Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 03 сарын 15 өдөр

Дугаар 2022/ШЦТ/331

 

 

 

 

 

 

 

    2022            03            15                                      2022/ШЦТ/331

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Мөнхзул даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Жавхлан,

улсын яллагч Х.Нарангуа,

шүүгдэгч П.Э..........яа нарыг оролцуулан тус шүүхийн “А-1” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгчийг эрүүгийн 2208 0000 00196 дугаартай хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, ирүүлснийг 2022 оны 2 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Боржигон овогт П.......агын Э..........яа, Монгол Улсын иргэн, Орхон аймгийн Баян-Өндөр суманд 1984 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр төрсөн, 38 настай, эмэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, 1 дүгээр хорооллын 1 дүгээр байрны 2 дугаар орцонд “Өргөө 1” СӨХ-нд үйлчлэгч ажилтай, ам бүл 2, хамтран амьдрагчийн хамт амьдардаг гэх, Хан-Уул дүүргийн ..................... орцонд түр амьдарч байгаа гэх, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, регистрийн дугаар ............................

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч П.Э..........яа нь 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хороо, Тоосгоны ............... тоотод хамтран амьдрагч Ц.Б...........нг архи авч өгсөнгүй гэх шалтгаанаар баруун гуянд нь хутгалж биед нь баруун гуянд шарх бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэлдээ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

1.1.Шүүхээс тогтоосон үйл баримт

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтыг дүгнэвэл.

Шүүгдэгч П.Э..........яа нь Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хороо, Тоосгоны ............... тоотод буюу бэр эгч Т.Ц...............аагийн хашаанд хамтран амьдрагч Ц.Б...........нгийн хамт амьдарч байхдаа 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдөр Т.Ц...............аа, Ц.Б...........н нарын хамт согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байна. Ийнхүү согтууруулах ундааны зүйл их хэтрүүлэн хэрэглэсэн, үедээ хамтран амьдрагч Ц.Б...........нг “архи авч өгсөнгүй” гэх шалтгаанаар 185мм урттай, ажлын хэсэг нь 85мм, ажлын хэсгийн өргөн нь 18мм, бариул хэсэг нь 100мм, бариулын өргөн нь 16мм хэмжээтэй, хар иштэй хутгаар түүний баруун гуяны гадна дээд хэсэгт хутгалж бие нь ир, үзүүр бүхий зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн хөнгөн шарх гэмтэл учруулсан хэргийн нөхцөл байдал  буюу үйл баримтыг тогтоогдов.

 

1.2 Нотлох баримтын үнэлгээ

Улсын яллагчийн шинжлэн судалсан нотлох баримтуудаар дээр дурдсан хэргийн нөхцөл байдал эргэлзээгүй тогтоогдсон болно. Тухайлбал

- Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэлд: “...Хэрэг болсон гэх газар нь Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хороо Тоосгоны 4-41 тоот хашаа байв. ...хашааны баруун талд Монгол гэр уг гэрийн баруун талд жижиг байшин байв уг байшин дотор...цус мэт зүйлээр бохирлогдсон өмд, цамц байв...” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 3-6 дахь тал),

- Гэр Т.Ц...............ээгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2021 оны 12 дугаар сарын 31-ний өдөр өглөө би манай хашаанд хамт амьдардаг нөхрийн дүү Э..........яа, Б...........н нарын гэрт 2 литрийн монгол архи авч орсон. Намайг тэднийд ороход Э..........яа, Б...........нгийн хамт 0.5л “Хараа” архи уугаад дуусаж байсан. Тэгээд бид гурав монгол архи хувааж уусан. Тэгээд юм яриад сууж байгаад би монгол архиндаа ...согтоод тэдний ...орон дээр унтаж байхад цагдаа нар ирчихсэн намайг босоорой гэж сэрээсэн...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 14 дэх тал)

- Хохирогч Ц.Б...........нгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2021 оны 12 дугаар сарын 31-ний өглөө 9 цагийн үед би эхнэр Э..........яатай 0.5 литрийн “Хараа” нэртэй 1 шил архи хувааж уугаад унтах гэж байхад гаднаас Э..........яагийн бэр эгч Тавхайн Ц...............ээ ганцаараа 2 литрийн ...монгол архи гартаа барьсан орж ирсэн. Тэгээд Э..........яа Ц...............ээ эгч бид 3 монгол архийг нь хувааж уусан. Тэгээд би унтах гээд газар зассан орон дээрээ хэвтэж байхад Т.Ц...............ээ эгч орон дээр, эхнэр Э..........яа хажууд хэвтэж байсан, Э..........яа надаас дахиж архи нэхэж бид 2 жаахан маргалдсан. Маргалдаж байгаад улмаар Э..........яа жижиг хар өнгийн хутгаар миний баруун гуяны дээд хэсэгт 1 удаа хутгалсан. Би Э..........яагаас чи надаас архи нэхээд, архины мөнгө байхгүй гэж хэлсний төлөө намайг хутгалчхаж байгаа юм уу гэж асуухад Э..........яа би чамайг хутгалчихлаа тэгээд яахын гэж хэлээд өөрөө цагдаа руу залгасан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 10 дахь тал),

 

- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 1338 дугаартай дүгнэлт:

“Хэсэг газрын үзлэгт: Баруун гуяны гадна дээд хэсэгт 2.0х0.2см мэс заслын оёдол бүхий ирмэг тэгш шархтай...ДҮГНЭЛТ

1. Ц.Б...........нгийн биед баруун гуянд шарх гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь ир, үзүүр бүхий зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

3. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэг тогтоогдлоо...” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 17-18 дахь тал) зэрэг нотлох баримтаар нэг нь нөгөөгөө үгүйсгэхгүйгээр харилцан уялдаа холбоотойгоор хэргийн бодит байдлыг сэргээн дүрсэлж байна.

 

- Шүүгдэгч П.Э..........яагийн мөрдөн байцаалтад өгсөн: “...2021 оны 12 дугаар сарын 31-ний өглөө 9 цагийн үед байхаа нөхөр Б...........нтэй хамт 0.5 литрийн “Хараа” гэх нэртэй 1 шил архийг уугаад гэртээ байж байхад, гаднаас хашаанд хамт амьдардаг бэр Ц...............ээ эгч гартаа 2 литрийн монгол архи барьчихсан орж ирсэн. Тэгээд бид 3 архиа хувааж ууж дуусгаад би нөхөр Б...........нтэй архины талаар хоорондоо жаахан маргалдсан. Улмаар би жижиг хар өнгийн бариултай хутгаар баруун талын гуя хэсэгт нь нэг удаа хатгачихсан. Тэгээд цус гарахаар нь би сандраад цагдаа, 103 дуудлага өгсөн...” гэж (хавтаст хэргийн 59-60 дахь тал) мэдүүлсэн бөгөөд шүүхийн хэлэлцүүлэгт “...мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж мэдүүлэх зүйлгүй, гэм буруу дээр маргахгүй...” гэснийг дурдах нь зүйтэй.

Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлсэн юм.

 

1.3.Оролцогчийн эрхийн хэрэгжилт

Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр сэргээн тогтоосон байх бөгөөд хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий шийдвэр гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч П.Э..........яа нь бүрэн дунд боловсролтой, монгол хэл, бичиг мэддэг бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг шүүхэд бичгээр гаргасан тул шүүх хуралдааныг өмгөөлөгчгүйгээр явуулсан болохыг дурдах нь зүйн хэрэг.

 

1.4.Эрх зүйн дүгнэлт

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 1338 дугаартай дүгнэлтээр хохирогчийн эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэргийн гэмтэл тогтоогдсон байх тул хууль зүйн хувьд хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан гэж үзнэ.

Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримтаас дүгнэж үзвэл шүүгдэгч П.Үүрийнтуяа нь хууль зүйн хувьд шууд санаатай үйлдлээр “архи авч өгсөнгүй” гэх сэдэлтээр хохирогч Ц.Б...........нгийн эрүүл мэндэд халдаж, гэмтлийн зэрэг тогтоох журамд заасан хөнгөн зэргийн гэмтэл учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх бөгөөд мөн хуулийн өөр зүйл, хэсэг, заалтад заасан гэмт хэргийн шинжийг давхар агуулаагүй, өрсөлдүүлэн шалгах хэм хэмжээ байгаагүй тул прокурорын үйлдсэн яллагдагчаар татах тогтоол болон яллах дүгнэлт нь зүйлчлэлийн хувьд тохирчээ.

Шүүгдэгч П.Э..........яа нь хутгаар хохирогч Ц.Б...........нгийн биеийн баруун гуянд шарх гэмтэл бүхий хөнгөн зэргийн гэмтэл нь хоорондоо шалтгаант холбоотой байна. Харин гэмт хэргийн шалтгаан нөхцөлийн хувьд хохирогч, шүүгдэгч нар нь архидан согтуурсны улмаас маргаан үүсгэж, энэ гэмт хэрэг гарсан байна гэж үзэв.

Дээрхээс нэгтгэн дүгнэвэл, шүүгдэгч П.Э..........яа хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

1.5. Хохирол, хор уршиг

Хохирогч Ц.Б...........н нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэдгээ мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн байх тул шүүгдэгч П.Э..........яаг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй болохыг тогтоолд дурдах нь зүйтэй.

 

Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:

2.1. Талуудын санал, дүгнэлт

Улсын яллагч: “...шүүгдэгч П.Э..........яаг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил ял оногдуулах саналтай байна. Шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй гэх дүгнэлтийг...”

Шүүгдэгч П.Э..........яа нь улсын яллагчийн гаргасан эрүүгийн хариуцлагын дүгнэлттэй мэтгэлцээгүй болно.

 

2.2. Эрүүгийн хариуцлага

Шүүгдэгч П.Э..........яа нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн” байгааг эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдал тооцсон ба түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа, оршин суугаа хаягийн тодорхойлолт (хавтаст хэргийн 32, 38 дахь тал), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 44 дэх тал), хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгөтэй талаар холбогдох байгууллагаас авсан лавлагаа (хавтаст хэргийн 34 тал), гэрлэсний бүртгэлгүй лавлагаа (хавтаст хэргийн 37 дахь тал), нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт (хавтаст хэргийн 36 дахь тал) зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоов.

Иймд улсын яллагчийн саналын хүрээнд шүүгдэгч П.Э..........яаг гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирогчтой эвлэрсэн гэх хувийн байдлыг харгалзан улсын яллагчийн нийтэд тустай ажил хийх ял оногдуулахаар гаргасан эрүүгийн хариуцлагын дүгнэлтийг хүлээн авч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийх ял оногдуулах нь зүйтэй гэж шүүх үзэв.

Шүүгдэгч П.Э..........яад нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулсантай холбогдуулан эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дах хэсэгт зааснаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт 8-аас дээшгүй цагийн хугацаагаар тогтоож, шүүгдэгч нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийг ажлын 1 хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг анхааруулах нь зүйтэй.

 

2.3. Бусад асуудлын талаар

Эрүүгийн 2208 0000 00196 дугаар хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, түүний иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн нийт урт 185мм хэмжээтэй, ажлын хэсгийн урт 85х18мм, бариул хэсэг 100х16мм хэмжээтэй хар өнгийн бариултай 1 ширхэг хутгыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгах нь зүйтэй гэж үзэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.5 дугаар зүйлийн 2, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь;

1. Шүүгдэгч Боржигон овогт П.......агын Э..........яаг Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.Э..........яаг 240 (хоёр зуун дөч) цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дугаар зүйлийн 2 дэх хэсэгт зааснаар П.Э..........яад оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт 8 цагаас дээшгүй хугацаагаар хийлгэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар П.Э..........яа нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол оногдуулсан ялын 8 цагийн ажлыг 1 хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг анхааруулсугай.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 185мм хэмжээтэй, ажлын хэсгийн урт 85х18мм бариул хэсэг 100х16мм хэмжээтэй хар өнгийн бариултай хутга 1 ширхгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.

6. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч нь гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй, шүүгдэгч нь энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, тэрээр энэ хэрэгт цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг болон болохыг тус тус дурдсугай.

7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

8. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

9. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            Г.МӨНХЗУЛ