Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2018 оны 01 сарын 25 өдөр

Дугаар 54

 

     Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Гэрэлтуяа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар,

     Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 8 дугаар хороо, ................ байрлах, улсын бүртгэлийн ....., регистрийн ............ дугаартай, ХБ-ны нэхэмжлэлтэй,

          Хариуцагч: ШШГГ-т холбогдох, 

          Шинжээчийн үнэлгээг хүчингүйд тооцуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны 12 дугаар  сарын 05-ны өдөр хүлээн авч, 2017 оны 12 дугаар сарын 12-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

          Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.М, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Болорзаяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ  нь:

         Нэхэмжлэгч ХБ-ны итгэмжлэгдсэн төлөөлөгч тус банкны Увс салбарын захирал Ю.Н шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Хас банкны нэхэмжлэлтэй Н.Б, О.Н нарт холбогдох иргэний хэрэгт шүүгчийн захирамжаар хөндлөнгийн үнэлгээ хийсэн Гэргэ валюэшн ХХК-ийн үнэлгээний тайлан уншиж танилцаад үл хүлээн зөвшөөрч байна. Иймд тайлангаас харахад зах зээлийн судалгаа бага хийгдсэн, аймгийн бүсийн онцлог мэдээлэл байхгүй байна. Хөрөнгийн одоогийн ашиглалт, цаашид хэрхэн ашиглах боломж, хамгийн үр ашигтай хэрэглээний талаар судлаагүй. Хөрөнгийн байршлын судалгаа, давуу болон сул талыг огт дурдаагүй байх бөгөөд зах зээлийн судалгаа муу хийгдсэнээс үнэлгээ буруу хийгдсэн буюу хэтэрхий өндөр үнэлгээ тогтоосон байна. Иймд бодит зах зээлийн ханшийг тогтоож чадаагүй гэж үзэж байгаа тул шинжээчийн үнэлгээг хүчингүйд тооцож өгнө үү” гэжээ.

          Хариуцагч ШШГГ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч С.М шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Тус газар нь Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн 602 тоот шийдвэрээр Увс аймгийн Улаангом сумын 7 дугаар баг, 13-13 тоотод оршин суух Н.Б, О.Н нараас 87710,0 төгрөгийн төлбөр гаргуулж Хас банкинд олгохоор шийдвэрлэсний дагуу 2017 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр гүйцэтгэх хуудасыг хүлээн авч, 2017 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр дуудан уулзаж хугацаа өгсөн боловч биелүүлээгүй тул 2017 оны 10 дугаар сарын 12-ны өдөр барьцаа хөрөнгө Увс аймаг Улаангом сумын 7 дугаар баг 13-11 тоотод байршилтай, 40 м.кв 1 өрөө үйлчилгээний барилга /Ү-1520002559/, 100 м.кв 4 өрөө хувийн сууц /Ү-1520004084/, 486,6 м.кв өмчлөх эрхтэй газар /Г-1520001503/ зэрэг хөрөнгийг битүүмжлэн, 2017 оны 10 дугаар сарын 13-ны өдөр хураан авсан. Төлбөр төлөгч барьцаа хөрөнгөө 80.000.000 төгрөгөөр үнэлсэн бөгөөд Хас банк тус үнэлгээг хүлээн зөвшөөрөхгүй, тохиролцохгүй байсан тул Иргэний хуулийн 177 дугаар зүйлд заасны дагуу хараат бус үнэлгээчнээр үнэлүүлэхээр 2017 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 10/08 тоот шинжээч томилох тогтоолоор Гэрэгэ валюэшн ХХК үнэлгээчин Д.Ганбаатарыг томилсон. 2017 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр Гэрэгэ валюэшн ХХК-иас барьцаа хөрөнгийн үнэлгээг манайд ирүүлсэн. Уг үнэлгээтэй танилцахад үнэлгээг а/зах зээлийн хандлага, б/орлогын хандлага, с/Зардлын хандлага аргуудаас зах зээлийн хандлагыг авч хэрэглэсэн байх бөгөөд зах зээлийн хандлагын арга нь тухайн хөрөнгийн үнэ цэнийг үнийн мэдээлэл хангалттай олдох ижил болон ижил төстэй хөрөнгөтэй харьцуулан тогтоодог байна. Дараах 3 хөрөнгөтэй харьцуулан тогтоосон Улаангом сум 7 дугаар багт байрлалтай дэлгүүр, хувийн сууц, гэр бүлийн хэрэгцээний газар 60.000.0000 төгрөг, Цас тогтох дэлгүүрийн доод талын гудам засварын газрын хажуугаар ороод өнөр гүүрээр доошоо ороод 7-9,7 байрлах хувийн сууц, 1 машины граж, гэр бүлийн хэрэгцээний зориулалтай газар 35.000.000 төгрөг, Улаангом сум 9 дүгээр баг Галын засмалаар доошоо засмал зам дагуу байрлалтай хувийн сууц, дэлгүүр, гүний худаг, гражийн хамт 55.000.000 төгрөгийн үнэтэй гурван хөрөнгөтэй харьцуулан тогтоож 62.700.000 төгрөгөөр үнэлсэн байна. Одоогоор зарагдаж байгаа 3 хөрөнгүүдэд үнэлгээг харьцуулан тогтоосон байх тул зах зээлийн судалгаа бага хийгдсэн гэж үзэх үндэслэлгүй байна. Хөрөнгө нь 2014 онд баригдсан бөгөөд цаашид ашиглах боломтой, өнөөдөр 1 өрөөг үйлчилгээний зориулалтаар ашиглаж байгаа. Цаашид хэрхэн ашиглагдах боломж, хамгийн үр ашигтай хэрэглээний талаар судлах шаардлагагүй юм. Үнэлгээ тогтоохдоо бусад 3-н хөрөнгөд харьцуулсан, давуу болон сул талыг үндэслэн үнийг тогтоосон байх тул давуу, сул талыг огт дурдаагүй гэж үзэх үндэслэлгүй юмаа” гэжээ.    

      Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

        Нэхэмжлэгч ХБ нь хариуцагч ШШГГ-т холбогдуулан, шинжээчийн үнэлгээг хүчингүйд тооцуулах тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.

           Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргаж байна.

           Хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд тус шүүхийн шүүгчийн 2016 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн 602 тоот захирамжаар ХБ-ны гаргасан “зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэг болон нотариатын зардалд 87.413.213 төгрөгийг гаргуулах, мөн барьцаа хөрөнгүүдийг зарж борлуулан үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай” шаардлагыг хариуцагч Н.Б, О.Н нар бүрэн хүлээн зөвшөөрсөн байх тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж, хариуцагч нарын зөвшөөрлийг баталсан байна.

            Уг шүүхийн шийдвэрийн дагуу 2016 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 524 дугаартай гүйцэтгэх хуудас бичигдэж, Увс аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргэгдсэн байх ба төлбөр төлөгчийн зээлийн барьцаанд тавигдсан үл хөдлөх эд хөрөнгийг хуульд заасан журмын дагуу битүүмжлэн хурааж, хөрөнгийн үнэлгээг гаргуулжээ.

            Өөрөөр хэлбэл, төлбөр төлөгч, төлбөр авагч нар тухайн үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээний талаар харилцан тохироцож чадаагүй байх бөгөөд Увс аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 93 дугаар тойргийн шийдвэр гүйцэтгэгч С.Маамуу 2017 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 10/08 тоот тогтоолоор шинжээч томилж, Увс аймгийн Улаангом сумын 7 дугаар баг, 13-13 тоотод байрлах үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээ тогтоолгохоор шийдвэрлэж, хөрөнгийн эрх бүхий үнэлгээчин Д.Ганбаатарт уг тогтоолыг танилцуулсан байна.

             Ингээд Гэрэгэ валюэшн ХХК-иас 2017 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр 01/167 тоот “Үл хөдлөх хөрөнгийн үнэлгээний тайлан”-г гаргаж ирүүлсэн байх ба дээрх хаягт байрлах, иргэн О.Намсрай, Н.Баттогтох нарын өмчлөлийн, 100 м.кв талбай бүхий 4 өрөө хувийн орон сууц, 40 м.кв талбай бүхий 1 өрөө үйлчилгээний зориулалттай барилга, мөн 486,6 м.кв болон 155,5 м.кв, нийт 642,1 м.кв талбай бүхий газрын үнэлгээг нийт 62.700.000 төгрөгөөр тогтоожээ.

            Уг хөрөнгийн үнэлгээг нэхэмжлэгч буюу төлбөр авагч ХБ эс зөвшөөрч “Зах зээлийн судалгаа бага хийгдсэн, аймгийн бүсийн онцлог мэдээлэл байхгүй, хөрөнгийн одоогийн ашиглалт, цаашид хэрхэн ашиглах боломж, хамгийн үр ашигтай хэрэглээний талаар судлаагүй, хөрөнгийн байршлын судалгаа, давуу болон сул талыг огт дурдаагүй, бодит зах зээлийн ханшийг тогтоож чадаагүй” гэх үндэслэлээр гомдол гаргасан байх боловч нэхэмжлэгч нь тухайн нэхэмжлэлийн үндэслэлээ нотолсон холбогдох нотлох баримтаа шүүхэд гаргаж ирүүлээгүй байна.

            Мөн тухайн хөрөнгийн үнэлгээний тайлангаас үзэхэд зах зээлийн жишиг үнийн аргыг ашиглан, тухайн хөрөнгийн шинж байдал, байршил, хийц загвар, нэвтрэх боломж, харагдах байдал, дэд бүтэц, инженерийн шугам сүлжээ, машины зогсоол, дотоод засал зэргийг үнэлэхээс гадна тухайн хөрөнгөтэй ойролцоо орших 2 үл хөдлөх хөрөнгийн зарахаар зарлагдсан үнэ, байршил, орчны байдал, барилгын хийц, насжилт, техникийн нөхцөл зэрэг шаардлагатай бүхий л мэдээллийг ашигласан талаар дурдсан нь Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 9 дүгээр зүйлд заасан “Хөрөнгийн үнэлгээний тайлан”-д тавигдах шаардлагыг хангасан байна.

            Түүнчлэн Гэрэгэ валюэшн ХХК-ийн хөрөнгийн үнэлгээчин Д.Ганбаатар нь шийдвэр гүйцэтгэх ажиллагааны үр дүнд хувийн ашиг сонирхолгүй гэдгээ илэрхийлсэн, мөн үнэлгээ гаргахдаа Шүүхийн шинжилгээний тухай, Хөрөнгийн үнэлгээний тухай хуульд заасан журмыг баримталсан буюу Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1, 42.2-т заасны дагуу хөндлөнгийн, хараат бус дүгнэлтийг гаргасан нь мөн гэрч Д.Отгонцэцэгийн мэдүүлгээр тогтоогдож байгааг дурдах нь зүйтэй.

            Иймд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7, 122 дугаар зүйлийн 122.4-т заасныг баримтлан хариуцагч ШШГГ холбогдох “Шинжээчийн үнэлгээг хүчингүйд тооцуулах тухай” нэхэмжлэгч ХБ-ны нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

            Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгч ХБ-аас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй.

         Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3,  116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

  1. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7, 122 дугаар зүйлийн 122.4-т заасныг баримтлан хариуцагч Увс аймаг дахь ШШГГ-т холбогдох “Шинжээчийн үнэлгээг хүчингүйд тооцуулах тухай” нэхэмжлэгч ХБ-ны нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хэрэгсэхгүй болгосугай.
  1. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгч ХБ-аас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

                                      ДАРГАЛАГЧ,

                                     ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                     Н.ГЭРЭЛТУЯА