Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2018 оны 01 сарын 26 өдөр

Дугаар 63

 

       Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Гэрэлтуяа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

     Нэхэмжлэгч: Увс аймгийн Улаангом сумын “Сум хөгжүүлэх сан”-ийн зөвлөлийн дарга, Улаангом сумын Засаг даргын нэхэмжлэлтэй,

      Хариуцагч: А.Х-д холбогдох,

     Зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэгт 18.160.447 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны 12 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч, 2017 оны 12 дугаар сарын 13-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

    Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Г, Увс аймгийн Прокурорын газрын Хяналтын прокурор Я.Дина, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Болорзаяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ  нь:

        Нэхэмжлэгч Увс аймгийн Улаангом сумын “Сум хөгжүүлэх сан”-ийн зөвлөлийн дарга, Улаангом сумын Засаг дарга Ц.П шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “2014 оны 7 дугаар сарын 27-ны өдөр Улаангом сумын “Сум хөгжүүлэх сан”-гаас цахилгаан засварын чиглэлээр 8.000.000 төгрөгийг хөнгөлөлттэй нөхцөлөөр 2 хувийн хүүтэй, гэрээ байгуулан авсан. Зээлийн хүү нь 327.850 төгрөг, нийт 8.327.850 төгрөг, үүнээс 600.000 төгрөг төлсөн. Гэрээнд заасан нөхцөлөөр эхний 1 жил төлбөр төлөхгүй, 2 дахь жилээс эхлэн сар бүр төлөлтөө хийхээр гэрээнд тусгасан. Гэвч А.Х нь гэрээний дагуу төлөлтөө хийхгүй, гэрээний эргэн төлөлтийн хуваарьт заасан заалтаа зөрчиж 7.727.850 төгрөгийн үлдэгдэлтэй байгаа тул гэрээнд заасны дагуу зээлийн үлдэгдэл 7.727.850 төгрөг төгрөг, гэрээний 2.4 заалтад заасан алданги буюу торгууль 10.423.597 төгрөг, нийт 18.160.447 төгрөгийг гаргуулж Сум хөгжүүлэх санг хохиролгүй болгож өгнө үү” гэжээ.

        Увс аймгийн Прокурорын газрын Хяналтын прокурор Я.Дина шүүх хуралдаанд гаргасан саналдаа: “Миний бие иргэн А.Х-д холбогдох иргэний хэрэгт Төрийг төлөөлж оролцож байна. Улаангом сумын “Сум хөгжүүлэх сан”-ийн гаргасан нэхэмжлэлийн дагуу хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хийгдсэн иргэний хэрэгтэй танилцахад хариуцагч А.Х нь 2014 оны 6 дугаар сарын 27-ны өдөр Увс аймгийн Улаангом сумын “Сум хөгжүүлэх сан”-аас 8.000.000 төгрөгийг цахилгаан хэрэгсэл засварын чиглэлээр, хөнгөлттэй нөхцөлөөр буюу жилийн 2 хувийн хүүтэй авсан нь хавтаст хэрэгт авагдсан гэрээгээр тогтоогдож байна. Хариуцагч А.Х нь нэхэмжлэл гаргасан өдрийн байдлаар 24 сарын хугацаа хэтрэлттэй байна. Зээлийн гэрээний үүргийн үлдэгдэл буюу 7.727.850 төгрөгийн үлдэгдэлтэй, зээлийн гэрээний 2.4-т заасны дагуу торгууль 10.423.597 төгрөг, нийт 18.160.447 төгрөгийг төлөх үүрэгтэй байна. Гэвч Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-т “Анз буюу торгуулийн нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй” гэж заасан тул зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэг 7.727.850 төгрөгийн 50 хувь буюу 3.863.925 төгрөг, нийт 11.591.775 төгрөгийг хариуцагч А.Х-ээс гаргуулж Увс аймгийн Улаангом сумын “Сум хөгжүүлэх сан”-д олгох саналтай байна” гэжээ.

         Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

            Нэхэмжлэгч Увс аймгийн Улаангом сумын “Сум хөгжүүлэх сан”-ийн зөвлөлийн дарга, Улаангом сумын Засаг даргаас хариуцагч А.Х-д холбогдуулан зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэг 18.160.447 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.

            Хариуцагч А.Х-д 2018 оны 1 дүгээр сарын 09-ний өдөр нэхэмжлэлийн хувийг гардуулан өгч, танилцуулсан боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2-т заасан 14 хоногийн хугацаанд хариу тайлбар ирүүлээгүй тул мөн зүйлийн 72.3-т зааснаар “нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн”-нд тооцлоо.

           Хэрэгт Увс аймгийн Улаангом сумын Засаг дарга болон иргэн А.Х нарын хооронд байгуулагдсан 2014 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн “Сум хөгжүүлэх сангаас олгох зээлийн гэрээ” авагдсан байх ба уг гэрээнээс үзэхэд А.Х нь 8.000.000 төгрөгийг жилийн 2 хувийн хүүтэй авсан байх ба мөн гэрээний 2.4-т “Энэхүү гэрээний 2.2-т заасан зээлийн эргэн төлөлтийн хуваарьт заасан хугацаад зээлийн үндсэн төлбөрийг төлөөгүй, эсхүл зээл төлөх эцсийн хугацаа хэтэрсэн бол зээлийн хугацаанд төлөгдөөгүй үлдэгдэлд үндсэн хүүгээс гадна сарын 5 хувийн торгууль төлж, барьцаалсан хөрөнгийг үл маргах журмаар сум хөгжүүлэх сангийн зөвлөлийн мэдэлд шилжүүлнэ” гэж тохиролцсон байна.

            Улмаар хариуцагч А.Х-ээс зээлийн гэрээний дагуу эргэн төлөлт 600.000 төгрөгийг төлж, үлдэх 7.400.000 төгрөгийн үндсэн төлбөр, мөн хүү 327.850 төгрөг, нийт 7.727.850 төгрөгийг төлөх үүргээ өнөөг хүртэл хугацаанд биелүүлээгүй байна.

            Өөрөөр хэлбэл, талуудын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-т заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн, мөн хэдийгээр зээлийн гэрээний хугацаа 2017 оны 6 дугаар сарын 27-ны өдөр дууссан боловч зээлдэгч нь зээлийн гэрээний үүргээ биелүүлэхгүй, гэрээгээр хүлээсэн үүргээ ноцтой зөрчиж, эргэн төлөлт хийхгүй байгаа тул нэхэмжлэгч нь хариуцагчаас үүргийн гүйцэтгэлийг хангуулах, мөн хууль болон гэрээнд заасан анз нэхэмжлэх эрхтэй байна.  

            Харин нэхэмжлэгч Увс аймгийн Улаангом сумын “Сум хөгжүүлэх сан”-ийн зөвлөлийн дарга, Улаангом сумын Засаг даргаас “Торгуульд 10.423.597 төгрөг гаргуулж өгнө үү” гэсэн шаардлага гаргасан боловч Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-т заасантай зөрчилдөж байгаа тул анзын хэмжээг хуульд заасны дагуу багасгаж, Хяналтын прокурорын гаргасан саналыг хүлээн авах нь зүйтэй байна.

           Иймд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 232 дугаар зүйлийн 232.4-т зааснаар хариуцагч А.Х-ээс зээлийн гэрээний үүрэг буюу үндсэн зээлийн үлдэгдэл 7.400.000 төгрөг, хүү 327.850 төгрөг, торгууль 3.863.925 төгрөг, нийт 11.591.775 төгрөгийг гаргуулж Увс аймгийн Улаангом сумын “Сум хөгжүүлэх сан”-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 6.568.672 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч Увс аймгийн Улаангом сумын “Сум хөгжүүлэх сан”-ийн зөвлөлийн дарга, Улаангом сумын Засаг дарга улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдөхийг дурдаж, хариуцагч А.Х-ээс 200.418 төгрөгийг гаргуулж Увс аймгийн Төрийн сангийн 150000941 тоот дансанд оруулах нь зүйтэй.  

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

          1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 232 дугаар зүйлийн 232.4-т зааснаар хариуцагч А.Х-ээс зээлийн гэрээний үүрэгт 11.591.775 /арван нэгэн сая таван зуун ерэн нэгэн мянга долоон зуун далан тав/ төгрөгийг гаргуулж Увс аймгийн Улаангом сумын “Сум хөгжүүлэх сан”-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 6.568.672 /зургаан сая таван зуун жаран найман мянга зургаан зуун далан хоёр/ төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

          2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч Увс аймгийн Улаангом сумын “Сум хөгжүүлэх сан”-ийн зөвлөлийн дарга, Улаангом сумын Засаг дарга улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдөхийг дурдаж, хариуцагч А.Х-ээс 200.418 /хоёр зуун мянга дөрвөн зуун арван найм/ төгрөгийг гаргуулж Увс аймгийн Төрийн сангийн 150000941 тоот дансанд оруулсугай.

           Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгчид шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл  гардан авснаас  хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.  

 

 

                                 ДАРГАЛАГЧ,

                                 ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                       Н.ГЭРЭЛТУЯА