Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 03 сарын 09 өдөр

Дугаар 2022/ШЦТ/292

 

 

 

 

 

 

 

  2022           03             09                                       2022/ШЦТ/292

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Мөнхзул даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Жавхлан,

улсын яллагч Р.Мягмардорж,

шүүгдэгч С.Б..........р нарыг оролцуулан тус шүүхийн “А-1” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгчийг эрүүгийн 2208 0000 00169 дугаартай хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, ирүүлсэн 1 хавтаст хэргийг 2022 оны 2 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Харчин овогт С..........рын Б..........р, Монгол улсын иргэн, Улаанбаатар хотод 1989 оны 7 дугаар сарын 23-ны өдөр төрсөн, 32 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, авто засварчин мэргэжилтэй, хувиараа авто засварчин ажилтай, ам бүл 4, хамтран амьдрагч болон 2 хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүргийн ............тоотод байнга оршин суух бүртгэлтэй, регистрийн дугаар УП89072330, урьд

- Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2010 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн 186 дугаар шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2 дахь хэсгийн 181.2.1, 181.2.5 дахь заалтад зааснаар 3 жил 1 сарын хугацаагаар хорих ял шийтгүүлж, мөн хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4 дэх хэсэгт зааснаар оногдуулсан хорих ялыг тэнсэж 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан.

 

Холбогдсон хэргийн талаар яллах дүгнэлтэд дурдсанаар:

Шүүгдэгч С.Б..........р нь гэр бүлийн хамаарал бүхий хамтран амьдрагч Ж.Ц..........мыг “эгчтэй маргалдлаа” гэх шалтгаанаар маргалдан бусдын эрүүл мэндэд халдашгүй байдлын эсрэг хүч хэрэглэсний улмаас эрүүл мэндэд нь “тархины доргилт, хоёр нүдний дээд, доод зовхи, хамарт цус хуралт, хамар ясны хугарал, зулай, дагзны хэсгийн хуйхны зөөлөн эдийн няцрал, дагз, бүсэлхий 3-р нугалмын хэсэгт зулгаралт, зүүн шилбэнд цус хуралт, зулгаралт” гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэлдээ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

 

 ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

1.1.Шүүхээс тогтоосон үйл баримт

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтыг дүгнэвэл.

Шүүгдэгч С.Б..........р нь 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдөр өөрийн эх Г.Т.......чийн гэрт эгч С.Э.........н, хамтран амьдрагч Ж.Ц..........м нарын хамт согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байна. Улмаар эгч С.Э.........н, хамтран амьдрагч Ж.Ц..........м нарын хоорондын маргааныг таслан зогсоохоор хамтран амьдрагчаа гэрээс дагуулж гараад өөрийн Сонгинохайрхан дүүргийн ............ тоотод гэртээ дагуулж ороод Ж.Ц..........мыг “эгчтэй маргалдсан ” гэх шалтгаанаар, түүний эрүүл мэндэд халдаж биед нь тархины доргилт, хоёр нүдний дээд, доод зовхи, хамарт цус хуралт, хамар ясны хугарал, зулай, дагзны хэсгийн хуйхны зөөлөн эдийн няцрал, дагз, бүсэлхий 3-р нугалмын хэсэгт зулгаралт, зүүн шилбэнд цус хуралт, зулгаралт бүхий хөнгөн гэмтэл учруулсан хэргийн нөхцөл байдал буюу үйл баримтыг тогтоогдов.

 

1.2 Нотлох баримтын үнэлгээ

Улсын яллагчийн шинжлэн судалсан доорх нотлох баримтуудаар дээр дурдсан хэргийн нөхцөл байдал эргэлзээгүй тогтоогдсон болно. Тухайлбал

- Хохирогч Ж.Ц..........мын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...С.Б..........р бид хоёр 2012 онд танилцан хамтран амьдарч... дундаасаа 2 хүүхэдтэй. ...2021 оны 12 дугаар сарын 30-ны өдөр манай хөрш хашаа буюу Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороо Керамикийн ............ тоотод хадам ээж Т.......чийн гэрт манай нөхөр С.Б..........р, хадам эгч С.Э.........н нарын хамт 0.75 литрийн "Хараа” нэртэй архи хувааж ууж байгаад би эгч Э.........нтай хоорондоо маргалдсан юм. Тухайн үед би нөхөртэйгөө хоорондоо маргалдсан зүйл байхгүй байсан. Тэгтэл манай нөхөр намайг гэр рүү дагуулж ороод “эгчтэй маргалдлаа” гээд над руу уурлаад намайг үсдэж газар унагаад ...чирээд, миний нүүр рүү гараа атгаж байгаад 2-3 удаа цохисон. Тэгээд миний хамраас цус гараад толгой өвдөж эхэлсэн тухайн үед би С.Б..........рт ямар нэгэн эсэргүүцэл үзүүлж чадаагүй, ямар нэгэн байдлаар буцааж цохиж зодсон зүйл байхгүй...би зодуулсандаа гомдолтой байна. Би дүрс оношилгоо 130.000 төгрөгөөр хийсэн уг мөнгөө нэхэмжилж байна...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 06-07 дахь тал),

“...Надад ямар нэгэн гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй, миний нэхэмжилсэн 130.000 төгрөгийг надад өгсөн өөр нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 09 дэх тал)

- Гэрч С.Э.........ны мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2021 оны 12 дугаар сарын 30-ны өдөр ээж Г.Т.......чийн гэрт очоод ...дүү Б..........р, түүний эхнэр Ц..........м хамт 0.75л “Хараа” архи хувааж уусан. ...Тэгтэл Ц..........м архиндаа халаад надад “танай дүүгээс сална” гэж ярихаар нь миний дургүй хүрээд бид хоёр хоорондоо бага зэрэг маргалдсан... тэгтэл Б..........р эхнэрээ дагуулаад гэр лүүгээ явсан. Удалгүй манай дүүгийн гадаа цагдаа ирэхээр нь юу болсон талаар асуухад бэр нөхөртөө зодуулсан гээд дуудлага өгсөн байсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 11 дэх тал),

 

- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 1215 дугаартай дүгнэлт:

“...Хэсэг газрын үзлэгт: Хоёр нүдний дээд, доод зовхи, хамарт нэлэнхийдээ шаргал дуу туяатай, хөх өнгийн цус хуралттай, хавдсан, дагзны хэсгээр тэмтрэхэд эмзэглэлтэй, дагзны гол дээд хэсэгт 2х0.3см орчим хэмжээтэй, хүрэн бор өнгийн төв бүхий зулгаралттай, бүсэлхийн 3-р нугалмын хэсэгт 2.5х1.5см хэмжээтэй хүрэн улаан өнгийн зулгаралттай, зүүн шилбэний урд доод хэсэгт 9х4.5 см хэмжээтэй, хүрэн өнгийн цус хуралттай, уг цус хуралтын дээд захад 0.4х0.4см хэмжээтэй, хүрэн улаан өнгийн зулгаралттай.

2022.01.02-ны КТГ: Тархины бор ба цагаан эдийн ялгарал бага зэрэг буурсан... Хамар ясны зүүн хажуу хананд дотогш бага зэрэг цөмөрч зөрсөн хугаралтай, зэргэлдээх салст зузаарсан...Зулай- дагзны хэсгийн болон хамар зөөлөн эдэд хавантай...гэжээ. ДҮГНЭЛТ

1. Ж.Ц..........мын биед тархины доргилт, хоёр нүдний дээд, доод зовхи, хамарт цус хуралт, хамар ясны хугарал, дагзны хэсгийн хуйхны зөөлөн эдийн няцрал, дагз, бүсэлхийн 3-р нугалмын хэсэгт зулгаралт, зүүн шилбэнд цус хуралт, зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

2. 5. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр олон удаагийн үйлдлээр үүснэ.

3. Дээрх гэмтлүүд нь унах үед үүсэх боломжтой.

4. 7. Дээрх гэмтлүүд нь шинэ гэмтэл байх бөгөөд хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой.

6. Дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

8. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг алагдуулахгүй...” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 18-19 дэх тал),

 

- Шүүгдэгч С.Б..........рийн мөрдөн байцаалтад өгсөн: “...2021 оны 12 дугаар сарын 30-ны өдөр манай хажуу хашаанд байдаг өөрийн ээжийн гэрт эгч, эхнэр бид гурав хамт архи ууж байгаад манай эхнэр эгч хоёр хоорондоо хэрэлдэж маргалдахаар нь би эхнэрээ дагуулж гараад...өөрийн гэртээ орсон. Би гэртээ орж ирсний дараа манай эхнэр Ж.Ц..........м орилж хашхираад байхаар нь би согтуудаа уурлаад эхнэрийнхээ үснээс гараараа татаж газар унагаад нүүр рүү нь гараараа 2-3 удаа цохисон өөр маргаан зодоон болоогүй...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 65-66 дахь тал) зэрэг нотлох баримтаар нэг нь нөгөөгөө үгүйсгэхгүйгээр харилцан уялдаа холбоотойгоор хэргийн бодит байдлыг сэргээн дүрсэлж байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч С.Б..........р нь “...мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж мэдүүлэх зүйлгүй, гэм буруу дээр маргахгүй...” гэснийг дурдах нь зүйтэй.

Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлсэн юм.

 

1.3.Оролцогчийн эрхийн хэрэгжилт

Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр сэргээн тогтоосон байх бөгөөд хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий шийдвэр гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Түүнчлэн шүүгдэгч С.Б..........р нь бүрэн дунд боловсролтой, монгол хэл, бичиг мэддэг бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг шүүхэд бичгээр гаргасан тул шүүх хуралдааныг өмгөөлөгчгүйгээр явуулсан болохыг тэмдэглэх нь зүйтэй.

 

1.4.Эрх зүйн дүгнэлт

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 1215 дугаартай дүгнэлтээр Ж.Ц..........мын биед эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэргийн гэмтэл тогтоогдсон байгаа нь тул хууль зүйн хувьд Эрүүгийн хуульд заасан хөнгөн хохиролд хамаарна.

Тиймээс шүүгдэгч С.Б..........р нь хууль зүйн хувьд шууд санаатай үйлдлээр “эгчтэй маргалдлаа” гэх сэдэлтээр хохирогч Ж.Ц..........мын эрүүл мэндэд халдаж, гэмтлийн зэрэг тогтоох журамд заасан хөнгөн зэргийн гэмтэл учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх бөгөөд мөн хуулийн өөр зүйл, хэсэг, заалтад заасан гэмт хэргийн шинжийг давхар агуулаагүй, өрсөлдүүлэн шалгах хэм хэмжээ байгаагүй тул прокурорын үйлдсэн яллагдагчаар татах тогтоол болон яллах дүгнэлт нь зүйлчлэлийн хувьд тохирчээ.

Шүүгдэгч С.Б..........р нь хохирогч Ж.Ц..........мын биед тархины доргилт, хоёр нүдний дээд, доод зовхи, хамарт цус хуралт, хамар ясны хугарал, дагзны хэсгийн хуйхны зөөлөн эдийн няцрал, дагз, бүсэлхийн 3-р нугалмын хэсэгт зулгаралт, зүүн шилбэнд цус хуралт, зулгаралт бүхий хөнгөн зэргийн гэмтэл нь хоорондоо шалтгаант холбоотой байна.

Харин гэмт хэргийн шалтгаан нөхцөлийн хувьд хохирогч, шүүгдэгч нар хэн алины согтууруулах ундаа хэрэглэснээс энэ гэмт хэрэг гарсан байна гэж үзэв.

Дээрхээс нэгтгэн дүгнэвэл, шүүгдэгч С.Б..........р хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

1.5. Хохирол, хор уршиг

Энэ гэмт хэргийн улмаас Ж.Ц..........мын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирч, тэрээр мөрдөн шалгах ажиллагаанд “...130.000 төгрөгийн...” С.Б..........рөөс нэхэмжилснийг шүүгдэгч нь төлж барагдуулсан байх тул түүнийг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй болохыг тогтоолд дурдах нь зүйтэй.

 

Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:

2.1. Талуудын санал, дүгнэлт

Улсын яллагч: “...шүүгдэгч С.Б..........рийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай байна. Шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй гэх дүгнэлтийг...”

Шүүгдэгч С.Б..........р нь улсын яллагчийн гаргасан эрүүгийн хариуцлагын дүгнэлттэй мэтгэлцээгүй болно.

 

2.2. Эрүүгийн хариуцлага

Шүүгдэгч С.Б..........р нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн” байгааг эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдал тооцсон ба түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Тиймээс шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа, оршин суугаа хаягийн тодорхойлолт (хавтаст хэргийн 29, 30 дахь тал), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 22 дахь тал), хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгөтэй талаар холбогдох байгууллагаас авсан лавлагаа (хавтаст хэргийн 32 дахь тал), гэрлэсний бүртгэлгүй лавлагаа (хавтаст хэргийн 31 дэх тал), төрсний бүртгэлийн лавлагаа (хавтаст хэргийн 25 дахь тал), нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт (хавтаст хэргийн 26 дахь тал), шийтгэх тогтоолын хуулбар (хавтаст хэргийн 25-26 дахь тал) зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоож эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна. 

Иймд улсын яллагчийн саналын хүрээнд шүүгдэгч С.Б..........рийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирогчтой эвлэрсэн гэх хувийн байдал болон тэрээр эрхэлсэн тодорхой ажилтай зэрэг нөхцөл байдлыг харгалзан улсын яллагчийн торгуулийн ял оногдуулахаар гаргасан эрүүгийн хариуцлагын дүгнэлтийг хүлээн авч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгж буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулах нь зүйтэй гэж шүүх үзэв.

Харин шүүгдэгч С.Б..........рт оногдуулсан дээрх торгуулийн ялыг түүний хувийн байдал буюу гэр бүлээ тэжээн тэтгэдэг, түүнээс өөр өрхийн орлого олдог гишүүнгүй (хавтаст хэргийн 44 дэх тал) зэрэг нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлд зааснаар торгох ялыг 5 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг тогтоож, тэрээр торгох ялыг биелүүлээгүй бол оногдуулсан ялыг хорих ялаар сольж болохыг анхааруулах нь зүйтэй.

 

2.3. Бусад асуудлын талаар

Эрүүгийн 2208 0000 00169 дугаар хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, түүний иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдав

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.5 дугаар зүйлийн 2, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь;

 

1. Шүүгдэгч Харчин овогт С..........рын Б..........рийг Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Б..........рийг 500 (таван зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 (таван зуун мянга) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Б..........рт оногдуулсан торгох ялыг 5 (тав) сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Б..........р нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг анхааруулсугай.

5. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч нь гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй, шүүгдэгч нь энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, тэрээр цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг болон болохыг тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

7. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

8. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            Г.МӨНХЗУЛ