Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 03 сарын 21 өдөр

Дугаар 2022/ШЦТ/352

 

  

 

 

 

 

 

   2022            03            21                                       2022/ШЦТ/352

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Мөнхзул даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Жавхлан

улсын яллагч Д.Эрдэнэчимэг,

хохирогч А.С.......яа, түүний өмгөөлөгч Ш.Уранчимэг, Б.Отгонтөгс,

шүүгдэгч Б.М..........рж, түүний өмгөөлөгч Ч.Ганзориг, Б.Батбаяр нарыг оролцуулан тус шүүхийн “А-1” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Тээврийн прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгчийг эрүүгийн 2103 0033 60012 дугаартай хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг 2022 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Улиадай овогт Бибишийн М..........рж, Монгол улсын иргэн, Төв аймгийн Жаргалант суманд 1978 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр төрсөн, 44 настай, эрэгтэй, дээд боловсролтой, барилгын инженер мэргэжилтэй, “Блейз Тек” ХХК-д ерөнхий инженер ажилтай,  ам бүл 6, эхнэр 4 хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүргийн ......................... тоотод байнга оршин суух бүртгэлтэй, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, регистрийн дугаар НМ7................1

 

Холбогдсон хэргийн талаар яллах дүгнэлтэд дурдсанаар:

Шүүгдэгч Б.М..........рж нь Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо, Толгойтын зам Номин агуулахын урд замд 2021 оны 10 дугаар сарын 19-ний өдөр 21 цаг 30 минутын орчим согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн буюу 1.87 хувийн согтолттой үедээ “Mitsubishi Delica” маркийн ............ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.4 жолооч дараахь үүргийг хүлээнэ: а/ энэ дүрмийн 4 дүгээр хавсралтад заасан эвдрэл, гэмтэл, техникийн зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах; Тээврийн хэрэгслийн ажлын тоормосны систем, жолооны механизм ажиллахгүй болсон, чиргүүлийн холбоос (чиргүүлтэй үед) эвдэрсэн, харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд хол, ойрын буюу ар талын оврын гэрэл асахгүй болсон, цас бороо орж байгаа үед жолооч талын шил арчуур ажиллахгүй бол хөдөлгөөнөө үргэлжлүүлэхийг хориглоно” гэсэн заалтыг мөн дүрмийн 3.7 жолоочид дараах зүйлийг хориглоно: а/...согтууруулах ундаа хэрэглэсэн” мөн дүрмийн 16.1 “...Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө...” гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас явган зорчигч А.С.......яаг мөргөж эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан үйлдэлдээ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3 дахь заалтад заасан гэмт хэрэгт холбогджээ.

 

 ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

1.1.Шүүхээс тогтоосон үйл баримт

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтыг дүгнэвэл.

Шүүгдэгч Б.М..........рж нь 2021 оны 10 дугаар сарын 22-ны өдөр “Блейз Тек” ХХК-ийн ажлын байран дээрээ найз Х............т, И.......ээ нарын хамт согтууруулах ундааны зүйл хэрэглэн улмаар 21 цагийн 20 минутын орчим Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо, Нефть бааз, Толгойтын өгсдөг уулзвар дээр байдаг Петровис ХХК-ийн шатахуун түгээх 15 дугаар станцын урд талд байх ажлын байрнаасаа “Mitsubishi” маркийн Delica D5 загварын (............ улсын дугаар зүүсэн) жинхэнэ ...... улсын дугаартай, хол, ойрын гэрлийн тусгалын чадал стандартын шаардлага хангахгүй тээврийн хэрэгслийг ертөнцийн зүгээр баруунаас зүүн тийш чиглэлтэй жолоодож явсан байна. Ийнхүү Толгойтын гудамжаар эсрэг хөдөлгөөнтэй зорчих хэсгийн 2 дугаар эгнээнд явж байгаад 21 цаг 30 минутын орчим хуучнаар Улаанбаатар импекс буюу  Номин агуулах худалдаа дэлгүүрийн урд замд явган хүний зохицуулдаггүй гарцаар ертөнцийн зүгээр хойноосоо урагш чиглэлтэй гарч явсан А.С.......яаг мөргөж биед нь “баруун атгаал ясны толгой, хүзүү хэсгийн далд хугарал, мөрний хагас мултрал, баруун хөлийн шаант ясны ил хугарал, дух, баруун нүдний дотор булан, баруун мөр, бугалга, бөөр, ташаа, гуя, нурууны бүсэлхий орчим, зүүн шилбэ, шагайг хамарсан цус хуралт” бүхий хүнд гэмтэл учруулсан хэргийн нөхцөл байдал буюу үйл баримтыг тогтоолоо.

Харин улсын яллагч хэргийн үйл баримтыг тогтоохдоо тээврийн хэрэгслийн улсын дугаарыг ............ гэсэн байх боловч Авто тээврийн үндэсний төв” ТӨҮГ-ын Баянзүрх техник хяналтын үзлэгийн төвийн 25270588 дугаар дүгнэлт “Mitsubishi” маркийн “Delica D5” загварын тээврийн хэрэгслийн арлын CV5W0401717 дугаараар Техник хяналтын үзлэгийн нэгдсэн сан Программ болох MVIS дээр шүүлт хийж үзэхэд ...... гэсэн бүртгэлийн дугаартай байсан бөгөөд авто тээврийн хэрэгсэл дээрх арлын дугаар Программ дээрх арлын дугаартай таарч”-ээр тээврийн хэрэгслийн дугаар нь ...... болох нь тогтоогдсон нэмж оруулсан болохыг тэмдэглэх нь зүйтэй.

 

1.2 Нотлох баримтын үнэлгээ

Улсын яллагчийн шинжлэн судалсан нотлох баримтуудаар дээр дурдсан хэргийн нөхцөл байдал эргэлзээгүй тогтоогдсон болно. Тухайлбал

- Замын цагдаагийн газар, ТЦА, МШГ, жижүүрийн шуурхай удирдлагын хэлтсийн дуудлагын РСMJ10306738 дугаар хуудаст: “...Дуудлага өгсөн: 85839775, ...Дуудлага хүлээн авсан: 2021-10-22 21:42:32, ...Дуудлагын утга: ............ улсын дугаартай тээврийн хэрэгсэл хүн мөргөсөн...” гэх баримт (хавтаст хэргийн 04 дэх тал),

- Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэлд: “...Зам тээврийн осол гарсан гэх газар нь Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо Толгойтын зам Номин агуулахын урд замд пост 541-гээс баруун тийш 200 метрт үйлдэгдсэн байх ба зам орчмын байдал шулуун, хуурай, зохицуулагддаггүй явган хүний гарцтай суурингийн доторх, үзэгдэх орчин чөлөөтэй зорчих хэсэг гэрэлтүүлэгтэй...зам байв... А цэгийг явган зорчигчтой хамт явсан гэрчээр заалгаж авав. Б үсгээр хүн унасан цэгийг заалгаж авав. В үсгээр үл хөдлөх цэгийг дугааргүй гэрэлтүүлгийн шонгоор тэмдэглэв. А цэгээс В цэг хүртэл 3.0х3.4х11.3 метр байв. А цэгээс В цэг хүртэл шулуун хэмжихэд 11.9 метр А цэгээс Б цэг хүртэл 21.3 метр...байв...” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 5-13 дэх тал),

- Хохирогч А.С.......яагийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2021 оны 10 дугаар сарын 22-ны өдөр 21 цаг 30 минутад өнгөрч байхад ажлаа тараад ажлынхаа Сайнбаяр, Отгончимэг нарын хамт Номин агуулахаас гараад замынхаа хойд талаас явган хүний зохицуулагддаггүй гарцаар хойноосоо урагшаа... зам гарах гээд явж байхад автомашин 4 метрийн зайнд гарц дөхөж яваа харагдсан. Гарцын ойролцоо зам эвдрээд ухагдчихсан байсан тул автомашин гарц дөхөж ирээд зогсоох арга хэмжээ авна гэж бодоод гарцыг гарах гээд явж байтал автомашин миний баруун мөр хэсгийг мөргөөд... би зам дээр унаад босох гэтэл үүдэн нэг шүд эмтрээд, баруун мөр, гар хоёр хөдлөхгүй байсан. Би доошоо нүүрэн хэсгээрээ зам дээр унасан байсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 50-52 дахь тал),

- Гэрч Б.Сайнбаярын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2021 оны 10 дугаар сарын 22-ны өдөр 21 цаг 30 минутад ажил тараад би ажлынхаа С.......яа, Отгончимэг нарын хамт Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо Толгойтын замд байрлах Номин агуулахаас гараад замынхаа хойд талаас хойноосоо урагшаа чиглэлтэй явган хүний гарцаар гурвуулаа хамт зам гарч байх үед С.......яа нь Отгончимэг бид хоёрын ард явж байтал ертөнцийн зүгээр баруун зүүн чиглэлд явж байсан автомашинтай хүн С.......яаг мөргөсөн. Миний ард түс хийх чимээ гарахаар нь эргээд хартал С.......яа зам дээр уначихсан байсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 58 дахь тал),

- Гэрч Т.Отгончимэгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...С.......яа эгч ертөнцийн зүгээр баруунаас, зүүн чиглэлд 1-р эгнээнд явж байсан Delica маркийн автомашин мөргөсөн. С.......яа эгч гарцаас нэлээн хол шидэгдсэн. Яг мөргүүлснийг  нь хараагүй тухайн үед зам гарч явсан. Түс хийх чимээ сонссон. С.......яа нь мөргүүлснээс болж баруун гар, баруун хөл хугарсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 60 дахь тал)

- Гэрч Б.Энхбатын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2021 оны 10 дугаар сарын 22-ны өдөр М..........рж над руу 22 цагийн орчим өөрийнхөө дугаарын утсаар залгаад би хүн дайрчихлаа чи байна уу хурдан хүрээд ир Номины урд зам дээр зогсож байна гэхээр нь осол болсны ойролцоогоор 7-8 минутын дараа очиход автомашинд мөргүүлсэн эмэгтэй машинаас 5 метрийн зайнд хажуу талаараа зам дээр хэвтэж байсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 67 дахь тал)

- Жолоочийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан хуудаст: “............... улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцож явсан Бишбиш овогтой М..........рж драйгер багаж ашиглан шалгахад 1.87% тоон үзүүлэлт илэрч согтууруулах ундаа хэрэглэсэн болох нь тогтоогдлоо...” гэх баримт (хавтаст хэргийн 10 дахь тал),

 

- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 10277 дугаартай дүгнэлт:

“Хэсэг газрын үзлэгт: Духны баруун хэсэгт 3х3см баруун нүдний дотор буланд 1х1см, баруун мөрний дээд ирмэгт 9х8см, бугалганы гаднад дунд хэсэгт 11х7см бөөрний орчим 12х7см, ташаанд 9х6см, гуяны гадна дунд хэсэгт 17х14см, бүсэлхийн нуруу орчимд 5х5см, зүүн шилбэний ард дунд хэсэг, гадна дотор шагайг хамарсан, нуруу орчим 5х5см, зүүн шилбэний ард дунд хэсэг, гадна дотор шагайг хамарсан, шилбэний урд хэсэгт 3х2см, 2х2см, 2.5х2.5см хөх ягаан өнгийн цус хуралтуудтай, баруун мөрнөөс сарвуу хүртэл, зүүн дунд чөмөгний дунд хэсгээс тавхай хүртэл гөлтгөнөн боолттой.

ГССҮТ-н гар сарвуу нөхөн сэргээх бичил мэс заслын тасгийн өвчний түүх №:10487: ...эмнэлэгт хэвтсэн: 2021.10.22 онош: Бугалганы дээд үзүүрийн хугарал, битүү, зовиур: Баруун мөр, цээж, баруун шилбээр өвдөнө. Үзлэгт биеийн байдал дунд ухаан санаа саруул, арьс салст ердийн...баруун шилбэнд 2 см ил шархтай. Баруун мөр шилбээр хаван хавдар ихтэй...Эмгэг хөдөлгөөнтэй. Ясны хавиралдах чимээтэй, үйл ажиллагаа алдагдсан. Гар хөл өвчин эмзэглэлтэй гэжээ.

Лазер мед эмнэлгийн 2021.10.22-ны Цээжний хөндийн КТГ: ...баруун талын атгаал ясны толгой, хүзүү, эпиметафиз хэсгээр бяцарсан, зөрөө ихтэй, олон жижиг ясны сэлтэрхийнүүдтэй, үений гадаргуу дайрсан хугаралтай, бүрэн бус мултарсан. Баруун мөрний үений эргэн тойрны зөөлөн эдэд бага зэрэг хаван хавдартай гэжээ.

2021.10.25-ны Цээжний хөндийн КТГ-д: Баруун талын атгаал ясны эпиметафиз хэсгээр бяцарсан, зөрөө ихтэй, 2х1.7см хэмжээтэй ясны сэлтэрхийнүүдтэй. Хүзүү хэсгээр шаантагласан хугаралтай, мөрний үе хагас мултарсан, үений шингэний хэмжээ ихэссэн. Мөрний эргэн тойрны зөөлөн эдэд тархмал бага зэрэг хаван хавдартай гэжээ...ДҮГНЭЛТ

1. А.С.......яагийн биед баруун атгаал ясны толгой, хүзүү хэсгийн далд хугарал, мөрний хагас мултрал, баруун хөлийн шаант ясны ил хугарал, дух, баруун нүдний дотор булан, баруун мөр, бугалга, бөөр, ташаа, гуя, нурууны бүсэлхий орчим, зүүн шилбэ, шагайг хамарсан цус хуралт гэмтлүүд тогтоогдлоо.

2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.20-д зааснаар амь насанд аюултай гэмтэл тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 83-84 дэх тал),

 

- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн Тусгай шинжилгээний газрын химийн шинжээчийн 4868 дугаартай дүгнэлтэд

“...Шинжилгээнд ирүүлсэн цуснаас шинжилгээний дээж авч спиртийн зүйл агуулагдаж байгаа эсэхийг тогтоох зорилгоор бихромат калийн исэлдэх урвал дээр үндэслэж шинжилгээг явуулж Unico-7200 спектрофотометр багаж дээр 590 нм долгионы уртад хэмжилтийг 3-н удаа хийж стандарт жиших муруй дээрээс харгалзах тоон утгыг олж тоо хэмжээг тодорхойлоход “Б.М..........рж 45/эр, Х/23” гэх хаягласан цусанд 1.8 промилли спирт илэрсэн...ДҮГНЭЛТ

1. 2. Шинжилгээнд ирүүлсэн цусны дээж нь шинжилгээнд тэнцэнэ. “Б.М..........рж 45/эр, Х/23 гэж хаягласан цусанд 1.8 промилли спирт илэрсэн. Цусан дахь 1.8 промилли спирт нь согтолтын хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 76-77 дахь тал),

 

- “Авто тээврийн үндэсний төв” ТӨҮГ-ын Баянзүрх техник хяналтын үзлэгийн төвийн 2021 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 25270588 дугаар дүгнэлтэд:

“...Уг авто тээврийн хэрэгслийг Швед улсад үйлдвэрлэгдсэн EWJ тоног төхөөрөмж дээр шалгаж үзэхэд:... Зүүн гар талын гэрлийн тусгалын чадал ойр дээрээ 100cd, хол дээрээ 13000cd, баруун гар талын гэрлийн тусгалын чадал ойр дээрээ 200cd, хол дээрээ 1400сd (стандарт 10000-225000cd) байгаа нь баруун, зүүн гар талын хол, ойрын гэрлийн тусгалын чадал стандартын шаардлага хангахгүй байна...ДҮГНЭЛТ

...2. Уг авто тээврийн хэрэгслийн ...баруун, зүүн  гар талын хол, ойрын гэрлийн тусгалын хүч стандартын шаардлага хангахгүй...байгаа нь авто тээврийн хэрэгсэлд тавих стандартын шаардлага хангахгүй байна...

6. Уг авто тээврийн хэрэгслийг тус мөрдөгчийн тогтоол дээр авто тээврийн хэрэгслийн гэрчилгээ, авто тээврийн хэрэгсэлд зүүсэн бүртгэлийн дугаар нь (улсын дугаар) ............ байсан ба Техник хяналтын үзлэгийн нэгдсэн сан Программ болох MVIS дээр шалгаж үзэхэд уг 18-12УБУ бүртгэлийн дугаар нь “Нөмөр Кредит ББСБ”-ын эзэмшлийн, ZVW413010014 арлын дугаартай, сувдан цагаан өнгийн 2011 онд Япон улсад үйлдвэрлэгдсэн Toyota маркийн Prius загварын машин дээр бүртгэлтэй байна.

Шинжээчийн дүгнэлт гаргуулахаар ирсэн “Misbushi” загварын “Delica D5” загварын авто тээврийн хэрэгслийн раман дээрх арлын дугаар болох CV5W0401717 дугаараар Техник хяналтын үзлэгийн нэгдсэн сан Программ болох MVIS дээр шүүлт хийж үзэхэд ...... гэсэн бүртгэлийн дугаартай байсан бөгөөд авто тээврийн хэрэгсэл дээрх арлын дугаар Программ дээрх арлын дугаартай таарч байсан учраас авто тээврийн хэрэгслийн дүгнэлтийн хуудас болон шинжээчийн дүгнэлт хэсэг дээр ...... бүртгэлийн дугаараар гаргасан болно...” гэх баримт (хавтаст хэргийн 90-94 дэх тал),

 

- Шүүгдэгч Б.М..........ржийн мөрдөн байцаалтад өгсөн: “...2021 оны 10 дугаар сарын 22-ны өдөр би найз Х............тын “Блейз тех” ХХК-н дээр гагнуурын ажил хийж байтал манай найз Ижилээ ганцаараа ирэхдээ 1 шил “GP” нэртэй 700 гр вискитэй ирээд бид хоёр хоёулаа вискиг уусан...би тайгын булга ХХК-ний миний нэр дээр бүртгэлтэй, зээлийн барьцаанд байгаа “Misbushi Delica” маркийн ............ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодоод 20 цагийн орчим Толгойтын Петровис шатахуун түгээх станцын баруун урдаас хөдлөөд Номин агуулахын ойролцоо ертөнцийн зүгээр баруунаас зүүн чиглэлд 2-р эгнээнд явж байхад зам засварын ажил хийгдэж байсан. Номин агуулахын урд талын явган хүний гарц дөхөөд 20 метрийн орчимд зайд хойноосоо урагшаа чиглэлд хоёр хүн зам гарч явж байгаад харагдсан. Гарцаар зам гарч байгаа өөр хүн харагдаагүй. Би ойролцоогоор 30-40 км цагийн хурдтай явсан ба замын эвдрэлүүдийг засаж янзалж байсан. Явган хүний зохицуулагддаггүй гарц дөнгөж өнгөртөл замынхаа хойд талаас явган зорчигч эмэгтэй эсрэг урсгалын автомашин дундуур гарч ирээд автомашины зүүн урд хэсэгт мөргөгдөхөөр нь би тоормос гишгэсэн автомашин инерцээрээ хэсэг явж байгаад зогссон. Явган зорчигч эмэгтэй автомашин шидэгдээд зам дээр унасан...би согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож яваад эсрэг, урсгалын автомашинуудын гэрлийн гялбаанд ороод явган зорчигчийг зам гарч байгааг анзаараагүй явган хүний гарц дээр мөргөж гэмтээсэн...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 160-161 дэх тал) зэрэг нотлох баримтаар нэг нь нөгөөгөө үгүйсгэхгүйгээр харилцан уялдаа холбоотойгоор хэргийн бодит байдлыг сэргээн дүрсэлж байна.

Шүүгдэгч Б.М..........рж нь шүүхийн хэлэлцүүлэгт “...мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж мэдүүлэх зүйлгүй, гэм буруу дээр маргахгүй...” гэснийг дурдах нь зүйтэй.

Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.

 

1.3.Оролцогчийн эрхийн хэрэгжилт

Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр сэргээн тогтоосон байх бөгөөд хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий шийдвэр гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

1.4.Эрх зүйн дүгнэлт

Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримтад хууль зүйн дүгнэлт хийвэл шүүгдэгч Б.М..........рж нь болгоомжгүйгээр, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээ акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.4 дэх хэсэг (Жолооч дараах үүргийг хүлээнэ)-ийн а/ энэ дүрмийн 4 дүгээр хавсралтад заасан эвдрэл, гэмтэл техникийн зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах буюу Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 4 дүгээр хавсралт (Тээврийн хэрэгслийг ашиглахыг хориглох эвдрэл, гэмтэл, техникийн зөрчлийн жагсаалт)-ын 5 дахь хэсгийн 5.2-д заасан “Хол, ойрын гэрлийн тусгалын тохиргоо алдагдсан;”  өөрөөр хэлбэл тээврийн хэрэгслийн техникийн байдалд тавих стандартын шаардлагыг хангахгүй машин механизмыг ашиглахыг хориглоно: гэснийг зөрчсөн.

Түүнчлэн мөн дүрмийн 3 дугаар зүйл (Жолоочийн үүрэг)-ийн 3.7 дахь хэсэг (Жолоочид дараах зүйлийг хориглоно:)-ийн а/...согтууруулах ундаа, ...хэрэглэсэн... үедээ тээврийн хэрэгсэл жолоодох;”, 16 дугаар зүйл (Явган хүний гарц нэвтрэх)-ийн 16.1 дэх хэсэгт заасан “Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө” гэсэн заалтыг тус тус зөрчин тээврийн хэрэгсэл жолоодож яваад явган зорчигч А.С.......яаг мөргөж биед нь “баруун атгаал ясны толгой, хүзүү хэсгийн далд хугарал, мөрний хагас мултрал, баруун хөлийн шаант ясны ил хугарал, дух, баруун нүдний дотор булан, баруун мөр, бугалга, бөөр, ташаа, гуя, нурууны бүсэлхий орчим, зүүн шилбэ, шагайг хамарсан цус хуралт” бүхий амь насанд аюултай хүнд гэмтэл учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3 дахь заалтад заасан “Авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэмж хэмжээний актыг зөрчин согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодон, хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан” гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байна.

 

Тодруулбал шүүгдэгч Б.М..........рж нь 2021 оны 10 дугаар сарын 19-ний өдөр 21 цаг 30 минутын орчим хол, ойрын гэрлийн тусгалын тохиргоо алдагдсан, ашиглахыг хориглосон тээврийн хэрэгслийг согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ жолоодсон замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн үйлдлийн улмаас хохирогч А.С.......яаг мөргөж биед нь хүнд зэргийн гэмтэл учруулсан нь хоорондоо шалтгаант холбоотой байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн дээрх зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцуулахаар улсын яллагч яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

 

1.5. Хохирол, хор уршиг

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцно гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тодорхойлсон. 

“Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй, ...бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд нь гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид нөхөн төлөх үүрэгтэй, ...бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө” гэж  Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус хуульчилж зохицуулсан.

 

Дээрх гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршигт хохирогч А.С.......яа нь

- Хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс буюу ажилгүй байсан хугацааны цалин хөлс 9.120.000 төгрөг,

- Асарч сувилуулсан зардалд 7.200.000 төгрөг,

- Хүүхдийн сургалтын төлбөрийг төлж чадаагүй зардалд 760.000 төгрөг

- “ХААН” банкны цалингийн зээлийн зардалд 4.500.000 төгрөг,

- Эмчилгээ, сувилгаа, эм, тарианы зардалд 5.788.686 төгрөг буюу нийт 27.368.686 төгрөг нэхэмжилж, холбогдох нотлох баримтыг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гаргаж өгчээ.

Үүнээс шүүгдэгч Б.М..........рж нь хохирогчид 8.420.000 төгрөгийг төлсөн байна. (хавтаст хэргийн ..... дэх тал)

Хэрэгт цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтаар хохирогч А.С.......яа нь

- “Номин Трейдинг” ХХК-д Лифтчин албан тушаал (хавтаст хэргийн 18 дахь тал)-д хөдөлмөрийн гэрээ (хавтаст хэргийн 19-22 дахь тал)-гээр 760.000 төгрөгийн цалинтай ажилладаг.

- С.......яа овогтой Сумъяа нь Улаанбаатар төмөр замын барилга угсралтын ангид “Шаварчин, будагчин” албан тушаал (хавтаст хэргийн 37 дахь тал)-д  хөдөлмөрийн гэрээ (хавтаст хэргийн 38-40 дэх тал)-гээр 1.400.000 төгрөгийн цалинтай ажилладаг.

- “ХААН” банкны 2018 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн Зээлийн ЗГ201843722809 дугаартай гэрээний “хамтран үүрэг гүйцэтгэгч”-ээр (хавтаст хэргийн 27-29 дэх тал) оролцсон.

- Техник Технологийн Полтехник Коллежийн сургалтын албаны тодорхойлолтоор “С.......яа овогтой Батбаяр нь тус сургуулийн “Тогооч 3а” мэргэжлийн ангид суралцдаг (хавтаст хэргийн 33), түүний сургалтын төлбөр “485.500” төгрөг (хавтаст хэргийн 34 дэх тал) болохыг санхүүгийн хэлтсээс тодорхойлсон байгаа нь тус тус тогтоогдож байна.

Гэсэн хэдий ч хохирогчийн нэхэмжилсэн нийт нэхэмжлэлээс ажилгүй байсан хугацааны цалин хөлс 9.120.000 төгрөг, асарч сувилуулсан зардалд 7.200.000 төгрөг, сургалтын төлбөрийн (485.500) 760.000 төгрөг, “ХААН” банкны цалингийн зээлийн зардалд 4.500.000 төгрөг буюу нийт 21.580.000 төгрөгийн нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхих нь зүйтэй гэж үзэв.

Өөрөөр хэлбэл хохирогч А.С.......яа нь хэдийгээр зам тээврийн осолд 2021 оны 10 дугаар сарын 19-ний өдөр өртөж хохирсон болох нь тогтоогдож байгаа хэдий ч түүний болон асран хамгаалагчийн ажилгүй байсан хугацааны цалингийн зардлыг энэ шүүх хуралдаанаар хянан хэлэлцэх боломжгүй байна.

Тодруулбал хохирогч А.С.......яа, асран хамгаалагч С.Сумъяа нар нь хөдөлмөр эрхэлж, нийгмийн даатгал төлдөг боловч 2021 оны 10 дугаар сарын 19-ний өдрөөс хэдэн оны хэдэн сарыг хүртэлх хугацаанд өвчтэй, чөлөөтэй байсан эсэх талаар ажил олгогчийн тушаал шийдвэр, эмнэлгийн хуудас байхгүй. А.С.......яа нь өвчтэй байх хугацаанд Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд заасан тэтгэмж авч байсан эсэх талаарх баримтгүй.

Түүнчлэн хохирогч А.С.......яа нь хүү С.Батбаярын сургалтын төлбөрт 760.000 төгрөг төлсөн гэх баримтыг гаргаж өгсөн хэдий ч энэхүү тодорхойлолт нь төлбөрийн үнийн дүнг тодорхойлсон болохоос төлсөн гэдгийг илэрхийлээгүй. Мөн тэрээр охин С.Сумъяагийн цалингийн зээлийн хамтран үүрэг гүйцэтгэгчээр оролцсон болохоос тухайн зээлийг өөрөө аваагүй байх тул дээрх нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзнэ.

Иймд хохирогчийн нэхэмжилсэн 27.368.686 төгрөгөөс 21.580.000 төгрөгийн нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж шүүгдэгчээс 5.788.686 төгрөг гаргуулах үндэслэлтэй байх боловч Б.М..........рж нь А.С.......яад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 8.420.000 төгрөгийг төлсөн байх тул түүнийг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

Харин хохирогч А.С.......яа нь шүүхээс хэлэлцэхгүй орхисон 21.580.000 төгрөг болон өөрийн эрүүл мэндэд учирсан хүнд гэмтэлтэй холбоотой цаашид гарах хохирол, хор уршгийг иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх нь зүйтэй.

Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:

2.1. Талуудын санал, дүгнэлт

Улсын яллагч: “...шүүгдэгч Б.М..........ржийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3 дахь заалтад хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, Эрүүгийн хуулийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуульд заасан хорих ял оногдуулахгүйгээр 3 жилийн хугацаагаар тэнсэх ял оногдуулах, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад заасан “...оршин суугаа газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүрэг хүлээлгэж, мөн зүйлийн 3 дахь хэсгийн 3.3 дахь заалтад заасан “согтууруулах ундаа хэрэглэхийг хориглох” хязгаарлалт тогтоох...” дүгнэлтийг

Хохирогчийн өмгөөлөгч: “...Шүүгдэгч гэм буруугаа хүлээж байна гэж байгаа боловч хохирогч эмчилгээ хийлгэх шаардлагатай байна. Хэзээ хөл дээрээ зогсох нь тодорхойгүй. Шүүхийн шинжилгээний дүгнэлтээр хохирогчид учирсан гэмтэл нь амь насанд аюултай гэмтэл гэж гарсан. М..........рж үүнийг ойлгохгүй байх шиг байна. Өнгөрсөн 6 сарын хугацаанд хэвтрийн дэглэмд байсан. Хохирогч нь өрх толгойлсон эмэгтэй хүн. Гэмтэл авснаас хойш Асралт мед эмнэлэгт 7-8 цагийн хагалгаанд орсон боловч хагалгаа амжилтгүй болж Монголд эмчлэгдэх боломжгүй гэж хэлсэн. Шүүгдэгчийн өгсөн 8.420.000 төгрөг эмчилгээний зардал, цалингийн зээлд төлөгдөж таарсан. Хуулиараа гэмт хэргийн улмаас хор уршиг учирсан хохирогч нь цалингийн зардлыг нэхэмжлэх эрхтэй байдаг. Гэм хорын асуудлыг Иргэний хуулийн 497 дугаар зүйлд зохицуулж өгсөн. Мөн Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.1 дүгээр зүйлд зааснаар дутуу авсан цалин хөлс, шаардлагатай зардалд орно гэж заасан. Хуульд заагаагүй, баримтгүй хохирол нэхэмжлээгүй. Хохирогч нэг жилийн дараа ажил хийх боломжтой болно гэж байгаа боловч хэзээ биеийн байдал нь хэвийн байдалд орох нь тодорхойгүй байна. Энэ хугацаанд дутуу авсан цалин хөлсний дүн 9.120.000 төгрөг болж байгаа. Асралт мед эмнэлгийн баримт хэрэгт авагдсан байгаа. Эмчилгээ хийлгэж байх хугацаандаа ээмэг, бөгжөө барьцаанд тавьж эм тариагаа авсан. Мөн хохирогчийн охин нь ажлаа хийхгүй эхийгээ асарч байгаа. Улсын дээд шүүхийн тогтоолд олох байсан орлогын хэмжээг нөхөн төлнө гэж заасан. М..........рж хохирогчийг мөргөөгүй байсан бол ийм байдал үүсэхгүй байх байсан. Нэг хүний амьдрал зогссон. Хохирогч Толгойтод гэр хороололд амьдардаг. Түлээ нүүрсний асуудал нь хэцүү байгаа. Мөн хотын төв рүү орж эмнэлэгт үзүүлэхэд их зардал гарч байна. Энэ бүх хүнд нөхцөл байдлыг харгалзан үзэж хохирлыг гаргуулж өгнө үү. Цаашид гарах эмчилгээний зардлыг тухайн үед нь баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар нэхэмжилнэ. Тиймээс шүүх хуульд заасан үндэслэл журмын дагуу гаргасан баримтыг үндэслэж шүүгдэгчээс нийт 18.948.686 төгрөгийг гаргуулж өгнө үү. Шүүгдэгчийн хувьд хариуцлагагүй байна. Гэм буруугаа хүлээж байгаа боловч хохирогчийн төлбөрийг төлөх биш машиныхаа төлбөрийг төлөөд явж байна. Хүний эрүүл мэндийн хохирлыг төлөөгүй байж автомашины мөнгийг төлөөд явж байгаа хүнийг гэм буруугаа ойлгосон гэж бодохгүй байна... ” гэх дүгнэлтийг,

Хохирогчийн өмгөөлөгч: “...Шүүгдэгч нь явган хүний гарц дээр явган зорчигчид зам тавьж өгнө гэсэн заалтыг зөрчсөний улмаас хохирогчийн эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан. Мөн тухайн үедээ согтууруулах ундаа хэрэглэсэн, жолоодох эрхийн үнэмлэхгүй байсан. “Тайгын булаг” ХХК-г энэ хэрэгт иргэний хариуцагчаар оруулж ирэх ёстой байсан боловч машины төлбөрийг нь төлсөн байсан тул оруулж ирээгүй. Энэ гэмтэл нь амь насанд аюултай бөгөөд гэмтлээс үүсэх үлдэгдэл уршиг ихтэй. Хохирогч нь хөдөлмөрийн чадварыг 100 хувь алдсан. Цалингийн хувьд урьд 560.000 төгрөг байсан бол өнөөдөр 760.000 болчихлоо гэж байна. Үндсэн цалингийн хэмжээг тодорхойлсон тодорхойлолтын дагуу цалинг нэхэмжилж байгаа. Мөн цаашид гарах эмчилгээний зардлыг иргэний журмаар нэхэмжилнэ. “Асралт мед” эмнэлэгт хийлгэсэн хагалгаа амжилтгүй болсон учраас зардал нь бага гарсан. Өмнө хохирогчийг зураг авхуулахад байнга зөөдөг байсан. Өнөөдөр шүүх танхимд хөлөөрөө явж орж ирж байгаад баярлаж байна. Өнгөрсөн 6 сарын хугацаанд хэвтрийн дэглэмд байсан. Мөрний протез солих хагалгаа өвдөгний үе солихтой адил биш. Одоо мөрний яс нь төмрөөр холбогдсон байгаа. Гаднах гипсийг нь авч болохгүй. Хэрвээ авбал гар нь тасарч унах аюултай. Хохирогчийг эмчилж, эрүүл болгож өгвөл хүнд ял оногдуулах хүсэлгүй байгаа. Хохирлыг гаргуулж өгнө үү...” гэх дүгнэлтийг

Шүүгдэгчийн өмгөөлөгч: “...Гэм буруугийн талаар маргахгүй байгаа учраас гэм буруугийн асуудлаар ярих зүйл байхгүй. Хохирлын хувьд тодорхой хэмжээний хохирол төлсөн. Болсон асуудалд харамсаж байна. Хүндэтгэлтэй хандаж байна. Үйлчлүүлэгчийн эрх ашиг гэж байгаа. Эрх ашиг нь өмгөөлөгчийн үйл ажиллагаагаар хамгаалагдаж байгаа. Хохирогчийн ажилгүй байсан хугацааны цалинг ойлгож байна. Энэ бол олох ёстой байсан орлогын алдагдсан боломж. Байгууллагын журмаараа лист олгуулна. Үүн дээр Нийгмийн даатгал, Эрүүл мэндийн даатгалын төлбөр байгаа. Хэрэг гарснаас хойш өнөөдрийг хүртэл 5 сарын хугацаа өнгөрсөн байна. Өнөөдрийг хүртэл хохирол төлбөрийг төлнө. Цаашид ч төлнө. Одоогоор “Асралт мед” эмнэлгийн хагалгааны төлбөр, олох байсан орлого буюу цалин, эмчилгээний 4.000.000 төгрөгийг төлсөн. Харин банкны зээл 4.500.000 төгрөг, Батбаяр гэх хүний сургалтын төлбөр, асран хамгаалагчийн цалинг төлөх боломжгүй байна. Хохирогчийн охин асран хамгаалагчаар яаж тогтоогдсон бэ, яагаад одоо ажлаа хийхгүй байгаа вэ. Энэ хүн өөрөө нэхэмжлэлээ гаргах эрхтэй субъект. Өмгөөлөгчийн хувьд үүнийг хохиролд тооцох боломжгүй гэж үзэж байна. М..........рж өөрөө ямар л хохирол гарна төлнө гэж байгаа боловч өмгөөлөгчийн зүгээс өөрийн эрх зүйн байдал, ар гэрээ бод гэсэн байр суурьтай байгаа. Гэмт хэргийн улмаас хохирсон хүн С.......яа мөн байна. Сумъяа, Батбаяр гэх хүмүүс иргэний нэхэмжлэгчээр тогтоогдоогүй байгаа учраас тэдэнд хохирол төлөх нь процесс зөрчигдөнө гэж үзэж байна. Шүүгдэгчийн зүгээс цаашид гарах хохирол болох эмчилгээний төлбөрийг төлөхөд бэлэн байгаа. Хүн нийгмийн хариуцлагатай байх ёстой, эрүүл мэндийн туслалцаа үзүүлэх ёстой гэж илэрхийлж байна...” гэх дүгнэлтийг тус тус гаргаж мэтгэлцсэн ба хохирогч А.С.......яа “...гомдолтой байна. Энэ хүнээр эмчилгээний мөнгө гаргуулмаар байна. Заавал хорих ялаар шийтгэх гээд байх шаардлагагүй...” гэх тайлбарыг гаргав.

 

2.2. Эрүүгийн хариуцлага

Хэрэгт авагдсан нотлох баримт болох эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 169, 171 дэх тал), хохирол, хор уршиг төлсөн талаарх “ХААН” банкны депозит дансны хуулга (хавтаст хэргийн 184-185 дахь тал) зэргээр шүүгдэгч Б.М..........рж нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”, мөн зүйлийн 1.2 дахь заалтад зааснаар “гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид ...учруулсан хохирлыг төлсөн” байгааг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон ба түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа, жолоодох эрхийн лавлагаа, оршин суугаа хаягийн тодорхойлолт (хавтаст хэргийн 164, 166, 167 дахь тал), хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгөтэй талаар холбогдох байгууллагаас авсан лавлагаа (хавтаст хэргийн 170, дэх тал), нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт (хавтаст хэргийн 178-179 дэх тал), “Блейз Тек” ХХК-ийн тодорхойлолт (хавтаст хэргийн 183 дахь тал) зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоов.  

Нөгөө талаар Зам тээврийн осол хэрэг нь гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр үйлдэгдэг  бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3 дахь заалтад заасан гэмт хэрэг нь мөн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэмт хэргийн “хөнгөн” ангилалд хамаарна. 

Түүнчлэн Эрүүгийн хуулийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь... гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, ...хохирлыг нөхөн төлүүлэх...” гэж, мөн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “...Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд... гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ.” гэж тус тус хуульчилжээ.

Иймд шүүгдэгч Б.М..........ржийг тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн баримт бүхий хохирлыг нөхөн төлсөн, тэрээр хэргийн үйл баримт болоод гэм буруугийн талаар маргаагүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшиж буй, тэрээр эрхэлсэн тодорхой ажилтай (хавтаст хэргийн 183 дахь тал), ам бүл 6 эхнэр, 4 хүүхдийн хамт амьдардаг (хавтаст хэргийн 168, 172-176 дахь тал) хувийн байдал зэргийг тус тус харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан хэрэглэх боломжтой гэж шүүх дүгнэж улсын яллагч болон шүүгдэгчийн өмгөөлөгчийн дүгнэлтийг хүлээн авав.  

Дээрх үндэслэлээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3 дахь заалтад зааснаар шүүгдэгч Б.М..........ржийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2  жилийн хугацаагаар хасаж, тухайн зүйл, хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 3 жилийн хугацаагаар тэнсэж, тэнссэн хугацаанд мөн хуулийн 7.2 дугаар зүйлийн 2.1 дэх заалтад заасан “гэмт хэргийн хор уршгийг арилгах”, мөн зүйлийн 2.5 дахь заалтад заасан “оршин суух газар, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг авч шийдвэрлэх нь эрүүгийн хариуцлагын зорилго, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нөхцөл байдалд тохирно гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

Харин хохирогчийн өмгөөлөгчдийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3 дахь заалтад заасан хорих ял оногдуулж өгнө үү гэх дүгнэлтийг хүлээн авах үндэслэлгүй байна. Тодруулбал шүүгдэгч нь баримттай хохирлыг нөхөн төлсөн, хохирогч А.С.......яа нь шүүгдэгчид “...хорих ял оногдуулмааргүй байна...” гэх тайлбарыг илэрхийлсэн. Нөгөө талаар шүүгдэгчид хорих ял оногдуулсан тохиолдолд хохирогчийн зөрчигдсөн эрх сэргээгдэх боломжгүй нөхцөл байдалд хүрч болзошгүй тул тэдний дүгнэлтийг хүлээн авахаас татгалзаж, харин хохирогчийн зөрчигдсөн эрхийг сэргээх зорилгоор шүүгдэгчид Эрүүгийн хуулийн 7.2 дугаар зүйлийн 2.1 дэх заалтад заасан “гэмт хэргийн хор уршгийг арилгах” үүргийг нэмж авсан болно.

Ийнхүү шүүгдэгчид хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авах нь хохирогчийн зөрчигдсөн эрхийг сэргээх ач холбогдолтой бөгөөд шүүгдэгч нь дээрх үүргийг биелүүлээгүй, тэнссэн хугацаанд санаатай гэмт хэрэг дахин үйлдсэн тохиолдолд түүнд оногдуулсан ял, албадлагын арга хэмжээг хүчингүй болгож ял оногдуулдаг хуулийн зохицуулалттай болохыг дурдах нь зүйтэй.

2.3. Бусад асуудлын талаар

Эрүүгийн 2103 0033 60012 дугаар хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, түүний тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэх шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.3 дугаар зүйлийн 3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Улиадай овогт Бибишийн М..........ржийг авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн гэмт хэргийг согтуурсан үедээ, хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулж үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3 дахь заалтад заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Шүүгдэгч Б.М..........ржид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хуулийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3 дахь заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 3 (гурав) жилийн хугацаагаар тэнсэж, тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 (хоёр) жилийн хугацаагаар хассугай.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.М..........ржид мөн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан “гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авах”, мөн зүйлийн 2.5 дахь заалтад заасан “оршин суух газар, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг хорих ял оногдуулахгүйгээр тэнссэн хугацаанд тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.М..........ржийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хассан ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолсугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.М..........рж нь тэнссэн хугацаанд шүүхээс хүлээлгэсэн үүрэг биелүүлээгүй, санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулж болохыг анхааруулсугай.

6. Хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд хөрөнгө үгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, тэрээр энэ хэрэгт цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, түүний тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэх шүүхэд шилжиж ирээгүйг тэмдэглэж, хохирогчийн нэхэмжилсэн нэхэмжлэлээс 21.580.000 төгрөгийг хэлэлцэхгүй орхиж, хохирогч нь өөрт учирсан хохирол, хор уршгийн зардлыг иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй

8. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

9. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                              Г.МӨНХЗУЛ