Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 03 сарын 09 өдөр

Дугаар 2022/ШЦТ/293

 

 

 

 

 

 

 

   2022            03            09                                        2022/ШЦТ/293

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Мөнхзул даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Солонго,

улсын яллагч Д.Ууганцэцэг

шүүгдэгч Т.Б........лт, түүний өмгөөлөгч Б.Соёл-Эрдэнэ нарыг оролцуулан тус шүүхийн “А-1” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгчийг эрүүгийн 2208 0000 00283 дугаартай хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлснийг  2022 оны 3 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Тэнгэр овогт Т........рын Б........лт, Монгол Улсын иргэн, Улаанбаатар хотод 1998 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр төрсөн, 24 настай, эрэгтэй, дээд боловсролтой, жүжигчин мэргэжилтэй, чөлөөт уран бүтээлч, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт ..................... тоотод байнга оршин суух бүртгэлтэй, регистрийн дугаар УК................57,

 

Холбогдсон хэргийн талаар яллах дүгнэлтэд дурдсанаар:

Шүүгдэгч Т.Б........лт нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хороо 58 дугаар байрны гадна 2022 оны 01 дүгээр сарын 07-ноос 8-нд шилжих шөнө иргэн Б.Б..........нэтэй хардалтын улмаас маргалдаж гараараа толгой нүүр хэсэгт нь цохиж биед нь тархи доргилт, хамрын ясны хугарал, таславчийн мурийлт, зүүн чамархай, баруун зулайн хуйхны шарх, 2 нүдний зовхи, хамар баруун шанаа, өвдөгний цус хуралт гэмтэл үүсгэн хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэлдээ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

 ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

1.1.Шүүхээс тогтоосон үйл баримт

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтыг дүгнэвэл.

Шүүгдэгч Т.Б........лт нь 2022 оны 01 дүгээр сарын 07-ноос 8-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хороо, Ханын материалын 58 дугаар байрны гадаа Б.Б..........нийг “Э.......сийн өв” кино, зураг авалтад явж байхдаа эхнэр Б..........нэтэй бэлгийн харьцаанд орсон гэх сэдлээр маргаан үүсгэн, улмаар биед нь халдаж эрүүл мэндэд нь тархи доргилт, хамрын ясны хугарал, таславчийн мурийлт, зүүн чамархай, баруун зулайн хуйхны шарх, 2 нүдний зовхи, хамар баруун шанаа, өвдөгний цус хуралт бүхий хөнгөн гэмтэл учруулсан хэргийн нөхцөл байдал буюу үйл баримт  тогтоогдов.

1.2 Нотлох баримтын үнэлгээ

Улсын яллагчийн шинжлэн судалсан нотлох баримтуудаар дээр дурдсан хэргийн нөхцөл байдал эргэлзээгүй тогтоогдсон болно. Тухайлбал

- Хохирогч Э.Б..........нийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2022 оны 01 дүгээр сарын 07-ноос 8-нд шилжих шөнө Б........лт гэх зүс таних хүн чат бичиж гэрийн хаяг утасны дугаар асуугаад би очиж байна гараад ир ярих юм байна гэхэд нь за хүлээж байя хаанаас ирж байгаа юм гэхэд офицеруудын ордноос ирж байна гэсэн тэгээд удалгүй залгаад содон хороолол дээр явж байна гараад ир гэхэд нь би гараад очсон. Тэгээд уулзаад надаас юу байна уран бүтээл сайн уу гэхэд нь намуухан тэгтэл явж байна гэсэн. Тэгээд надаас Б........лт нь 2 жилийн өмнө нь О..........а-тай хамт Э.......сийн ө..в гэдэг кино зураг авалтад явсан тэ гэхэд нь би тийм гэж хариулахад шууд толгой руу зохиод эхэлсэн ба миний шил болон гарт барьсан байсан утас унасан. Б........лт нь шууд миний утсыг газраас аваад намайг доромжилж эхэлсэн яг тэр үед ямар шалтгаанаар над дээр ирснийг нь ойлгосон ба би ярилцъя зодоон цохионгүй ярилцъя миний утсыг өгчих гэсэн харин Б........лт нь ярилцъя гээд ойртоод ирсэн ба дахиад цохиод байхаар нь би зугтсан ба бүдэрч ундаа баригдсан ба ахиад намайг зодож байгаад О..........а гэх найз охин руугаа залгаад уурлаад хараагаад байсан. Тэгээд энийг чинь алчхаад би чамайг очиж ална гээд шууд хутга гаргаад ирсэн тэгэхэд Шинээ гэх найз нь юу болоод байна наадхаа далд хий гээд хутгатай гарын бариад босгох үед миний утсыг аваад газар саваад эвдсэн. Би тэр даруйд нь босоод зугтаад орц руугаа орж амьсгаагаа дараад буцаад гарч нөгөө газраа очиж утсаа харахад байхгүй байсан тэгээд шууд гэртээ орж ээжид мэдэгдэхгүй гээд угаалгын өрөө ороод нүүрээ угаагаад байж байтал толгойд ангархай мэдрэгдэж эмнэлэг явж үзүүлэхэд эмнэлэгт байсан цагдаа байгууллагад ханд гэхэд нь би Баянхошууны эцэст байрлах цагдаагийн газар ирж гомдол гаргасан...Миний нүүр рүү Б........лт нь 3-4 удаа цохисон тэгээд нүүрээ дараад тонгойсон байхад бас дээрээс зодоод байсан...гар утас маань I phone-6 plus гэх манай найзын утас байсан түүнийг төлүүлмээр байна...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 10-11 дэх тал),

“...Б........лт гэх хүн намайг зодохдоо хамар руу мөргөсөн, зүүн мөр рүү цохиж зүүн гар руу өшиглөсөн, нүүр рүү өшиглөсөн...гар утас маань эвдэрч 2 хуваагдсан. Б........лт нь надтай муудалцаж байхдаа миний гар утсыг гартаа барьчихсан зогсож байсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 13 дахь тал),

- Гэрч Г.Б.......ний мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2022 оны 01 дүгээр сарын 07-ноос 8-нд шилжих шөнө найз болох Ш.............ртай таксинд явж байтал бишка гэх найз маань залгаад Сансрын тунел гэх газраас ирээд авчих нэг тийш явах хэрэг гарлаа хүрээд ир гэхэд нь Ш.............р бид хоёр очиж Б........лтийг аваад Ханийн материал гэх газар руу очсон. Б........лт нь Б..........нэ гэх зүс мэдэх нэг сургуульд доод курсэд сурдаг байсан залуутай уулзсан тэгээд тэр хоёр уулзаж байхад Ш.............р гэх хамт явсан найз маань араас нь буусан ба би утсаа оролдоод машиндаа сууж байгаад тамхи татах гээд машины цонх онгойлгоход Б..........нэ нь танай эхнэр гэдгийг мэдээгүй унтсанд уучлаарай гээд доромжлох маягтай мэдэлгүй бэлгийн харьцаанд орсон гээд орилоод байсан. Тэгээд удалгүй Б........лт гэх найз маань зүс таних Б..........нэтэй барилцаад харилцан цохилцоод байсан харин Б..........нэ унахад би Ш.............р гэх найздаа Б........лтийг аваад машиндаа суу гэхэд Ш.............р нь авч сууж чадахгүй байхаар нь бууж очоод Ш.............р гэх найзтайгаа тэр хоёрыг салгаад Б........лтийг машинд суулгаж байхад Б..........нэ зугтаж байсан тэгэхээр нь би дахин зодоон болж магадгүй гээд юу ч хэлээгүй тэгээд Ш.............р бид хоёр Б........лтийг авч яваад гэрт нь хүргэж өгөх замдаа тайвшруулсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 24-25 дахь тал).

- Гэрч Х.Ш.............рын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Б........лт гэх найз маань Б..........нэ гэх залуутай уулзсан тэгээд тэр 2 уулзаж эхлэх үед бас буусан тэгээд яриаг нь сонсож байхад Б........лт гэх найз маань урлаг уран бүтээл нь сайн уу гээд асуухад Б..........нэ гэх тэр залуу сайн гэж хариулахад Б........лт нь Б..........нээс чи манай эхнэрийг таних уу гэхэд танин гэж байсан. Тэгэхэд Б........лт гэх найз маань чи манай эхнэртэй утсан уу бэлгийн харьцаанд орсон уу, гэж асуухад Б..........нэ нь тэгсэн би унтчихсан гээд жаахан доромжлох маягтай хэлсэн тэгэхэд Б........лт нь уйлаад Б..........нэд хандаж чи яаж байгаа юм бэ одоо ингээд манай гэр бүлийн амьдрал сүйрсэн гээд байсан би тухайн үед сонсоод эхнэрийг нь таньдаг болохоор нэг шок-нд ороод гайхсан байдалтай байж байхад тэр 2 барилцаад харилцан цохилцоод байсан харин Б..........нэ унаад Б........лт утсыг нь гартаа барьчихсан би зодно гээд зогсож байсан тэр үед нь би найзыгаа салгах гээд очсон харин манай машин барьж явсан Б.......н гэх найз маань бас бууж ирээд тэр хоёрыг салгаад Б........лтийг машинд суулгахад Б..........нэ зугтаад алга болсон юм...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 29-32 дахь тал)

- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 1550 дугаартай дүгнэлт:

“Хэсэг газрын үзлэгт: Зүүн чамархайн хуйханд 4.0см урт шарханд оёдол тавьсан, баруун зулайн хуйханд 1.5см хэмжээтэй шарханд оёдол тавьсан, цус гарч үстэй наалдсан, хамрын нуруу хавдсан, улаан өнгийн цус хуралттай, хамрын амьсгал баруунд саадтай, 2 нүдний зовхины дотор буланд хөх өнгийн цус хуралттай, баруун нүдний доод зовхинд хөх өнгийн цус хуралттай, баруун нүдний гадна 2х2см улаан өнгийн цус хуралттай, баруун өвдөгний үенд 5х6см талбайд цоохортсон хөх өнгийн цус хуралттай.

2022.01.08-ны Гавал ясны 2 байрлалын рентген зургаар хамар яс үзүүр хэсгээр сэлтэрсэн хугаралтай, таславч мурийлтгүй, гавал яс эрүү ясанд гэмтэлгүй.

2022.01.08-ны Толгойн КТГ-д: ...хамар ясны баруун хажуу хана зөрүүтэй сэлтэрсэн шинэ хугаралтай, хамрын таславч баруун тийш мурийлттай, зүүн чамархай, дух, баруун зулайн ар дээд хэсэгт арьсан доор зөөлөн эдийн хавантай...ДҮГНЭЛТ

1. Э.Б..........нийн биед тархи доргилт, хамрын ясны хугарал, таславчийн мурийлт, зүүн чамархай, баруун зулайн хуйхны шарх, 2 нүдний зовхи, хамар, баруун шанаа, баруун өвдөгний цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй.

5. Учирсан гэмтэл нь 1-2 хоногийн өмнө үүссэн байх боломжтой...” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 34-35 дахь тал) зэрэг нотлох баримтаар нэг нь нөгөөгөө үгүйсгэхгүйгээр харилцан уялдаа холбоотойгоор хэргийн бодит байдлыг сэргээн дүрсэлж байна.

Шүүгдэгч Т.Б........лтийн мөрдөн байцаалтад өгсөн: “...2022 оны 01 дүгээр сарын 07-ны орой 20 цагийн орчимд...манай эхнэр Б..........нэ болон миний танил Б..........нэ гэх залуутай хамт 2019 онд кино зураг авалтад явж байхдаа эхнэрийг согтуу байхад нь Б..........нэ бэлгийн харьцаанд орсон гэж...хүмүүс надад хэлж байсан. Тэгээд би эхнэрээсээ асуусан чинь уйлдаа Б..........нэтэй хамт кино зураг авалтад явж байхад архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хамт нэг орон дээр унтсан, ер нь над руу хандраад таалагддаг гэж хэлж байсан, хамт унтаж байхдаа үнсэлцэж байсан, тэгээд би болохгүй гээд тэр үедээ ямар нэгэн бэлгийн харилцаанд ороогүй гэж хэлсэн. Тэгэхээр нь би Б..........нэтэй уулзъя гээд би гэрийнх нь гадаа очсон...Тэгээд Б..........нэтэй уулзаад манай эхнэрийг таних уу, та хоёр бэлгийн харьцаанд орсон юм уу гэсэн чинь тиймээ гэхдээ танай эхнэр гэж мэдээгүй гэж хэлэхээр нь бид хоёр барьцалдаж аваад би баруун талынх нь мөр рүү гараа атгаж байгаад 1 удаа цохисон чинь Б..........нэ зугтааж гүйж байгаад газар бүдрээд уначихсан. Гар утас нь газар уначихсан байхаар нь гар утсыг нь би аваад энэ утас чинь байна гэсэн чинь миний утсыг өг гээд орилоод чи үнэнээ хэлчих гэсэн чинь би чиний эхнэр гэдгийг мэдээгүй гээд байсан. бид хоёр дахин барьцалдаж аваад Б..........нийн нүүрэнд нь 1 удаа гараа атгаж байгаад цохисон чинь нүүрээ гараараа дараад газар суусан тэгэхээр нь би ар дал хэсэгт нь 2-3 удаа, гар руу 2-3 удаа гараа зангидаж байгаад цохисон. Тухайн үед миний уур их хүрсэн байсан болохоор гар утсыг нь газар саваад эвдэлчихсэн, тэгээд яг уюу болсон юм бэ гэсэн чинь танай эхнэр өөрөө эхэлсэн гээд бүх буруугаа манай эхнэр рүү чихээд байсан болохоор их уурласан. Намайг гар болон дар руу хэд хэдэн цохисон чинь Б..........нэ зугтаагаад явсан...хохирлоо бүрэн барагдуулсан, анхан шатны эмчилгээнд 800.000 төгрөг өгсөн, дараа нь эмчилгээний зардал болон гар утсыг нь эвдэлсэн хохирлыг барагдуулж нийт 4.640.000 төгрөгийг дансаар шилжүүлэн, мөнгө авсан өгсөн талаар бичгээр үйлдсэн байгаа...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 72-73 дахь тал) мэдүүлж байсан бөгөөд шүүхийн хэлэлцүүлэгт “...мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж мэдүүлэх зүйлгүй, гэм буруу дээр маргахгүй...” гэснийг дурдах нь зүйтэй.

Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлсэн юм.

 

1.3.Оролцогчийн эрхийн хэрэгжилт

Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр сэргээн тогтоосон байх бөгөөд хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий шийдвэр гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

1.4.Эрх зүйн дүгнэлт

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 1550 дугаартай дүгнэлтээр хохирогчийн эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэргийн гэмтэл тогтоогдсон байх тул хууль зүйн хувьд хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан гэж үзнэ.

Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримтаас дүгнэж үзвэл шүүгдэгч Т.Б........лт нь хууль зүйн хувьд шууд санаатай үйлдлээр “манай эхнэртэй бэлгийн харьцаанд орсон” гэх сэдэлтээр хохирогч Э.Б..........нийн эрүүл мэндэд халдаж, гэмтлийн зэрэг тогтоох журамд заасан хөнгөн зэргийн гэмтэл учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх бөгөөд мөн хуулийн өөр зүйл, хэсэг, заалтад заасан гэмт хэргийн шинжийг давхар агуулаагүй, өрсөлдүүлэн шалгах хэм хэмжээ байгаагүй тул прокурорын үйлдсэн яллагдагчаар татах тогтоол болон яллах дүгнэлт нь зүйлчлэлийн хувьд тохирчээ.

Шүүгдэгч Т.Б........лт нь хохирогч Э.Б..........нийн биед тархи доргилт, хамрын ясны хугарал, таславчийн мурийлт, зүүн чамархай, баруун зулайн хуйхны шарх, 2 нүдний зовхи, хамар, баруун шанаа, баруун өвдөгний цус хуралт бүхий хөнгөн зэргийн гэмтэл нь хоорондоо шалтгаант холбоотой байна.

Дээрхээс нэгтгэн дүгнэвэл, шүүгдэгч Т.Б........лт хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

1.5. Хохирол, хор уршиг

Хохирогч Э.Б..........нэд гэмт хэргийн улмаас баримтаар нэхэмжилсэн зүйлгүй боловч шүүгдэгч Т.Б........лт нь 4.640.000 төгрөгийг төлж барагдуулсан байх тул шүүгдэгчийг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй болохыг тогтоолд дурдах нь зүйтэй.

 

Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:

2.1. Талуудын санал, дүгнэлт

Улсын яллагч: “...шүүгдэгч Т.Б........лтийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай байна. Шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй гэх дүгнэлтийг...”

Шүүгдэгч болон шүүгдэгчийн өмгөөлөгч нар нь улсын яллагчийн гаргасан эрүүгийн хариуцлагын дүгнэлттэй мэтгэлцээгүй болно.

 

2.2. Эрүүгийн хариуцлага

Шүүгдэгч Т.Б........лт нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн” байгааг эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдал тооцсон ба түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан шүүгдэгчийн Хялбаршуулах журмаар шийдвэрлэх тухай хүсэлт (хавтаст хэргийн 82, 83 дахь тал), Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх прокурорын тогтоол (хавтаст хэргийн 93-94 дэх тал), хялбаршуулсан журмаар шалгасан хэрэгт ял оногдуулах тухай прокурорын санал (хавтаст хэргийн 91-92 дахь тал),

Шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа, оршин суугаа хаягийн тодорхойлолт (хавтаст хэргийн 61, 28 дахь тал), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 47 дахь тал), хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгөтэй талаар холбогдох байгууллагаас авсан лавлагаа (хавтаст хэргийн 69 дэх тал), хохирол төлсөн талаарх баримт (хавтаст хэргийн 77 дахь тал) зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоов.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгдэгч Т.Б........лт, хохирогч Э.Б..........нэ нар нь хоорондоо эвлэрч, хэн аль нь гомдол саналгүй гэх хүсэлт гаргасныг улсын яллагч хуульд заасны дагуу шийдвэрлэж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Иймд улсын яллагчийн саналын хүрээнд шүүгдэгч Т.Б........лтийг гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирогчтой эвлэрсэн гэх хувийн байдлыг харгалзан улсын яллагчийн торгуулийн ял оногдуулахаар гаргасан эрүүгийн хариуцлагын дүгнэлтийг хүлээн авч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгж буюу 600.000 төгрөгөөр торгох ял оногдуулах нь зүйтэй гэж шүүх үзэв.

Харин гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл нь хохирогч Э.Б..........нийн зүй бус үйлдэл буюу шүүгдэгчийн эхнэртэй бэлгийн харьцаанд орж гэр бүлийн ариун нандин харилцааг эвдэж, нийгэмд тогтсон хүмүүс хоорондын харилцааны болон аж төрөх ёсны хэм хэмжээг зөрчсөнөөс үүдэлтэй байх тул шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, бусдад учруулсан хохирлыг төлснийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 600 нэгжийн торгох ялаас шүүгдэгчийг чөлөөлж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

 

2.3. Бусад асуудлын талаар

Эрүүгийн 2208 0000 00283 дугаар хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, түүний иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдав

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2, 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.5 дугаар зүйлийн 2, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь;

1. Шүүгдэгч Тэнгэр овогт Төгсбаатарын Б........лтийг Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Б........лтийг 600 (зургаан зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 (зургаан зуун мянга) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч Т.Б........лтийг 600 нэгж буюу 600.000 төгрөгийн торгох ялаас чөлөөлсүгэй.

4. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч нь гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй, шүүгдэгч нь энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, тэрээр цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг болон болохыг тус тус дурдсугай.

5. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

6. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

7. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            Г.МӨНХЗУЛ