| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Бадамдоржийн Мандалбаяр |
| Хэргийн индекс | 101/2018/05549/и |
| Дугаар | 1006 |
| Огноо | 2018-03-22 |
| Маргааны төрөл | Эд хөрөнгө хөлслөх, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2018 оны 03 сарын 22 өдөр
Дугаар 1006
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мандалбаяр даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: П-ийн гаргасан,
Хариуцагч: Б
Хариуцагч: Б нарт холбогдох,
2,084,042.00 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч П, хариуцагч Б, хариуцагч Бий итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч, нарийн бичгийн дарга Б.Мөнхтулга нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Пгээс тус шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
“Миний бие өмнөх шүүх хуралдаан дээр хариуцагч нар нэхэмжлэлийг хүлээн авсан өдрөөс хойш 240,000.00 төгрөгийг төлсөн тул нэхэмжлэлийн шаардлага 1,484,042.00 төгрөг болж байгаа тухай тодруулж өгсөн. Мөн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа 600,000.00 төгрөгөөр нэмэгдүүлж, нийт 2,084,042.00 төгрөгийг нэхэмжилж байгааг тодруулбал:
Би, хариуцагч Б, Б нарт өөрийн өмчлөлийн нийтийн байрны 213 тоот өрөөг 2016 оны 01 дүгээр сараас эхлэн түрээслүүлсэн бөгөөд хариуцагчид өнгөрсөн хугацаанд хог, халуун, хүйтэн, бохир усны 528,000.00 төгрөг, цахилгааны төлбөр 186,042.00 төгрөгийг төлөөгүй ба үүн дээр 2016 оны 04 дүгээр сарын түрээсийн төлбөрийн үлдэгдэл 60,000.00 төгрөг, 05, 06 дугаар сарын төлбөр 300,000.00 төгрөг, 2017 оны 05 дугаар сарын үлдэгдэл 50,000.00 төгрөг, 2017 оны 8, 9, 10, 11 дүгээр сарын төлбөр 600,000.00 төгрөг, нийт 1,724,042.00 төгрөгийг төлөөгүй.
Би, хариуцагчдын төлсөн 240,000.00 төгрөгөөс 60,000.00 төгрөгийг хариуцагч Бий 2016 оны 04 дүгээр сарын түрээсийн төлбөрийн үлдэгдэл, 30,000.00 төгрөгийг хариуцагч Б-ын 2017 оны 08 дугаар сарын түрээсийн төлбөр болон 150,000.00 төгрөгийг 2017 оны 11 дүгээр сарын төлбөрт суутган тооцсон.
Хариуцагч Бий хувьд 2016 оны 01 дүгээр сарын 10-ны өдрөөс 2016 оны 05 дугаар сарын 26-ны өдөр хүртэл хугацааны төлбөрийг төлсөн ч бүрэн төлдөггүй, хэсэгчлэн төлсөн, хавар болоход дадлагад явлаа, сургууль амарсан тул зуны 3 сарын төлбөрийг төлөхгүй гэж татгалздаг, гэвч түрээслэсэн өрөөнд өөрийн хувцас, эд хэрэгсэл, тогоо, шанага, хөлдөөгч зэргийг үлдээж, түлхүүрийг аваад явсан тул эдгээр сарын төлбөрийг зайлшгүй төлөх ёстой.
Харин Б нь Бий хамт 2016 оны 08 дугаар сарын 26-ны өдөр ирж, тус өрөөнд орсон бөгөөд тэд 2017 оны 04 дүгээр сар хүртэлх хугацаанд амьдрахдаа түрээсийн төлбөрийг төлсөн ч 05, 06, 07 дугаар сарын төлбөрийг төлөөгүй, үүнийгээ мөн л амарсан байсан тул түрээсийн байрыг ашиглаагүй гэж тайлбарладаг.
Би, хариуцагч Бээс 2016 оны 06, 07, 08 сарын төлбөр, түүнчлэн хариуцагч Б болон Б нараас 2017 оны 06, 07, 08, 09, 10 сарын төлбөрийг тус тус нэхэмжилж байгаа юм. Бидэнд бичгээр байгуулсан гэрээ байхгүй боловч тухайн өрөөг 1 сарын 150,000.00 төгрөгөөр түрээслэхээр тохирч, түрээслэгч тал хог, цэвэр, бохир ус, цахилгааны төлбөрийг нэмж төлөхөөр болсон.
Гэтэл хариуцагчид өнгөрсөн хугацаанд 714,042.00 төгрөгийн хэрэглээний төлбөр, 1,370,000.00 төгрөгийн түрээсийн төлбөрийг төлөхгүй намайг маш ихээр хохироож байгаад туйлын их гомдож байна.
Иймд, хариуцагч нараас нийт 2,084,042.00 төгрөг гаргуулж, намайг хохиролгүй болгож өгнө үү” гэв.
Хариуцагч Б, Б нараас тус шүүхэд гаргасан хариу тайлбар болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
“Бид, нэхэмжлэгчийн өмчлөлийн нийтийн байрны 213 тоот өрөөг түрээслэж амьдарсантай маргахгүй, Б тус байранд 2016 оны 01 дүгээр сарын 16-ны өдрөөс 2017 оны 05 дугаар сар хүртэл амьдарсан бол *******ын хувьд 2016 оны 08 дугаар сарын 26-ны өдрөөс амьдарч байгаад 2018 оны 02 дугаар сарын 13-ны өдөр түрээсийн байрыг хүлээлгэн өгсөн.
Нэхэмжлэгч тал энэ хугацаанд бидний төлсөн төлбөрийг бэлнээр авч, энэ тухай бүртгэдэг байсан бөгөөд хэрэгт авагдсан баримтаар төлбөр авсан, өгсөн талаарх тэмдэглэл маш их алдаатай байгааг хүлээн зөвшөөрөхгүй, биднийг нэхэмжлэгчид төлбөрийг дансаар төлмөөр байна гэхэд надад данс байдаггүй гэдэг, заримдаа өгсөн төлбөрийг бүртгэлд тусгадаггүй, мартдаг байсан.
Энэхүү түрээслүүлсэн байр нь нийтийн зориулалттай бөгөөд дундаа 1 ариун цэврийн өрөөтэй тул цэвэр, бохир усны төлбөрийг яаж хуваарилж байгааг ойлгохгүй байна, Бий хувьд 2016 оны 01 дүгээр сарын 10-ны өдрөөс 2016 оны 05 дугаар сарын 26-ны өдөр хүртэл амьдарч байгаад 06, 07, 08 сард эзгүй байсан ба улмаар 2017 оны 11 дүгээр сарын хүртэл амьдарч байгаад явсан.
Харин Б миний бие Бтэй хамт 2016 оны 08 дугаар сарын 26-ны өдрөөс 2017 оны 11 дүгээр сар хүртэл, үүнээс хойш 2018 оны 02 дугаар сарын 13-ны өдөр хүртэл амьдарч байгаад тус өрөөг хүлээлгэн өгсөн.
Хэдийгээр бид 2016 оны 06, 07, 08 сард, мөн 2017 оны 06, 07, 08 сард түрээслэсэн байранд өөрийн хувцас, эд хэрэгсэл, тогоо, шанага, хөлдөөгч зэргийг үлдээж, түлхүүрийг авч явсан боловч биеэр байгаагүй, амралттай байсан тул энэ хугацааны төлбөрийг төлөхгүй.
Нэхэмжлэлд дурьдсан 2017 оны 09 дүгээр сарын төлбөрөөс 50,000.00 төгрөгийг төлөөгүй боловч 10 сарын төлбөрийг төлсөн байхад энэ талаар бүртгээгүй байна.
Иймд, нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй байх тул хүлээн зөвшөөрөхгүй” гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Пгээс хариуцагч Б, Б нарт холбогдуулан 2,084,042.00 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан ба энэхүү хэрэгт шүүхээс 2017 оны 12 дугаар сарын 06-ны өдөр иргэний хэрэг үүсгэж, хариуцагч нарт нэхэмжлэлийн хувийг гардуулж, зохигчдод хуульд заасан эрх, үүргийг тайлбарлаж, танилцуулсан байна.
Шүүх, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хэрэгт авагдсан баримтыг үндэслэн 2018 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр хэргийг хянан хэлэлцсэн боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.9.-д заасныг баримтлан тухайн хэргийг эцэслэн шийдвэрлэхэд зайлшгүй шаардлагатай нотлох баримтыг бүрдүүлэх ажиллагааг явуулах тухай 101/ШЗ2018/00434 тоот захирамж гаргаж, холбогдох баримтыг эрх бүхий этгээдүүдээс гаргуулан авсан /х.х-ийн 33, 39, 44, 57-63-р хуудас/.
Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлээс үзвэл тэрээр хариуцагч нарт холбогдуулан Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.3.-д зааснаар хүлээсэн үүргийг гүйцэтгүүлэхийг хүсчээ.
Шүүх, хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан бичгийн баримтууд, талуудын тайлбарыг тус тус үндэслэн нэхэмжлэлийн зарим шаардлагыг хангаж, үлдсэнийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн баримтаар*******,*******,*******,******* тоот хаягт байрлах хувийн сууцны зориулалттай 684 м.кв талбайтай үл хөдлөх хөрөнгийг нэхэмжлэгч П өөрийн хүү *******тэй хамтран өмчилдөг ажээ /х.х-ийн 45-р хуудас/.
Талуудын шүүх хуралдаанд гаргасан тайлбараар нэхэмжлэгч П болон хариуцагч Б, Б нар дээр дурьдсан хувийн сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийн 213 тоот 1 өрөөг тодорхой хугацаанд түрээслэх талаар харилцан тохиролцсон боловч энэ тухай талууд бичгээр гэрээ байгуулаагүй бөгөөд хариуцагч Бий хувьд ганцаараа 2016 оны 01 дүгээр сарын 10-ны өдрөөс 2016 оны 05 дугаар сарын 26-ны өдөр хүртэлх хугацаанд, мөн хариуцагч Бтой хамт тэрээр 2016 оны 08 дугаар сарын 26-ны өдрөөс 2017 оны 11 дүгээр сарыг дуустал хугацаанд тухайн өрөөнд амьдарсан үйл баримтын талаар маргаагүй.
Хэдийгээр зохигчид шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа энэхүү тохиролцоогоо “өрөө түрээслэсэн” хэмээн тайлбарлаж байгаа ч хариуцагчид уг өрөөг ямар нэгэн аж ахуйн үйл ажиллагаа, аль эсхүл дүрэмд заасан зорилгоо хэрэгжүүлэх буюу үйл ажиллагаа эрхлэн явуулахаар бус, харин тус өрөөнд зориулалтынхан дагуу амьдран суурьшихаар тодорхой хугацаанд эзэмшилдээ шилжүүлэн авсан байх тул тэдгээрийн хооронд Иргэний хуулийн 302 дугаар зүйлд заасан “орон сууц хөлслөх гэрээ” байгуулагдсан байна.
Иргэний хуулийн 302 дугаар зүйлийн 302.1.-д “Орон сууц хөлслөх гэрээгээр хөлслүүлэгч нь сууцны зориулалттай байшин, сууц, орон сууцны өрөөг хөлслөгчийн эзэмшилд шилжүүлэх, хөлслөгч нь хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ” гэж заасан ба талууд ийнхүү сууцны зориулалттай өрөөг харилцан тохиролцон хөлслөхөөр тохирчээ.
Гэвч талуудын хооронд бичгээр орон сууц хөлслөх гэрээ байгуулагдаагүй хэдий ч зохигчид энэ талаар маргаагүй, Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.1.-д “Хэлцлийг хуульд заасан хэлбэрээр, хуульд заагаагүй бол талууд хэлэлцэн тохиролцож амаар буюу бичгээр хийнэ” гэж заасны дагуу амаар тухайн төрлийн гэрээ байгуулагдсан байна.
Зохигчдын шүүх хуралдаанд гаргасан тайлбарт дурьдснаар талууд энэхүү 213 тоот өрөөг 1 сарын 150,000.00 төгрөгөөр хөлслөхөөр тохирч, хариуцагч Б 2016 оны 01 дүгээр сарын 01-ны өдрөөс 2016 оны 05 дугаар сарын 26-ны өдөр хүртэл, хариуцагч Б, Б нар 2016 оны 08 дугаар сарын 26-ны өдрөөс 2017 оны 04 дүгээр сарыг дуустал хугацааны төлбөрийг тус тус төлсөн тухай маргаагүй боловч Бийг 2016 оны 06, 07, 08 сарын төлбөр, мөн түүнийг болон Быг 2017 оны 06, 07, 08, 09, 10 сарын төлбөрийг тус тус төлөөгүй, хог, цэвэр, бохир ус, цахилгаан зэрэг ашиглалтын зардал төлөх ёстой эсэх талаар маргасан.
Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1.-д “Үүргийг тогтоосон газар, хугацаанд нь, зохих ёсоор, шударгаар гүйцэтгэнэ” гэж, мөн 208 дугаар зүйлийн 208.1.-д “Үүргийг хууль буюу гэрээнд заасан хугацаанд гүйцэтгэнэ” гэж заажээ. Өөрөөр хэлбэл, тус хуулийн 289 дүгээр зүйлийн 289.1.2, 289.2.1.-т тус тус зааснаар эд хөрөнгө хөлслөгч хөлсийг хугацаанд нь төлөх үүрэгтэй бөгөөд хөлслөгчийн буруугүйгээр хөлслөн авсан эд хөрөнгийг ашиглах боломжгүй болсон бол хөлс төлөхөөс татгалзах зохицуулалттай.
Хариуцагч Б 2018 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн шүүх хуралдаанд, мөн түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч болон хариуцагч Б нар өнөөдрийн шүүх хуралдаанд гаргасан тайлбарт дурьдснаар тэд хэдийгээр 2016 оны 06, 07, 08 дугаар сард, түүнчлэн 2017 оны 06, 07, 08 дугаар саруудад хичээлийн зуны амралт, дадлагад явсан байх боловч хөлсөлж байсан өрөөнийхөө түлхүүрийг нэхэмжлэгч буюу Пд үлдээгээгүй, өрөөнд өөрсдийн ор, дэвсгэр, хөнжил, гудас, хөлдөөгч зэргийг үлдээсэн байна.
Иргэний хуулийн 302 дугаар зүйлийн 302.4.-т “Орон сууц хөлслөх гэрээнд энэ хуулийн холбогдох заалтууд нэгэн адил хамаарна” гэжээ. Өөрөөр хэлбэл, талуудын орон сууц хөлслөх тохиролцоо нь тус хуулийн хоёрдугаар дэд хэсэг дэх бусдын эзэмшил, ашиглалтанд хөрөнгө шилжүүлэхтэй холбоотой гэрээний үүргийн төрөлд хамаарах тул энэхүү харилцаанд эд хөрөнгө хөлслөх гэрээний журам нэгэн адил үйлчлэх бөгөөд тус хуулийн 292 дугаар зүйлийн 292.4.-т “Хөлслөн авагч өөрийн буруугаар эд хөрөнгийг ашиглаж чадаагүй бол хөлс төлөхөөс чөлөөлөгдөхгүй” гэж заасан.
Тодруулбал, зохигчдын хооронд нэгэнт хүчин төгөлдөр орон сууц хөлслөх гэрээ байгуулагдсан, аль эсхүл амаар энэ талаар тохиролцож, гэрээний зүйлийг хөлслөгч буюу хариуцагчдын эзэмшилд шилжүүлж, тэдгээрт уг эд хөрөнгийг зориулалтын дагуу ашиглах эрх-боломжийг бий болгосон бөгөөд хөлслүүлэгчээс шалтгаалахгүйгээр хөлслөгч нар өөрсдийн буруугаас тухайн өрөөг ашиглаагүй тохиолдолд тохирсон хөлсийг төлөх үүргээс чөлөөлөгдөхгүй.
Гэтэл хариуцагчид тухайн өрөөнд өөрсдийн биеэр дээр дурьдсан хугацаанд амьдараагүй боловч өөрсдийнхөө эд зүйлийг хадгалсан, хөлслүүлэгчийн зүгээс бусдад тухайн хугацаанд хөлслүүлэх боломжийг хааж, түлхүүрийг авч явсан байх тул энэ нь хариуцагчдыг төлбөр төлөх үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй юм.
Иймд, хариуцагч Б 2016 оны 06, 07, 08 дугаар сарын төлбөр болох 450,000.00 төгрөгийг төлөх үүрэгтэй.
Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.1.-д “Үүрэг гүйцэтгэгчдийн хэн хэн нь үүргийн гүйцэтгэлийг үүрэг гүйцэтгүүлэгчид бүхэлд нь буюу хэсэгчлэн хүлээлгэн өгөх, үүрэг гүйцэтгүүлэгч нь үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь буюу хэсэгчлэн үүрэг гүйцэтгэгч тус бүрээс шаардах эрх бүхий байвал хамтран үүрэг гүйцэтгэгчид гэнэ” гэж, мөн 242.2.-т “Хамтран хүлээх үүрэг нь хууль буюу гэрээнд зааснаар, эсхүл үүргийн зүйлийн үл хуваагдах шинж чанартай холбоотой үүснэ” гэж, түүнчлэн 242.3-д “Үүрэг гүйцэтгүүлэгч нь өөрийн үзэмжээр аль ч үүрэг гүйцэтгэгчээс үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь буюу хэсэгчлэн шаардаж болох бөгөөд үүргийг бүхэлд нь гүйцэтгэх хүртэл үүрэг гүйцэтгэгчдийн хүлээсэн үүрэг хүчин төгөлдөр хэвээр байна” гэж заасны дагуу хөлслөгч Б, Б нар хөлслүүлэгч Пгийн өмнө хамтран үүрэг гүйцэтгэгчид юм.
Учир нь, талууд шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа 2016 оны 08 дугаар сарын 26-ны өдрөөс 2017 оны 11 дүгээр сарыг дуустал хугацаанд хамт амьдарсан, 2017 оны 06, 07, 08 дугаар сард хичээлийн зуны амралт, дадлагад явсан гэсэн үйл баримтын хувьд маргаагүй ба зохигчид орон сууцыг хөлслөхдөө төлбөрийг 1 хүний сарын 150,000.00 төгрөг бус харин тухайн өрөөг 1 сарын 150,000.00 төгрөгөөр хөлслөхөөр тохиролцсон байх тул хариуцагчид дээр дурьдснаар амралтын хугацааны төлбөр төлөхөөс чөлөөлөгдөхгүйг үндэслэн 2017 оны 06, 07, 08 дугаар сарын хөлсийг хамт төлөх үүрэгтэй болно.
Гэвч нэхэмжлэгч П шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа 2017 оны 08 дугаар сарын хөлсийг хариуцагч нараас өмнө өгсөн төлбөрөөс суутгасан гэж тайлбарласан тул хариуцагчдаас 2017 оны 06, 07 сарын төлбөр 300,000.00 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгч тал хариуцагчдыг 2017 оны 09 дүгээр сарын төлбөрөөс 50,000.00 төгрөг төлөөгүй гэснийг хариуцагчид үгүйсгээгүй ба 2017 оны 10 дугаар сарын төлбөрийг төлсөн хэмээн тайлбарлаж байгаагаа тодорхой баримтаар нотлоогүй.
Иймд, хариуцагч Бээс 2016 оны 06, 07, 08 дугаар сарын төлбөр 450,000.00 төгрөг, хариуцагч Б, Б нараас 2017 оны 06, 07 сарын төлбөр 300,000.00 төгрөг, түүнчлэн 2017 оны 09 дүгээр сарын дутуу төлбөр 50,000.00 төгрөг, 2017 оны 10 дугаар сарын төлбөр 150,000.00 төгрөг, нийт 950,000.00 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 470,000.00 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Нэхэмжлэгч Пгээс хариуцагч Б, Б нарт холбогдуулан хог, халуун, хүйтэн, цэвэр, бохир усны ашигласны төлбөр 528,000.00 төгрөг, цахилгааны төлбөр 186,042.00 төгрөг, нийт 714,042.00 төгрөг гаргуулахыг хүссэн.
Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн баримтаар хариуцагч Бээс өнгөрсөн хугацаанд цахилгааны төлбөрт хэд хэдэн удаа төлбөр төлж байсан гэсэн бүртгэл байх боловч энэхүү бүртгэлийн дэвтэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлд заасан нотлох баримтад тавигдах хуулийн шаардлагыг хангахгүй байна /х.х-ийн 4, 5-р хуудас/.
Түүнчлэн талуудын орон сууц хөлслөх талаарх тохиролцоонд ашиглалтын зардлыг хэн хариуцах, ийнхүү хариуцсан тохиолдолд хэдэн төгрөг төлөх талаар тусгайлан тохиролцсон зүйл байхгүй, шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн хэрэглэгчийн төлбөрийн нэгдсэн тооцоо, “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-иас ирүүлсэн баримтаар цахилгаан болон ус ашигласны нэг л хэрэглээний тоолууртай байх тул хариуцагчид ногдуулах буюу тэдгээрийн хэрэглэсэн цахилгаан, халуун, хүйтэн усны тооцоог тусад нь гаргах боломжгүй байна /х.х-ий. 6-9, 57-63-р хуудас/.
Өөрөөр хэлбэл, хариуцагчид*******,*******,*******,******* тоот хаягт орших хувийн сууцны зориулалттай 684 м.кв талбайтай үл хөдлөх хөрөнгийн 213 тоот 1 өрөөг хөлслөхдөө хог, халуун, хүйтэн, бохир усны 528,000.00 төгрөг, цахилгааны төлбөр 186,042.00 төгрөгийн ашиглалтын зардал гаргасан гэдэг нь баримтаар нотлогдохгүй байна.
Иймд, шүүхээс дээр дурьдсныг тус тус нэгтгэн дүгнээд хариуцагч нараас 950,000.00 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 1,134,042.00 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.МАНДАЛБАЯР