Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 03 сарын 09 өдөр

Дугаар 2022/ШЦТ/294

 

 

 

 

 

 

 

   2022           03            09                                        2022/ШЦТ/294

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Мөнхзул даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Солонго,

улсын яллагч Х.Нарангуа,

шүүгдэгч Х.Б...........н нарыг оролцуулан тус шүүхийн “А-1” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгчийг эрүүгийн 2208 0000 00184 дугаартай хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, ирүүлснийг  2022 оны 2 дугаар сарын 17-ний өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Боржигон овогт Х...........нгийн Б...........н, Монгол Улсын иргэн, Улаанбаатар хотод 1972 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр төрсөн, 49 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Арцат-2 барилгын төсөлд туслах ажилтнаар ажилладаг гэх, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүргийн ................................ оршин суудаг гэх, регистрийн дугаар ЧВ....................4, урьд

1. Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2001 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 306а дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор 1986 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 90 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3 жил 6 сарын хорих ял шийтгүүлж, Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2004 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн 49 дүгээр шүүгчийн захирамжаар оногдуулсан хорих ялаас эдлээгүй үлдсэн 6 сар 24 хоногийн ялыг хугацааны өмнө тэнсэн суллаж, хянан харгалзсан.

2. Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2010 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 435 дугаар шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хорих ял, 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хорих ял шийтгүүлж, Эрүүгийн хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар хөнгөн ялыг хүндэд нь багтааж биечлэн эдлэх хорих ялыг 2 жилээр тогтоож, мөн хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4 дэх хэсэгт зааснаар түүний биечлэн эдлэх хорих ялыг 1 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзсан.

3. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 1041 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 460 нэгж буюу 460.000 төгрөгөөр торгох ял шийтгүүлж, 2020 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дууссан.

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Х.Б...........н нь согтуурсан үедээ хохирогч Г.Б...........нтай маргалдан улмаар түүний зүүн гарын сарвууг хутгаар зүсэж эрүүл мэндэд нь зүүн сарвуунд шарх бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэлдээ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

 

 ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

1.1.Шүүхээс тогтоосон үйл баримт

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтыг дүгнэвэл.

Шүүгдэгч Х.Б...........н нь 2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр эхнэр Т.Оюун, найз М.Г.........га, түүний эхнэр Г.З.............маа нарын хамт Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хороо, Салхитийн амны задгай тоотод найз Г.Б...........ныд уригдан очсон байна. Улмаар баяр тэмдэглэн согтууруулах ундааны зүйл хэрэглэж байгаад Х.Б...........н нь Г.Б...........нд агсан тавьж ширээн дээр байсан хутга авч түүн лүү довтолсны улмаас Г.Б...........ны биеийн зүүн сарвуунд шарх бүхий хөнгөн гэмтэл учруулсан хэргийн нөхцөл байдал буюу үйл баримтыг тогтоогдов.

1.2 Нотлох баримтын үнэлгээ

Улсын яллагчийн шинжлэн судалсан нотлох баримтуудаар дээр дурдсан хэргийн нөхцөл байдал эргэлзээгүй тогтоогдсон болно. Тухайлбал

- Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэлд: “...Хэрэг болсон гэх газар нь Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хороо, Салхитын задгай тоот хашаагүй байх ба уг тоотод улаан хүрэн өнгийн тоосгон 1 давхар байшин байх ба уг байшингийн хаалга нь ертөнцийн зүгээр зүүн тийш харсан бор өнгийн бүргэд хаалгатай...байв...” гэх тэмдэглэл гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 3-7 дахь тал)

- Хохирогч Г.Б...........ны мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр гэртээ буюу Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хороо, Салхитын ам задгай тоотод эхнэр Э........яагийн хамт байж байгаад найз Г.........га, түүний эхнэр З.............маа, Б...........н түүний эхнэр О..........аа нарыг дуудаж гэртээ урьтал тус өдрийн 15 цагийн орчимд манай гэрт ирсэн...манай найз Б...........н архиндаа согтоод над руу агсраад чи муу новш гээд байхаар нь би чамтай муудмааргүй байна шүү гэсэн чинь Б...........н уурлаад ширээн дээр байсан бор эрээн өнгийн том хутга байсныг аваад миний бие рүү хатгах гэж байхад нь би гараараа хаагаад зүүн гарын шуу хэсгийг хутгаар зүсчихээр нь би Б...........нгээс хутгыг нь булааж авсан. Тэгээд миний шуунаас цус гараад байж байтал манай эхнэр босож ирээд цагдаад дуудлага өгсөн...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 13-14 дэх тал),

- Гэрч Н.Э........яагийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр...манай том өрөөний ор цус болсон байхаар нь би гайхаад хартал манай нөхрийн гар нь зүсгэгдсэн байхаар нь боож өгсөн...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 16-17 дахь тал)

- Гэрч Т.Оюуны мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2022 оны 1 дүгээр сарын 01-ний өдөр 17 цагийн орчимд...Г.........га намайг босоорой гээд дуудахаар нь би босоод иртэл гал тогооны хөлдөөгчний хажууд Б...........н суучихсан гараас нь цус гараад байхаар нь Г.........га гарыг нь барьсан байсан ба удалгүй цагдаа нар ороод ирсэн...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 21 дэх тал)

- Гэрч М.Г.........гын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр 15-16 цагийн үед...Б...........ны гэрт очоод бид нар гэрт идэж уугаад дуулж хуурдаад сууж байтал би архиндаа согтоод унтаад өгсөн байсан. Тэгээд Б...........н гэнэт Б...........н пизда чинь хүн алах нь байна гээд орилсон чинь Б...........н Б...........н руу дайраад байхаар нь би Б...........нгийн араас нь татаад хойш нь суулгаад Б...........ны гарыг нь боогоод байж байтал манай энэр З.............маа надад даавуу авч ирж өгөөд Б...........ны гарыг нь боогоод түргэн, цагдаад дуудлага өгсөн...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 23 дахь тал)

- Гэрч Г.З.............маагийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр 15 цагийн орчимд...Б...........ны гэрт идэж уугаад байж байтал Б...........ны найз Б...........н архиндаа согтоод Б...........н руу багын явдлаа яриад агсраад байхаар нь Б...........н миний найз одоо болно хүүхдүүд байна маргалдаад яах юм бэ гэсэн чинь Б...........н болихгүй Б...........нтай маргалдаад байсан тэгэхээр нь би хүүхдүүдээ харах гээд цаад талын өрөө рүү орсон. Тэгсэн чинь Б...........н Б...........н 2 хоорондоо маргалдаад байж байтал гэнэт орилоод явчихаар нь би хүүхдийн өрөөнөөс гараад хартал Б...........ны гараас цус гарсан манай нөхөр Г.........га Б...........нгийн араас нь зуурсан Б...........наас салгаж байсан ба Б...........ныг хартал зүүн гарынх нь шуу хэсэг орчим нь зүсэгдсэн байсан болохоор түргэн, цагдаа дуудсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 25-26 дахь тал)

 

- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 1264 дугаартай дүгнэлт:

“Хэсэг газрын үзлэгт: Зүүн гарын алганы ар хэсэгт 5-р хурууны харалдаа 3.5х0.3 см хэмжээтэй 0.3см орчим гүн, зах ирмэг нь тэгш зүсэгдсэн шархтай... ДҮГНЭЛТ

1. Г.Б...........ны биед зүүн сарвуунд шарх гэмтэл тогтоогдлоо.

2. 3. 5. Дээрх гэмтэл нь ир үзүүртэй зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

4. 7. Дээрх гэмтэл нь тухайн хэрэг болсон гэх хугацаанд учирсан байх боломжтой.

6. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтад тогтонги нөлөөлөхгүй.

8. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 28-29 дэх тал) зэрэг нотлох баримтаар нэг нь нөгөөгөө үгүйсгэхгүйгээр харилцан уялдаа холбоотойгоор хэргийн бодит байдлыг сэргээн дүрсэлж байна.

 

- Шүүгдэгч Х.Б...........нгийн мөрдөн байцаалтад өгсөн: “...Би архиндаа согтоод өнгөрсөн баларсан юм яриад Б...........нтай хоорондоо маргалдаад тэгээд маргалдаж байхдаа ширээн дээр байсан хутгыг аваад Б...........ны зүүн гарыг хутгаар зүсчихсэн...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 84-85 дахь тал) мэдүүлж байсан бөгөөд шүүхийн хэлэлцүүлэгт “...мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж мэдүүлэх зүйлгүй, гэм буруу дээр маргахгүй...” гэснийг дурдах нь зүйтэй.

 

Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлсэн юм.

 

1.3.Оролцогчийн эрхийн хэрэгжилт

Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр сэргээн тогтоосон байх бөгөөд хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий шийдвэр гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч Х.Б...........н нь бүрэн дунд боловсролтой, монгол хэл, бичиг мэддэг бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг шүүхэд бичгээр гаргасан тул шүүх хуралдааныг өмгөөлөгчгүйгээр явуулсан болохыг дурдах нь зүйн хэрэг.

 

1.4.Эрх зүйн дүгнэлт

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 1264 дугаартай дүгнэлтээр хохирогчийн эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэргийн гэмтэл тогтоогдсон байгаа нь хууль зүйн хувьд хөнгөн хохиролд хамаарна.

Тиймээс шүүгдэгч Х.Б...........н нь хууль зүйн хувьд шууд санаатай үйлдлээр хохирогч Г.Б...........ны эрүүл мэндэд халдаж, гэмтлийн зэрэг тогтоох журамд заасан хөнгөн зэргийн гэмтэл учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх бөгөөд мөн хуулийн өөр зүйл, хэсэг, заалтад заасан гэмт хэргийн шинжийг давхар агуулаагүй, өрсөлдүүлэн шалгах хэм хэмжээ байгаагүй тул прокурорын үйлдсэн яллагдагчаар татах тогтоол болон яллах дүгнэлт нь зүйлчлэлийн хувьд тохирчээ.

Шүүгдэгч Х.Б...........н нь хутгаар хохирогч Г.Б...........ны зүүн гарын алганы ар хэсэгт 5-р хурууны харалдаа 3.5х0.3 см хэмжээтэй 0.3см орчим гүн, зах ирмэг нь тэгш зүсэгдсэн шархтай бүхий хөнгөн зэргийн гэмтэл нь хоорондоо шалтгаант холбоотой байна. Харин гэмт хэргийн шалтгаан нөхцөлийн хувьд хохирогч, шүүгдэгч нар нь архидан согтуурсны улмаас маргаан үүсгэж, энэ гэмт хэрэг гарсан байна гэж үзэв.

Дээрхээс нэгтгэн дүгнэвэл, шүүгдэгч Х.Б...........н хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

1.5. Хохирол, хор уршиг

Хохирогч Г.Б...........н нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэдгээ мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн байх тул шүүгдэгч Х.Б...........нг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй болохыг тогтоолд дурдах нь зүйтэй.

 

Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:

2.1. Талуудын санал, дүгнэлт

Улсын яллагч: “...шүүгдэгч Х.Б...........нг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийх ял оногдуулах саналтай байна. Шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй гэх дүгнэлтийг...”

Шүүгдэгч Х.Б...........н нь улсын яллагчийн гаргасан эрүүгийн хариуцлагын дүгнэлттэй мэтгэлцээгүй болно.

2.2. Эрүүгийн хариуцлага

Шүүгдэгч Х.Б...........нд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа, оршин суугаа хаягийн тодорхойлолт (хавтаст хэргийн 35 дахь тал), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 53 дахь тал), хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгөтэй талаар холбогдох байгууллагаас авсан лавлагаа (хавтаст хэргийн 35, 38 дэх тал), гэрлэсний бүртгэлгүй лавлагаа (хавтаст хэргийн 37 дахь тал), нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт (хавтаст хэргийн 40 дэх тал), шийтгэх тогтоолын хуулбарууд (хавтаст хэргийн 59-68 дахь тал) зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоов.

Иймд улсын яллагчийн саналын хүрээнд шүүгдэгч Х.Б...........н гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, тэрээр бусдад төлөх төлбөргүй гэх байдлыг харгалзан улсын яллагчийн эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлтийг хүлээн авч эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж шийдвэрлэв.

Шүүгдэгч Х.Б...........нд нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулсантай холбогдуулан эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дах хэсэгт зааснаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт 8-аас дээшгүй цагийн хугацаагаар тогтоож, шүүгдэгч нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийг ажлын 1 хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг анхааруулах нь зүйтэй.

 

2.3. Бусад асуудлын талаар

Эрүүгийн 2208 0000 00184 дугаар хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, түүний иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдав

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.5 дугаар зүйлийн 2, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь;

 

1. Шүүгдэгч Боржигон овогт Х...........нгийн Б...........нг Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх зааснаар шүүгдэгч Х.Б...........н 240 (хоёр зуун дөч) цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Х.Б...........нд оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт наймаас дээшгүй цагийн хугацаагаар хийлгэхээр тогтоосугай,

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Х.Б...........н нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол оногдуулсан ялын 8 цагийн ажлыг 1 хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг анхааруулсугай.

5. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд хөрөнгө үгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч нь нэхэмжлэх зүйлгүй, шүүгдэгч нь энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, тэрээр цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

7. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

8. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            Г.МӨНХЗУЛ