Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 12 сарын 27 өдөр

Дугаар 2019/ШЦТ/04

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Бавуу даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Оюун-Эрдэнэ, улсын яллагч С.Цэрэндалай, хохирогч Ж.Алтангэрэл, шүүгдэгч Б.Мөнгөнгэрэл нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:

Налайх, Багахангай дүүргийн прокурорын газраас Боржигон овогт Бадамсүрэнгийн Мөнгөнгэрэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1807006500237 дугаартай хэргийг 2018 оны 12 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, 1965 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр Төв аймагт төрсөн, 53 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Налайх дүүрэг 7 дугаар хороо, Өвөршандын 10 дугаар гудамжны 19 тоотод оршин суух, регистрийн ХД65041217 дугаартай, Боржигон овогт Бадамсүрэнгийн Мөнгөнгэрэл

нь 2018 оны 12 дугаар сарын 05-ны өдөр архи ууж согтуурсан үедээ Налайх дүүргийн 7 дугаар хороо, Өвөршандын 10-19 тоот өөрийн гэртээ Ж.Алтангэрэлийн нүүрэн тус газар нь тохойгоор цохиж эрүүл мэндэд нь хөнгөн учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Б.Мөнгөнгэрэл нь 2018 оны 12 дугаар сарын 05-ны өдөр Налайх дүүргийн 7 дугаар хороо, Өвөршандын 10-19 тоотод оршин суух өөрийн гэртээ Д.Чинзориг, Л.Ширэндэв, Ж.Алтангэрэл нарын хамт согтууруулах ундааны зүйл хэрэглэх явцдаа Ж.Алтангэрэлийг олон юм ярилаа, дуугүй бай гэж нүүрэн тус газарт нь тохойгоороо цохисны улмаас эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан үйл явдал болсон байна.

Энэхүү үйл явдал нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Мөнгөнгэрэлийн өгсөн: “Тухайн үед архи ууж байгаад хохирогч бид хоёр хоёулаа муудчихсан байсан бөгөөд хоорондоо маргалдсан. Хохирогч олон юм яриад байхаар нь боль гэж хэлэхэд болихгүй байсан. Тэгэхээр нь би тохойлдчихсон юм” гэх мэдүүлэг,

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Ж.Алтангэрэлийн өгсөн: “2018 оны 12 дугаар сарын 05-ны өдөр дэлгүүрээс барааны саван авах гэж яваад Мөнгөнгэрэл, Чинзориг нартай тааралдсан. Тэр хоёр 1000 төгрөг дутаад байна гэхээр нь нэг шил архи аваад Мөнгөнгэрэлийн гэрт орж ууцгаасан. Мөнгөнгэрэл намайг тохойлдсоноос болж миний 2 үүдэн шүд хугарсан. Тэр өдрөө шууд цагдаад хандаагүй бөгөөд 2018 оны 12 дугаар сарын 06-ны өдрийг хүртэл шүүгдэгчийг хүлээгээд ирэхгүй байсан. Гэхдээ нэг удаа уулзацгаасан боловч би дараа тухтай уулзъя гэж хэлээд эргэж уулзаагүй. Дараа нь би 2018 оны 12 дугаар сарын 07-ны өдөр цагдаад өргөдөл өгсөн” гэх мэдүүлэг

болон улсын яллагчийн судалсан:

Мөрдөн байцаалтад гэрч Л.Ширэндэвийн өгсөн: “үүдэн дээд шүдээ харуулаад Мөнгөнөө намайг тохойгоороо цохьчихсон чинь шүд уначихлаа гэж ярьж байсан” гэх мэдүүлэг, /хх-ийн 6 дугаар хуудас/

Мөрдөн байцаалтад гэрч Д.Чинзоригийн өгсөн: “Мөнгөнөө Гийшаа 2 гэрийн баруун хойд талд зэрэгцээд сууж байхдаа чанга чанга дуугаралдаад маргалдаад байх шиг байсан. Тэгэхдээ Гийшааг Мөнгөнөө ах гараараа цохичихсон юм шиг байна лээ, би буруу хараад зурагт үзэж байхад Гийшаа чи намайг тохойлдчихлоо ш дээ гэж хэлээд гараад явчихсан” гэх мэдүүлэг, /хх-ийн 7 дугаар хуудас/

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 08 шэ/02 дугаартай: “1.Ж.Алтангэрэлийн биед баруун дээд 1-р шүдний булгарал, зүүн дээд 1-р шүдний сулрал гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4. Цаашид хөдөлмөрийн ерөнхий чадварт нөлөөлөхгүй. 5. Дээрх гэмтэл нь тогтоолд дурдсан хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.” гэх дүгнэлт /хх-ийн 12 дугаар хуудас/ зэрэг

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн шүүгдэгч, хохирогчийн мэдүүлэг болон улсын яллагчийн судалсан гэрчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэргийг дүгнэхэд шүүгдэгч Б.Мөнгөнгэрэл нь 2018 оны 12 дугаар сарын 05-ны өдөр Налайх дүүргийн 7 дугаар хороо, Өвөршандын 10-19 тоотод оршин өөрийн гэртээ Д.Чинзориг, Л.Ширэндэв, Ж.Алтангэрэл нарын хамт согтууруулах ундааны зүйл хэрэглэх явцдаа Ж.Алтангэрэлийг олон юм ярилаа, дуугүй бай гэж нүүрэн тус газарт нь тохойгоороо цохисны улмаас эрүүл мэндэд нь баруун дээд 1-р шүдний булгарал, зүүн дээд 1-р шүдний сулрал бүхий хөнгөн хохирол учруулан Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг үйлдсэн байх тул түүнийг гэм буруутай гэж шүүх үзлээ.

Энэ талаар Налайх, Багахангай дүүргийн прокурорын газраас Б.Мөнгөнгэрэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн яллаж байгаа нь үндэслэлтэй түүнд энэ зүйл хэсгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

Шүүгдэгч Б.Мөнгөнгэрэл нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хохирогч Ж.Алтангэрэлд 300.000 төгрөг төлсөн, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдав.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6-36.8, 36.10, 36.13, 38.1, 38.2 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Боржигон овогт Бадамсүрэнгийн Мөнгөнгэрэлийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.Мөнгөнгэрэлд 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Б.Мөнгөнгэрэлд 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгийн торгох ялыг 5 /тав/ сар хүртэл хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг Б.Мөнгөнгэрэлд мэдэгдсүгэй.

5. Б.Мөнгөнгэрэл нь цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт битүүмжлэгдсэн, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хохирогч Ж.Алтангэрэлд 300.000 төгрөг төлсөн, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

6. Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар Б.Мөнгөнгэрэлд оногдуулсан торгох ял биелүүлэхийг Налайх дүүрэг дэх Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэсэгт даалгасугай.

7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шийтгэх тогтоолыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

8. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл Б.Мөнгөнгэрэлд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.БАВУУ