Дорнод аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 03 сарын 09 өдөр

Дугаар 222

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Уртнасан даргалан, шүүх хуралдааны “Б” танхимд явуулж,

Нэхэмжлэгч Дорнод аймгийн Хэрлэн сумын тоотод оршин суух, М.О -ын,

Хариуцагч Дорнод аймгийн Цагаан-Овоо сумын 6 дугаар багт оршин суух, Ц.С -д холбогдох

Гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2018 оны 01 сарын 16-ны өдөр хүлээн авч, иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:  Нарийн бичгийн дарга Г.Должинсүрэн

Нэхэмжлэгч М.О,

Хариуцагч Ц.Соел-Эрдэнэ нар оролцов.

                                            ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэхэмжлэгч М.О шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Бид 2007 онд танилцаж, 2008 онд гэрлэлтээ батлуулсан. Бидний дундаас хүү С.А 2008 онд төрсөн. Би Ц.Стэй гэр бүл болохдоо охин Энхжинг авч очсон бөгөөд гэрлэлтээ батлуулсны дараа охиноо Ц.Сэр овоглосон. Бид эхлээд сайхан л амьдарч байсан. Гэвч нөхөр маань архи уух нь ихсэж, гэр бүлдээ тавих анхаарал халамж муу болж, гэрт архи, мөнгө санхүү гээд хэрүүл маргаан байнга гардаг болсон. Нөхөр маань надад тавих хайр халамж муу болсон учраас миний бие 2012 оноос эхлэн нөхрөөсөө сэтгэл хөндийрч эхэлсэн. Энэ үедээ өөр хүнтэй холбоотой болж тэр хүнээсээ хүүхэдтэй бол охин Байгалийг төрүүлсэн. Энэ үеэс эхлэн бид хөндийрч, 2013 оноос хойш одоог хүртэл  тус тусдаа амьдарч байгаа бөгөөд одоо миний бие өөр хүнтэй хамтран амьдарч байна. Иймд бид цаашид хамь амьдрах боломжгүй тул бидний гэрлэлтийг цуцалж өгнө үү. Хүүхдүүдээ би өөрийнхөө асрамжинд авна. Эцгээс нь хүүхдийн тэтгэлэг нэхэмжлэхгүй, энэ талаар бид ярилцаж тохиролцсон байгаа. Эд хөрөнгийн маргаан байхгүй. Гэр бүлийн дундын хөрөнгө болохо газар, хашаа байшинг нөхөр маань бидэнд үлдээсэн гэв.

          Хариуцагч Ц.С шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Бид 2007 онд танилцан гэр бүл болж 2008 онд гэрлэлтээ батлуулсан. Бидний дундаас хүү С.А 2008 онд төрсөн. Том охин  С.Энхжин ээжийгээ дагаж ирсэн боловч би өөрийнхөө овгоор овоглосон. Бид хамт амьдарч байх хугацаанд би архи уудаг байсан боловч гэр бүл, эхнэр хүүхэддээ агсан согтуу тавьж, гар хүрч үзээгүй. Бид хоёулаа цалингийн зээлтэй байсан учраас гэрт мөнгө санхүү гээд хэрүүл маргаан гардаг байсан. Гэтэл эхнэр маань өөр хүнтэй нэр холбогдож улмаар хүүхэд төрүүлсэн бөгөөд үүнээс болж бидний харьцаа хөндийрч эхэлсэн бөгөөд гэртээ байхад төвөгтэй болсон, мөн би Шинь Шинь ХХК-д ажилд орж, хөдөө ажиллах болж, гэртээ байх минь цөөрсөн. Энэ бүхнээс болж 2013 оноос хойш одоог хүртэл тус тусдаа амьдарч байгаа нь үнэн.  Иймд бид цаашид хамт амьдрах боломжгүй учраас гэрлэлтээ цуцлуулахад татгалзах зүйл байхгүй. Хүүхдүүд маань бүгд аавдаа сайн, би ч хүүхдүүдээ хүний хүүхэд гэж алагчилдаггүй. Хүүхдүүдээ өөрийнхөө боломж бололцоогоороо харж хандан, тусалж дэмжинэ гэж бид хоорондоо ярилцсан байгаа. 3 хүүхдээ ээжийнх нь асрамжинд үлдээхэд татгалзах зүйл байхгүй. Газар хашаа байшингаа эхнэр хүүхдүүддээ үлдээсэн тул бидний дунд эд хөрөнгийн маргаан байхгүй гэв.

Хэрэгт цугларсан бичгийн баримтууд болон нэхэмжлэгч хариуцагч нарын тайлбаруудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Нэхэмжлэгч М.О нь хариуцагч Ц.Сд холбогдуулан гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.

Гэрлэгчид нь 2007 онд танилцан гэр бүл болж, 2008 оны 03 сарын 10-ны өдөр гэрлэлтээ албан ёсоор бүртгүүлэн хууль ёсны гэр бүл болсон байх ба тэдний дундаас хүү С.А 2008 оны 11 сарын 29-ний өдөр төрсөн байхаас гадна 2004 оны 7 сарын 11-ний өдөр төрсөн охин С.Энхжин, 2013 оны 9 сарын 06-ны өдөр төрсөн охин О.Байгаль нарын хамт амьдарч байсан болох нь хэрэгт цугларсан бичгийн баримтуудаар батлагдаж байна. 

Гэрлэгчид нь хамт амьдрах хугацаандаа зан харьцаа таардаггүй, бие биенээ үл хүндэтгэх, үзэл бодлын зөрүүтэй байдал гаргах зэргээс гэрийн  дотор таарамжгүй харьцаа бий болж улмаар 2013 оноос эхлэн одоог хүртэл тус тусдаа амьдарч байгаа, эхнэр М.О өөр гэр бүлтэй болсон, хэн алин нь цаашид дахин хамт амьдрах хүсэл сонирхолгүй, гэрлэлтээ цуцлуулах талаар харилцан тохиролцсон зэрэг нөхцөл байдлууд нь тэдний гэрлэлтийг цуцлах шалтгаан болох тул гэрлэгчдэд эвлэрүүлэх арга хэмжээ хэрэглэх шаардлагагүй гэж үзэн Монгол Улсын Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-т зааснаар тэдний гэрлэлтийг цуцлахаар шийдвэрлэв.

Нэхэмжлэгч хариуцагч нарын хэн алин нь хүүхдүүдийн асрамжийн талаар маргаагүй тул Монгол Улсын Гэр бүлийн 14 дүгээр зүйлийн 14.5-д заасныг үндэслэн хүү С.А, охин С.Энхжин, О.Байгаль нарыг эх М.Оын асрамжинд үлдээх нь зүйтэй байна.

Нэхэмжлэгч хариуцагч нар нь эд хөрөнгийн маргаангүй, нэхэмжлэгч нь хариуцагчаас хүүхдийн тэтгэлэг нэхэмжлэхгүй гэснийг тус тус дурдах нь зүйтэй юм.

Нэхэмжлэгч нь гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага тус бүрт нийт 140400 төгрөгийн улсын тэмдэгтийн хураамжийг төлөх боловч улсын тэмдэгтийн хураамжид 70200 төгрөг төлсөн байх бөгөөд шүүх улсын тэмдэгтийн хураамжийг хуваарилахдаа нэхэмжлэгчийн төлсөн 70200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжд 140400 төгрөгийг гаргуулан 70200 төгрөгийг нэхэмжлэгчид олгож, үлдэх 70200 төгрөгийг төсвийн орлогод оруулах нь зүйтэй гэж үзэв.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 132 дугаар зүйлийн 132.6-д тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Монгол Улсын Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт заасныг баримтлан  Суурь бодонгууд овогт Ц.С /РД:ЖЛ78010217/, Галзууд овогт М.О /РД:ЖЛ84071627/ нарын гэрлэлтийг цуцалсугай.

2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д зааснаар хүү С.А, охин С.Энхжин, О.Байгаль нарыг эх М.Оын асрамжинд үлдээсүгэй.

3. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9-д зааснаар гэрлэлт цуцалсан тухай шийдвэрийн хувийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын 3 өдрийн дотор гэрлэлтийг бүртгэсэн Дорнод аймгийн Цагаан-Овоо сумын Засаг даргын тамгын газарт хүргүүлэхийг шүүгчийн туслах М.Төгс-Эрдэмд даалгасугай.  

4. Нэхэмжлэгч хариуцагч нар нь эд хөрөнгийн маргаангүй, нэхэмжлэгч нь хариуцагчаас хүүхдийн тэтгэлэг нэхэмжлэхгүй гэснийг тус тус дурдсугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т тус тус зааснаар нэхэмжлэгч М.Оын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ц.Сэс улсын тэмдэгтийн хураамжид 140400 төгрөгийг гаргуулан 70200 төгрөгийг нэхэмжлэгч М.Од олгож, үлдэх 70200 төгрөгийг Дорнод аймгийн Хэрлэн сумын төсвийн орлого болгосугай.

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4-т тус тус зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд талууд шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 7 хоногийн хугацаа өнгөрмөгц 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авахыг мэдэгдсүгэй.

7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч, хариуцагч нар нь энэ шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.  

8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7-д зааснаар нэхэмжлэгч хариуцагч нар нь 14 хоногийн дотор шүүхэд ирж  шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                           Г.УРТНАСАН