудлага өгнө гэж хэлээд орох гэтэл толгой нүүр рүү нь хэд хэдэн удаа цохисон...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 10 дахь тал), шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 3618 дугаартай “...У.Б-ы биед хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт, хамрын нуруу, зүүн нүдний зовхинд зөөлөн эдийн няцрал, цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь тухайн хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” гэсэн дүгнэлт (хавтаст хэргийн 12-13 дахь тал) зэрэг нотлох баримтууд нэг нь нөгөөгөө үгүйсгэхгүйгээр харилцан уялдаа холбоотойгоор болж өнгөрсөн хэргийн бодит байдлыг сэргээн дүрсэлж байна.

Түүнчлэн, шүүгдэгч С.Б нь яллагдагчаар: “...тухайн өдөр Шар хаданд танил ах Б-ын гэрт архи уусан. Найз Н Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороолол хавьцаа уулзъя гэж ярихаар нь би Б ахынхаас нэлээн согтуу гарсан бөгөөд такси бариад Шөнийн зах худалдааны төвийн ойролцоо буусан. Миний ухаан санаа орж гараад байсан, нэг эрэгтэй хүнтэй маргалдаж байснаа санаж байна, нүүрэн тус газар цохисон үйлдлээ санаж байна...” гэж (хавтаст хэргийн 48-49 дэх тал) мэдүүлж байсан бөгөөд шүүхийн хэлэлцүүлэгт “...мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж мэдүүлэх зүйлгүй, гэм буруу дээр маргахгүй...” гэснийг дурдах нь зүйтэй.

Шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, мөн хэргийн бодит байдлыг тогтоож, эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байв.

    1. Оролцогчийн эрхийн хэрэгжилт

Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр сэргээн тогтоосон байх бөгөөд хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий шийдвэр гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч С.Б нь бүрэн бус дунд боловсролтой, монгол хэл, бичиг мэддэг бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг шүүхэд бичгээр гаргасан тул шүүх хуралдааныг өмгөөлөгчгүйгээр явуулсан болохыг дурдах нь зүйн хэрэг.

    1. Эрх зүйн дүгнэлт

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн 2022 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 3618 дүгнэлтээр хохирогчийн эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэргийн гэмтэл тогтоогдсон байх тул хууль зүйн хувьд хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан гэж үзнэ.

Шүүгдэгч С.Б-ын үйлдэл нь идэвхтэй, ухамсартай үйлдэл бөгөөд хууль бус болох нь илэрхий атал тэрээр хохирогч У.Б-ы эрх чөлөөнд халдаж, хөнгөн зэргийн гэмтэл учруулж, хор уршигт зориуд хүргэсэн байх тул гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэнд тооцно.

Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” шинжийг бүрэн хангаж байх бөгөөд мөн хуулийн өөр зүйл, хэсэг, заалтад заасан гэмт хэргийн шинжийг давхар агуулаагүй, өрсөлдүүлэн шалгах хэм хэмжээ байгаагүй тул прокурорын үйлдсэн яллагдагчаар татах тогтоол болон яллах дүгнэлт нь зүйлчлэлийн хувьд тохирчээ.

Шүүгдэгч С.Б-ын хохирогчийн нүүр хэсэгт цохисон үйлдэл болон хохирогч У.Б-ы хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт, хамрын нуруу, зүүн нүдний зовхинд зөөлөн эдийн няцрал, цус хуралт бүхий хөнгөн зэргийн гэмтэл нь хоорондоо шалтгаант холбоотой байна.

Дээрхээс нэгтгэн дүгнэвэл, шүүгдэгч С.Б-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

    1. Хохирол, хор уршиг

Хохирогч У.Б нь баримтаар 130,000 төгрөг нэхэмжилсэн, уг хохирол төлөгдөөгүй байх тул шүүгдэгч С.Б-аас 130,000 төгрөгийг гаргуулан хохирогч У.Б-д олгох, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар хохирогч У.Б цаашид гарах эмчилгээний зардлаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдэж шийдвэрлэв.

Шүүгдэгч ажлын нэг хоногийн завсарлага авч уг хугацаанд шүүхээс тогтоосон 130,000 төгрөгийн хохирлыг төлж барагдуулсан байх тул түүнийг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй болохыг тогтоолд дурдах нь зүйтэй.

Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:

    1. Талуудын санал, дүгнэлт 

Улсын яллагч: “...Шүүхээс С.Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгөөр торгох ял шийтгэж, уг ялыг 6 сарын хугацаагаар хэсэгчлэн төлүүлэх саналтай байна. Шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан нэг ширхэг CD-г хэргийн хадгалах хугацаа дуустал хавтаст хэрэгт хавсаргаж үлдээх саналтай байна...” гэв.

Шүүгдэгч: “...Торгуулийн ялыг тодорхой хугацаанд хэсэгчлэн төлөх боломжтойгоор шийдвэрлэж өгнө үү...” гэв.

    1. Эрүүгийн хариуцлага

Шүүгдэгч С.Б нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирлоо нөхөн төлсөн байгааг тус тус эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон бөгөөд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 22 дахь тал), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 19 дэх тал), оршин суугаа газрын тодорхойлолт (хавтаст хэргийн 21 дэх тал), гэрлэсний бүртгэлийн лавлагаа (хавтаст хэргийн 23 дахь тал), тээврийн хэрэгслийн лавлагаа (хавтаст хэргийн 25 дахь тал), шүүгдэгчийн орлогыг тодорхойлсон Хаан банкны депозит дансны хуулбар (хавтаст хэргийн 30-35 дахь тал) зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоов.

 Анхан шатны шүүх улсын яллагчийн саналын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Б-д зургаан зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу зургаан зуун мянган төгрөгөөр торгох ял шийтгэх нь гэмт хэрэг үйлдэгдсэн шалтгаан нөхцөл, гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хэр хэмжээ, шүүгдэгчийн гэм бурууд тохирсон бөгөөд эрүүгийн хариуцлагын нийгэмшүүлэх зорилгыг хангана гэж үзэв.

 Шүүгдэгч С.Б-д оногдуулсан зургаан зуун мянган төгрөгөөр торгох ялыг түүний орлогын хэмжээг харгалзан Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан 90 хоногийн үндсэн хугацааг нэмэгдүүлж, зургаан сарын хугацаанд хэсэгчлэн төлөх боломжтойгоор тогтоолоо.

    1. Бусад асуудлын талаар

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн дүрс бичлэг бүхий нэг ширхэг компакт дискийг уг хэргийг архивд хадгалах хугацаагаар хавсарган үлдээх нь зүйтэй.

Битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч С.Б нь баривчлагдсан, цагдан хоригдсон хоноггүй, тэрээр энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдаж, түүнд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйл, 38.1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.З овгийн С.Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Б-д зургаан зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу зургаан зуун мянган төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч С.Б-д оногдуулсан зургаан зуун мянган төгрөгөөр торгох ялыг зургаан сарын хугацаанд хэсэгчлэн төлөх боломжтойгоор тогтоосугай. 

4.Торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч С.Б-д сануулсугай.

5.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар хохирогч У.Б-ы цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.

6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн дүрс бичлэг бүхий нэг ширхэг компакт дискийг уг хэргийг архивд хадгалах хугацаагаар хавсаргасугай.

7.Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч С.Б нь баривчлагдсан, цагдан хоригдсон хоноггүй, тэрээр энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдсугай.

8.Шийтгэх тогтоолыг гардаж авснаас, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

9.Оролцогч давж заалдах гомдол гаргасан, эсхүл улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч С.Б-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ                                    Б.БАТАА