Дорнод аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 03 сарын 12 өдөр

Дугаар 138/ШШ2018/00232

 

 

 

 

 

2018 оны 03 сарын 12 өдөр

Дугаар 8/ШШ2018/00232

Дорнод аймаг

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Уртнасан даргалан, шүүх хуралдааны Б танхимд явуулж,

Нэхэмжлэгч  ******* овогт *******гийн *******/РД:*******/-ийн,

Хариуцагч *******овогт *******ын *******/РД:*******/-д холбогдох

Гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2018 оны 01 сарын 11-ний өдөр хүлээн авч, иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нарийн бичгийн дарга Г.Должинсүрэн

Нэхэмжлэгч А.*******,түүний өмгөөлөгч Д.Урансувд

Хариуцагч Э.******* нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэгч А.******* шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Бид 2008 онд танилцаж, улмаар хайр сэтгэлтэй бол хамтран амьдрах болсон бөгөөд гэрлэлтээ 2008.09.22-ны өдөр батлуулсан. Бид хамт амьдарч байх хугацаандаа бидний дундаас хүүхэд төрөөгүй бөгөөд 2014.08.-ны өдөр төрсөн охин *******г үрчлэн авч эцэг эх нь болсон. Бидний хамт амьдарсан 10 жилийн хугацаанд нөхөр ******* нь гэр бүлээ хүндэлдэггүй, хайрладаггүй, байнга гэр бүлээс гадуур өөр эмэгтэйчүүдтэй холбогдон асуудал үүсгэж хэрүүл маргаантай амьдардаг байсан. Хүүхэд өргөж аваад аз жаргалтай амьдрах болов уу гэж бодтол нөхөр маань улам л цаашаа сэтгэлтэй болж бид бие биенээсээ хөндийрөх болсон. Улмаар нөхөр маань өөр эмэгтэйтэй эр эмийн харьцаатай болж хүү төрүүлсэн. Үүнээс болж бидний харьцаа хөндийрч нөхөр маань гэртээ ирэхээ больж бид одоо болтол тус тусдаа амьдарч байна. Иймд бид цаашид хамт амьдарч чадахгүй болсон тул бидний гэрлэлтийг цуцалж, охин А.*******г миний асрамжинд үлдээж өгнө үү.

Хүүхдийн тэтгэлгийг заавал шүүхээр шийдүүлэхгүй, Эцэг хүний үүргээ ухамсарлаж охиндоо тус нэмэр болж, тэжээн тэтгэх байх гэж бодож байна. Эд хөрөнгийн маргаан байхгүй гэв.

 

Хариуцагч Э.******* шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Бид 2008 онд танилцан гэр бүл болж 2008 онд гэрлэлтээ батлуулсан. Бид хамт амьдрах хугацаанд эхнэр маань хүүхэд төрүүлээгүй бөгөөд хүүхэд гаргах боломжгүй байсан. Бид хүүхэдтэй болох гэж янз бүрийн эмчилгээ хийлгэж, үр шилжүүлэн суулгах эмчилгээ хүртэл хийлгэсэн боловч хүүхэдтэй болох найдваргүй болсон учир охин *******г үрчлэн авч эцэг эх нь болсон. Гэвч миний бие өөрийн гэсэн үр хүүхэдтэй болох гэсэн хүсэлдээ автан гэгч эмэгтэйтэй гэр бүлээс гадуур дотно харилцаатай болж, улмаас бидний дундаас хүү төрсөн. Ингээд эхнэртэйгээ хамт 10 жил амьдарсан амьдралаа, хоёр хүүхдийнхээ ирээдүйн тусын тулд би хийсэн үйлдлээ ухаарч, ээс төрсөн хүүгээ өөр дээрээ авч амьдралаа үргэлжлүүлэхийг хүссэн боловч эхнэр маань хүлээн зөвшөөрөөгүй. Үүнээс болж бид үл ойлголцож, улмаар одоог хүртэл тус тусдаа амьдарч байгаа нь үнэн. Иймд бид цаашид хамт амьдрах боломжгүй тул гэрлэлтээ цуцлуулахыг хүлээн зөвшөөрч байна. Охин *******гоо ээж дээр нь үлдээхэд татгалзах зүйлгүй. Эцэг хүний үүргээ ухамсарлан охиноо харж хандан тус дэм болж явна. Бидний дундын эд хөрөнгө болох Хэрлэн сумын 4 дүгээр баг, - тоот нэг өрөө байраа охин *******доо үлдээсэн, бидний дунд өөр эд хөрөнгийн маргаан байхгүй гэв.

 

Хэрэгт цугларсан бичгийн баримтууд болон нэхэмжлэгч хариуцагч нарын тайлбаруудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Нэхэмжлэгч А.******* нь хариуцагч Э.*******д холбогдуулан гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.

Гэрлэгчид нь 2008 онд танилцан гэр бүл болж, 2008 оны 9 сарын 22-ны өдөр гэрлэлтээ албан ёсоор бүртгүүлэн хууль ёсны гэр бүл болсон байх ба тэд 2014 оны 8 сарын -ны өдөр төрсөн охин А.*******г үрчлэн авч, хууль ёсны эцэг эх нь болсон болох нь хэрэгт цугларсан бичгийн баримтуудаар батлагдаж байна.

Гэрлэгчид нь хамт амьдрах хугацаанд тэдний дундаас хүүхэд төрөөгүй байдлаас болж нөхөр Э.******* нь гэр бүлээс гадуурх харилцаа үүсгэх, зан харьцаа таардаггүй, бие биенээ үл хүндэтгэх, үзэл бодлын зөрүүтэй байдал гаргах зэргээр гэрийн дотор таарамжгүй харьцаа бий болж улмаар 2015 оноос эхлэн одоог хүртэл тус тусдаа амьдарч байгаа, хэн алин нь цаашид дахин хамт амьдрах хүсэл сонирхолгүй, гэрлэлтээ цуцлуулах талаар харилцан тохиролцсон зэрэг нөхцөл байдлууд нь тэдний гэрлэлтийг цуцлах шалтгаан болох тул гэрлэгчдэд эвлэрүүлэх арга хэмжээ хэрэглэх шаардлагагүй гэж үзэн Монгол Улсын Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-т зааснаар тэдний гэрлэлтийг цуцлахаар шийдвэрлэв.

Нэхэмжлэгч хариуцагч нарын хэн алин нь хүүхдүүдийн асрамжийн талаар маргаагүй тул Монгол Улсын Гэр бүлийн 14 дүгээр зүйлийн 14.5-д заасныг үндэслэн охин А.*******г эх А.*******ийн асрамжинд үлдээх нь зүйтэй байна.

Нэхэмжлэгч хариуцагч нар нь эд хөрөнгийн маргаангүй, нэхэмжлэгч нь хариуцагчаас хүүхдийн тэтгэлэг нэхэмжлэхгүй гэснийг тус тус дурдах нь зүйтэй юм.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 2 дугаар зүйлийн 2.6-д тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Монгол Улсын Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт заасныг баримтлан *******овогт *******ын *******/РД:*******/, ******* овогт *******гийн *******/РД:*******/ нарын гэрлэлтийг цуцалсугай.

 

2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д зааснаар охин А.*******г эх А.*******ийн асрамжинд үлдээсүгэй.

 

3. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9-д зааснаар гэрлэлт цуцалсан тухай шийдвэрийн хувийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын 3 өдрийн дотор гэрлэлтийг бүртгэсэн Дорнод аймгийн Хэрлэн сумын Засаг даргын тамгын газарт хүргүүлэхийг шүүгчийн туслах М.Төгс-Эрдэмд даалгасугай.

 

4. Нэхэмжлэгч хариуцагч нар нь эд хөрөнгийн маргаангүй, нэхэмжлэгч нь хариуцагчаас хүүхдийн тэтгэлэг нэхэмжлэхгүй гэснийг тус тус дурдсугай.

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т тус тус зааснаар нэхэмжлэгч А.*******ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 140400 төгрөгийг Дорнод аймгийн Хэрлэн сумын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Э.*******аас улсын тэмдэгтийн хураамжид 140400 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч А.*******д олгосугай.

 

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4-т тус тус зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд талууд шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 7 хоногийн хугацаа өнгөрмөгц 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авахыг мэдэгдсүгэй.

 

7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч, хариуцагч нар нь энэ шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7-д зааснаар нэхэмжлэгч хариуцагч нар нь 14 хоногийн дотор шүүхэд ирж шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.УРТНАСАН