Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 05 сарын 14 өдөр

Дугаар 449

 

Ч.Г-т холбогдох эрүүгийн

хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч Б.Зориг, М.Алдар нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд;

   прокурор Н.Булганчимэг,

шүүгдэгч Ч.Г-н өмгөөлөгч Г.Должинсүрэн,

нарийн бичгийн дарга Б.Эрхэс нарыг оролцуулан,

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Батгэрэл даргалж хийсэн шүүх хуралдааны 2019 оны 3 дугаар сарын 7-ны өдрийн 374 дугаартай шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч прокурор Н.Булганчимэгийн бичсэн 2019 оны 4 дүгээр сарын 4-ний өдрийн 07 дугаартай эсэргүүцлээр Ч.Г-т холбогдох эрүүгийн 1811 03101 0030 дугаартай хэргийг 2019 оны 5 дугаар сарын 6-ны өдөр хүлээн авч, шүүгч М.Алдарын илтгэснээр хянан хэлэлцэв.

О и овгийн Ч-н Г, 19.. оны .. дүгээр сарын ..-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, .. настай, эрэгтэй, дээд боловсролтой, хуульч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт ........... дүүргийн .. дугаар хороо, ... дугаар гудамжны ... тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД: .........../;

Ч.Г нь ............ газрын Онц хүнд гэмт хэрэг мөрдөх хэлтсийн ахлах мөрдөгчөөр буюу хууль сахиулагчаар ажиллаж байхдаа эрүүгийн ............ дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулахдаа 2017 оны 6 дугаар сарын 2-ны өдөр гэрч Л.У-г байцаасан тэмдэглэлийг зориуд хуурамчаар үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ.

Чингэлтэй дүүргийн прокурорын газраас: Ч.Г-н үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: ... 1. Яллагдагч Ч.Г-н холбогдсон эрүүгийн хэргийг прокурор яллах дүгнэлтдээ, 2017 оны 6 дугаар сарын 2-ны өдөр үйлдсэн гэжээ. Тухайн үед 2002 оны 9 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөж эхэлсэн Монгол Улсын Эрүүгийн хууль хүчин төгөлдөр үйлчилж байсан байна. 2017 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөж эхэлсэн Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцох, гэм буруутай хүн, хуулийн этгээдэд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээг тухайн гэмт хэргийг үйлдэх үед дагаж мөрдөж байсан хуулиар тодорхойлно.”, 2 дахь хэсэгт “гэмт хэргийн хор уршиг хэзээ илэрснээс үл хамааран энэ хуульд заасан гэмт үйлдэл, эс үйлдэхүй төгссөн үеийг гэмт хэрэг үйлдсэн хугацаагаар тооцно.” гэж, мөн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ.”, 2 дахь хэсэгт "Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт шинээр тооцсон, оногдуулах ялыг хүндрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дордуулсан хуулийг буцаан хэрэглэхгүй.’’ гэж тус тус заажээ.

Тиймээс прокуророос яллагдагч Ч.Г-г холбогдуулан яллагдагчаар татах тогтоол болон яллах дүгнэлт үйлдэхдээ Эрүүгийн хуулийг буцаан хэрэглэх үү, эсхүл гэмт хэрэг үйлдсэн үеийн дагаж мөрдөж байсан хуулиар түүнд холбогдох хэргийг зүйлчлэх үү гэдэгт хууль зүйн дүгнэлт хийж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн зохих заалтыг журамлалгүйгээр 2017 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөж эхэлсэн Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэсэн нь буруу байна.

2. 2017 оны 7 дугаар сарын 01-нээс дагаж мөрдөж эхэлсэн Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг зориуд ... хуурамчаар үйлдсэн, эсхүл нотлох баримтыг хуурамч болохыг мэдсээр байж хууль сахиулагчид, прокурорт, шүүхэд гаргаж өгсөн бол...”, 2 дахь хэсэгт “энэ гэмт хэргийг хууль сахиулагч, ... үйлдсэн бол... ” гэж тус тус заажээ. Яллагдагч Ч.Г-н холбогдсон Мөрдөн байцаах газрын Онц хүнд гэмт хэрэг мөрдөх хэлтсийн ахлах мөрдөгчөөр буюу хууль сахиулагчаар ажиллаж байхдаа эрүүгийн 201701000032 дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулахдаа 2017 оны 6 дугаар сарын 2-ны өдөр гэрч Л.У-г байцаасан тэмдэглэлийг зориуд хуурамчаар үйлдсэн гэх тус бичгийн нотлох баримт нь тухайн эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий баримт байсан эсэхийг тогтоох, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасан нотолбол зохих байдлыг мөрдөн шалгах ажиллагаагаар бүрэн дүүрэн нотлоогүй, дутуу ажиллагаа хийсэн байна гэж шүүх үзэв.

Учир нь, тус хуурамч гэх бичгийн нотлох баримт нь эрүүгийн 201701000032 тоот эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэхэд ямар нөлөө үзүүлсэн, хэр хэмжээний ач холбогдолтой болохыг тогтоох мөрдөн шалгах ажиллагаа дутуу хийгдсэн байна.

Иймд Ч.Г-т холбогдох эрүүгийн хэргийг Чингэлтэй дүүргийн прокурорын газарт нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр буцааж, хэргийг прокурорт очтол Ч.Г-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэжээ.

Прокурор Н.Булганчимэг бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Шүүгчийн 374 дугаартай захирамжийн зарим заалтыг дараах үндэслэлээр хүлээн авахаас татгалзаж байна.

Шүүгч захирамжийн 1 дэх заалтад прокуророос яллагдагч Ч.Г-г холбогдуулан яллагдагчаар татах тогтоол болон яллах дүгнэлт үйлдэхдээ Эрүүгийн хуулийг буцаан хэрэглэх үү, эсхүл гэмт хэрэг үйлдсэн үеийн дагаж мөрдөж байсан хуулиар түүнд холбогдох хэргийг зүйлчлэх үү гэдэгт хууль зүйн дүгнэлт хийж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн зохих заалтыг журамлалгүйгээр 2017 оны 7 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдсөн шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэсэн нь буруу гэж үзэн Ч.Г-н үйлдсэн гэмт хэргийг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 253 дугаар зүйлийн 253.2 дахь хэсэгт зааснаар зүйлчлэх нь зүйтэй гэж дүгнэсэн тохиолдолд шүүгчийн захирамжийн 2 дахь заалтын дагуу мөрдөн шалгах ажиллагаа явуулах шаардлагагүй байна.

Учир нь, 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 253 дугаар зүйлийн 253.2 дахь хэсэгт “...Хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, өмгөөлөгч, прокурор, шүүгч болон хойшлуулашгүй ажиллагаа явуулах эрх бүхий албан тушаалтан эрүүгийн хэргийн нотлох баримтыг хуурамчаар бүрдүүлсэн бол ...” гэж заасан тул яллагдагч Ч.Г-н үйлдсэн бичгийн нотлох баримт нь тухайн эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий баримт байсан эсэхийг тогтоох шаардлагагүй юм. Иймд Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 3 дугаар сарын 7-ны өдрийн 374 дугаартай шүүгчийн захирамжийн зарим заалтыг хүчингүй болгуулахаар улсын яллагчийн эсэргүүцэл бичсэн. ...” гэв.

Шүүгдэгч Ч.Г-н өмгөөлөгч Г.Должинсүрэн тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Шүүхээс хэргийг нэмэлт мөрдөн байцаалтын ажиллагаа хийлгүүлэхээр буцаахдаа 2 үндэслэлээр буцаасан. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийг журамлаагүй гэсэн үндэслэлд прокурор эсэргүүцэл бичээгүй. Ч.Г-н үйлдсэн гэх хэргийн цаг хугацаа нь 2017 оны 6 дугаар сарын 2-ны өдөр үйлдэгдсэн гэдэг. 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 253 дугаар зүйлд эрүүгийн хэргийн нотлох баримтыг хуурамчаар үйлдсэн бол гэмт хэрэгт тооцогддог байсан. Гэтэл 2015 оны Эрүүгийн хуулиар “хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ач холбогдол бүхий нотлох баримтыг хуурамчаар үйлдсэн бол” гэх шинжийг нэмж хуульчилсан байна. Өөрөөр хэлбэл, 2015 оны Эрүүгийн хуульд зааснаар зүйлчлэх нь Ч.Г-н хувьд эрх зүйн байдлыг дээрдүүлсэн гэж үзэхээр байна. Иймд анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.

                                                    ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар прокурорын эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж, тодруулсан, цаашид шалгах зүйлгүй байх бөгөөд мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн ноцтой зөрчил тогтоогдсонгүй.

Прокуророос Ч.Г-н үйлдлийг 2017 оны 6 дугаар сарын 2-ны өдөр буюу 2015 оны Шинэчлэн найруулсан Эрүүгийн хууль үйлчилж эхлэхээс өмнө үйлдэгдсэн гэж яллах дүгнэлт үйлдсэн бөгөөд анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжид дурдсан үндэслэлээр хэргийг прокурорт буцаах шаардлагагүй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Учир нь, Ч.Г-т холбогдох хэргийг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 253 дугаар зүйлийн 253.2 дахь хэсэгт зааснаар, эсхүл 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчлэх эсэхэд буюу аль хуулийг хэрэглэснээр шүүгдэгчийн эрх зүйн байдал дээрдэх талаар үндэслэл бүхий дүгнэлт хийж, хэргийг шийдвэрлэх боломжтой.

2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 253 дугаар зүйлийн 253.2 дахь хэсэгт “… Хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, ... эрүүгийн хэргийн нотлох баримтыг хуурамчаар бүрдүүлсэн бол...” гэсэн гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжээс үзвэл, тухайн хэргийн ямар нэг нотлох баримтыг хуурамчаар бүрдүүлсэн бол хариуцлага хүлээлгэхээр, харин 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.1 дүгээр зүйлд “Хэрэг шалган шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг зориуд устгасан, нуусан, засварласан, өөрчилсөн, хуурамчаар үйлдсэн, ...” гэж гэмт хэргийн шинжийг тодорхойлсноос үзвэл хэрэгт ач холбогдол бүхий нотлох баримтыг бүрдүүлсэн бол хариуцлага хүлээлгэхээр байна.

Ч.Г-н гэм буруутай буюу хуурамчаар үйлдсэн гэх нотлох баримт хэрэгт ач холбогдолтой байдлыг прокурор нотлож, харин шүүгдэгчийг цагаатгах, эрх зүйн байдлыг дээрдүүлэх үндэслэлийг өмгөөлөгч гаргаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэг “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж заасан зохицуулалтын хүрээнд хэргийн бодит байдлыг тогтоон шийдвэрлэх боломжтой гэж үзэв.

Ч.Г-н хуурамчаар бүрдүүлсэн нотлох баримт нь хэрэгт ач холбогдол бүхий нотлох баримт гэж үзвэл шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг хэрэглэх, харин ач холбогдолгүй нотлох баримт гэж үзвэл шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэх зарчмаар шийдвэрлэх нь хуульд нийцнэ.

Шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглэж, зүйлчлэлийг тогтоосны эцэст 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн аль тохирох заалтыг журамлаж хэргийг шийдвэрлэх нь зүйтэй.  

Иймд анхан шатны шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хэмжээнд Ч.Г-н гэм буруутай эсэх асуудалд хууль зүйн дүгнэлт хийж хянан шийдвэрлэх боломжтой байх тул шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, Ч.Г-т холбогдох хэргийг яллагдагчийг шүүхэд шилжүүлэх шатнаас дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаахаар шийдвэрлэлээ.