| Шүүх | Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сэнгээгийн Хишигбат |
| Хэргийн индекс | 181/2017/03880/И |
| Дугаар | 00446 |
| Огноо | 2018-02-23 |
| Маргааны төрөл | Нөхөх олговор, |
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2018 оны 02 сарын 23 өдөр
Дугаар 00446
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Хишигбат даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүрэг, 14-р хороо, Хайлаастын 6-р гудамж, 44 тоотод оршин суух, Бал овогт Батхуягийн Б/РД: /-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Сүхбаатар дүүрэг, 1-р хороо, Од плаза төв, 306 тоотод байрлах, “И” ХХК/РД: /-д холбогдох
8 000 000 төгрөгийг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Болор-Эрдэнэ нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч Б.Б шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Б.Б миний бие нь ХЕГ-2013-06 багцын дугаар бүхий байршилд төсөл хэрэгжүүлэхээр шалгарсан 2081016 тоот регистртэй “И” ХХК-ийн ерөнхий захирал Арвины Одтой 2014 оны 03 сарын 11-ний өдөр гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэх 17 дугаартай хоёр талт гэрээ байгуулсны үндсэн дээр Баянзүрх дүүргийн сансар хотхоны 8 байрны 11 тоот Ү-2204010970 гэрчилгээний дугаартай, 3 өрөө байраа чөлөөлж өгсөн.
Гэрээний 2.2.1-д заасны дагуу байр 2015 оны 04 дүгээр улиралд ашиглалтанд орох 2.7-д заасны дагуу “И” ХХК-иас өгсөн мэдэгдэлийн дагуу газар чөлөөлсөн өдрөөс эхлэн сарын 500 000 /таван зуун мянга/ төгрөг, жилд 6 000 000 /зургаан сая/ төгрөгийг нөхөн олговор хэлбэрээр олгоно гэж тохиролцсон. Гэтэл гэрээнд заасан хугацаанд байр ашиглалтанд ороогүй төдийгүй одоог хүртэл байшин барилга баригдаж эхэлсэн зүйл алга байна.
Бидэнд цувуулж 2014 оны 10 сараас 2015 оны 10 cap буюу жилийн хугацааны байрны нөхөн олговор гэж 10 000 000 /арван сая/ төгрөг өгсөн бөгөөд одоог хүртэл дахин нэг ч төгрөг өгөөгүй байна. Гэтэл бид орон байраа өгчихөөд байр түрээсэлж амьдарч байгаа бөгөөд орон тооны цомхотголоор ажлаасаа халагдсан 2 нялх хүүхэдтэй бид байрны түрээсээ өгч чадахгүйгээс очих газаргүй болж байна. Иймд 2015 оны 10 сараас 2017 оны 11 сарын 10 хүртэлх хугацааны буюу /25 сар/ байрны нөхөн олговорын төлбөр болох 8 000 000 /найман сая/ төгрөгийг “И” ХХК-иас гаргуулж өгнө үү.” гэв.
Шүүх хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч Б.Б нь хариуцагч “И” ХХК-д холбогдуулан 8 000 000/найман сая/ төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.
Хариуцагч “И” ХХК-д 2018 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр нэхэмжлэлийг гардуулсан боловч хариуцагч нь шүүхэд хариу тайлбар ирүүлээгүй болно.
2018 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 09 цаг 00 минутад товлон зарлагдсан шүүх хуралдааны товыг хариуцагчид 2018 оны 02 дугаар сарын 15-ны өдөр баталгаат шуудангаар, 2018 оны 02 дугаар сарын 22-ны өдөр утсаар мэдэгдсэн боловч хариуцагч “И” ХХК нь хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч “И” ХХК-ийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэв.
Хариуцагч “И” ХХК нь хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэх хүртэл хэргийн материалтай таницлах эрхээ эдлэх боломжтой байсан ба шүүх хариуцагчид тус эрхээ эдлэхэд саад учруулаагүй болохыг дурдах нь зүйтэй гэж үзэв.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэв.
Зохигчид 2014 оны 03 дугаар сарын 01-ний өдөр № 17 Гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэх хоёр талт гэрээ/цаашид “Гэрээ” гэх/ байгуулсан болох нь Гэрээний хуулбараар тогтоогдож байна.
Гэрээний 2-ын 2.2.1-т зааснаар хариуцагч нь 27.11/хорин долоо зууны арван нэг/ м.кв, 48.60/дөчин найм зууны жар/ м.кв орон сууцыг 2015 оны III дугаар улиралд ашиглалтад оруулан нэхэмжлэгчид хүлээлгэн өгөх үүрэг хүлээсэн болох нь Гэрээний хуулбараар тогтоогдож байна.
Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-т “Ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь ... гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь ... хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ.” гэж заасан.
Гэрээний 2-ын 2.1, 2.2-т зааснаар хариуцагч нь орон сууцыг барьж нэхэмжлэгчид хүлээлгэн өгөх, нэхэмжлэгч нь хариуцагчийн хөлсөд үл хөдлөх эд хөрөнгийг урьдчилан шижлүүлэх үүрэг хүлээсэн тус Гэрээ нь Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан Ажил гүйцэтгэх гэрээний шинжтэй байх тул Ажил гүйцэтгэх гэрээ гэж үзнэ.
Зохигчийн байгуулсан Гэрээ нь Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 хэсэгт нийцсэн байх тул хүчин төгөлдөр гэж үзнэ.
Нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт зааснаар шаардах эрхтэй байна.
Нэхэмжлэгч нь 2014 оны 6 дугаар сарын 09-ний өдөр хариуцагч болон Гэр хорооллын хөгжлийн газартай Гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэх гурван талт гэрээ/цаашид “Гэрээ-2” гэх/ байгуулан, Гэрээнд заасан үл хөдлөх эд хөрөнгийг чөлөөлөхөөр харилцан тохиролцсон болох нь Гэрээ, Гэрээ-2-ын хуулбараар нотлогдож байна.
Нэхэмжлэгч нь Гэрээнд заасан үл хөдлөх эд хөрөнгийг 2014 оны 6 дугаар сарын 09-ний өдрөөс хариуцагчид шилжүүлсэн гэж үзэх үндэслэлтэй болох нь Гэрээ, Гэрээ-2-ын хуулбараар тогтоогдож байна.
Зохигчид 2014 оны 03 дугаар сарын 01-ний өдөр хэлцэл хийж нэхэмжлэгч нь Гэрээнд заасан үл хөдлөх эд хөрөнгийг хариуцагчид шилжүүлсэн өдөр хариуцагч нь нэхэмжлэгчид орон сууц хөлслөх 12/арван хоёр/ сарын төлбөрт нэг сарын 500 000/таван зуун мянга/ төгрөгөөр тооцож 6 000 000/зургаан сая/ төгрөгийг шилжүүлэхээр харилцан тохиролцсон болох нь нэхэмжлэгчийн тайлбар, Гэрээний хуулбараар нотлогдож байна.
Хариуцагч нь 2014 оны 10 дугаар сарын 20-ны өдөр нэхэмжлэгчид орон сууц хөлслөх төлбөрт 6 000 000/зургаан сая/ төгрөгийг шилжүүлсэн болох нь нэхэмжлэгчийн тайлбар, Хаан банкин дахь 5032332499 тоот төгрөгийн дансны дэлгэрэнгүй хуулгаар тогтоогдож байна.
Нэхэмжлэгч нь 2015 оны 10 дугаар сараас 2017 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр хүртэлх 25/хорин тав/ сарын түрээсийн төлбөрт хариуцагчаас 8 000 000/найман сая/ төгрөгийг гаргуулахаар нэхэмжилжээ.
Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.4-т “Хугацаа хэтрүүлсэн үүрэг гүйцэтгэгч нь түүнд ямар нэг тохиолдол нөлөөлсөн эсэхийг харгалзахгүйгээр хохирлыг хариуцна ...”, 352 дугаар зүйлийн 352.1-т “Ажил гүйцэтгэх гэрээгээр талууд ... учирсан хохирлыг нөхөн төлүүлэхэд энэ хуульд заасан нийтлэг журам үйлчилнэ.” гэж заасан.
Хариуцагч нь нэхэмжлэгчид 2015 оны 11 дүгээр сарын 20-ны өдрөөс 2016 оны 06 дугаар сарын 30-ны өдөр хүртэлх орон сууц хөлслөх төлбөрт сарын 500 000/таван зуун мянга/ төгрөгөөр тооцож нийт 9 999 700/есөн сая есөн зуун ерэн есөн мянга долоон зуу/ төгрөгийг төлсөн болох нь Хаан банкин дахь 5032332499 тоот төгрөгийн дансны дэлгэрэнгүй хуулгаар тогтоогдож байна.
Нэхэмжлэгч нь орон сууц хөлслөх төлбөрт хариуцагчаас сарын 320 000/гурван зуун хорин мянга/ төгрөгийг, нийт 8 000 000/8000000:25сар=320000/ /найман сая/ төгрөгийг гаргуулахаар нэхэмжилсэн.
Хариуцагч нь орон сууцыг Гэрээнд заасан хугацаанд хүлээлгэн өгөөгүйн улмаас орон сууц хөлсөлж хохирол учирсан гэх нэхэмжлэгчийн тайлбар үндэслэлтэй болох нь Гэрээ, Гэрээ-2-ын хуулбараар тогтоогдож байна.
Нэхэмжлэгч нь 2016 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 2017 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр хүртэл нийт 17/арван долоо/ сар орон сууц хөлсөлсний улмаас учирсан хохирлыг хариуцагч хариуцах үүрэгтэй.
Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.4, 352 дугаар зүйлийн 352.1 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас 5 440 000/17х320000=5440000/ /таван сая дөрвөн зуун дөчин мянга/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.Бд олгон, нэхэмжлэлийн шаардлагаас үлдсэн 2 560 000/8000000-2560000/ /хоёр сая таван зуун жаран мянга/ төгрөгийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.
Шүүх Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.4, 343 дугаар зүйлийн 343.1, 352 дугаар зүйлийн 352.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч “И” ХХК-иас нийт 5 440 000/таван сая дөрвөн зуун дөчин мянга/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.Бд олгон, нэхэмжлэлийн шаардлагаас үлдсэн 2 560 000/хоёр сая таван зуун жаран мянга/ төгрөгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон
Тогтоох нь:
1. Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.4, 343 дугаар зүйлийн 343.1, 352 дугаар зүйлийн 352.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч “И” ХХК-иас нийт 5 440 000/таван сая дөрвөн зуун дөчин мянга/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.Бд олгон, нэхэмжлэлийн шаардлагаас үлдсэн 2 560 000/хоёр сая таван зуун жаран мянга/ төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.
ДаргалагЧ, шҮҮГЧ С.ХИШИГБАТ