Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2015 оны 08 сарын 21 өдөр

Дугаар 221/МА2015/0396

 

2015 оны 8 сарын 21 өдөр

Дугаар 221/МА2015/396

Улаанбаатар хот

 

Ц  ХХК-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Б.Мөнхтуяа даргалж, шүүгч О.Номуулин, шүүгч Э.Зоригтбаатар нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Э.Намжим, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М нарыг оролцуулан хийж, Захиргааны хэргийн анхан шатны 8 дугаар шүүхийн 2015 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 10 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Э-ийн гаргасан давж заалдах гомдлоор, Ц  ХХК-ийн нэхэмжлэлтэй, Дорнод аймгийн ХСЗД д холбогдох захиргааны хэргийг шүүгч Э.Зоригтбаатарын илтгэснээр хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ц  ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...Манай компани 2007 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн Дорнод аймгийн ХСЗД-ын  35 дугаар шийдвэрээр 090900037 нэгж талбарын дугаартай 969 м.кв газрыг 60 жилийн хугацаатай газар тариалангийн зориулалтаар ашиглаж эзэмшиж ирсэн. Газрын төлбөрийг хугацаанд нь төлж байсан. ХСЗД  нь Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.6-д заасныг зөрчсөн гэх үндэслэлээр манай компанийн газар эзэмших эрхийг хүчингүй болгосонд гомдолтой байна... Иймд ХСЗД-ын  2010 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 120 дугаар захирамжийн Ц  ХХК-д холбогдох заалтыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч ХСЗД-ын  итгэмжлэгдсэн төлөөлөгч Газрын даамал Д.О шүүхэд гаргасан тайлбартаа: ...Ц  ХХК нь 969 га газрыг газар тариалангийн зориулалтаар эзэмших эрхтэйгээр авсан боловч тухайн газарт тариалан эрхлээгүй. Мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагчийн 2010 оны албан шаардлага, дүгнэлтээр Ц  ХХК нь эм бэлтгэн найруулах ажил үйлчилгээ эрхэлдэггүй, аж ахуйн нэгжид ховор ургамлыг үйлдвэрлэлийн зориулалтаар ашиглах зөвшөөрөл олгож байгаа нь Байгалийн ургамлын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2 дахь заалтыг зөрчсөн тул уг компанийн 969 га газрыг сумын Засаг даргын 2010 оны 120 дугаар захирамжаар хүчингүй болгосон. Энэхүү захирамж нь хууль зүйн үндэслэлтэй тул нэхэмжлэлийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

Гуравдагч этгээд ҮТГ ХХК-ийн ерөнхий захирал Г.О шүүхэд гаргасан тайлбартаа: ҮТГ ХХК нь 2009 оноос Дорнод аймгийн ХС-ын нутаг бэлчээрт газар тариалан, мал аж ахуйн чиглэлээр үйл ажиллагаа явуулж ирсэн. 2009 онд дуудлага худалдаагаар тариалангийн 5008 га газрыг худалдаж авсан бөгөөд 3000 орчим га газар нь Атар-1 орчимд 2008 га газар нь 20 гаруй км зайтай, тариалангийн талбайн баруун урд буланд байсан. Тухайн үед газар тусдаа зайтай, тариалалт явуулахад хүндрэлтэй байсан тул Атар-1 дээр бригадаа төвлөрүүлээд 2011 онд ХСЗД д ...талбайг ойртуулж, нэг дор болгож өгнө үү гэсэн хүсэлт гаргасны дагуу байршил ойртуулж өгсөн. Улмаар 2013 онд компани тусгаарлаж, 1 гишүүнтэйгээр ҮТГ ХХК-ийг газар тариалан, мал аж ахуй, гадаад худалдааны чиглэлээр шинээр байгуулж гарсан. ХСЗД-ын  2013 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн А/35 дугаар Газар хэсэгчлэн шилжүүлэх тухай захирамжаар ҮТГ ХХК нь Газрын тухай хуульд заасны дагуу 946 га газрыг газар тариалангийн зориулалтаар 15 жилийн хугацаатай эзэмших эрх авсан. Ц  ХХК-ийн газар дээр манай газар орж ирсэн үү гэхээс манайх Ц  ХХК-ийн газрыг эзэмшилдээ аваагүй гэжээ.

Гуравдагч этгээд ҮТГ ХХК-ийн гүйцэтгэх захирал Ж.Г шүүхэд гаргасан тайлбартаа: Дорнод аймгийн ХС-ын Ташгай 3-р багийн нутаг дэвсгэрт газар тариалангийн үйл ажиллагаа эрхлэхээр 2009 онд 5009 га газрыг улаанбуудай тариалахаар авч үйл ажиллагаа явуулж ирсэн. Одоогийн байдлаар ҮТГ ХХК нь газар тариалангийн 4064 га газарт улаанбуудай тариалж байна гэжээ.

Захиргааны хэргийн анхан шатны 8 дугаар шүүхийн 2015 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 10 дугаар шийдвэрээр: Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1, 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.6 дах хэсгийг баримтлан нэхэмжлэгч Ц  ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, ХСЗД-ын  2010 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 120 дугаар захирамжийн Ц  ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгож шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Э давж заалдах гомдолдоо: ...Шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ хэрэгт авагдсан нотлох баримтад үндэслэхгүйгээр хэтэрхий нэг талыг барьж шийдвэрлэлээ. Үүнд:

1. Дорнод аймаг ХСЗД-ын  2007 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн газар эзэмших эрхийн 0061026 тоот гэрчилгээгээр Ц  ХХК-д 969 м.кв газрыг 60 жилийн хугацаатайгаар газар тариалангийн зориулалтаар ашиглах эрхийг олгосон байна. Ц  ХХК нь газар эзэмших эрхийн энэ гэрчилгээг хуульд заасан журмын дагуу олж авсан нь нотлогдохгүй, энэ талаар нотлох баримтыг шалгуулах хүсэлт 2015 оны 05 дугаар сарын 04-ны өдөр гаргаснаар Ц  ХХК нь Газрын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1-д зааснаар албан ёсоор хүсэлт гаргаагүй, 32.4-д заасны дагуу газар эзэмших хүсэлт гаргаж бүртгүүлсэн талаар ямар ч нотлох баримт Ц  ХХК болон ХСЗД-ын Тамгын газарт байхгүй болох нь нотлогдсон. 2. Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.2-д заасны дагуу Ц  ХХК-д газар эзэмшүүлэх дуудлага худалдаа зохион байгуулаагүй, энэ талаар нэхэмжлэгч тал хүлээн зөвшөөрч байхад анхан шатны шүүх анхаарч дүгнэлт хийгээгүй.

3. Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.1-д Газар эзэмшүүлэх тухай шийдвэрийг үндэслэн сумын газрын даамал аймаг, нийслэлийн дүүргийн газрын алба тухайн иргэн, аж ахуйн нэгж байгууллагатай газар эзэмших гэрээ байгуулж, эрхийн гэрчилгээ олгон, улсын бүртгэлд бүртгэнэ гэсэн байхад Ц  ХХК-д газар эзэмшүүлэх тухай шийдвэр хэзээ, хэрхэн шийдвэрлэж, яаж гарсан болох нь тодорхойгүй, харин 0061026 тоот газар эзэмших эрхийн гэрчилгээнд ХСЗД-ын  2007 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 35 дугаар захирамжаар, гэрчилгээ олгосноос хойш 3 жилийн дараа /уг нь гэрээ хийсний дараа эзэмших эрхийн гэрчилгээ олгох ёстой/ 2010 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн нөхөж хийсэн гэрээнд газар эзэмшүүлэх шийдвэрийг ХСЗД-ын  2007 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 14 дүгээр захирамжаар шийдвэрлэсэн гэх сар, өдөр, дугаар нь 2 өөр зөрүүтэй захирамжтай, ХСЗД-ын  35 дугаар захирамж нь Газар хэсэгчлэн олгох тухай, 14 дүгээр захирамж нь Хөрөнгө зарлага болгох тухай гэсэн захирамжуудаар Ц  ХХК-д газар эзэмшүүлэх эрх олгосон гэх ямар ч нотлох шийдвэр биш, харин ч хууль ёсны дагуу газар эзэмших эрх үүссэн болох нь нотлогдохгүй байна. Шүүх шийдвэрийн үндэслэх хэсэгт ...Ц  ХХК-ийн газар эзэмших эрхийн гэрчилгээний үндэслэл болгосон захирамжийн эх хувь олдохгүй байгаа болон газар эзэмших гэрээний үндэслэл болгосон захирамжийн огноо, дугаар зөрүүтөй бичигдсэн хэдий ч ...эрх бүхий захиргааны байгууллагаас газар эзэмших эрхийн гэрчилгээ олгож, гэрээ байгуулсан ...нэхэмжлэгчийн газар эзэмших эрх нь хуулийн дагуу гэдгийг хүлээн зөвшөөрч байсан болох нь тогтоогдож байгаа болохоор нэхэмжлэгчийг буруутгах үндэслэл тогтоогдохгүй байна гэсэн ойлгомжгүй дүгнэлт хийсэн. Анхан шатны шүүх нь нэхэмжлэгчийн газар эзэмших эрх хуульд заасан журмын дагуу үүссэн эсэхэд нь бодит дүгнэлт хийхгүй, харин ч нотлогдож тогтоогдохгүй байхад Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.4-д Хүчин төгөлдөр эрхийн гэрчилгээгүй аливаа этгээд газар эзэмшихийг хориглоно гэснийг зөрчсөн хууль бус газар эзэмших эрхийн 0061026 тоот гэрчилгээтэй Ц  ХХК-ийг буруутгах үндэслэлгүй байна гэсэн дүгнэлт хийсэн нь өөрөө хууль зөрчсөн дүгнэлт болжээ.

4. 3ахиргааны хэргийн Давж заалдах шатны шүүхийн 2015 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 99 дүгээр Захиргааны хэргийн анхан шатны 8 дугаар шүүхийн 2014 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 22 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаасан магадлалдаа буцаах болсон үндэслэлийнхээ нэг хэсэгт Шүүх Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1 дэх хэсэгт заасан үүргийн хүрээнд нэхэмжлэгч Ц  ХХК-д газар эзэмших эрх хуульд заасан журмын дагуу үүссэн эсэх, газар эзэмших эрхийг хүчингүй болгох үндэслэл байгаа эсэхийг шалгах, холбогдох нотлох баримтыг цуглуулж, тодруулах талаар дурдсан байдаг. Энэ талаар захиргааны хэргийн анхан шатны шүүхэд дээрх нотлох баримтыг холбогдох газраас нь гаргуулан хүсэлтийн дагуу шалгуулахад Ц  ХХК нь 0061026 тоот газар эзэмших эрхийн гэрчилгээг хууль журмын дагуу авсан болох нь тогтоогдохгүй байх тул газар эзэмших эрхгүй гэж үзэж байна.

5. Шүүх нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэхдээ хууль зүйн үндэслэлгүй дүгнэлт хийсэн. Нэхэмжлэгч Д.Э-ийн 2007 онд газар эзэмшүүлэх захирамж гарсан байсан, 2008 онд Улаанбаатар хот ажлаар явж байхад манай гэр шатаж бичиг баримт байхгүй болсон... гэх, ...манай компанийн газар эзэмшүүлсэн захирамж Засаг даргын Тамгын газарт байх ёстой гэсэн... тайлбар мэдүүлэг нь хэрэгт авагдсан ямар ч нотлох баримтаар тогтоогдоогүй, өөрөөр хэлбэл гэр шатаж бичиг баримт байхгүй болсон, ...газар эзэмших захирамж гарсан гэх зэрэг нь хэрэгт цугларсан нотлох баримтаар тогтоогдохгүй байна. Хэрэв захирамж гарсан бол Засаг даргын Тамгын газарт байх байтал ХС-ын ЗДТГазрын 2006-2007 оны архивт үзлэг хийсэн шалгалтаар байхгүй байгаа нь газар эзэмших захирамж гараагүй болохыг нотлож байхад шийдвэрийнхээ үндэслэх нотлох баримт болгож дүгнэсэн.

6. Энэ хэрэгт гэрчээр асуугдсан Л.М, Ц.С нарын мэдүүлэгт Ц  ХХК-д газар эзэмшүүлэх захирамж гарсан байх гэсэн яг гэрчилж буй зүйлийнхээ эх сурвалжийг бүрэн нотлож чадахгүй эргэлзээтэй мэдүүлэг өгсөн байхад түүнийг үнэлж дүгнэсэн. Бусад гэрч газрын даамал Д.О, мэргэжлийн хяналтын байцаагч И.Э нарын мэдүүлгийг бусад нотлох баримтаар нотлогдож байгаа эсэхэд дүгнэлт хийгээгүй орхигдуулсан зэргээр шүүхийн шийдвэр нь нотлох баримт болон хуульд үндэслэсэн байна гэсэн Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.3 дахь заалтыг зөрчсөн. Иймд дээрх гомдлын дагуу Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 10 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгч Ц  ХХК-ийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болжээ.

Дорнод аймгийн ХСЗД-ын  2007 оны захирамжаар нэхэмжлэгч Ц  ХХК-д ХС-ын нутаг дэвсгэрт 969 га талбай бүхий газрыг 60 жилийн хугацаатайгаар газар тариалангийн зориулалтаар эзэмшүүлж, 2007 оны 05 дугаар сарын 15-ны өдөр газар эзэмших эрхийн 0061026 дугаар гэрчилгээ олгон, улмаар 2010 оны 08 дугаар сарын 19-ний өдөр газар эзэмшүүлэх гэрээ байгуулсан байна.

Хариуцагч ХСЗД  2010 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 120 дугаар захирамжаар газрыг зориулалтын дагуу 2 жил дараалан ашиглаагүй, газар эзэмших гэрээний нөхцөл, болзлыг удаа дараа буюу ноцтой зөрчсөн гэсэн үндэслэлээр Ц  ХХК-ийн 969 га газрын эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож шийдвэрлэсэн нь Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.6 дахь заалттай нийцээгүй байна.

1.    Нэхэмжлэгч Ц  ХХК нь 2007 оны 03 дугаар сарын 01-ний өдөр дэрвэгэр, жиргэрүү эмийн ургамал түүж, боловсруулах, тарималжуулах, гадаад худалдаа, хүнсний бөөний худалдаа, газар тариалан, мал аж ахуйн чиглэлээр хуулийн этгээдийн улсын бүртгэлд бүртгүүлж, 0711003055 дугаар гэрчилгээ авч, улмаар Байгаль орчны яамны тусгай зөвшөөрөл, орон нутгийн Засаг даргын зөвшөөрлийн дагуу дэрвэгэр жиргэрүү ургамлыг туршилтын журмаар тариалах, түүж бэлтгэх, нөхөн сэргээх тарималжуулах үйл ажиллагааг явуулж байсан, улмаар газрын болон байгалийн ургамал ашигласны төлбөр, аж ахуйн нэгжийн албан татвар төлж, гэрээний үүргээ биелүүлж байсан болох нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байна.

Гэтэл хариуцагч нь Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй гэсэн үндэслэлээр нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийг хүчингүй болгож, түүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн байна.

Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч Ц  ХХК нь ХСЗД ас эрх олгож, гэрээ хийж, гэрчилгээ олгосны дагуу 969 га талбай бүхий газрыг газар тариалангийн зориулалтаар эзэмшиж, Дэрвэгэр, жиргэрүү эмийн ургамал түүж, боловсруулах, тарималжуулах үйл ажиллагаа явуулж байсан, мөн газрын төлбөрт 1.494.000 төгрөг төлсөн байх бөгөөд ХСЗД-ын  Тамгын газрын Газрын даамалтай 2010 оны 08 дугаар сарын 19-ний өдөр гэрээ байгуулснаас хойш хойш 2 жилийн хугацаа болоогүй байхад тус сумын Засаг дарга 2010 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр газар эзэмших эрхийг хүчингүй болгож байгаа нь хууль бус бөгөөд нэхэмжлэгчийг Газрын тухай хуулийн дээрх заалтуудыг зөрчсөн гэж буруутгах боломжгүй юм.

2.  Хариуцагч өөрөө зохих хуулийн дагуу хяналт шалгалтыг явуулж, Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын тухай хууль тогтоомж, газар эзэмших гэрээний нөхцөл, болзлыг удаа дараа буюу ноцтой зөрчсөн гэж заасан нөхцөл бүрдсэн эсэхийг шалгаж тогтоогоогүй, зөвхөн Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын улсын байцаагчийн 2010 оны 08/36/01 дүгээр дүгнэлтийг үндэслэжээ.

Уг дүгнэлтээр газраа зориулалтын дагуу ашиглаагүй, ургамлын үндэс түүж орлого олж байна, ...дэрвэгэр, жиргэрүү-г үйлдвэрлэлийн зориулалтаар түүж бэлтгэн экспортлож байгаа хууль бус үйл ажиллагааг таслан зогсоох шаардлагатай гэж аж ахуйн нэгж байгууллагуудыг нийтэд нь хамруулан дүгнэсэн болохоос дан ганц нэхэмжлэгч Ц  ХХК-ийн талаар тодорхойлон дүгнээгүй талаар анхан шатны шүүх үндэслэлтэй, зөв дүгнэлт хийсэн байна.

Нэхэмжлэгч Ц  ХХК нь Байгаль орчны яамнаас олгосон тусгай зөвшөөрөл болон тухайн орон нутгийн Засаг даргын зөвшөөрлийн дагуу байгалийн ургамал болох дэрвэгэр, жиргэрүү-г үйлдвэрлэлийн зориулалтаар ашиглах үйл ажиллагаа явуулж, ургамал ашигласны төлбөрт 32.000.000 төгрөгийг төлсөн болох нь баримтаар тогтоогдож байх тул хууль бус үйл ажиллагаа явуулсан гэж үзэх үндэслэлгүй.

Түүнчлэн нэхэмжлэгч Ц  ХХК-ийн тухайд удаа дараа буюу 2 ба түүнээс дээш удаа зөрчил гаргасан болохыг тогтоогоогүй байна.

3.  Хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд нэхэмжлэгч Ц  ХХК-д олгогдсон гэрчилгээ нь сумын Засаг даргын 2007 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 35 дугаар захирамжийг үндэслэл болгосон, 2007 оны 05 дугаар сарын 15-ны өдөр газар эзэмших эрхийн 0061026 дугаар гэрчилгээ, гэрээ хоёрын огноо дугаар нь зөрүүтэй бичигдсэн, газар эзэмших эрхийн гэрчилгээний үндэслэл болгосон захирамжийн эх хувь олдохгүй байгаа нь нэхэмжлэгчийг буруутгах үндэслэл болохгүй, харин эрх бүхий захиргааны байгууллагаас газар эзэмших эрхийн гэрчилгээ олгож, гэрээ байгуулсан, лиценз зөвшөөрөл олгож байсан зэрэг нь нэхэмжлэгчийн газар эзэмших эрх хуулийн дагуу үүссэн болох нь тогтоогдож байна.

Иймд, шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхив.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.1, 87 дугаар зүйлийн 87.1 дэх хэсгийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.    Захиргааны хэргийн анхан шатны 8 дугаар шүүхийн 2015 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 10 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2.    Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсгийг баримтлан хариуцагч улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдөх тул түүний давж заалдах шатны журмаар улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөг улсын орлогоос гаргуулж, буцаан олгосугай.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

 

ШҮҮХ БҮРЭЛДЭХҮҮН:

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.МӨНХТУЯА

ШҮҮГЧ О.НОМУУЛИН

ШҮҮГЧ Э.ЗОРИГТБААТАР