Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 03 сарын 15 өдөр

Дугаар 2022/ШЦТ/332

 

 

 

 

 

 

    2022           03            15                                     2022/ШЦТ/332

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Мөнхзул даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Жавхлан,

улсын яллагч Г.Лхагвасүрэн,

хохирогч Т.А........гс

шүүгдэгч Т.О........р нарыг оролцуулан тус шүүхийн “А-1” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгчийг эрүүгийн 2208 0021 10284 дугаартай хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, ирүүлсэн 1 хавтаст хэргийг 2022 оны 3 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Авга овогт Т........ягийн О........р, Монгол Улсын иргэн, Хэнтий аймгийн Дэлгэрхаан суманд 1993 оны 3 дугаар сарын 19-ний өдөр төрсөн, эрэгтэй, 28 настай, дээд боловсролтой, инженер мэргэжилтэй, хувиараа бариа заслын үйлчилгээ үзүүлдэг, ам бүл 4, эцэг, эх, дүү нарын хамт Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо, 4 дүгээр хэсэг Их дарь эхийн 1 дүгээр гудамжны 28 тоотод байнга оршин суух бүртгэлтэй, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, регистрийн дугаар СЧ93031938.

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Т.О........р нь 2021 оны 12 дугаар сарын 27-ны өдөр 01 цагийн орчим Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хороо, 5 шарын замаас “Мах импекс” ХК-н явах зам дагуу байрлах Esso oil service-ийн хажууд байдаг Sai Hotel-ийн гадна “найз Х..........ны дагуулж ирсэн найз бүсгүйг өмөөрсөн” гэх шалтгаанаар Т.А........гстэй маргалдан эрүүл мэндэд нь халдаж биед нь 1 шүдний хугарал, уруулд цус хуралт бүхий хөнгөн гэмтэл учруулсан үйлдэлдээ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

 ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

1.1.Шүүхээс тогтоосон үйл баримт

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтыг дүгнэвэл.

Шүүгдэгч Т.О........р нь 2021 оны 12 дугаар сарын 26-ны өдөр 21 цагийн орчим Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хороо, 5 шарын замаас “Мах импекс” ХК-н явах зам дагуу байрлах Esso oil service-ийн хажууд байдаг Sai Hotel-д Т.А........гс, Ч.Х..........н, Ц.Б..........р, М...........га, түүний найз охины хамт согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байна. Ийнхүү хэрэглэж байхдаа Т.О........р нь найз Ч.Х..........ны дагуулж ирсэн Ц.Б..........рыг янхан гэж хэл амаар доромжлоход Т.А........гс нь өмөөрч маргалдан улмаар 2021 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 01 цагийн орчим тус зочид буудлын гадна Т.О........р нь Т.А........гсийн эрүүл мэндэд нь халдаж биед нь 1 шүдний хугарал, уруулд цус хуралт бүхий хөнгөн гэмтэл учруулсан хэргийн үйл баримт тогтоогдож байна.

 

1.2 Нотлох баримтын үнэлгээ

Улсын яллагчийн шинжлэн судалсан нотлох баримтуудаар дээр дурдсан хэргийн нөхцөл байдал эргэлзээгүй тогтоогдсон болно. Тухайлбал

- Хохирогч Т.А........гсийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2021 оны 12 дугаар сарын 26-ны өдөр 19 цагийн орчимд гэртээ байж байгаад манай найз М...........га хөдөөгөөс ирсэн байсан болохоор ярьж байгаад уулзахаар гарсан. Тэгтэл М...........га, О........р хоёр машинтай ирээд “буудалд ууя” гэж ярилцаад Мөнхтулгын найз эмэгтэйг 5 шараас аваад Sai нэртэй зочид буудалд өрөө аваад орсон. Тэгээд архи уугаад сууцгааж байхад бас найз Х..........н найз эмэгтэйн хамт ирсний дараа юм яриад сууж байхад О........р Х..........ны найз эмэгтэйг “янхан, биеэ үнэлэгч” гээд доромжлоод байхаар нь би “эмэгтэй хүнийг тэгж хэлж болохгүй гээд өмөөрсөн. Тэгсэн О........р “чи янхан өмөөрлөө” гэж над руу дайраад бид хоёр барилцалдаж аваад “гараад учраа олъё” гээд буудлын үүдэнд гарсан. Тэгээд гадаа ноцолдож байгаад би О........рыг дарж унагаагаад “болъё” гээд босгоод байж байсан чинь над руу дайрахаа зогсоохгүй миний ам руу гараараа нэг удаа цохиод буудал руу яваад орчихсон... Миний 1 шүд хугарсан бөгөөд шинээр шүд хийлгэх 2.200.000 төгрөгийг нэхэмжилж байна...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 27 дахь тал),

- Гэрч Ц.Б..........рын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Х..........н над руу залгаад “М...........га хөдөөгөөс ирчихсэн байна, очиж уулзъя” гээд намайг гэрээс ирж аваад 5 шарын Sai буудалд очсон. Очиход М...........га, Отгоо, А........гс нар байсан бөгөөд бид нар архи ууж сууцгааж байхад Отгоо намайг “янхан” гэх юм ярьж доромжлоод би өөдөөс нь хэрэлдэхэд А........гс “чи эмэгтэй хүнийг ингэж болохгүй” гээд намайг өмөөрөөд муудалцсан. Тэгээд тэр хоёр барилцалдаад гарцгаасан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 29 дэх тал)

- Гэрч Т.Х..........ны мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...О........р миний дагуулж ирсэн охин руу дайрч хэл амаар доромжлоход А........гс өмөөрч хэдэн үг хэлсэн чинь хоорондоо маргалдаад эхэлсэн. Тэгээд тэр хоорондоо маргалдаад барьцалдаад дээр доороо орчихсон хэвтэж байхаар нь би “боль” гэж салгаад буцаад өрөө рүү ороход тэр хоёр гадаа үлдсэн. Тэгээд тэр хоёр орж ирэхгүй болохоор нь буцаад гадаа гарсан чинь А........гс надад “миний шүдийг О........р хугалчихлаа, цагдаа дуу” гээд үүдэнд шүд нь хугарчихсан харагдсан, О........р хажууд нь байсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 31 дэх тал),

- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 967 дугаартай дүгнэлт:

“Хэсэг газрын үзлэгт: Дээд зүүн 1-р шүд дунд хэсгээр ташуу хугарч унасан. Доод уруулын зүүн хэсгийн салстад 1х1.5см хүрэн ягаан өнгийн цус хуралттай...ДҮГНЭЛТ

1. Т.А........гсийн биед 1 шүдний хугарал, уруулд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Дээрх гэмтэл хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой шинэ гэмтэл байна.

4. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 09-10 дахь тал),

Шүүгдэгч Т.О........рын мөрдөн байцаалтад өгсөн: “...2021 оны 12 дугаар сарын 26-ны орой 20 цагийн орчим найз М...........га хөдөө ажлаасаа ирэхээр нь Драгон дээрээс тосож аваад А........гсийг очиж авсан. Тэгээд бид нар архи ууя гэж ярилцаад Sai буудалд орцгоосон. Тэгээд 2 шил архи уугаад сууж байгаад найз Хүрлээ нэг үл таних хүүхэнтэй хамт ирсэн. Би тэр хүүхэнтэй нь маргалдаад байж байхад А........гс өмөөрөөд над руу дайрахаар нь бид хоёр барилцаж аваад үүдэнд гарсан. Тэгээд үүдэнд ноцолдож байгаад салсны дараа би А........гсийн ам руу гараараа цохисон. Тэгэхэд шүд нь хугарчихлаа гэж байсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 43-44 дэх тал) зэрэг нотлох баримтаар нэг нь нөгөөгөө үгүйсгэхгүйгээр харилцан уялдаа холбоотойгоор хэргийн бодит байдлыг сэргээн дүрсэлж байна.

Шүүгдэгч Т.О........р нь шүүхийн хэлэлцүүлэгт “...мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж мэдүүлэх зүйлгүй, гэм буруу дээр маргахгүй...” гэснийг дурдах нь зүйтэй.

Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлсэн юм.

 

1.3.Оролцогчийн эрхийн хэрэгжилт

Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр сэргээн тогтоосон байх бөгөөд хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий шийдвэр гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч Т.О........р нь дээд боловсролтой, монгол хэл, бичиг мэддэг бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг шүүхэд бичгээр гаргасан, хохирогч Т.А........гс нь мөн хуулийн 8.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар өмгөөлөгч авах эрхээсээ татгалзсан тул шүүх хуралдааныг өмгөөлөгчгүйгээр явуулсан болохыг дурдах нь зүйн хэрэг.

 

1.4.Эрх зүйн дүгнэлт

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 967 дугаартай дүгнэлтээр хохирогч Т.А........гсийн эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэргийн гэмтэл тогтоогдсон байх тул хууль зүйн хувьд хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан гэж үзнэ.

Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримтаас дүгнэж үзвэл шүүгдэгч Т.О........р нь хууль зүйн хувьд шууд санаатай үйлдлээр хохирогч Т.А........гсийн эрүүл мэндэд халдаж, гэмтлийн зэрэг тогтоох журамд заасан хөнгөн зэргийн гэмтэл учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх бөгөөд мөн хуулийн өөр зүйл, хэсэг, заалтад заасан гэмт хэргийн шинжийг давхар агуулаагүй, өрсөлдүүлэн шалгах хэм хэмжээ байгаагүй тул прокурорын үйлдсэн яллагдагчаар татах тогтоол болон яллах дүгнэлт нь зүйлчлэлийн хувьд тохирчээ.

Шүүгдэгч Т.О........рын нь хохирогч Т.А........гсийг Дээд зүүн 1-р шүд дунд хэсгээр ташуу хугарч унасан. Доод уруулын зүүн хэсгийн салстад 1х1.5см хүрэн ягаан өнгийн цус хуралт бүхий хөнгөн зэргийн гэмтэл нь хоорондоо шалтгаант холбоотой байна. Харин гэмт хэргийн шалтгаан нөхцөлийн хувьд шүүгдэгч Т.О........рын бусдыг хэл амаар доромжилсон, архи согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэснээс энэ гэмт хэрэг гарсан байна гэж үзэв.

Дээрхээс нэгтгэн дүгнэвэл, шүүгдэгч Т.О........р хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

1.5. Хохирол, хор уршиг

Хохирогч Т.А........гс нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Т.О........раас шинжээчийн дүгнэлтэд тусгагдсан “Дээд зүүн 1-р шүд дунд хэсгээр ташуу хугарч унасан” гэмтэлтэй холбоотойгоор “Гүн Арвин Ундарга” ХХК-ийн эмчийн тодорхойлолт тусгагдсан 2.100.000 төгрөг буюу имплант шүдэлбэрийн үнэлгээг гаргаж нэхэмжилсэн байна.

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын ...эрүүл мэнд...д хууль бусаар санаатай ...үйлдэл...-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй.” Гэж, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт “Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн ...эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй.” гэж тус тус хуульчилж, Улсын дээд шүүхийн 2009 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн 15 дугаар тогтоолын 6.1 дүгээр зүйлийн 6.1.3-т “Гэмт хэргийн улмаас бусдын эрүүл мэндэд гэм хор учирсан бол гэм буруутай этгээд Иргэний хуулийн 505... дугаар зүйлүүдэд зааснаар хохирогчийн эмчилгээний зардал...-ыг нөхөн төлнө...” гэж тайлбарласан байна.

 Өөрөөр хэлбэл хохирогч нь өөрт учирсан эрүүл мэндийн хохирлыг өөрийн зардлаар арилгаж, энэ талаарх баримтыг шүүхэд гаргаж өгсөн тохиолдолд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар нэхэмжлэлийг хангахаар зохицуулсан байна.

Тодруулбал хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хохирогчийн гаргаж өгсөн “Гүн Арвин Ундарга” ХХК-ийн эмчийн тодорхойлолтод “...Иргэн А........гс нь өөрийн хүсэлтээр иплант шүдэлбэр хийлгэх хүсэлтэй тул 21-р шүдийг авч 2.100.000 үнэ бүхий иплант шүдэлбэр хийлгэх шаардлагатай болно.” гэснийг үзвэл хохирогч нь өөрт учирсан гэмтлийг эмчлүүлээгүй, эмчилгээнд зарцуулагдах боломжтой мөнгөн дүнг илэрхийлсэн байх тул Т.А........гсийн нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх нь зүйтэй гэж үзэж шүүгдэгчийг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

 

Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:

2.1. Талуудын санал, дүгнэлт

Улсын яллагч: “...шүүгдэгч Т.О........рыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай байна. Шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй гэх дүгнэлтийг...”

Шүүгдэгч Т.О........р нь улсын яллагчийн гаргасан эрүүгийн хариуцлагын дүгнэлттэй мэтгэлцээгүй болно.

 

2.2. Эрүүгийн хариуцлага

Шүүгдэгч Т.О........р нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн” байгааг эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдал тооцсон ба түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа, оршин суугаа хаягийн тодорхойлолт (хавтаст хэргийн 34, 36 дахь тал), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 39 дэх тал), хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгөтэй талаар холбогдох байгууллагаас авсан лавлагаа (хавтаст хэргийн 38 дахь тал), гэрлэсний бүртгэлгүй лавлагаа (хавтаст хэргийн 35 дахь тал), нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт (хавтаст хэргийн 37 дахь тал) зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоов.  

Иймд улсын яллагчийн саналын хүрээнд шүүгдэгч Т.О........рын гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, тэрээр хувиараа бариа заслын үйлчилгээ үзүүлж хөдөлмөр эрхэлж байгаа зэрэг нөхцөл байдлыг харгалзан улсын яллагчийн торгуулийн ял оногдуулахаар гаргасан эрүүгийн хариуцлагын дүгнэлтийг хүлээн авч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгж буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулах нь зүйтэй гэж шүүх үзэв.

Шүүгдэгч Т.О........рт торгох ял оногдуулсантай холбогдуулан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлд зааснаар оногдуулсан торгох ялыг хуульд заасан 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг тогтоож, тэрээр торгох ялыг биелүүлээгүй бол оногдуулсан ялыг хорих ялаар сольж болохыг анхааруулах нь зүйтэй.

 

2.3. Бусад асуудлын талаар

Эрүүгийн 2208 0021 10284 дугаар хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, түүний иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.5 дугаар зүйлийн 2, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь;

1. Шүүгдэгч Авга овогт Т........ягийн О........рыг Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.О........рыг 450 (дөрвөн зуун тавь) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 (дөрвөн зуун тавин мянга) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.О........рт оногдуулсан торгох ялыг 3 (гурав) сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.О........р нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг анхааруулсугай.

5. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч нь гомдолгүй, шүүгдэгч нь энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, тэрээр цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг дурдаж, хохирогч нь өөрт учирсан хөнгөн гэмтэлтэй холбоотой хохирол, хор уршгийг иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг тэмдэглэсүгэй.

6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

7. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

8. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            Г.МӨНХЗУЛ